Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/173

 

 

  2022 оны 09 дүгээр сарын  08                              Дугаар 2022/ШЦТ/173                  Баруун-Урт сум                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч М.Сумъяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-ын дарга ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:ЛЗ85012270 Хатиган овогт Цогтбаатарын Сүхболд. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийгмийн даатгалын байцаагчаар 2018 оноос 2020 оны  хооронд ажиллаж байх хугацаандаа нэр бүхий хүмүүс болох *******,*******,*******,*******,******* нараас сайн дурын даатгалд хамрагдахаар нийт 3.571.600  төгрөг бэлнээр тушаасныг хувьдаа завшсан буюу албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн учир шаардлагагүй гэж үзэж байна гэв.

 

Хохирогч*******ийн “...Миний бие өөрийн эхнэр Оюунбилэгийн хамт сайн дурын даатгал төлөх гээд өөрийн амьдардаг Сүхбаатар сумын нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байсан *******од бид хоёрын сайн дурын нийгмийн даатгалыг төлчих гээд 1914600 төгрөг өгсөн юм тэгсэн чинь эхнэр бид хоёрын мөнгийг сайн дурын даатгалын санд төлөөгүй хувьдаа завшсан байсан...Би 2017 онд Сүхболдод 1.000.000 төгрөг зээлээд надад мөнгөө эргүүлж өгөхдөө миний нийгмийн даатгалын сангийн дансанд хийчхээрэй гэж хэлсэн, үлдсэн 914600 төгрөгийг нь 2-3 удаа хувааж ажил дээрээ өрөөндөө сууж байхад нь эхнэр Оюунбилэг бид хоёрын нийгмийн даатгалын санд хийчхээрэй гээд өгөөд гардаг байсан...Ямар ч баримт өгөөгүй гэхдээ даатгалын дэвтэр дээр бичилт хийчхээд одоо ажиллаж байгаа нийгмийн даатгалын байцаагчаар шалгуулсан чинь дансанд мөнгө нь ороогүй байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

 

Хохирогч *******ийн “... Миний бие өөрийн нөхөр Отгонтөгсийн хамт сайн дурын даатгал төлөх гээд өөрийн сумыг хариуцдаг Сүхбаатар сумын нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байсан *******од бид хоёрын сайн дурын нийгмийн даатгалыг төлчих гээд нөхөр бид хоёр нийлээд 1914600 төгрөг өгсөн юм тэгсэн чинь нөхөр бид хоёрын мөнгийг сайн дурын даатгалын санд төлөөгүй хувьдаа завшаад Нийгмийн даатгал төлсөн гэж дэвтэр дээр тэмдэглэсэн байсан...Би 2017 онд Сүхболдод манай нөхөр 1.000.000 төгрөг зээлээд нийгмийн даатгалын сангийн дансанд хийчхээрэй гэж хэлсэн чинь тэрийг нь мэдэлгүй мөн даатгалын санд тушаагаарай гээд 914600 төгрөгийг Сүхбаатар суман дээр ажил дээрээ байхад нь өгсөн гэж манай нөхөр хэлж байсан...Дэвтэр дээр бичилт хийсэн байсан гэхдээ манай төрсөн эгч Оюунтуяа сайн дурын даатгалын данснаас нь харсан чинь мөнгө чинь төлөгдөөгүй байна гэж хэлсэн тэгээд мэдсэн төлөгдөөгүй яваад байгаа гэдгээ мэдсэн. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Хохирогч*******гийн “... Миний бие өөрийн эхнэр Оюун-Эрдэнийн хамт сайн дурын даатгал төлөх гээд өөрийн сумыг хариуцдаг Сүхбаатар сумын нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байсан *******од бид хоёрын сайн дурын нийгмийн даатгалыг төлчих гээд эхнэр бид хоёр нийлээд 1.532.200 төгрөг манай эхнэр өгсөн юм тэгсэн чинь эхнэр бид хоёрын мөнгийг сайн дурын даатгалын санд төлөөгүй хувьдаа завшаад Нийгмийн даатгал төлсөн гэж дэвтэр дээр тэмдэглэсэн байсан. Нийгмийн даатгалын сангаас нь асуухаар дансанд мөнгө ороогүй байна гэхээр нь мөнөө завшуулсан гэдгээ мэдсэн...Манай эхнэр 2019 оноос 2020 оны дунд хүртэл Сүхболдод бид хоёрын нийт 1.532.200 төгрөг нийгмийн даатгалын сангийн дансанд хуваагаад хийчхээрэй гээд бэлнээр болон дансаар өгсөн би одоо яг хэзээ, хэдэн төгрөгөөр өгч байсныг нь санахгүй байна. Сүхбаатар суман дээр ажил дээрээ байхад нь манай эхнэр өгсөн бид хоёрын сайн дурын даатгалын санд хийчхээрэй гэж хэлээд өгдөг байсан...Дэвтэр дээр бичилт хийсэн байсан. гэхдээ цаад дансандаа ороогүй байсан...Нөхөр бид хоёрын мөнгийг нөхөж тушаасан...Одоо бид хоёрын сайн дурын даатгалын мөнгийг бүрэн буцаан төлж хохиролгүй болгосон учир гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31,

 

Хохирогч А.Оюун-Эрдэнийн “...Миний бие өөрийн нөхөр Болдхүүгийн хамт сайн дурын даатгал төлөх гээд өөрийн сумыг хариуцдаг Сүхбаатар сумын нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байсан *******од бид хоёрын сайн дурын нийгмийн даатгалыг төлчих гээд нөхөр бид хоёр нийлээд 1.532.200 төгрөг өгсөн юм тэгсэн чинь нөхөр бид хоёрын мөнгийг сайн дурын даатгалын санд төлөөгүй хувьдаа завшаад Нийгмийн даатгал төлсөн гэж дэвтэр дээр тэмдэглэсэн байсан...Би 2019 оноос 2020 оны дунд хүртэл Сүхболдод манай нөхөр бид хоёр нийт 1.532.200 төгрөг нийгмийн даатгалын сангийн дансанд хийчхээрэй гээд бэлнээр болон дансаар өгдөг байсан яг хэзээ, хэдэн төгрөгөөр өгч байснаа санахгүй байна. Сүхбаатар суман дээр ажил дээрээ байхад нь би өөрөө өгсөн манай нөхөр, бид хоёрын сайн дурын даатгалын санд хийчхээрэй гэж хэлээд өгдөг байсан. Дэвтэр дээр бичилт хийсэн байсан гэхдээ манай төрсөн эгч Оюунтуяа, Оюунбилэг, түүний нөхөр Отгонтөгс нарын сайн дурын даатгалын данснаас нь харсан чинь мөнгө чинь төлөгдөөгүй байна гэж хэлсэн тэгээд мэдсэн, төлөгдөөгүй яваад байгаа гэдгийг нь...Нөхөр бид хоёрын мөнгийг нөхөж тушаасан...Одоо бид нарын сайн дурын даатгалын мөнгийг бүрэн буцааж төлсөн учир гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

Хохирогч*******гийн “...Миний бие өөрийн сайн дурын даатгал төлөх гээд өөрийн сумыг хариуцдаг Сүхбаатар сумын нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байсан ^ *******од бид хоёрын сайн дурын нийгмийн даатгалыг төлчих гээд нөхөр бид хоёр нийлээд 124800 төгрөг өгсөн юм тэгсэн чинь миний мөнгийг сайн дурын даатгалын санд төлөөгүй хувьдаа завшаад Нийгмийн даатгал төлсөн гэж дэвтэр дээр тэмдэглэсэн байсан...Би 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 05 дугаар сар хүртэл Сүхболдод 4 сараар бодож 1 сарынх нь 31200 төгрөгөөр тооцож нийт 124800 төгрөг нийгмийн даатгалын сангийн дансанд хийчхээрэй гээд бэлнээр өгсөн. Сүхбаатар суман дээр ажил дээрээ байхад нь би өөрөө өгсөн сайн дурын даатгалын санд хийчхээрэй гэж хэлээд өгдөг байсан... Дэвтэр дээр бичилт хийсэн байсан. Сайн дурын даатгалын данснаас нь харсан чинь мөнгө чинь төлөгдөөгүй байна гэж хэлсэн тэгээд мэдсэн. Миний мөнгийг нөхөж тушаасан. Хариулт: Одоо миний сайн дурын даатгалын мөнгийг бүрэн буцааж төлсөн учир гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

 

Яллагдагч *******ын “...Миний бие 2017-2019 оны хооронд Сүхбаатар сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа Отгонтөгсөөс хувиараа 1.000.000 төгрөг зээлж аваад тэр мөнгийг нь Нийгмийн даатгалын санд нь төлнө гэж хэлээд төлөөгүй мөн Отгонтөгс нь өөрийн эхнэр Оюунбилэгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хамт төлчих гээд өгсөн 914600 төгрөгийг мөн төвлөрүүлэх дансанд нь төлөөгүй хувьдаа ашигласан... Миний биө нийтдээ 3-н жилийн хугацаанд ажиллаж байхдаа 1914600 төгрөгийг хувьдаа завшаад тухайн хүмүүст нь болон Нийгмийн даатгалын санд нь төлөөгүй байгаа, 1914600 төгрөгийг нь ойрын хугацаанд төлж барагдуулна...Ямар нэг зорилго байхгүй Отгонтөгс нь бэлэн мөнгө өгөхөөр нь мөнгөний хэрэгцээ гараад хувьдаа хэрэглэсэн...Миний бие санал нийлж байгаа, Шимтгэлд нь төлнө гээд авсан мөнгөн дүн зөв байна...Отгонтөгс нь 1.000.000 төгрөгийг надад зээлээд буцааж өгөхдөө нийгмийн даатгалын санд шимтгэл Оюунбилэг бид хоёрын өмнөөс төлчхөөрэй гэсэн харин 914600 төгрөгөө бэлнээр нь эхнэрийнхээ болон өөрийнхөө шимтэглээ төлнө гээд авчраад өгөхөөр нь санд нь төлөлгүй хувьдаа хэрэглэсэн...2019 онд Отгонтөгс асууж байсан тэр үед нь төлсөн гэж хэлсэн...Отгонтөгс нь Нийгмийн даатгалын дэвтрээ хуулбарлаж авна гэхээр нь мөнгийг нь хийгээгүй дээрээс нь дэвтэр нь надад байсан болохоор сандраад бөглөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/

 

0872977 дугаартай *******ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 04-07 х/,

 

0872948 дугаартай*******ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 09-11 х/,

Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 46 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаал /хх-ийн 12 х/

 

Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/29 дугаартай “ *******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-ийн 13 х/

 

 *******ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 18 х/

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76 х/

 

 Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 79 х/

Шүүгдэгч *******ын  ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 83-88 х/

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр ******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийгмийн даатгалын байцаагчаар 2018 оноос 2020 оны  хооронд ажиллаж байх хугацаандаа нэр бүхий хүмүүс болох *******,*******,*******,*******,******* нараас сайн дурын даатгалд хамрагдахаар нийт 3.571.600 төгрөг бэлнээр тушаасныг хувьдаа завшсан буюу албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч *******ийн  “ ... Сүхбаатар сумын нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байсан *******од бид хоёрын сайн дурын нийгмийн даатгалыг төлчих гээд 1914600 төгрөг өгсөн юм тэгсэн чинь эхнэр бид хоёрын мөнгийг сайн дурын даатгалын санд төлөөгүй хувьдаа завшсан байсан...Би 2017 онд Сүхболдод 1.000.000 төгрөг зээлээд надад мөнгөө эргүүлж өгөхдөө миний нийгмийн даатгалын сангийн дансанд хийчхээрэй гэж хэлсэн, үлдсэн 914600 төгрөгийг нь 2-3 удаа хувааж ажил дээрээ өрөөндөө сууж байхад нь эхнэр Оюунбилэг бид хоёрын нийгмийн даатгалын санд хийчхээрэй гээд өгөөд гардаг байсан...Ямар ч баримт өгөөгүй гэхдээ даатгалын дэвтэр дээр бичилт хийчхээд одоо ажиллаж байгаа нийгмийн ....” гэх,

Хохирогч *******ийн Сүхбаатар сумын нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байсан *******од бид хоёрын сайн дурын нийгмийн даатгалыг төлчих гээд нөхөр бид хоёр нийлээд 1914600 төгрөг өгсөн юм тэгсэн чинь нөхөр бид хоёрын мөнгийг сайн дурын даатгалын санд төлөөгүй хувьдаа завшаад Нийгмийн даатгал төлсөн гэж дэвтэр дээр тэмдэглэсэн байсан...” гэх,   хохирогч .. гэх,

Хохирогч*******гийн “...Сүхбаатар сумын нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байсан *******од бид хоёрын сайн дурын нийгмийн даатгалыг төлчих гээд эхнэр бид хоёр нийлээд 1.532.200 төгрөг манай эхнэр өгсөн юм тэгсэн чинь эхнэр бид хоёрын мөнгийг сайн дурын даатгалын санд төлөөгүй хувьдаа завшаад Нийгмийн даатгал төлсөн гэж дэвтэр дээр тэмдэглэсэн байсан. Нийгмийн даатгалын сангаас нь асуухаар дансанд мөнгө ороогүй байна гэхээр нь мөнөө завшуулсан гэдгээ мэдсэн...Манай эхнэр 2019 оноос 2020 оны дунд хүртэл Сүхболдод бид хоёрын нийт 1.532.200 төгрөг нийгмийн даатгалын сангийн дансанд хуваагаад хийчхээрэй гээд бэлнээр болон дансаар өгсөн би одоо яг хэзээ, хэдэн төгрөгөөр өгч байсныг нь санахгүй байна...гэх,

Хохирогч А.Оюун-Эрдэнийн “...Сүхбаатар сумын нийгмийн даатгалын улсын

байцаагчаар ажиллаж байсан *******од бид хоёрын сайн дурын нийгмийн даатгалыг төлчих гээд нөхөр бид хоёр нийлээд 1.532.200 төгрөг өгсөн юм тэгсэн чинь нөхөр бид хоёрын мөнгийг сайн дурын даатгалын санд төлөөгүй хувьдаа завшаад Нийгмийн даатгал төлсөн гэж дэвтэр дээр тэмдэглэсэн байсан...” гэх,

Хохирогч*******гийн “...Сүхбаатар сумын нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байсан *******од бид хоёрын сайн дурын нийгмийн даатгалыг төлчих гээд нөхөр бид хоёр нийлээд 124800 төгрөг өгсөн юм тэгсэн чинь миний мөнгийг сайн дурын даатгалын санд төлөөгүй хувьдаа завшаад Нийгмийн даатгал төлсөн гэж дэвтэр дээр тэмдэглэсэн байсан...” гэх мэдүүлгүүдээр  нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч *******  нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийгмийн даатгалын байцаагчаар 2018 оноос 2020 оны  хооронд ажиллаж байх хугацаандаа нэр бүхий хүмүүс болох *******,*******,*******,*******,******* нараас сайн дурын даатгалд хамрагдахаар нийт 3.571.600  төгрөг бэлнээр тушаасныг хувьдаа завшсан буюу албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг  гаргав.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг судалбал, шүүгдэгч ******* нь “ Сүхбаатар сумын нийгмийн даатгалын хэлтэст” Нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан хохирогч*******, *******,*******,*******,******* нарын сайн дурын нийгмийн даатгалыг мөнгийг хувьдаа авч завшиж гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа албан тушаалын хувьд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшиж бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******* нь албан тушаалын байдлаа ашиглаан хохирогч*******, *******,*******,*******,******* нарт 3.571.600 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал буюу эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, хүүхдийг тэжээн тэтгэх үүрэг хүлээдэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10200 /арван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 200 000 /арван  сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...гэв

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон, тогтсон ажил, орлоготой зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******од ял шийтгэл оногдуулахад хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, түүний хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд Шүүгдэгч ******* нь хохирогч*******, *******,*******,*******,******* нарт учирсан 3.571.600 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хатиган овогт Цогтбаатарын Сүхболдыг албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч *******ыг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван  сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******од оногдуулсан торгох ялыг 2 жилийн  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч*******, *******,*******,*******,******* нарт учирсан 3,571,600 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР