Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 134/ШШ2019/00007

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

“ХТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“ШО”ХК-д холбогдох  

Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 764 875 732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б Б.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Б.Г, Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Р нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХТ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Манай компани нь Ш.О-иас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цахим хуудсаар нийтэд нээлттэй зарласан СШ.№50-1.ШОХК.2017 дугаартай тендерт оролцсон ба Ш.О-иас манай компанид гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/1128 тоот албан бичгээр мэдэгдэж, улмаар талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /ТБОНӨХБАҮХАТХ/-ийн 29.2-т “...тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна”, 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно”, 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж тус тус заасан. Тендерийн урилга болон тендерийн баримт бичгийн хоёрдугаар бүлэг, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тендерийн хүчинтэй байх хугацааг тендер нээснээс хойш 45 хоног гэж тогтоосон.

3. Захиалагч СШ.№50-1.ШОХК.2017 дугаартай тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутад нээсэн ба үүнээс хойш тооцож үзвэл 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөрт багтаан шалгарсан оролцогчтой худалдан авах гэрээг байгуулахаар байсан боловч уг хугацааг хэтрүүлж, 3 сарын хугацаа өнгөрсний дараа 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай компанитай гэрээ байгуулсан нь хуульд заасан дээрх журмыг зөрчсөн байна.

4. Иргэний хуулийн 56.1.1-д “Хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” ТБОНӨХБАҮХАТХ-ийн 42.1.2-т “Захиалагч энэ хуулийн ...29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзнэ гэж тодорхой заасан тул талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Үүнээс үүдэн манай компани Ш.О-ийн эсрэг гэрээнээс үүдэлтэй буюу үүргийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байна.

5. ТБОНӨХБАҮХАТХ-ийн 19.2-т “Тендерийн баримт бичигт ...захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолтыг тусгана” гэж заасан. Тендерийн баримт бичгийн дөрөвдүгээр бүлэгт тусгагдсан техникийн тодорхойлолтод “Ачиж зөөвөрлөх хөрсний хэмжээ 300 000 куб.м байна” захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлийн 1.3.9-д “Хөрсний сийрэгжилтийн коэффициент-1.4” байна гэж заасан ба үүнээс үзэхэд захиалагч нийт уулын цулаар 300 000 куб.м буюу сийрэгжсэнээр /хөрсийг тэсэлсний дараа/ 420 000 куб.м /300 000*1.4/ хөрс хуулалтын ажлыг хийлгүүлэхээр байсан нь тодорхой харагдана.

6. Иргэний хуулийн 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасан.

7. Манай компани 2018 оны 05 дугаар сарын 03-наас 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд уулын цулаар нийт 321 242 куб.м буюу сийрэгжсэнээр 449 738.8 куб.м /321.242*1,4/ хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэсэн. Бид анх тендерт оролцохдоо 1 куб.м сийрэгжсэн хөрсийг хуулж тээвэрлэх өртгийг 2 390 төгрөгөөр тооцож санал өгсөн ба уг өртгөөр тооцож үзвэл нийт 1 074 875 732 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна.

8. Одоогийн байдлаар хариуцагч Ш.О манай компанид 310 000 000 төгрөг өгсөн байгаа ба үүнийг гүйцэтгэсэн ажлын өртгөөс хасч тооцоход зөрүү 764 875 732 төгрөг болж байна.

Иймд, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Ш.О-иас 764 875 732 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ш.О нь ХТ ХК-ийн 764 875 732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.

Учир нь: Ш.О, ХТ ХК нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ШО18-2/81 дүгээр Ш.О-д хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болно. Ажил гүйцэтгэх гэрээний 1.5-д ажлын хэмжээ үзүүлэлт хэсгийг заасан бөгөөд 1.5.3-д хөрсний ажлын хэмжээг уулын цулаар тооцох, 1.5.4-д 1 м3 уулын цулын үнэлгээ 2390 төгрөг, 1.5.5-д ажлын хэмжээ 300 000 м3 уулын цулаар байхаар тохиролцсон байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “Гэрээний нийт үнэ 717 000 000 төгрөг, 3.3-д гэрээний үнэ нь гэрээний хүчинтэй байх хугацаанд тохируулгагүй тогтмол байхаар тус тус зохицуулсан байна. Ш.О, ХТ ХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ШО18-2/81 дүгээр Ш.О-д хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ” Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцсэн, гэрээ байгуулагч талууд ажил гүйцэтгэх гэрээний агуулгыг бүрэн тодорхойлсон, хууль зөрчиж гэрээ байгуулсан зүйл байхгүй юм. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” хэмээн заасан. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасны дагуу талуудын байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ШО18-2/81 дүгээр Ш.О-д хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний 1, 3, 4 дүгээр бүлгээр ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тодорхой тохиролцсон байна. Гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу ажил гүйцэтгэсэн ХТ ХК-д Ш.О төлбөрийг бүрэн төлсөн болно. Гэрээний 6.2-д “Ажил гүйцэтгэгч нь ажилчдын цалин хөлс, даатгал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хоол байр, түлш болон бусад бүх зардлыг хариуцна” хэмээн заасан байна. ХТ ХК нь Ш.О-ийн уурхайн бүсэд хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэхдээ Ш.О-иас түлш шатахуун, эм, эмийн бүтээгдэхүүнийг зээлээр авч хэрэглэж байсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээгээр түлш болон бусад бүх зардлыг ажил гүйцэтгэгч хариуцах гэрээний зохицуулалтын дагуу зээлээр олгосон түлш, шатахуун, эм, эмийн бүтээгдэхүүний тооцоог ажил гүйцэтгэсэн төлбөрөөс суутган олгосон юм. Ш.О, ХТ ХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ШО18/2/81 дүгээр Ш.О-д хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ” Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл биш юм. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасан ...хүсэл зоригийг илэрхийлсэн мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д зааснаар ...талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд гэрээнээс үүсэх үүргийн харилцаагаа талууд харилцаж ирсэн юм. Талуудын байгуулсан гэрээний агуулга нь үүрэг үүсгэж буй нөхцөл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, хүчин төгөлдөр бус хэмээн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно. Гэвч ХТ ХК нь байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээ зөрчин үндэслэлгүйгээр Ш.О-иас сийрэгжсэн хөрс тээвэрлэсэн үнийн зөрүү 764 875 732 төгрөг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна хэмээн үзэж байна.

Иймд, дээрх үндэслэлээр ХТ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш.О-д холбогдох 764 875 732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тухай тайлбартаа:

ХТ ХК нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Ш.О-иас 764 875 732 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэгч тал дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Нэг. Нэхэмжлэгч ажлыг гүйцэтгэхдээ хариуцагчаас 168 004 л түлшийг зээлээр авч хэрэглэсэнтэй маргахгүй. Харин хариуцагч уг түлшний үнийг 2 068-2 211 төгрөгөөр тооцож 362 195 581 төгрөгийг суутгаж авсныг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэгч нэг литр түлшний үнийг тендер шалгаруулалтын үеийн бөөний үнэ болох 1450 төгрөгөөр тооцож 243 605 800 /168 004*1450/ төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. 

Хоёр: Хариуцагч нэхэмжлэгчид хөрс хуулалтын ажлын хөлсөнд нийт 336 779 719.09 /анх нэхэмжлэл гаргахдаа 310 000 000 төгрөг төлсөн гэж гаргасан зөрүү 26 779 719.09 төгрөг/ төлсөн, мөн нэхэмжлэгч ба хариуцагч нарын хооронд 18 024 699.83 төгрөг /эм, цахилгаан, өмнөх авлага/-ийн тооцоо байсантай маргахгүй тул 44 804 418.92 төгрөгөө нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Иймд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нийт 288 410 219 төгрөгөөр багасгаж, 476 465 513 төгрөг, /764 875 732 -288 410 219/ болгож байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийнхээ үндэслэл болгоод байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хуулиудын холбогдох заалтуудыг зөрчиж байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэдэгтэй хариуцагч тал маргахгүй байгаа. Үнэхэээр 3 сарын дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт тендерийн хүчинтэй байх хугацааг тендер нээсэн өдрөөс хойш 45 хоног гэж тогтоосон. Тэгэхээр энэ тендер хүчингүй болсон байна гэдэг ийм үндэслэл байна. Нэгэнт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хийсэн цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байна гэж заасан байгаа учраас энэ дээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан хууль зүйн үр дагавар үүсэх учиртай гэж хариуцагч талаас үзэж байна. Нэхэмжлэгч тал Ш.О нь нөхцөл шаардлагаа тавихдаа коэффициент нь 1.4 байна гэж заасан учраас хуулсан 321 000 метр куб хөрсийг 1.4-өөр үржүүлэх ёстой гэж үзэж байна. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг хэлнэ гэж тодорхой заасан. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ХТ ХК-ийн захирал Ч.Алтанхуяг гэдэг хүний гарын үсэгтэй төсвийн нийт хөрөнгийг 717 000 000 төгрөг, хөрс хуулалтын ажил 300 000 метр куб гэдгийг хүлээн зөвшөөрсөн материалыг тендерт ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнээс үзэхэд 300 000 метр куб хөрсийг 1.4 коэффициентоор үржүүлэхгүй гэдгийг нэхэмжлэгч тал анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан гэдэг нь харагдаж байна. Нэг литр түлшийг 1450 төгрөгөөр тооцуулна гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. 2017 оны 8, 9, 10 дугаар саруудад нэг литр түлш 1450 төгрөг байсан байхыг үгүйсгэх арга байхгүй. Ш.О нь дизель түлшийг худалдаж авсныхаа дараа тодорхой үйл ажиллагаандаа зарцуулаад явдаг. Ш.О-иас ХТ ХК-д 2018 оны 05 дугаар сараас 09 дүгээр сар хүртэлх хугацаанд дизель түлшийг нийлүүлж байсан. Мөн компанийн нягтлан бодогч нар тооцоо нийлсэн акт дээрээ нэгж үнэ болох 2068-2288 төгрөгийн хооронд тодорхой нэмэгдлүүд орсон байхыг үгүйсгэх арга байхгүй. Яагаад гэхээр ХТ ХК нь дизель түлшийг Улаанбаатар хотоос тээвэрлэхэд үүнээс илүү зардал гарах байсан. Дизель түлш нь тодорхой хугацаанд хадгалахаар хорогдол үүсдэг учраас тодорхой нэмэгдлийг ажил гүйцэтгэгчийн хүсэлтээр захиалагч тал олгож байсан. Тухайн үедээ ХТ ХК нь дизель түлшний үнийг хүлээн зөвшөөрч байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан материалуудаар баталгаажсан байгаа. Ийм ийм үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг нэхэмжлэгч тал баримталж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь ганцхан захиалагчийн буруутай үйл ажиллагаа биш. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Гүйцэтгэгч тал мөн адил буруутай. Хуулийг мэдсээр байж хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэдгээ анхнаасаа мэдэж байсан байна гэж үзэхээр байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт тендерийн хүчинтэй байх хугацааг тодорхой заасан. Тэгэхээр 45 хоногийн хугацаа хэтэрсэн л бол энэ тендер өөрөө хүчингүй гэсэн үг. Харин тэр дизель түлш нийлүүлэх, ажил гүйцэтгэсэн хэмжээг хоёр тал хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХТ ХК нь 300 000 метр куб хөрсийг 717 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тэр 1.4 гэдэг тоог хаанаас яаж гаргаад байгаа нь ойлгомжгүй. 300 000 метр куб тэслэгдсэн хөрсийг зөөнө гэж заасан. Цулаар нь зөөнө гэсэн үг үсэг тендерийн материалд байхгүй. Тэслэгдсэн хөрс гэдэг чинь сулласан хөрс. Анх тохиролцсон 717 000 000 төгрөгийг Ш.О-иас ХТ ХК-д өгсөн. Нэг литр шатахууны үнийг 1450 төгрөгөөр тооцох ямар ч үндэслэл байхгүй. Түлшний үнийг ХТ ХК өөрөө тооцооны үлдэгдлийн баталгаан дээр хүлээн зөвшөөрсөн. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 523 441 070 төгрөгийн ажил хийсэн. Үүнээс Ш.О нь 440 430 394 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл нь 83 010 676 төгрөг байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд захирал нь гарын үсэг зурсан. Ш.О-иас түлш нийлүүлэхдээ 10 хувийг нэмж өгсөн. Яагаад гэхээр хадгалалтын хорогдлыг нэмсэн. Үүнийг бол өөрсдөө хүлээн зөвшөөрч байсан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг нь хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд шаардах эрхийг нээж өгч байгаа. Эднийх бол ажил гүйцэтгэсэн болохоос биш ямар нэгэн хөрөнгө шилжүүлээгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг нь хэлцэл хүчин төгөлдөр бус болсон гэж байгаа. Хэлцэл хүчин төгөлдөр бус болсон гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх асуудал яригдана. Энэ бүгдийг аваад үзэхээр эднийх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгээр буюу үндэслэлгүй шаардлага гаргаж байна. Мөн Ш.О-ийн зүгээс ХТ ХК-д хийсэн ажлын хөлс нийт 717 000 000 төгрөгийг төлсөн байна. Ийм учраас ХТ ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХТ ХК-ийн хувьд Ш.О-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэсэн хөлсийг харилцан бичиж явж байсан нь хавтаст хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, түүний жагсаалт гэсэн хэсэгт байдаг. Маркшейдрын хэмжилтийг Ш.О-иас хийсэн. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа байгаа. Тооцооны үлдэгдлийн баталгааны жагсаалт хэсэгт 2017 оны өр, гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхой дурдсан. Нэхэмжлэгч талаас өгсөн хэмжилт хийсэн нотлох баримтууд байдаг. Тэр хэмжилт хийсэн баримтаар яг энэ дээр бичигдсэн. Тэгэхээр уулын цулаар хэмжилт хийгээд тооцоо нийлж 717 000 000 төгрөг авсныхаа ард гэнэт 1.4 хувийн коэффициент гаргаж ирээд маргаан үүсгэж байгаа нь хүлээн зөвшөөрч хийсэн хэлцлээ үгүйсгэж байна гэж үзэж байна. Тэгэхээр одоо ярьж байгаа зүйл нь өмнөх хийсэн үйлдэлтэйгээ зөрчигдөж байна. Үндэслэлийн хувьд хоёр тал өгсөн авснаа буцаах учраас Ш.О бол 2018 оны 04 дүгээр сард байгуулсан гэрээнийхээ дагуу 717 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Тендерийн асуудал бүр мөсөн дуусгавар болсон. Харин 21000 метр куб хөрсний асуудлыг л яриул ярих байх гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХТ ХК нь хариуцагч Ш.О-д холбогдуулан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 764 875 732 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад 476 465 513 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Ш.О нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн цахим хуудсаараа нийтэд нээлттэйгээр СШ.№50-1.ШОХК.2017 дугаартай тендерийг зарлаж, уг тендерт нэхэмжлэгч ХТ ХК оролцож, шалгарсан байна.

 Улмаар Ш.О-иас нэхэмжлэгч ХТ ХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлж, талууд хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь Ш.О-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/1128 дугаар албан бичиг /хх-159/, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Ш.О-д хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх ШО18-2/81 дүгээр гэрээ /хх7-11/, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус байх гэрээ учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй” гэж мэтгэлцэнэ.

Талууд Хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх ШО18-2/81 дүгээр гэрээг хүчин төгөлдөр бус байх гэрээ гэдэгт маргахгүй гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн. 

Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ “... нэгэнт ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус байх гэрээ учраас СШ.№50-1.ШОХК.2017 тендер хүчин төгөлдөр бус болно, ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт тендерийн хүчинтэй байх хугацааг тодорхой заасан. Тэгэхээр 45 хоногийн хугацаа хэтэрсэн л бол энэ тендер өөрөө хүчингүй гэсэн үг, ... Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй шаардлага гаргаж байна, ... Ш.О нь 2018 оны 04 дүгээр сард байгуулсан гэрээнийхээ дагуу 717 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ...” хэмээн маргана.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх №ШО18-2/81 дүгээр гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 42 дугаар зүйлийн 42.1.2-д заасан шаардлагыг зөрчсөн буюу хугацаа хэтэрч гэрээ байгуулсан болох нь талуудын хэн алины тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгч нь хариуцагч талаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардах үндэслэлгүй байх ба талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүсээгүй гэж үзнэ.

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байх боловч хариуцагч тал нь хөрс хуулалтын ажлын хөлсөнд нийт 336 779 719.09 төгрөгийг төлсөн болох нь Ш.О-иас нэхэмжлэгч  ХТ ХК-д өгсөн дизель түлшний тооцооны дэлгэрэнгүй жагсаалт /хх116-118/, төлбөрийн баримт /хх119-120/, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан /хх121-123/, бусад тооцооны жагсаалт /хх124-129/, “Шивээ Овоо”  ХК-иас нэхэмжлэгч ХТ ХК-д төлсөн мөнгөний жагсаалт /хх-130/, төлбөрийн даалгавар /хх131-138/, тооцооны үлдэгдлийн баталгаа /139-140/, нэхэмжлэх /хх-141/, Хөрс хуулалтад ажилласан оператор компанийн хийсэн ажлын хэмжээг баталгаажуулах тухай баримт /хх-142/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилжээ.

 Хуулийн зохицуулалтаас үзэхэд талуудын хооронд эрх, үүрэг бүхий гэрээний харилцаа болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч ХТ ХК нь хариуцагчаас хөрс хуулалтын ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

Хариуцагчаас “...Нэг литр түлшийг 1450 төгрөгөөр тооцуулна гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, ... хоёр компанийн нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн акт дээр нэгж үнэ болох 2068-2288 төгрөгөнд тодорхой нэмэгдлүүд орсон байхыг үгүйсгэх арга байхгүй, яагаад гэвэл ХТ ХК нь дизель түлшийг Улаанбаатар хотоос тээвэрлэхэд үүнээс илүү зардал гарах байсан” гэж,

Нэхэмжлэгчээс “... хариуцагч Ш.О нь 26 779 719.09 төгрөг төлсөн, нэхэмжлэгч ба хариуцагч нарын хооронд эм, цахилгаан, өмнөх авлагын 18 024 699.83 төгрөгийн тооцоо, хариуцагч компаниас 168 004 л түлшийг зээлээр авч хэрэглэсэнтэй маргахгүй, харин хариуцагч уг түлшний үнийг 2068-2211 төгрөгөөр тооцож, 362 195 581 төгрөгийг суутгаж авсныг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч тал нэг литр түлшний үнийг тендер шалгаруулалтын үеийн бөөний үнэ болох 1450 төгрөгөөр тооцно /168004х1450=243 605 800/ ...” гэж тус тус маргана.

Хөрс хуулалтын ажилд хариуцагч нь 168 004 литр түлшийг зарцуулж, нийт 362 195 581 төгрөгний өртөг /хх-116/ гаргасан байх боловч хэрэгт авагдсан Ш.О-ийн дизель түлш худалдах, худалдан авах гэрээгээр /хх180-211/ хариуцагч нь 2017 оны 05 дугаар сард 1 л түлшийг 1840 төгрөгөөр, 06 дугаар сард 1 л түлшийг 1930 төгрөгөөр, 07 дугаар сард 1 л түлшийг 1818 төгрөгөөр, 08 дугаар сард 1 л түлшийг 2015 төгрөгөөр, 09 дүгээр сард 1 л түлшийг 1818 төгрөгөөр худалдан авсан болох нь нотлогдож байна.

/42 500лх1840=78 200 000 төгрөг, 70 654лх1930=136 362 220 төгрөг, 32 200лх1818=58 539 600 төгрөг, 21 150лх2015=42 617 250 төгрөг, 1500лх1818=2 727 000 төгрөг, нийт 318 446 070 төгрөг/

/318 446 070-243 605 800=74 840 270 төгрөг, 476 465 513-74 840 270=401 625 243 төгрөг/

Түүнчлэн нэхэмжлэгчээс Ш.О нь худалдан авах гэрээний гол нөхцөлийг “Ачиж зөөвөрлөх хөрсний хэмжээ 300 000 куб.м, тэслэгдсэн хөрс байх”  гэснийг Ажил гүйцэтгэх гэрээний 1.5.5-д “ажлын хэмжээ-300 000 куб.м уулын цулаар” гэж өөрчилж, ойлгомжгүй, үг оруулж, мөн анх санал тавьж байсан гэрээний гол нөхцөл болох “хөрсний сийрэгжилтийн коэффициентийг -1.4” гэсэн заалтыг гэрээндээ тусгаагүй байсан гэж маргана.

Хэрэгт авагдсан Тендерийн баримт бичгийн Долдугаар бүлэг /хх-157/ буюу захиалагчаас санал болгосон гэрээний маягтын Нэг, Нийтлэг үндэслэл гээд Ажлын хэмжээ үзүүлэлт, Үүнд: ...1.3.9-д хөрсний сийрэгжилтийн коэффициент-1.4 байх, 

Ш.О-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хурлын тэмдэглэлийн 2018 оны бизнес төлөвлөгөөний төсөөлөлийн II-2-т “хөрс хуулалтын коэффициент” гээд хэмжих нэгж нь м3/тн, 2018 оны төлөвлөгөөний төсөөлөлд хөрс хуулалтын коэффициент-4.4 гэж /хх-39/, мөн 2018 оны уулын ажил, үйлдвэрлэлийн зардлын төлөвлөгөөний төсөөлөлийн /хх40-41/ Бусад үзүүлэлтийн 4-д “хөрс хуулалтын коэффициент” гээд 2017 оны төлөвлөгөөнд хөрс хуулалтын коэффициент-4.22, 2018 оны төлөвлөгөөний төсөөлөлд хөрс хуулалтын коэффицент-4.42 гэж зааснаас үзэхэд “1.4” гэсэн коэффициент нь хөрс хуулалтын ажлын үзүүлэлт болон мөн уулын ажил, үйлдвэрлэлийн зардал болох нь дээрх баримтууд, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.  

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 03-наас 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд уулын цулаар нийт 321 242 куб.м буюу тэслэгдсэн /сийрэгжсэн/ 449 738.8 куб.м /321 242х1.4/ хөрс хуулалтын ажил хийсэн болох нь тогтоогдож байх ба хариуцагч нь “хөрс хуулалтын коэффициент-1.4” байна гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзаж буй үндэслэлээ нотлоогүй болно.

Иймд, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 476 465 513 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ш.О-иас 401 625 243 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХТ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 74 840 270 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.О-иас 401 625 243 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХТ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 74 840 270 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 982 330 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч Ш.О-иас 2 166 076 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХТ ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.ЦОГЗОЛМАА