| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2022/0172/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/174 |
| Огноо | 2022-09-08 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/174
2022 оны 09 дүгээр сарын 08 Дугаар 2022/ШЦТ/174 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагч М.Сумъяа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар баг, ******* гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:ЛД68022313/ Адуучин овгийн Сүхээгийн Алтансүх
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь Баяр наадмын тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар сумын нутагт зохион байгуулсан хурдан морины сунгаанд түүний хүрэн зүсмийн азаргыг унаж явсан бага насны хүүхэд болох 8 нас 11 сар 18 хоногтой ******* нь мориноос унаж чирэгдэн, эрүүл мэндэд нь гавлын дагз ясны хугарал, бага тархины зүүн дэлбэнд цус хуралт, их тархины дагзны хэсгийн хатуу хальсанд доорх цус хуралт, хүзүүний 2 дугаар нугалмын шүдлэг сэртэнгийн үзүүр хэсгийн бяцарсан хугарал бүхий хүнд хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******эд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Одоогоор 3,000,000 төгрөгийн хохирол төлсөн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний хүү сургуульдаа өдөрт 1 цаг сууж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлэх саналтай байна. ******* надад бэлнээр 1,500, 000 төгсөн өгсөн, нийт 3 000 000 төгрөг өгсөн. Өөр нэхэмжлэх зүйлгүй гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “...Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хоолойн худаг гэх газарт 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр болсон сумын наадмын их сунгаанд манай хүү Мөнгөнтулгаар манай хадам аавын хамаатан Алтансүх гэх хүн азаргаа унуулсан юм. Азарганы давхилд 20 орчим азарга явсан ба бага зэрэг бороотой байсан болохоор нөхрийн хамт морь дагасан. Азарга эргээд харсан чинь манай хүүгийн унаж явсан азарга халтираад босож байгаа харагдсан чинь хүүхэд унжаад азарга нь удаашраад шогшсон чинь манай хүү унасан. Тэгээд хүүхэд дээрээ яваад очтол ухаан алдсан байсан. Алтансүх ах Мөнххаан сумаас эмч сувилагч аваад буцаж ирж хүүхдийг аваад сум руу авч явсан... Тухайн үед хамгаалах хувцсаа өмсөөгүй байсан... Одоо биеийн байдал хэвийн хааяа ядраад байна гээд босож суухдаа толгой нь эргээд байгаа. Одоогоор бүрэн гүйцэт эдгээгүй байна....Одоо хүүхдээ Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт нарийн шинжилгээнүүд өгөх, имрай зураг авуулмаар байгаа ба уг холбогдох зардлуудыг нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Баримтуудаа явж ирээд гаргаж өгнө. Өөр гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/
Гэрч Б.Алтансүхийн “...Би Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг “Тал булаг” гэх газар *******ийн хамт морь уяж байсан юм. 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр “Тал булаг” гэх газар наадмын урьдчилсан сунгаа хийсэн юм. Тухайн өдөр ******* ахын азаргыг манай 9-н настай хүү ******* унаж уралдаж байгаад мориноосоо ойчсон юм. Тэгээд би болон ******* ах Мөнхгэрэл эгч бид гурав очиход манай хүү ******* нь ухаангүй байхаар нь Мөнххаан сумын хүн эмнэлэгт дуудлага өгсөн. Эмнэлэг ирээд Мөнххаан сум руу авч яваад тэндээсээ аймагт ирсэн. Одоогийн байдлаар А.Мөнхтулгын толгойн дагзны ар талд цуурсан байна гэж эмч хэлсэн. ******* нь үг хэлж чадахгүй, хоол унд идэж чадахгүй байна.Тухайн үед ******* нь хамгаалалтын хувцас өмсөөгүй байсан. ******* нь гэрээ хийгээгүй. ******* нь *******ийн морийг хөлсгүй унадаг байсан. ******* нь манай аав болох Батсугарын төрсөн дүү Мөнхгэрэл эгчтэй суусан хүн юм. Манай хүү ******* нь 2021 оноос эхлээд *******ийн хурдны морийг унадаг байсан юм.Тэгээд энэ жил дахиад унана гээд өөрөө унасан. А.Мөнгөнтулгын унаж явсан хүрэн Азарга, замын шалбаагт халтирсан. Тэгээд мориноосоо ойчсон юм. Урьд өмнө нь мориноос ойчиж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Гэрч ******* “...Би танина. Алтансүх нь манай ээжийн ахын хүүхэд байгаа юм. Би мэдүүлэг өгнө. Надад татгалзах зүйл байхгүй. 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг Хоолой худаг гэх газар ойр орчмын хүмүүстэй нийлээд наадмын өмнөх сорилго сунгаа хийсэн юм. Тухайн өдөр би 08 цагийн үед Хоолой худаг гэх газар очиход азарга мордох гэж байсан. Тухайн үед манай уяанаас манай аав болох *******ийн хүрэн, халтар зүсмийн 2 тооны азарга мордсон. ******* нь хүрэн зүсмийн азаргыг унаж уралдсан. Тухайн үед Азаргыг 7 километрээс уралдуулаад азарга эргээд 2 километр орчим явж байхад би араас нь тавилгын хүн машиндаа суулгаад ирэхэд ******* нь мориноос унасан байсан. Тухайн үед А.Мөнгөнтулгын аав Алтансүх ээж Болормаа, манай аав *******, ээж Б.Мөнхгэрэл нар нь ирсэн байсан. Тэгээд би хажууд очоод машинаас буугаад үзэхэд ******* нь ухаангүй байсан. Тэгээд манай аав ******* нь Мөнххаан сум руу ирж эмнэлгээс Энхээ эмч нэг сувилагчтай цуг очсон. Тэгээд А.Мөнгөнтулгыг Мөнххаан сумын хүн эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед ******* нь ухаангүй байсан. Өөр биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. ******* нь тухайн үед хамгаалалтын хувцас өмсөөгүй байсан. Тухайн хурдан морины сунгаа нь бооцоотой болсон. Тухайн үед Э.Өсөхбаяр нь нэг мориноос 30.000 мянган төгрөг хурааж авсан. ******* нь урьд өмнө нь хурдан морь унаж байсан. Ноднин Уулбаян сумын айл Баярсайхан гэх хүний морийг унаж байхдаа мориноос ойчиж байсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Гэрч ******* “...2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг “Хоолой худаг” гэх газар ойр орчмын хүмүүстэй нийлээд наадмын өмнөх сорилго сунгаа хийсэн юм. Тухайн өдөр нийт 17-н тооны азарга мордоод эргээд 2 километр орчим явж байхад Батдамдин гэх айлын урд талд 300 метр орчим зайд хүмүүс бөөгнөрөөд байхаар нь би очсон. Намай очиход Алтансүх ах өвөр дээрээ А.Мөнгөнтулгыг тэвэрсэн, ******* нь ухаангүй байсан. Тэгэхээр нь би ******* болон аав ээжийг нь суулгаад Мөнххаан сумын төвд эмнэлэгт ирэхэд ******* ах түрүүлж ирээд Энхээ эмчийг аваад явсан байсан. Тэгэхээр нь буцаж урагшаа гараад явж байхад Мөнххаан сумаас урагш 7 километр орчимд ******* ах эмчтэй цуг зогсож байсан.Тухайн үед А.Мөнгөнтулгыг эмч үзээд Мөнххаан сумын эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед ******* нь ухаангүй байсан.Өөр биед нь ил харагдах шарх сорви байгаагүй.Хамраас нь цус гарсан байсан.******* нь тухайн үед хамгаалалтын хувцас өмсөөгүй байсан...Би тухайн үед сандраад хүүхэд ухаангүй байсан болохоор “эхлээд эмнэлэгт үзүүлье” гэж бодоод эмнэлэгт мэдэгдсэн. ******* нь урьд өмнө нь хурдан морь унаж байсан. Морь унаж байхдаа /яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна/ мориноос ойчиж байсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Гэрч ******* “...Би бичиг үсэг мэдэхгүй. Уншиж бичиж чадахгүй.Би мэдүүлэгт А.Батбаянг байлцуулмаар байна. Би өмгөөлөгчгүй өгөхөд татгалзах зүйл байхгүй...2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг Хоолой худаг гэх газар ойр орчмын хүмүүстэй нийлээд наадмын өмнөх сорилго сунгаа хийсэн юм. Тухайн өдөр нийт 17-н тооны азарга мордоод эргээд 2 километр орчим явж байхад Батдамдин гэх айлын урд талд 300 метр орчим зайд хүмүүс бөөгнөрөөд байхаар нь би очсон. Намай очиход Мөнгөнтулгын ээж Болормаа нь өвөр дээрээ А.Мөнгөнтулгыг тэвэрсэн уйлаад байж байсан. Тухайн үед ******* нь ухаангүй байсан. Тэгээд ******* ах эмч авчраад А.Мөнгөнтулгыг биеийг үзээд Мөнххаан сумын эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед ******* нь ухаангүй байсан. Өөр биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. Хамраас нь цус гарсан байсан. ******* нь тухайн үед хамгаалалтын хувцас өмсөөгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Гэрч ******* “...Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS-6264:2018 стандарт заагдсан хувцас хэрэгслийг өмсүүлэх ёстой...Унаач хүүхэд нь хамгаалалтын хувцсыг үсэргээ, сунгаан дээр заавал өмсөх ёстой. Тухайн хүүхдийг хувцас өмсүүлэхийг тухайн морины эзэн буюу уяач нь үүрэг хүлээсэн байгаа. Энэ талаар “Баяр наадмын тухай” хуулийн 14.7 дугаар зүйлд уяачийн үүргийг тодорхой заасан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 386 дугаартай “...А.Мөнгөнтулгын биед гавлын дагз ясны хугарал, бага тархины зүүн дэлбэнд цус хуралт, их тархины дагзны хэсгийн хатуу хальсанд доорх цус хуралт, хүзүүний 2 дугаар нугалмын шүдлэг сэртэнгийн үзүүр хэсгийн бяцарсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,
Яллагдагч *******ийн “.. Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хоолойн худаг гэх газарт 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр болсон сумын наадмын их сунгаанд өөрийн хүрэн зүсмийн азаргыг өмнө давхилуудад унаж байсан Алтансүхийн Мөнгөнтулга гэх хүүхдээр унуулсан юм. Азарганы давхилд 20 гаран азарга явсан ба морь эргээд харсан чинь манай хүрэн азарга халтираад босож байгаа харагдсан чинь хүүхэд нь ойчсон байсан. Тэгээд хүүхэд дээрээ яваад очтол дээшээ харсан байдалтай ухаан алдсан байсан. Хүүхдийн аав ээж нь бас хамт дагаж явсан болохоор би аав ээжид нь үлдээгээд Мөнххаан сумаас эмч сувилагч аваад буцаж очиж эм тариа хийлгээд сум руу авч явсан. Тухайн үед Мөнгөнтулга хамгаалах малгай хэрэгсэл өмсөөгүй байсан... Би аав ээжид нь “Мөнгөнтулгаар морь унуулъя” гэхэд “унуул” гэсэн. Мөн Мөнгөнтулга өөрөө бас “унана” гээд хөөрөөд байсан. Гэрээ байгуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,
Насанд хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 61/
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 х/
Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 64 х/
Шүүгдэгч *******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 х/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт /хх-ийн 80-86 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Баяр наадмын тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар сумын нутагт зохион байгуулсан хурдан морины сунгаанд түүний хүрэн зүсмийн азаргыг унаж явсан бага насны хүүхэд болох 8 нас 11 сар 18 хоногтой ******* нь мориноос унаж чирэгдэн, эрүүл мэндэд нь гавлын дагз ясны хугарал, бага тархины зүүн дэлбэнд цус хуралт, их тархины дагзны хэсгийн хатуу хальсанд доорх цус хуралт, хүзүүний 2 дугаар нугалмын шүдлэг сэртэнгийн үзүүр хэсгийн бяцарсан хугарал бүхий хүнд хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “ ... 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр болсон сумын наадмын их сунгаанд манай хүү Мөнгөнтулгаар манай хадам аавын хамаатан Алтансүх гэх хүн азаргаа унуулсан юм. Азарганы давхилд 20 орчим азарга явсан ба бага зэрэг бороотой байсан болохоор нөхрийн хамт морь дагасан. Азарга эргээд харсан чинь манай хүүгийн унаж явсан азарга халтираад босож байгаа харагдсан чинь хүүхэд унжаад азарга нь удаашраад шогшсон чинь манай хүү унасан. Тэгээд хүүхэд дээрээ яваад очтол ухаан алдсан байсан...” гэх,
Гэрч Б.Алтансүхийн “...Тухайн өдөр ******* ахын азаргыг манай 9-н настай хүү ******* унаж уралдаж байгаад мориноосоо ойчсон юм. Тэгээд би болон ******* ах Мөнхгэрэл эгч бид гурав очиход манай хүү ******* нь ухаангүй байхаар нь Мөнххаан сумын хүн эмнэлэгт дуудлага өгсөн... Тухайн үед ******* нь хамгаалалтын хувцас өмсөөгүй байсан... гэх,
Гэрч ******* “...Тухайн үед Азаргыг 7 километрээс уралдуулаад азарга эргээд 2 километр орчим явж байхад би араас нь тавилгын хүн машиндаа суулгаад ирэхэд ******* нь мориноос унасан байсан. Тухайн үед А.Мөнгөнтулгын аав Алтансүх ээж Болормаа, манай аав *******, ээж Б.Мөнхгэрэл нар нь ирсэн байсан. Тэгээд би хажууд очоод машинаас буугаад үзэхэд ******* нь ухаангүй байсан... ******* нь тухайн үед хамгаалалтын хувцас өмсөөгүй байсан...” гэх
Гэрч ******* “...Намай очиход Алтансүх ах өвөр дээрээ А.Мөнгөнтулгыг тэвэрсэн, ******* нь ухаангүй байсан. Тэгэхээр нь би ******* болон аав ээжийг нь суулгаад Мөнххаан сумын төвд эмнэлэгт ирэхэд ******* ах түрүүлж ирээд Энхээ эмчийг аваад явсан байсан... ******* нь тухайн үед хамгаалалтын хувцас өмсөөгүй байсан... гэх,
Гэрч ******* “...Хоолой худаг гэх газар ойр орчмын хүмүүстэй нийлээд наадмын өмнөх сорилго сунгаа хийсэн юм. Тухайн өдөр нийт 17-н тооны азарга мордоод эргээд 2 километр орчим явж байхад Батдамдин гэх айлын урд талд 300 метр орчим зайд хүмүүс бөөгнөрөөд байхаар нь би очсон. Намай очиход Мөнгөнтулгын ээж Болормаа нь өвөр дээрээ А.Мөнгөнтулгыг тэвэрсэн уйлаад байж байсан... гэх,
Гэрч ******* “...Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS-6264:2018 стандарт заагдсан хувцас хэрэгслийг өмсүүлэх ёстой...Унаач хүүхэд нь хамгаалалтын хувцсыг үсэргээ, сунгаан дээр заавал өмсөх ёстой. Тухайн хүүхдийг хувцас өмсүүлэхийг тухайн морины эзэн буюу уяач нь үүрэг хүлээсэн байгаа. Энэ талаар “Баяр наадмын тухай” хуулийн 14.7 дугаар зүйлд уяачийн үүргийг тодорхой заасан байгаа... гэх мэдүүлгүүд
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 386 дугаартай “...А.Мөнгөнтулгын биед гавлын дагз ясны хугарал, бага тархины зүүн дэлбэнд цус хуралт, их тархины дагзны хэсгийн хатуу хальсанд доорх цус хуралт, хүзүүний 2 дугаар нугалмын шүдлэг сэртэнгийн үзүүр хэсгийн бяцарсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.3. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* нь Баяр наадмын тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар сумын нутагт зохион байгуулсан хурдан морины сунгаанд түүний хүрэн зүсмийн азаргыг унаж явсан бага насны хүүхэд болох 8 нас 11 сар 18 хоногтой ******* нь мориноос унаж чирэгдэн, эрүүл мэндэд нь гавлын дагз ясны хугарал, бага тархины зүүн дэлбэнд цус хуралт, их тархины дагзны хэсгийн хатуу хальсанд доорх цус хуралт, хүзүүний 2 дугаар нугалмын шүдлэг сэртэнгийн үзүүр хэсгийн бяцарсан хугарал бүхий хүнд хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн насан хүрээгүй хохирогчийн биед хүнд хохирол учирсан. Шүүгдэгч нь эмчилгээний зардал болох 3 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.4. Хууль зүйн дүгнэлт
Тухайн хэрэг гарсан шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч ******* хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага ” МNS6264:2018 Монгол Улсын стандартад заасан уяачийн үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой ба энэ нь тухайн үед хамт морины ажил хийсэн гэх гэрч Б.Алтансүхийн “2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр “Тал булаг” гэх газар наадмын урьдчилсан сунгаа хийсэн юм. Тухайн өдөр ******* ахын азаргыг манай 9-н настай хүү ******* унаж уралдаж байгаад мориноосоо ойчсон. Тухайн үед ******* нь хамгаалалтын хувцас өмсөөгүй байсан... ” гэх, гэрч Батбаяны “Тэгээд би хажууд очоод машинаас буугаад үзэхэд ******* нь ухаангүй байсан... ******* нь тухайн үед хамгаалалтын хувцас өмсөөгүй байсан” гэх, гэрч ******* “...Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг “Хоолой худаг” гэх газар ойр орчмын хүмүүстэй нийлээд наадмын өмнөх сорилго сунгаа хийж байхад Мөнгөнтулга мориноос унаад ухаангүй байсан. ******* нь тухайн үед хамгаалалтын хувцас өмсөөгүй байсан...гэх, мэдүүлгүүд, гэрч ******* “...Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS-6264:2018 стандарт заагдсан хувцас хэрэгслийг өмсүүлэх ёстой...Унаач хүүхэд нь хамгаалалтын хувцсыг үсэргээ, сунгаан дээр заавал өмсөх ёстой. Тухайн хүүхдийг хувцас өмсүүлэхийг тухайн морины эзэн буюу уяач нь үүрэг хүлээсэн байгаа. Энэ талаар “Баяр наадмын тухай” хуулийн 14.7 дугаар зүйлд уяачийн үүргийг тодорхой заасан байгаа...” гэх мэдүүлэг зэргээр хэрэгт хангалттай тогтоогджээ
Тэрээр насанд хүрээгүй хохирогч А.Мөнгөнтулгын унаж явсан морийг уралдуулахаар сунгаа хийж байсан, унаач хүүхдэд хамгаалалтын хувцас, малгай, дуулга өмсүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэх ба түүний “наадмын өмнөх сорилго сунгаа хийсэн гэх үйлдэл нь “ Үндэсний морины уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага “ MNS 6264:2018 стандартад заагдсан “ бэлтгэл сургуулилт ”-д хамаарна. Өөрөөр хэлбэл, уяач нь үндэсний морины уралдаанд оролцуулахаар хурдан морьдыг уяа сойлгыг нь тааруулах зорилгоор хөлслөх, алхуулах, давхиулах, сунгаа хийх зэрэг нь бэлтгэл сургуулилтын төрөлд багтах юм.
*******ийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйгээс бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
******* нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тэрээр уяач бөгөөд морин уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын үед уралдаанч хүүхдэд хамгаалалтын хувцас өмсөж хэрэглүүлэх үүрэгтэйгээ мэдэж, мөн хамгаалалтын хувцас өмсөөгүйгээс хүүхэд мориноос унахдаа илүү их бэртэх, гэмтэл авах, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас морь сунгааны үед ******* мориноос унаж гавлын дагз ясны хугарал, бага тархины зүүн дэлбэнд цус хуралт, их тархины дагзны хэсгийн хатуу хальсанд доорх цус хуралт, хүзүүний 2 дугаар нугалмын шүдлэг сэртэнгийн үзүүр хэсгийн бяцарсан хугарал бүхий хүнд хохирол учирчээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэх санал гаргаж байна гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон, тогтсон ажил, орлоготой зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******эд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн хохирогчид эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг төлсөн, хохирогч нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч ******* хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлын нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, өөрийн гэм буруугаа ухамсарлаж байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Мөнгөнтулгын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3,000,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ.
Шүүгдэгч *******ийн зүгээс насанд хүрээгүй хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарт цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Адуучин овгийн Сүхээгийн Алтансүхийг Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******эд оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******эд мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР