Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 07

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сантехникч мэргэжилтэй, “Сөгнөгөр хайрхан” ХХК-ний захирал, ам бүл 2, эхнэрийн хамт, Дархан-Уул аймаг Дархан сум 00 дугаар баг, Мангирт, 0 дугаар хэсэг, 000 тоотод оршин суух, Боржигон овгийн *******  *******-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2 дугаар багт байрлах Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ******* хэсэгт холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 6000000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. 

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд /07451/, хариуцагчийн төлөөлөгч Ц.Бямбадорж, прокурор Н.Бадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* би Сайхан сумын засаг даргын захирамжаар орон сууцны барилга барих зориулалтаар 3500м2 талбай бүхий газрыг эзэмшилдээ авч ногоон өнгөтэй төмөр карказан хашаа барьж байсан. Ингээд газрын маргаан үүсч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид 15 хоригдлуудын хамтаар 2016 оны 04 сарын 10-ны өдөр дайран орж гэр хороо барьж ажлаа эхлүүлсэн байсан. ******* нь асуудал шийдэгдтэл танай хашааг шавар зуурагч машин, конторын зориулалттай байрыг манай байгууллага нь албан хаагчаа байрлуулах зорилгоор түрээслэе гэсэн саналыг тавьсан. Би үүнийг бодож үзээд шавар зуурагч машин бол үгүй, конторын зориулалттай байрыг түрээслэх гээд яахав цэвэрхэн эдлээрэй. Харин хашааг бол сарын 2.000.000 /хоёр сая төгрөг/-өөр түрээслэнэ гэхэд "Манай байгууллага нэг сарын 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/-өөр түрээслэе" гэснээр сард нь өгч авахаар тохиролцож аман гэрээ хийгдсэн. 2016 оны 05 сарын 12-нд 1 сарын түрээсээ нэхэхэд "Удахгүй өгнө, дээд даргадаа хэлсэн чинь нэг мөр түрээслэсэн юм чинь өгнө. Төсвөөр баригдаж байгаа болохоор хэцүү юм" гэсэн аар саар шалтаг тавьсан. 2016 оны 07 сарын 16-ны өдөр очиж түрээсээ нэхэхэд мөн л шалтаг тавьсаар байсан. 2016 оны 08 сарын 11-нд очиж түрээсээ нэхэхэд "Өгнө өө 2016 оны 09 сарын 12-нд нэг мөсөн төлье" гэснээр Иргэн ******* би аман хэлцлээ зөрчиж түрээсээ төлөхгүй байна гэж үзээд 2016 оны 08 сарын 12-нд ажилчдаа авч очоод хашаагаа буулган авсан. Хашаагаа буулгаж байх үед Дарга *******, Нягтлан бодогч Бямбадорж нар нь "Нэг cap сунгачихаач, одоо 300.000 /гурван зуун мянган төгрөг/ өгье. 2016 оны 09 сарын 12-нд нэг мөсөн 7.200.000 /Долоон сая хоёр зуун мянган төгрөг/-ийг төлье гээд байсан. Би үүнийг зөвшөөрөөгүй хашаагаа буулгаад аваад явсан юм. 2016 оны 04 сарын 12-нд ангийн дарга болох *******той уулзаж байхад манай гэр бүлийн хүн Т.Амарбаясгалан, барилгын даамал Ж.Мөнхбаатар нар нь хамт очсон байсан. Тэр хоёрт хашаагаа нэг сарын 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/-өөр түрээслэхээр боллоо гэдгээ хэлж байсан. Хашаа буулгасан өдөр Дарханы хорих ангиас нэмэгдэж 2 ширхэг машин, 4 хянагч ирж байсан. *******оос буюу шийдвэр гүйцэтгэх хэсгээс 6.000.000 /зургаан сая төгрөг/-ийг нэхэхэд "Чадахгүй сүртэй амьтан бэ? Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр чи хашаагаа буулгаад аваад явсан биз дээ? Шүүхдээд аваарай гэснээр шүүхэд хандаж байна. Бидний хооронд хийсэн аман гэрээ, хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул 2016 оны 04 сарын 12-ны өдрөөс 2016 оны 08 сарын 12 хүртэлх 1 сарын түрээсийн үнэ болох 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ нийт 4 сарын түрээс болох 6.000.000- /зургаан сая төгрөг/-ийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ******* хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн *******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Тус хэсэг Сайхан сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 тоот захирамжаар 11 дүгээр цэцэрлэгийн баруун талд 14 дүгээр байрны урд талд конторын зориулалттай барилга барихаар 900 м2 газар эзэмших эрх авч гэрчилгээг гаргуулсан. Сөгнөгөр Хайрхан ХХК нь манай газрыг хамруулан хашаа барьсан тул хашаагаа буулгахыг тухайн үеийн даамал гэх хүнд болон засаг даргад мэдэгдсэн. Тус компанийн захирал ******* гэдэг хүнтэй утсаар ярьхад Наад газрыг чинь манайх авсан. Чи яаж ч чадахгүй. Би мөнгөтэй хүн гэх зүйлс хэлж байсан. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад газар чөлөөлүүлэх тухай албан тоотоор хүргүүлсэн. Түрээсийн талаар захирал *******той хэлцэл хийсэн зүйл байхгүй. 1500000 төгрөгөөр хашаа түрээслэх боломж ч байгаагүй. Төрийн байгууллага төсвийн хөрөнгөөр барилга барьсан. Бүх зүйл албан ёсны бичгээр гэрээ байгуулан удирдах газраас зөвшөөрөгдөн шийдэгдэж барилгын ажил явагдсан. Тухайн үед гэр болон вагончиг түрээслэж гэрээ байгуулан Ерөнхий газарт хүргүүлэн мөнгийг шийдүүлж түрээслэгч нарт шилжүүлж байсан. Хашаанд дайрч ороод юм хийлээ гэж энэ хүн цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан өдөр нь хашаа болон эд зүйлсээ авахыг шаардаж байсан. Манаач нь цалингаа аваагүй удаж байгаа конторын байрыг би өрөндөө авна та нар түр байрлаж болно гэсэн юм билээ. Энэ хүн түрээс нэхэх битгий хэл үзэгдэж ч байгаагүй. Сөгнөгөр хайрхан ХХК-ний манаач нь удахгүй нүүсэн бөгөөд би мөнгөндөө энийг ч авна гэх зэргээр байнга хүмүүс ирж бид эд зүйлсийг нь хамгаалж байсан. Та нар *******ыгоо дагуулж ирээд юмыг нь ав гэхээр тэр хүн чинь олдохгүй байна та нар олж өг гэж шаарддаг байсан. Сөгнөгөр Хайрхан ХХК-ний захирал *******той ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй болно гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би Сэлэнгэ  аймгийн Сайхан сумын ******* хэсгийн тухайн үед дарга байсан *******той эд хөрөнгө хөлслөх аман гэрээ хийсэн байгаа. Бид  нар анх 2,000,000 /хоёр сая/ төгрөг гэж тохирсон боловч сүүлдээ 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг сар сард нь өгөхөөр тохирч аман гэрээ хийгдсэн байгаа. Бид нарын зүгээс удаа дараа түрээсийн мөнгийг шаардсан боловч өгөөгүй. Тиймээс миний зүгээс 2017 онд энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Ямар нэгэн гаднын биетээс өөрийн эд хөрөнгийг хамгаалахын тулд, барилгын зөвшөөрлийг авахын тулд хашаа барихыг заавал шаарддаг. Энэ талаар барилгын хуульд заасан байдаг. Тиймээс хашааны төсөв заавал суугдсан байх ёстой байдаг. Төсөвт суугдсан мөнгийг гаргуулах гэж бид нар удаа дараа шүүхэд өгсөн боловч хариуцагч талаас ямар нэгэн хуурамч график авчирч өгсөн. Тэр нь зүгээр нэг ажлын график, барилгын явцын зургийг өгсөн байгаа. Шүүхэд албадан гаргуулах хүсэлт өгсөн боловч шүүх хүлээж аваагүй. Ер нь төсөвт заавал мөнгөн хөрөнгө суусан байх ёстой байдаг. Мөн ******* хэсэг нь хоригдол ажиллуулж байсан учир заавал хашаа барьсан байх ёстой. Надад анх ярихдаа “Хоригдол ажиллуулж байгаа гэдэг үүднээс танай хашааг хөлслөх гэж байна” гэсэн. Улсын төсөвт суугдсан хөрөнгөнөөс юунд суугдсан гэдэг нь тодорхойгүй байгаа. ******* хэсгийн тухайн үед дарга байсан ******* нь надтай тохиролцсон аман гэрээний үүргээ биелүүлээгүй учир би шүүхэд хандсан..., ... Хэрэгт холбогдолгүй хоёр, гурван зүйл яригдаж байна. Манай авсан гэрэл зурагт хорих 435 дугаар ангиас авчирсан угсардаг хашааны зураг байхгүй байгаа. Өөрсдөө болохоор угсардаг хашааг авчраад хураасан байсан гэж яриад байна. Энэ талаар нотлох баримт байхгүй байна. Та нарт тэр хашаа байхгүй учир миний хашааг хөлсөлсөн. Сая өөрөө хэлэхдээ барилга дуусахад сүүлийн нэг сард угсардаг хашааг хорих 435 дугаар анги руу ачуулсан гэж ярьж байна. Би баримтаар өгсөн гэрэл зургийг 3,4,7  дугаар саруудад авсан байгаа. Энэ талаар хэрэгт баримт болгож өгсөн байгаа. Тийм бол тэр хураасан хашааны зураг нь баримтаар өгсөн гэрэл зурагт байж байх ёстой. Тийм байхад худлаа битгий ярь. Төр хохироод байх юм байхгүй. Өнөөдөр иргэн хүн хохирчихоод байна. Газрын гэрчилгээний хувьд төлбөрөө хийгээгүй гурван жил болсон. Эрх чинь хасагдчихсан байсан. Засаг дарга надаас мөнгөн хөрөнгө нэхсэн. Намайг өгөхгүй байсан учир яваандаа танай байгууллагын газрын гэрчилгээг хүчин төгөлдөр болгочихсон. Энэ асуудал шүүхээр тогтоогдсон. Энэ талаар өөрсдөө мэдэж байгаа гэв.

Прокурор Н.Бадам шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Прокурорын байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу ******* хэсгийг төлөөлж төрийн эрх ашиг хөндөгдөж байна гэдэг үүднээс  оролцож байна. Энэ талаар нэхэмжлэгч ойлгоогүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ойлгуулж хэлж өгөх байх. Иргэн ******* нь ******* хэсэгт холбогдуулж 6,000,000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Энэ талаар хэрэгт тодорхой хэмжээгээр баримт авагдсан байна. Энэ хэрэг гурван шатны шүүхээр орсон байгаа. Хуулийн үндэслэл шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр хэрэг дахин хэлэлцэгдэж байгаа юм байна. Тэгэхээр ямар үндэслэлээр энэ 6,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Ямар үндэслэлээр гэрээ байгуулагдсан юм. Ямар үндэслэлээр  маргаан үүссэн юм бэ гэдэг асуудлыг ярих нь зүйтэй байх. Сая  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд ярьж байгаа болон давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад Нэгдүгээрт: Хоёр Энхболдын хооронд ард иргэд төөрөгдсөн асуудал байдаг юм байна. Хэдий энэ хэрэгт хамааралгүй ч гэсэн энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах нь зүйтэй байх. Одоо нэхэмжлэгч ******* нь ******* хэсгээс 6,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн асуудал яригдаж байна. Тийм бол өнөөдөр энэ 6,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэл нь юу байгаа юм бэ? Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулсан нь үндэслэлтэй гэж хэлсэн. Энэ талаар Иргэний хуулийн 196  дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Урьдын шүүх хуралдаанд эд хөрөнгө түрээслэх гэрээний талаар нэлээн сайн ярьсан байна. Аман хэлцлийн үндсэн дээр байгуулсан гэрээ ёсоор хашааг 6,000,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон гэж байна. ******* байгууллага маань төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. Нэлээн онцлог байгууллага юм. Цагдан хорих байгууллагыг барих чиглэлийн дагуу энэ барилгыг барьсан. Ялтнуудыг авчирч барилга дээр ажиллуулж байгаа тохиолдолд хашаа барих нь зүйл ёсны хэрэг. Гэхдээ энэ хашааг барих талаар ямар нэгэн төсөв мөнгө суусан асуудал байдаггүй юм байна. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая тодорхой ярьж байна. Хариуцагч тал хорих 435 дугаар ангиас хашаа авчирсан гэж байхад нэхэмжлэгч тал тэр хашааг байгаагүй гэсэн асуудлыг ярьж байна. Энэ талаар үйл баримт тодорхой тогтоогдоогүй. Нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Хоёр Энхболд хоорондоо хашааг 1,500,000 төгрөгөөр хөлслөхөөр тохирсон гэсэн асуудал яригдсан. Хариуцагч ******* нь урьдын шүүх хуралдаанд “Надад тэгж тохиролцсон асуудал байхгүй” гэж удаа дараа амаараа хэлсэн боловч хариуцагч ******* нь “Та нар төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулдаг байж ингэж худлаа хэлж болохгүй” гэсэн асуудлыг хэлдэг. Ингэж маргалдсаар өнөөдрийг хүрсэн байна. Төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж байгаа албан хаагч нь өөрийн хувийн мэдлийн үйл ажиллагааг явуулж байгаа юм шиг дураараа шийдвэр гаргах эрх байхгүй. Хэрэгт хоёр Энхболдын хооронд ярьсан яриа нотлогдсон баримт байхгүй. Гэрч Амарбаясгалан, Энхжавхлан, Энхбаатар нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр тухайн үед ******* дарга хашааг түрээслэхээр болсон гэж дамжмал утгаар ярьдаг. Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Учир нь ******* хэсгийн барилгыг барихад төсөвт өртөг нь 768,000,000 төгрөгийн өртөгтэй барилгын компанийн үнэлгээ гарсан байгаа. Улсын төсвөөс энэ мөнгө гарах боломжгүй  байсан учир дотоод нөөц бололцоогоороо 300,000,000 төгрөгөөр барих тушаал гарсан. Зэргэлдээ хорих 435 дугаар ангиас тусламж ав гэсэн үүрэг өгсөн байна. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбараар энэ хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл хашаа байсан юм бол тэр хорих 435 дугаар ангиас хашааг хэзээ, яаж авчирсан юм. Хэн хашааг авчирсан юм. Ямар техникээр тэр хашааг авирсан юм  гэдэг нь тодорхойгүй байна. Энэ үйл баримтыг тогтоогоод үнэхээр тэр хашаа байхгүй бол хэргийг яаж шийдэх асуудал нь шүүхэд нээлттэй байна. Тиймээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбадорж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Тухайн үед ******* хэсгийн барилгыг барихад төсөвт өртөг нь 768,000,000 /долоон зуун жаран найман сая/ төгрөгийн өртөгтэй барилгын компанийн үнэлгээ гарсан байгаа. Улсын төсвөөс энэ мөнгө гарах боломжгүй байсан учир дотоод нөөц бололцоогоороо 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгөөр барь гэсэн дээрээс шийдвэр ирсэн. ******* ерөнхий газрын хурандаа Эрхэмбаярын тамга, тэмдэгтэй тооцоолол ирсэн. Хурандаа Мөнхжаргал болон ахмад Эрдэнэболор нарын тооцоололтой төлөвлөгөө ирсэн. Энэ төлөвлөгөөнд материалын хөлс болон газрын кадастрын хөлс орсон байгаа. Түүнээс биш түрээсийн хөлс ороогүй. Хэрэв түрээсийн гэрээ  хийх тохиолдолд ******* ерөнхий газрын санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаас зөвшөөрөл авч, батлуулж байж бид нарын зүгээс гэрээ хийнэ. Нэхэмжлэгч тал сая хэлэхдээ “******* хэсгийн тухайн үед дарга байсан *******той эд хөрөнгө хөлслөх гэрээ хийсэн. Хашааг сарын 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр хөлслөх болсон гэж хэлсэн. Хэрэв гэрээ хэлцэл хийгдсэн бол  ******* дарга надад энэ талаар хэлэх байсан. Миний бие нь ******* ерөнхий газрын дарга руу хүсэлт явуулж, батлуулсны үндсэн дээр гэрээ байгуулагдах ёстой  байсан. Энэ талаар надад ******* дарга юу ч хэлээгүй. Тухайн үед барилга барихад манай зүгээс ялтан авчирсан. Хашаа барих шаардлагатай болсон. Хашаа барих зардлыг барилга барьж дууссаны дараа хашааны төсвийг төсөвлөнө гэж хэлээд хорих 435 дугаар ангиас угсардаг хашааг ав гэж Ерөнхий газраас бид нарт чиглэл өгсөн. Хорих 435  дугаар анги нь Дархан-Уул аймагт 2-3 газарт барилга барьж байсан. Тиймээс угсардаг хашаанууд байсан. Тэгээд тэр хашааг авч ажлаа эхэл гэж хэлсэн. Тухайн үед ******* дарга нэхэмжлэгч *******од та нар хашаагаа ав гэж хэлсэн. Манай байгууллага барилгын үйл ажиллагаагаа эхэлмээр байна гэж хэлсэн. Газрын маргаантай байсан учир нэхэмжлэгч ******* нь манай зүгээс газраа өгөхгүй. Хашаагаа буулгахгүй. Танай үйл ажиллагааг  хүлээн зөвшөөрөхгүй байна. Газрынхаа маргааныг шийдвэрлэнэ гэж хэлсэн. Манай байгууллага дээрээс өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа  04 дүгээр  сараас 09 дүгээр сард дуусгах ёстой байсан. 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллага газрын гэрчилгээгээ авсан байсан. Тиймээс манай байгууллага үйл ажиллагаа шууд эхэлсэн. Энэ талаар *******од мэдэгдсэн. Тухайн үед манай байгууллагын хашаанд амбаар байсан. Мөн барилгын зуурагч машин байсан. Тэгэхээр нь энэ юмнуудаа аваарай, манай байгууллага хариуцахгүй гэж сануулж байсан боловч ******* аваагүй. Тухайн үед “Сөгнөгөр хайрхан” ХХК барилга эхлүүлнэ гээд иргэдээс урьдчилгаа авсан байсан. Манай барилгын ажиллагаа эхлэхэд маш олон иргэд ирж мөнгөө нэхэж байсан. Манай байгууллага уг барилгын компанитай ямар ч хамаарал байхгүй гэдгээ хэлсэн. *******оос мөнгөө нэхэж байгаа иргэд та нар энэ барилгын хашаа болон барилгын тоног төхөөрөмжийг нь гадагшаа гаргаж болохгүй шүү гэж хэлсэн. Нэхэмжлэгч *******ын утас холбогдохгүй байсан. Харуулын утас руу нь залгаж байж *******той холбогдож байсан. Тухайн үед манай байгууллага хорих 435 дугаар ангиас ялтнаа авчрахдаа угсардаг хашаагаа авчраад тавьчихсан байсан. Нэхэмжлэгч ******* 08 дугаар сард хашаагаа буулгаж эхэлсэн. Тэр үед манай байгууллагын барилгын краказ бүрэн боссон байсан. Засал чимэглэлийн ажил үлдсэн байсан. Тийм учир бид нар нааш цааш явах зардал их гарна гэдэг утгаараа  Улаанбаатар хотоос барилгын материал татах гэж явахдаа замаараа 435 дугаар ангид хашааг нь буцаж  буулгасан. Нэхэмжлэгч ******* 08 дугаар сарын дундуур хашаагаа буулгасан. Тухайн үед барилга барихдаа холбоотой Ерөнхий газраас  барилгын дөрвөн инженер ирсэн байсан. Тэр дөрвөн инженер надад хэлэхдээ “Угсрах хашааг буцааж явуулсан байгаа. Барилга ерөнхийдөө дуусах гэж байна. Заслын ажлыг хийхэд сар хүрэхгүй хугацаа байна. Тиймээс чи *******той уулзаад хашаагаа нэг сар түр байлгачих гэж хэл. Зөвшөөрөхгүй бол түрээсийн мөнгө гэж 300,000 /гурван зуун мянган/ төгрөгийг тавуулаа нийлээд /нэг хүний 50,000-60,000 төгрөг/ өгье гэж хэлсэн. Түүний дагуу би нэхэмжлэгч *******той очиж уулзсан. “Та хашаагаа түр байлгачих, манай зүгээс 300,000 /гурван зуун мянган/ төгрөг өгье. Бид нар инженерүүдтэйгээ нийлж байгаад хувиасаа энэ мөнгийг өгнө  гэж хэлсэн. ******* хашааг сарын 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр түрээсэлнэ. Чи урьд нь хашааг ашигласан сарын мөнгөтэй хамт өг гэж хэлсэн. Би хэлэхдээ “Надад түрээсийн гэрээ хийх эрх байхгүй. Би энэ талаар  хэсгийн даргад танилцуулна. Дараа нь Ерөнхий газрын даргаас зөвшөөрөл авч, батлагдсаны үндсэн дээр гэрээ хийгдэнэ” гэсэн. Тэгтэл ******* нь зөвшөөрөхгүй. Би хашаагаа нурааж авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад тэгвэл эрх байхгүй. Та хашаагаа нураагаад ав гэж хэлсэн. Нэхэмжлэгч ******* нь  хашаагаа нураагаад авч явсан...,... Бид нар хувиасаа 7-8 сая төгрөг гаргаад хашаа барих чадал байхгүй. Тухайн тэр сарын, нэг сарын 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг бид нар хувиасаа өгье гэж хэлсэн. Бид нар энэ байгууллагад олон жил ажилласан. Цалин мөнгө авч байна. Амьдарлаа залгуулж явдаг. Тиймээс бид нар дээрээс энэ барилгыг есөн сард дуусгах үүрэг даалгавар авсан байсан учир хувиасаа тэр 300,000 төгрөгийг өгье гэж хоорондоо ярьсан. Тэрнээс биш баян цатгаландаа хэлээгүй. Би тэр утасны бичлэгийг сонсмоор байна. Би утасны бичлэгт  хэлэхдээ “Та юун 1,500,000 төгрөг яриад байгаа юм бэ. Би танд 1,500,000 төгрөг өгье гэж яриагүй биз дээ. Би танд 300,000 төгрөг өгье гэж хэлсэн болохоос 300,000 төгрөгөөр түрээсэлье гэж яриагүй шүү” гэж хэлсэн. Би хэлсэн үгээ санаж байна. Мөн тэр нэхэмжлэгч талын авсан гэх гэрэл зургийг хармаар байна.  Нэмж хэлэхэд манай байгууллага нь  шүүхийн шийдвэр биелүүлэх алба болохоос захиргааны газрын алба биш юм. Бид нарт тэр хашааг нураах эрх байхгүй гэв.

           

         Шүүх хуралдаанд зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

            Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ******* хэсэгт холбогдуулан хашааг ашигласны төлбөр 6.000.000 төгрөг гаргуулахар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбадорж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй”  гэж маргаж байна.

            Нэхэмжлэгч ******* нь Сайхан сумын Засаг даргын захирамжаар орон сууцны барилга барих зориулалтаар олгосон газартаа ногоон өнгийн төмөр карказан хашаа тойруулсан барьсан байсан ба газрын тодорхой хэсэг нь ******* хэсэгт шилжиж албаны орон сууц /барилга/ барихаар болжээ.

            ******* хэсэг *******ын өмнө нь барьсан хашаанд  2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд барилгын ажлыг явуулж, ашиглаж байгаад нэхэмжлэгч ******* 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хашааг буулган авч явсан үйл баримт болсон ба энэ талаар талууд маргадаггүй.

            Нэхэмжлэгч ******* “Би Сэлэнгэ  аймгийн Сайхан сумын ******* хэсгийн тухайн үед дарга байсан *******той эд хөрөнгө хөлслөх аман гэрээ хийсэн байгаа. Бид  нар анх 2,000,000 /хоёр сая/ төгрөг гэж тохирсон боловч сүүлдээ 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг сар сард нь өгөхөөр тохирч аман гэрээ хийгдсэн байгаа. Гэрээ 4 сарын хугацаатай байсан. Бид нарын зүгээс удаа дараа түрээсийн мөнгийг шаардсан боловч өгөөгүй. Ийм учраас 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хашаагаа буулгаад аваад явсан. ******* хэсэг хорих 435-р ангиас угсардаг хашаа авчираад хашаандаа хураасан байсан гэж хариуцагчийн төлөөлөгч ярьж байна. Миний авсан гэрэл зураг дээр хашааны зураг байхгүй байгаа. Нотлох баримт байхгүй байна. Хашаа байхгүй байсан учраас миний хашааг хөлслөхөөр тохиролцсон” гэж тайлбарладаг.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбадорж “бид хэрвээ түрээсийн гэрээ байгуулсан бол дээд газартаа хандаж зөвшөөрөл авч байж байгуулдаг. Хэрэв гэрээ хэлцэл хийгдсэн бол  ******* дарга надад энэ талаар хэлэх байсан. Миний бие нь ******* ерөнхий газрын дарга руу хүсэлт явуулж, батлуулсны үндсэн дээр гэрээ байгуулагдах ёстой  байсан. Энэ талаар надад ******* дарга юу ч хэлээгүй. Тухайн үед ******* дарга нэхэмжлэгч *******од та нар хашаагаа ав гэж хэлсэн. Тухайн үед манай байгууллага хорих 435 дугаар ангиас ялтнаа авчрахдаа угсардаг хашаагаа авчраад тавьчихсан байсан. Нэхэмжлэгч ******* 08 дугаар сард хашаагаа буулгаж авч явсан. Хошууч ******* нь *******той ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй” гэж мэтгэлцжээ.

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт зохигчдын тайлбар зэргээс дүгнээд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

            Эд хөрөнгө хөлслөх гэрээг амаар болон бичгээр байгуулж болдог тул талууд амаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан тул хүчин төгөлдөр гэрээ байна.

            Талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэдэг нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ******* нь хашаагаа буулгаж авч явахаар хүн хүч,  машин техниктэй ирсэн боловч хариуцагч тал хашааг буулгах хэрэггүй гээд хашааг ашиглахаар тохиролцсон тул ******* хашаагаа буулгалгүй буцаад явсан үйл баримтаар нотлогдож байна

            Мөн талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан болон гэрээний үнэ 1 сарын 1.500.000 төгрөгөөр тохиролцсон гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гэрчээр мэдүүлсэн гэрч Т.Амарбаясгалангийн: ...2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хашаагаа буулгах гээд ирсэн. Энхболд, Энхболд даргатай уулзаад хашаагаа 1.500.000 төгрөгөөр түрээслэхээр болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

            Гэрч Т.Э-н: ...Хашаануудыг бид нар Дарханд хийгээд авчирч суулгасан. Дараа нь буцаад ачих гээд ирсэн. Тэгсэн чинь больлоо түрээслэхээр болсон гэж ярьсан.  Би машины жолооч бүх юмыг тээвэрлэсэн.... Хашааг түрээслэнэ гээд бид нар ачилгүй эргээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

            Гэрч Ж.М-н: ...Анх хашааг би ирж барьсан. Тэгээд шүүхийн шийдвэрийнхэн хашаанд буучихлаа гэсэн.  Дараа нь Жавхаа, Цоож, Баяраа бид хэд буулгах гээд ирсэн. Гэтэл 1.500.000 төгрөгөөр түрээслэх боллоо гээд буцаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/

            Гэрч Ч.А-н: ...Жавхаа, Мөнхөө, Баяраа, Энхээ ах бид нар ирсэн. Түрээслэх гэж байгаа гэхээр нь буцаад явсан. Жавхаа ахын том тэрэгтэй, Энхээ ахын жижиг тэрэгтэй хоёр машинтай ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 хуудас/ зэргээр давхар нотлогдон тогтоогдож байна.

            Гэрч В.Б-н шүүхэд мэдүүлэг өгөхдөө: ...“Бид нар хашааг буулгах гээд ирэхэд Шүүхийн шийдвэрийнхэн байж байсан. тэгээд захирал руу ярихад түрээслэнэ гэж байна гэхээр нь бид нар буцаад явсан. Сар өдрийг нь сайн санахгүй байна” гэж мэдүүлж байгаа нь бусад гэрчийн мэдүүлэгээс зөрөөтэй, гэрч үнэн зөв мэдүүлэг өгч байгаа эсэх нь эргэлзээтэй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж дүгнээгүй болно.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбадорж нь “төсвийн бага хөрөнгөөр барилга барьсан, хашааны төсөв хөрөнгө гэж шийдэгдээгүй, нэхэмжлэгч талыг хашаагаа ав гэж мэдэгдсэн боловч хашаагаа аваагүй,  хорих 435 дугаар ангиас угсардаг хашаа авчираад хашаандаа хураасан байсан, нэхэмжлэгч талтай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа болон түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж няцаагаагүй байна.

            Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх  үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

            Хариуцагч тал эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т заасан гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-д зааснаар хохиролоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

            Иймд дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 288 дугаар зүйлийн 288.2.3-т заасныг баримтлан  хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ******* хэсгээс эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ******* хэсгээс 110.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгох нь зүйтэй байна.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийнэ 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 288 дүгээр зүйлийн 288.2.3-д зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ******* хэсгээс 6.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ******* хэсгээс 110950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ДЭЛГЭРСАЙХАН