Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

2022                07              20                                         2022/ШЦТ/142                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч М.Сумъяа

Насанд хүрээгүй хохирогч И.Ууганбаяр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Э.Ёндонравцаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ёндонравцагт холбогдох эрүүгийн 2230000000184 дугаартай  хэргийг  2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, Бүрэн дунд, Аврагч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь эрэн хайх аврах бүлгийн аврагч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр баг, Баянцогтын 7-35 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар  ЛЮ95041910, Хавхчин ургийн овогт Энхтайвангийн Ёндонравцаг.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Э.Ёндонравцаг  нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн нутаг Баянцогтын гэр хорооллын 305 дугаар гудамжны шороон зам дээр Тоёота Приус-20 маркийн 14-66 СҮА улсын дугаартай  маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “15.8. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Ганзулын жолоодож явсан Хаожие маркийн улсын дугааргүй мотоциклыг мөргөж зам тээврийн осол гаргаж,  жолооч Г.Ганзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч И.Ууганбаярын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Ёндонравцаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өглөө 8 цагт ажил нээгдээд, 8 цаг 30 минутад манай хүүхэд давтлагатай байсан тэгээд хүүгээ хүргэж өгсөн. Манай хүүхдийн багш нь залгаж давтлага орохгүй тул хүүхдээ ирээд авчих гэж хэлсэн. Миний хүүхдийн нэг нүд нь юм хардаггүй учир эцэг эхийн хараа хяналтад байдаг. Хүүгээ авахаа явж байгаад мөргөлдсөн. Эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг төлсөн. Цаашид нотлох баримт байвал төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Насан хүрээгүй хохирогч И.Ууганбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай ангийн хүүхэд тоглоомын талбайн хажууд байдаг. Ангийнхаа хүүхдийнх рүү явж байсан чинь Зулаа ах таараад шатахуун түгээх газар руу миний ар дээр юм бариад явчих гэж хэлсэн. Тэгээд явж байхад хажуу талаас машин гарч ирээд мөргөсөн. Би шууд эмнэлэг явъя гэж хэлэхэд Г.Ганзул, Э.Ёндонравцаг хоёр намайг гэрт хүргэж өгсөн гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтантуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Суманд байхад цагдаа хэдэн төгрөг нэхэмжилж байна вэ? гэхэд нь би цагдаад 5 сая төгрөг нэхэмжилж байна гэж хэлсэн. Одоо би 3.500.000 төгрөг нэхэмжилж байна. Хүүхдээ хөл дээр нь бүрэн алхуулж, эрүүл саруул болгомоор байна. Миний хүүхэд суга таяг нь дээрээ удаан явж чаддаггүй, жаахан гишгэж явахаар оройдоо хөл нь хавагнадаг. Би Улаанбаатар хотод такси, хоол унааны мөнгө өгөхдөө баримт тэр болгон аваагүй. Эмнэлэгт байхад нээх их мөнгө ороогүй ч гаднаас хоол унд байнга авч байсан. Эмнэлгээс мөнгө аваагүй, эмчид тодорхой хэмжээний хэдэн төгрөг өгсөн. Мөн ор хоногийн мөнгө гэж өгсөн. Эмнэлгээс гараад эм тариа, боолтын мөнгө гэж орсон. Мэдлэг дутмаг байсны улмаас баримтаа сайн авч чадаагүй гэв.

 

Хохирогч Г.Ганзулын “...Л.Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 09 цагийн орчим өөрийн эзэмшлийн Хаожие маркийн улсын дугааргүй мотоциклтой хажуу хашааны хүүхэд болох Ууганбаярын хамт клонкоос юм авах гэж явж байгаад Баянцогтын 305 дугаар гудамжинд ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байхад, ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тийш явж байгаа хар өнгийн Приус-20 маркийн 14-66 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн гар талаас ирж мөргөсөн юм. Тухайн үед мөргөлтөөс болж миний зүүн хөл шагай хэсгээрээ хугарсан мөн сундалж явсан Ууганбаярын зүүн хөл хугарч Хэнтий аймаг руу эмнэлгийн тусламж авахаа явсан юм. Одоо би хөлөө гипсдүүлчхээд, гэрээр эмчлүүлж байгаа. Харин хамт явсан Ууганбаяр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа...Миний унаж явсан мотоциклд эвдрэл гэмтэл байхгүй. Надад гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 х/,

 

Насанд хүрээгүй хохирогч И.Ууганбаярын ...”..Миний бие 2022.04.28-ны өглөө ангийнхаа хүүхдийнх рүү явж байгаад зулаа ахтай таарсан юм. Зулаа ах надад хоёулаа клонк ороод юм аваад ирье, ах нь мотоциклтой явж байгаа болохоор авчирч чадахгүй байна хамт яваад ирье гээд Зулаа ахтай мотоциклтой сундлаад явж байтал гэнэт ертөнцийн зүгээр баруун талаас хар өнгийн Приус-20 маркийн хар машин ирээд мөргөсөн юм. Би мөргөлтийн улмаас Зулаа ах бид хоёр мотоциклтойгоо унасан юм. Би босох гэтэл миний зүүн хөлөөс цус гараад өвдөөд байсан тул машины жолооч нь Ёндоо ах намайг өргөөд эмнэлэг рүү авч явсан юм. Эмнэлэг дээр ирж үзүүлэхэд, хөл хугарсан байна яаралтай аймгийн төв эмнэлэг орж хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 х/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтантуяагийн “...Э.Ёндонравцаг манай хүү Ууганбаярын эмчилгээний зардалд 1,600,000 төгрөг авсан. Би одоо хүүгийн эмчилгээний зардал 5,000,000 төгрөг нэхэмжилж байгаа....Одоо бид нарт 3,500,000 төгрөгийг гаргаж өгвөл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 х /,

 

Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 265 дугаартай “...Хохирогч Г.Ганзулын биед баруун шагайн дотор хавчаар ясны хугарал, нүүрэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 80-81 х/,

 

Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 266 дугаартай: “... хохирогч И.Ууганбаярын биед тархины доргилт, зүүн шаант ясны том сэлтэрхийд ил хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 73-74 х/,

 

Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Г.Ганзул цус” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 х/,

 

Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Э.Ёндонравцаг цус” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 х/,


          Мөрдөгчийн “...Тоёота Приус-20 маркийн 14-66 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч Энтхтайваны Ёндонравцаг /лю95041910/  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.8. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг сахин биелүүлээгүй нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа /хх-ийн 10-12 х/,

 

Яллагдагч Э.Ёндонравцагийн “... Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө ээлжийн ажилд томилогдох гээд бүлэг нэгдээд тарсны дараа 09 цаг 40 минутын үед манай хүү Мөнхжаргалын ангийн багш Мөнхмандах утсаар залгаад хүүхдээ ирж ав гэхээр нь би өөрийн эзэмшлийн приус-20 маркийн 14-66 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Түмэнцогт сумын бүрэн дунд сургууль руу очоод хүүгээ аваад гэр лүүгээ явж байгаад, Баянцогтын 305 дугаар гудамжаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт  явж байхад  миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр урдаас хойшоо явж байгаа хүүхэд сундалсан мотоциклтой хүнтэй мөргөлдсөн юм. Уг мотоцикл жолоодож явсан  Ганзултай мөргөлдөхөд мотоциклын жолооч болон ард талд нь сундалж явсан 11 орчим настай Ууганбаярын зүүн хөл шилбэ хэсгээр хугарчихсан юм шиг байсан тул эмнэлэг рүү хүргэж анхны тусламж үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 х/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-04 х/,

 

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-9 х/

 Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /хх-ийн 17-18 х/

 

Шүүгдэгч Э.Ёндонравцагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 х/

 

03604166 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 103 х/

 

Шүүгдэгч Э.Ёндонравцагийн жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 102 х/

 

Шүүгдэгч Э.Ёндонравцагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104 х/

 

 Шүүгдэгч Э.Ёндонравцагийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 106 х/

Насанд хүрээгүй хохирогч И.Ууганбаярт эмчилгээний зардал төлсөн баримт /хх-ийн 111-112 х/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтантуяагийн эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн нутаг Баянцогтын гэр хорооллын 305 дугаар гудамжны шороон зам дээр Тоёота Приус-20 маркийн 14-66 СҮА улсын дугаартай  маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “15.8. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Ганзулын жолоодож явсан Хаожие маркийн улсын дугааргүй мотоциклыг мөргөж зам тээврийн осол гаргаж,  жолооч Г.Ганзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч И.Ууганбаярын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч  Г.Ганзулын  “ ... 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 09 цагийн орчим өөрийн эзэмшлийн Хаожие маркийн улсын дугааргүй мотоциклтой хажуу хашааны хүүхэд болох Ууганбаярын хамт клонкоос юм авах гэж явж байгаад Баянцогтын 305 дугаар гудамжинд ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байхад, ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тийш явж байгаа хар өнгийн Приус-20 маркийн 14-66 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн гар талаас ирж мөргөсөн юм. Тухайн үед мөргөлтөөс болж миний зүүн хөл шагай хэсгээрээ хугарсан мөн сундалж явсан Ууганбаярын зүүн хөл хугарч Хэнтий аймаг руу эмнэлгийн тусламж авахаа явсан юм....” гэх,

Насанд хүрээгүй хохирогч И.Ууганбаярын “...Зулаа ах надад хоёулаа клонк ороод юм аваад ирье, ах нь мотоциклтой явж байгаа болохоор авчирч чадахгүй байна хамт яваад ирье гээд Зулаа ахтай мотоциклтой сундлаад явж байтал гэнэт ертөнцийн зүгээр баруун талаас хар өнгийн Приус-20 маркийн хар машин ирээд мөргөсөн юм. Би мөргөлтийн улмаас Зулаа ах бид хоёр мотоциклтойгоо унасан юм. Би босох гэтэл миний зүүн хөлөөс цус гараад өвдөөд байсан тул машины жолооч нь Ёндоо ах намайг өргөөд эмнэлэг рүү авч явсан юм... гэх,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 266 дугаартай  “...хохирогч И.Ууганбаярын биед тархины доргилт, зүүн шаант ясны том сэлтэрхийд ил хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх дүгнэлт,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 265 дугаартай  хохирогч Г.Ганзулын биед баруун шагайн дотор хавчаар ясны хугарал, нүүрэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч М.Азбаярын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай “...Toyota Pruis 41 маркийн 0283 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Ёндонравцаг /ЛЮ84061419/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх дүрмийн заалтыг тус тус зөрчсөн байна” гэх мөрдөгчийн магадалгаа,

Яллагдагч Э.Ёндонравцагын “...өөрийн эзэмшлийн приус-20 маркийн 14-66 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Түмэнцогт сумын бүрэн дунд сургууль руу очоод хүүгээ аваад гэр лүүгээ явж байгаад, Баянцогтын 305 дугаар гудамжаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт  явж байхад  миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр урдаас хойшоо явж байгаа хүүхэд сундалсан мотоциклтой хүнтэй мөргөлдсөн юм. Уг мотоцикл жолоодож явсан  Ганзултай мөргөлдөхөд мотоциклын жолооч болон ард талд нь сундалж явсан 11 орчим настай Ууганбаярын зүүн хөл шилбэ хэсгээр хугарчихсан юм шиг байсан тул эмнэлэг рүү хүргэж анхны тусламж үзүүлсэн” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.Ёндонравцаг нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч  Э.Ёндонравцаг  нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн нутаг, Баянцогтын гэр хорооллын 305 дугаар гудамжны шороон зам дээр Тоёота Приус-20 маркийн 14-66 СҮА улсын дугаартай  маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “15.8. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Ганзулын жолоодож явсан Хаожие маркийн улсын дугааргүй мотоциклыг мөргөж зам тээврийн осол гаргаж,  жолооч Г.Ганзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч И.Ууганбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан тул шүүгдэгч Э.Ёндонравцагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Э.Ёндонравцаг нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна. Гэм буруугийн хувьд шүүгдэгч, өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй. Хохирлыг хувьд шүүгдэгч нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд хохирлыг бүрэн төлсөн гэж үзэж байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.Ганзул, И.Ууганбаяр нарын мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа зэргийг үндэслэвэл шүүгдэгч Э.Ёндонравцаг нь тухайн цаг хугацаанд “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.8. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн” гэх дүрмийн заалтыг зөрчсөнөөс осол гаргасан нь тогтоогдсон байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.2. Гэмтлийн “хүнд” зэрэгт Гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.2.1.амь насанд аюултай гэмтэл, 2.2.амь тэнссэн байдал, 2.2.3.гэмтлээс үүссэн үлдэц уршиг, 2.2.4.ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан” гэж заасан бөгөөд насанд хүрээгүй хохирогч И.Ууганбаярын биед учирсан тархины доргилт, зүүн шаант ясны том сэлтэрхийд ил хугарал бүхий гэмтэл нь дээрх журмын 2.2-т заасан хүнд гэмтлийн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч болон хохирогчийн зүгээс шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гомдол гаргаагүй болно.

 

Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг юм.

 

Тухайн гэмт хэргийн обьектив тал нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

 

Прокуророос шүүгдэгч Э.Ёндонравцаг нь зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Г.Ганзулын эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч И.Ууганбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3- т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Ёндонравцагыг  “Автотээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зарим хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг тэнсэх. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэсэн саналыг,

 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Ёндонравцагийн хувьд тохиолдлын шинжтэй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хэргийн материалд байна. Хохирлын асуудлыг өөрийн нөөц боломжоор шийдсэн талаар хэргийн материалд байгаа. Э.Ёндонравцагийн хувьд цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний гэр бүлийн хүнтэй хохирлын асуудлаар ярилцаж тохиролцсон асуудал байдаг. Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 3.500.000 төгрөг авч байж гомдолгүй болно гэдгээ шүүхийн шатанд илэрхийлж байна. Э.Ёндонравцаг нь хохирол 2.000.000 төгрөг өгч одоо надад 500.000 төгрөгийн боломж байна гэдгээ хэлсэн байдаг. Хохирлын асуудлаар шүүх хурлын дараа хоорондоо тохиролцож заавал иргэний шүүхээр явахгүй байх боломж харагдаж байна. Шүүгдэгч эхнэр хүүхдийн хамт амьдардаг, хүүхдийн нь нэг нүд 100 хувь хараагүй тул заавал асран хамгаалагчтай явдаг талаар ярьж байна.  Иймд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Э.Ёндонравцагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаанд хорих ял оногдуулахгүй тэнсэх санал гаргаж байна гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон, тогтсон ажил, орлоготой зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Ёндонравцагт ял шийтгэл оногдуулахад хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Э.Ёндонравцаг хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлын нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, өөрийн гэм буруугаа ухамсарлаж байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд Шүүгдэгч Э.Ёндонравцагын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Ганзулын эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч И.Ууганбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч Г.Ганзул гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт  мэдүүлжээ.

 

Насанд хүрээгүй хохирогч И.Ууганбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Алтантуяа нар шүүх хуралдаанд эмчилгээний зардал нэхэмжилж нийт 534,578 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн боловч 196,615 төгрөгийн баримт нь хэрэгт хамааралгүй баримт байх тул хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл 337,963 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Ёндонравцагийн зүгээс насанд хүрээгүй хохирогч И.Ууганбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Алтантуяа нарт эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

 2.4. Бусад асуудлаар

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Э.Ёндонравцагийн №1189608 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.

 

Шүүгдэгч Э.Ёндонравцаг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч Э.Ёндонравцагт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хавхчин овогт Энхтайваны Ёндонравцагийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.Ёндонравцагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”,  2.5-т зааснаар шүүгдэгч Э.Ёндонравцагт оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.Ёндонравцагт  мэдэгдсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ёндонравцагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

 6. Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Ёндонравцагт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтантуяагийн шүүхэд өгсөн 534,578 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал  337,963 төгрөгийг шүүгдэгч Э.Ёндонравцагаас гаргуулж хохирогчид олгож, бусад зардал болох хоол хүнс, бензиний зардал 196,615 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1  дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүгдэгч Э.Ёндонравцагаас эмчилгээний зардал 337,963 төгрөгийг гаргуулж  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтантуяад олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Э.Ёндонравцагийн №1189608 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

10. Шүүгдэгч Э.Ёндонравцаг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч Г.Ганзул гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, насанд хүрээгүй хохирогч И.Ууганбаярт эмчилгээний зардалд  нийт  2,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч,  дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР