Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1332

 

 

 

 

 

 

 

 

      2022           10         26                                          2022/ШЦТ/1332

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Сувданчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1490 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа борлуулалтын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхэд, хадам эцгийн хамт

/;

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Д нь 2022 оны 8 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 2-10 тоотод “хүний хийсэн хөдөлмөрийг үнэлсэнгүй” гэх шалтгаанаар хадам эцэг Б.Мг маргалдан түүнийг түлхэж унагах, нүүрэн тус газарт нь цохих, хоолойноос нь боох зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1139 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Т.Д.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.Д нь 2022 оны 8 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 2-10 тоотод “хүний хийсэн хөдөлмөрийг үнэлсэнгүй” гэх шалтгаанаар хадам эцэг, хохирогч Б.Мг түлхэж унагах, нүүрэн тус газарт нь цохих, хоолойноос нь боох зэрэг байдлаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдсэн үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Б.Мгийн “...2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын 2-10 тоотод хамаатныхаа ах дүү нар болох Ганзориг, Лхагвасүрэн нарын хамтаар 0.75 литрийн Тундра нэртэй архи 1 шилийг хувааж уугаад Ганзориг, Лхагвасүрэн нар 2022 оны 8 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө 00-01 цагийн үед яваад өгсөн. Тэр үед охин Н, хүргэн Д нарын хамтаар байж байсан ба манай охин Н тэр үед хувцас угааж байсан ба угаасан хувцсаа гэр дотор тавиад байхаар нь би угаасан хувцсаа гадаа тавь, гэр чийг даагаад байна гэсэн чинь Д над руу уурлаад та хүний хийсэн ажлыг хүндлэхгүй байна уу гээд намайг түлхэж унагасан. Би унахдаа сандал ширээний голд байдаг төмөр буланг мөргөөд духаа шалбалсан ба Д бас миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод, хоолойноос боогоод байсан... Тэр үед миний дух язарч шалбарсан, зүүн нүд хөхөрч хавдсан, хүзүү улайсан байсан. Миний биед учирсан гэмтлийг манай хүргэн Д намайг цохиж зодож учруулсан. Тэр үед би Дын биед халдаж цохиж зодоогүй. Намайг өмнө нь Д цохиж зодож байгаагүй. Тэр үед би л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... би ямар нэгэн эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн зүйл байхгүй Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх7-8/,

            - гэрч М.Нын “...наад хувцаснуудаа гаргаж хатаа, гэр чийг даагаад байна гээд ширүүн хэлээд байхаар нь манай нөхөр Д намайг өмөөрөөд та хүүхдийнхээ өдөржин хийсэн хөдөлмөрийг хүндлээч, гадаа бороо орж байгааг харахгүй байна уу гэсэн чинь манай аав М уурлаад Д руу хувцас аваад шидсэн чинь манай нөхөр Д аав Мг гараараа түлхээд унагасан ба аав унахдаа сандал ширээ хоёрын голд байдаг төмрийг духаараа мөргөөд уначихсан ба тэр үед аавын духнаас нь нэлээн их цус гарсан. Д дахиад аавын зүүн шанаа хэсэг рүү нь гараараа 1 удаа цохисон... Тэр үед аав Мгийн дух нь язарч шалбараад цус гарсан, мөн зүүн шанаа болон зүүн нүд нь хөхөрч хавдсан, бас хүзүү нь бага зэрэг улайсан байсан. Манай нөхөр Д аавын хүзүүг боочихсон. Аав Мгийн биед учирсан гэмтлүүдийг манай нөхөр Д цохиж зодож учруулсан. Манай нөхөр Д аав Мг өмнө нь огт цохиж зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх14-15/,

            - 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/,

- шүүгдэгч Т.Дын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Н хувцсаа угаагаад байж байсан ба манай хадам аав М наад угаасан хувцсаа гаргаж хатаа, гэр чийг даагаад байна гэхээр нь би уурлаад гадаа бороо орж байна шүү дээ гэсэн чинь манай хадам аав М Нын угаасан хувцсыг гаргаж шидээд байхаар нь би уурлаад хадам аав Мг түлхсэн чинь аав М ширээ сандлын голд байдаг төмрийг духаараа мөргөчихсөн ба аав М босож ирээд миний нүүр лүү гараараа 1 удаа цохихоор нь зөрүүлээд аав Мгийн нүүр лүү нь гараараа 1 удаа цохиод хоолойг нь боосон... Манай хадам аав М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай хамтран амьдрагч Н бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай хамтран амьдрагч Н болсон асуудлыг харж байсан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх47-48/ зэргээр нотлогдож байна.           

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11912 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.Мд духны зүүн хэсэгт шарх, зүүн дээд доод зовхи, хамрын уг, хүзүүний урд хэсэг, баруун тохой, зүүн бугалганд цус хуралт, баруун эгэмний дээр зулгарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй болон мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх18/

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг түлхэж унагах, нүүрэн тус газарт гараараа цохих, хоолойг  нь боох үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Харин прокуророос шүүгдэгч Т.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хохирогч Б.Мг 67 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг, тухай үедээ согтуурсан байсан тул биеэ хамгаалах чадваргүй, энэхүү байдлыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан ялласан нь үндэслэлгүй байна.

Учир нь хохирогч Б.М нь ухаан санаа эрүүл, биеийн эрүүл мэндийн хувьд ямар нэгэн хөгжийн бэрхшээлтэй зүйл байхгүй байхад түүнийг 67 настай гэдгээр биеэ хамгаалах чадваргүй гэж дүгнэх нь өрөөсгөл ойлголт юм. Мөн хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх боловч согтолтын улмаас үйл хөдлөл хийх, биеэ жолоодох чадваргүй ухаан балартсан байдалд байсан нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар гэрч, хохирогч нар мэдүүлээгүй байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тэтгэврийн насных гэдэг утгаар хохирогчийг бие мах бодийн хувьд өөрийгөө хамгаалах чадваргүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчид холбогдох зүйлчлэлийг хүндрүүлсэн нь буруу байна.

6. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

7. Шүүгдэгч Т.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Хохирогч Б.М нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй, “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор Т.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.     

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгч Т.Дд 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан бол шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

10. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын угаасан хувцсыг гэрээсээ гаргаж шидэх зэргээр агсам тавьснаас шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, мөн шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

12. Иймд шүүгдэгч Т.Дын гэмт хэрэг үйлсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зөв гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Т.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Түмэндэмбэрэлийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР