Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/178

 

 2022 оны  09 дүгээр сарын 14-ний өдөр                    Дугаар 2022/ШЦТ/178                  Баруун-Урт сум        

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Сумъяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2230001560244 дугаартай  хэргийг  2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газарт 8 дугаар багийн Засаг даргын ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг, Жарангийн 1001 тоот хаягт оршин суух, /РД:*******/, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг ******* гэх газар нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7а, 3.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зорчигч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ынХ.Энхбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч *******Х.Энхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч Х.Энхбаяр ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна гэв.

 

            Хохирогч ******* “...Би эрх үүргээ ойлгосон. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Би бичиг үсэг мэднэ. Би *******ыг танина. Багын найзууд байгаа юм. Төрөл садны холбоо байхгүй. Би өмгөөлөгч аваагүй. Надад өмгөөлөгч авах шаардлага байхгүй. 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутаг Улаан хошуу гэх газарт байх гэртээ эхнэр хүүхдүүдийнхээ хамт байхад ******* манай гэрт ирсэн юм. Би гэрт байсан 1 шил архийг задлаад бид 2 хувааж ууж дуусаад байж байхад Ч.Азбаатар малд явж байгаад манайхаар орж ирсэн юм. Энэ үед бид 2 сумын төв рүү орж Шинэбаярын машиныг авч ирэхээр мөн манай гэрт хүн ирэх байсан болохоор дэлгүүрээс юм цуглуулах ажилтай байсан болохоор Ч.Азбаатараар машин бариулах гээд Шинэбаярын мотоцикл дээр Зуулаа сундалж суугаад сумын төв рүү явсан юм. Мотоциклийг Шинэбаяр жолоодоод би Шинэбаярын ард, Азбаатар миний ард сууж явсан юм. Би их ядарсан байсан болохоор унтчихсан байсан байх юунаас болоод мотоцикл онхолдсоныг нь мэдэхгүй байгаа юм. Азбаатар хүн рүү ярьж дуудаад сумын эмнэлэг рүү очсон гэж байсан. Би сумын эмнэлэгт 3 хоног ухаангүй хэвтээд аймаг руу очоод аймгийн нэгдсэн эмнэлэгт 4 хоног хэвтээд 4 дэх хоног дээрээ ухаан ороод шууд Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт очоод нугасны ус авхуулаад 12 хоног хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад гайгүй болоод эм тариагаа аваад 15 хоногийн эмчилгээ бичүүлж аваад хувийн эмнэлэгт 17 хоног эмчлүүлж байгаад гарсан юм. Миний зүү нүдний ухархайн яс цууралттай, хамарт зөөлөн эдийн гэмтэл, тархинд цус хуралттай, зүүн нүдний судас дарагдсан байсан. Одоо миний зүүн нүдний хараа муудаад сайн харахгүй байгаа юм. Би нүдний хараагаар 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдсан гэж тэтгэмж /Групп/ тогтоосон. ******* айхтар согтоогүй байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 х/,

 

Гэрч ******* “...2022 оны 05 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед намайг Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг Улаан хошуу гэх газарт Золжаргалын гэрт очиход гэрт нь Золжаргал, Шинэбаяр нар архи уугаад сууж байсан. Тэгээд ШИнэбаяр, Золжаргал нар сумын төв рүү явчхаад ирье, ирэхдээ Шинэбаярын машиныг аваад надаар бариулаад явна гэж хэлээд бид 3 Шинэбаярын мотоциклтой сумын төв рүү гурвуулаа явсан юм. Шинэбаярын мотоцикл нь Даюун маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоцикл байсан. Уг мотоциклийг Шинэбаяр жолоодоод түүний ард Золжаргал суугаад би хамгийн хойно нь суучихсан явж байсан юм. Тухайн үед ******* нь их хурдтай явж байсан юм. Би Шинэбаярт зөөлөн яв гэж хэлэхэд тэр “зүгээрээ” гээд л яваад байсан. Тэгээд ******* гэх газрын ойролцоо сум орохоос 9 км орчим зайд явж байгаад замын голын шанд гуядуулаад уначихсан юм. Намайг босоод ирсэн чинь Шинэбаяр, Золжаргал нар ухаангүй байсан, би сандраад тэр 2-ыг сэрээх гэтэл сэрэхгүй, Золжаргалын нүүр ам нь цус болчихсон болохоор нь би эхнэр Ариунтунгалаг руу утсаар залгаж хэлээд удалгүй эмнэлэг, цагдаа ирээд аваад явсан. Миний зүүн гарын тохой шалбарчихсан юм өөр яагаа ч үгүй. Бид нар хэн нь ч хамгаалах малгай өмсөөгүй байсан. Ч Шинэбаяр нь тухайн үел согтуу байсан болохоор гуйвж явсаар байгаад уначихсан юм. Зогсоох арга хэмжээ авсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Т.Золжаргал нь нүүрээрээ уначихсан болохоор нүднийх нь дээд талын савхан яс нь хугарсан, мэс засалд орно гэж байсан. *******ын далны яс нь хугарсан гэж байсан. Би осол болсноос хойш уулзаагүй болохоор бусдыг нь тодорхой мэдэхгүй байна. Би осол болсны дараа мотоциклийн дугуйг үзэхэд дугуйны хий сулраагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 х/,

 

            Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 374 дугаартай “...******* биед тархины няцрал хүнд хэлбэр, баруун зүүн дух яс, 2 талын нүдний ухархайн дээд хана, дотор хана, зүүн нүдний  ухархайн ар хана, хамар яс, эмтойд хөндийгөөр дамжин суурь ясны их бие 2 талын суурь ясны их бага далавч, баруун чамархайн хөхлөг сэртэнгийн нийлмэл хугарал, тархины  духны зүүн дэлбэнд цус хуралт, няцрал, тархины аалзан хальсны доорх цус харвалт, нүүрний болон зүүн сарвуунд зулгаралт, 2 нүдний зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 х/,

 

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “******* цус” шинжилгээнд тэнцэнэ...Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэсэн хаягтай цуснаас 0,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 88-89 х/,

 

Мөрдөгчийн “...Улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалт, 3.7 Жолоочид дараах зүйлсийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэлд жолоодох, 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн нь тогтоогдов...” гэх магадалгаа /хх-ийн 15-16 х /,

 

Яллагдагч *******ын  “...Би 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр сумын төвд байх гэрээсээ алга болсон адуундаа явсан. Сумаас 22 км “Улаан хошуу” гэх газар нутагладаг Төмөртогоогийн Золжаргал найзынх руугаа орж адуугаа сурагласан. Манай найз Т.Золжаргал 0,5 литрийн Экс нэртэй архи гаргаж өгсөн. Т.Золжаргал бид 2 архи уугаад сууж байхад Азбаатар “Т.Золжаргалтай уулзана” гэж ирсэн. ******* хажуу айлын хүн Т.Золжаргалыг сумын төв ороод өгөөч гэж гуйсан. Тэгсэн Азбаатар, Золжаргал бид хоёртой хамт явъя, машин дээр очиж бууя гээд бид гурав хамт явсан. Тэгээд миний мотоциклтой гуравлаад сумын төв рүү явсан. *******хаас 18 км орчим явж байгаад замын шанд гуядуулж шарваад бид гурав ойчсон. Тухайн үед Т.Золжаргал бид хоёр хэсэг ухаан алдсан манаралтын байдалтай байсан. Тэгээд Азбаатарын эхнэр ирж бид 3-г эмнэлэгт хүргэж өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 103-104 х/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 05-07 х/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 х/

 

Эд зүйл баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / хх-ийн 14 х /

 

Шүүгдэгч *******Х.Энхбаярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105 х/

 

Шүүгдэгч *******Х.Энхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106 х/

 

Шүүгдэгч *******Х.Энхбаярын  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 107 х/

 

Хохирогч *******  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 112 х/

 

Шүүгдэгч *******Х.Энхбаярын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт                   / хх-ийн 113 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 81 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 118-120 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 81  дугаартай санал /хх-ийн 121-122 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******Х.Энхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг ******* гэх газар нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7а, 3.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зорчигч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Т.Золжаргал, гэрч Ч.Азбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 374 дугаартай, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаартай  шинжээчийн дүгнэлт, Мөрдөгчийн магадалгаа  зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******Х.Энхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Манай найз Золжаргал 0.5 литрийн экс нэртэй архи гаргаж өгсөн. Золжаргал бид 2 архи уугаад сууж байхад Азбаатар Золжаргалтай уулзана гэж ирсэн...” гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй ба ******* нь  хохирогч ******* “ Би гэрт байсан 1 шил архийг задлаад Шинэбаяр бид хоёр хувааж уусан...” гэх, гэрч  ******* “Намайг Золжаргалыг гэрт очиход Золжаргал,
Шинэбаяр нар архи уугаад сууж байсан...”  гэх мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “******* цус” шинжилгээнд тэнцэнэ...Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэсэн хаягтай цуснаас 0,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэргээр тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Т.Золжаргал, гэрч Ч.Азбаататр нарын мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа зэргийг үндэслэвэл шүүгдэгч ******* нь тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалт, 3.7 Жолоочид дараах зүйлсийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэлд жолоодох, 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх ” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс осол гаргасан нь тогтоогдсон байна.

 

Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг юм.

 

Тухайн гэмт хэргийн обьектив тал нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

 

Прокуророос шүүгдэгч *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ыг  “Автотээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

*******ынХ.Энхбаяр үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд  хохирогч “надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж  хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч *******ыгХ.Энхбаяр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч Х.Энхбаяр*******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч Х.Энхбаяр******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Т.Золжаргал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Х.Энхбаяр*******т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******Х.Энхбаярыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Х.Энхбаярод таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                             

1. Шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч *******т оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******т  мэдэгдсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Золжаргал нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч Т.Золжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч,  дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР