Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 08

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Овоот хороолол, 4-10 тоотод оршин суух Боржигон овогт Түмэндэмбэрэлийн Баасансүрэн РД/МК83102129/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Овоот хороолол 3в-19 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогтАлгаагийн Мөнхтүвшин РД/МЙ78051016/-д холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Баасансүрэн, хариуцагч А.Мөнхтүвшин, нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Т.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Мөнхтүвшин бид хоёр анх 2000 онд айл болж байсан. Бид хоёр 2000 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлийн батлахтай болсон. Бага хүүг төрүүлснээс хойш намайг их зоддог болсон. Одоо би А.Мөнхтүвшингээс гэрлэлтийн баталгаагаа салгуулж, хоёр хүүхдээ өөр дээрээ авмаар байна. Мөн хоёр хүүхэддээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгомоор байна гэв.

 

Хариуцагч А.Мөнхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Баасансүрэн бид хоёр 2013 оноос хойш тусдаа амьдраад 6 жил болж байна. Би 2018 оны 11 дүгээр сарыг хүртэл хоёр хүүхдийн хамтаар амьдарч ирсэн. Хоёр хүүхэд маань жижиг маргаанаас болоод намайг чамд захирагдахгүй. Одоо ээж дээрээ очиж хамт амьдарна гэж хэлсэн. Хүүхдүүд маань надад Чи намайг захирдаг цаг өнгөрсөн гэж хэлсэн. Бага хүү намайг гэртээ байхгүй байхад хувцсаа аваад явсан байсан. Би хүүхдүүдийн араас газрын гэрчилгээ болон бусад бичиг баримтыг нь өгч явуулсан. Би өөрөө өвчтэй байгаа. Бараг 6 дугаар сараас хойш байнгын хэвтэрт шахуу байна. Бусад асуудлыг хүлээн зөвшөөрч чадах боловч хүүхдийн тэтгэлгийг төлөх чадвар надад байхгүй. Би хоёр хүүхдээ тэжээгээд өдийг хүрсэн. Цаашдаа ч эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгээд явна. Энэ бол миний үүрэг. Харин одоо ажилгүйбайгаа учир хүүхдийн тэтгэлэг төлөх чадвар надад байхгүй гэв.

Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Баасансүрэн нь хариуцагч А.Мөнхтүвшинд холбогдуулан гэрлэлт цуцлах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж хүүхдүүдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэгч Т.Баасансүрэн, хариуцагч А.Мөнхтүвшин нар нь 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ 2001 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 07-рт бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 5/-г авч хууль ёсны гэр бүл болсон байна.

Гэрлэгчдийн дундаас 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүү Боржигон овогт Мөнхтүвшингийн Хүдэртулга/МЙ01241615/,2003 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүү Боржигон овогт Мөнхтүвшингийн Хүрэлтулга РД/МЙ03240111/ нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар/хх-13/-аар тогтоогдож байна.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2014 оноос хойш тусдаа амьдарсан бөгөөд хариуцагч А.Мөнхтүвшин нь 1 жилийн өмнөөс өөр хүнтэй хамт амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Боржигон овогт Түмэндэмбэрэлийн Баасансүрэн РД/МК83102129/, хариуцагч Боржигон овогт Алгаагийн Мөнхтүвшин РД/МЙ78051016/ нарын 2001 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5390304 гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна. Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй хариуцагч хүүхдүүдийг ээж Т.Баасансүрэнгийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна.

Шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасны дагуу хүүхдүүдээс асрамжийн талаар авсан тайлбарт хүү М.Хүрэлтулга Аав, ээж хоёр тусдаа амьдарснаас хойш ах бид хоёр аавтайгаа хамт амьдарч байгаад 2018 оны намраас ах бид нар ээжтэйгээ амьдарч байгаа. Би ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байна/хх-ийн 20-21/,

Хүү М.Хүдэртулга Би ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байна /хх-ийн 22-23/ гэжээ.

 

Иймд зохигчдын тайлбар, хүүхдүүдийн санал, тэдний амьдарч байгаа нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Боржигон овогт Мөнхтүвшингийн Хүдэртулга/МЙ01241615/, 2003 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Боржигон овогт Мөнхтүвшингийн Хүрэлтулга РД/МЙ03240111/ нарыг төрсөн эх Т.Баасансүрэнгийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааж өгсөн ба гэрлэлт цуцалсан ч энэ үүрэг хэвээр үлддэг. Өөрөөр хэлбэл гэрлэлт дуусгавар болсон ч эцэг, эхийн хувьд хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хүүхдийг 18 нас хүртэл хэвээр хадгалагдаж үлддэг байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т 11-16 нас/суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэхээр заасан байдаг.

 

Хүү М.Хүдэртулга, М.Хүрэлтулга нар нь хөдөлмөрийн чадвар алдаагүй, сургуульд сурдаггүй болох нь нэхэмжлэгчийн Том нь 17 настай. Одоо 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 18 нас хүрэх гэж байгаа. Харин бага хүү 15 настай. 2019 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр 16 нас хүрнэ. Хоёр хүүхэд одоо сурдаггүй. Гэхдээ хоёулаа 9 дүгээр анги төгссөн. Ажил хийдэггүй гэх тайлбараар тогтоогдож байна.

Дээрх байдал нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар том хүү М.Хүдэртулгыг 18 нас хүртэл, бага хүү М.Хүрэлтулгыг 16-18 нас хүртэл эцэг А.Мөнхтүвшингөөр тэтгүүлэх боломжгүй болгож байна.

 

Харин Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар бага хүү М.Хүрэлтулгыг 16 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр нь эцэг А.Мөнхтүвшингөөр тэтгүүлэх нь зүйтэй юм. Хүү М.Хүрэлтулга нь цаашид сургуульд суралцах бол 16-18 нас хүртлээ эцэг А.Мөнхтүвшингээр тэтгүүлэх эрхтэй тул нэхэмжлэгч нь хүү М.Хүрэлтулгыг 16 нас хүрээд сургуульд сурч байгаа тохиолдолд 18 нас хүртэл эцэг А.Мөнхтүвшингөөр тэтгүүлэх нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болно.

Хариуцагч А.Мөнхтүвшин нь миний биеийн эрүүл мэнд муу ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэж гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй юм. Гэр бүлийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д тэтгүүлэгч /хүүхэд/ нь согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсэн, санаатайгаар биедээ гэмтэл учруулснаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол тэтгэлэг төлөгчийг хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлнө гэж зааснаас бусад тохиолдолд хариуцагч-/ тэтгэлэг төлөгч/-ийг хүүхдээ тэжээн тэтгэхээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Зохигчид хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Баасансүрэнгийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 70.200 төгрөг, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 48.665 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч А.Мөнхтүвшингөөс гэрлэлт цуцлах нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлсөн 48.665 төгрөг нийт 118.865 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-т зааснаар Боржигон овогт Т-н Б-н РД/МК0000000/, Боржигон овогт А-н М-н РД/МЙ00000000/ нарын 2001 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0000000 дугаартай гэрлэлтийг цуцалж, 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Боржигон овогт М-н Х-а/МЙ00000000/, 2003 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Боржигон овогт М-н Х-а РД/МЙ0000000/ нарыг төрсөн эх Т.Б-н асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Боржигон овогт М-н Х-а РД/МЙ0000000/-ыг 16 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.М-р тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хүү М.Х-а, М.Х-а нарыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Б-н гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 48.665 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч А.М-с 118.865 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг төрсөн эх Т.Б-д даалгасугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар гэрлэлт цуцалж, тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Сэлэнгэ аймгийн Орхон сум дахь Иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтанд болон Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

6.Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА