Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

 

2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр                   Дугаар 2022/ШЦТ/180                    Баруун-Урт сум              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Сумъяа

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******

Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2230001520259 дугаартай  хэргийг  2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн, хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

       

Монгол Улсын иргэн, 2005 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тус аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Авто завсрын ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 1305 тоотод оршин суудаг, РД:*******, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Өсвөр насны шүүгдэгч  ******* нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн үед  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” баарны урд зам дээр явж байсан хохирогч ******* гар утсыг “утсаар яриад өгье” гэж хэлэн авч зугтааж, бусдад 310,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Өсвөр насны өсвөр насны шүүгдэгч  ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гээд, 7 цагаас 10 цагаас тарсан гэр лүүгээ харих замд 4 согтуу хүн байсан. Утсаар яръя гэхэд нэг эгч утсаа өгсөн. Ертөнцийн зүгээс баруун тийшээ зугтаасан. Миний буруу гэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Хүү минь гэмт хэрэг үйлдсэнд нь гэмшиж байна гэв.

Хохирогч ******* “...Миний бие 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрөөс 05-нд шилжих шөнө 23 цагийн орчимд өөрийн 2 найз болох Жанчив, Наран нарын хамт “*******” баарны урд талын засмал зам дээр баруун тийшээ явж байхад үл таних хар масктай бараан өнгийн хувцастай, дунд зэргийн нуруутай залуу надад хандаж “эгчээ утсаараа нэг яриулаач” гэхээр нь санаанд оролгүй ямар дугаар луу залгах талаар асуухад “96511414 гэсэн дугаарт залгаад өгөөч” гэж хэлсэн юм. Тэгээд би тэр дугаарт нь залгаж утсаа өгсөн чинь хайраа хоол хийсэн юу хийж байна” гэж хэлээд миний аваад зугтаасан би араас нь хашхираад л үлдсэн юм. Тэгээд л цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Гадаа тас харанхуй болсон байсан учраас юу ч харагдахгүй байсан юм. Миний хажууд цуг явсан хүмүүс халамцуу согтуу байсан юм. Тухайн үед хаашаа чигтэй явсныг нь яг үнээндээ анзаараагүй сандраад л үлдсэн юм. Харин цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж миний утсыг булааж зугтаасан хүнийг олж авсанд талархаж байна. Би өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан.  Надад одоо гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй би өөрийн Сим картаа үнэгүй сэргээгээд авчихсан маш их баярлалаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 х/,

 

Иргэний нэхэмжлэгч ******* “...Охины найз  Э.Өсөхбаяр нь надад аймгийн зар дээрээс утас харж байгаад “утас авчихлаа” гээд Самсунг Галакси А12 загварын утас өгөхөөр нь тухайн утсыг хэрэглэж байхад цагдаагийн байгууллагаас намайг дуудаж болсон асуудлын талаар хэлэхээр нь тухайн гар утсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Миний цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гар утас нь дээрэмдүүлсэн хүний утас юм байна лээ. Тухайн дээрэмдэж авсан гар утсыг охины найз Э.Өсөхбаяр нь ямар гарал үүсэлтэй болох талаар мэдэхгүй, надад худалдан авч өгсөн. Тэгээд би Э.Өсөхбаяраас тухайн утас авсан хүнийг нь тодруулж байгаад хүнтэй уулзахад жаахан хүүхэд байсан учраас тухайн хүний аав ээжтэй уулзаад утасныхаа мөнгийг бүрэн хүлээж авсан...надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх- ийн 30-31 х/,

 

Насанд хүрээгүй гэрч ******* “...Би 2022 оны 05 дугаар сарын 04-ний шөнө Өлзийт хороололд байх гэртээ өөрийн дүү Б.Сэргэлэнбаяртай хамт амарч байхад миний эзэмшлийн 96511414 дугаарт өмнө нь огт харж байгаагүй 91411122 гэсэн дугаараас 23 цаг 18 минутад залгахаар нь авахад нэгэн үл таних эрэгтэй хүн “хайраа хоол ундаа идсэн үү юу хийж байна” гэх мэт зүйл асуусан юм. Тэгээд би “та юу яриад байгаа юм бэ хүн андуураад байгаа юм биш үү” гэж хэлээд тасалсан юм. Түүнээс ойролцоогоор 2 цагийн дараа согтуу эрэгтэй хүн 98898871 дугаараас олон удаа залгаж “чи манай эхнэрийн утсыг өг” чиний утас руу залгасан хүн манай эхнэрийн утсыг авч зугтаасан байна гэх мэт зүйл ярьж олон удаа залгасан би учрыг олоогүй гайхаад л өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 х/,

 

Гэрч Э.Өсөхбаярын “...Би 2022 оны 05 дугаар сарын эхээр өөрийн хадам ээж болох ******* гар утсыг нь түр хэрэглэж байгаад газар унгаж эвдчихсэн юм. Тэгээд би ижил маркийн утас авч өгөхөөр Фейсбүүк-д зар оруултал миний зарын дор ******* маркийн  гар утас хямд зарна гэсэн зар байсан юм. Тэгээд би зарын дагуу холбогдож 13 дугаар дэлгүүрийн алд талд засмал хажууд Э.Мөнх-Эрдэнэ гэх зүс таних залуугаас 380,000 төгрөгөөр улаан өнгийн ******* маркийн  гар утсыг худалдаж авсан юм. Мөнх-Эрдэнэ гэх залуу нь Амгаланд байдаг байх хаягийг нь тодорхой мэдэхгүй 91232718 дугаар дээр байгаа. Улаан өнгийн 4 камертай, кейсгүй, сэв зураасгүй шинэ шахуу цэвэрхэн утас байсан юм. Тэгээд би бэлнээр 380,000 төгрөг өгч худалдан авсан юм. Уг утсаа хадам ээж болох Ш.Урансайханд өгсөн юм. Тэр утсыг ямар асуудалтай утас гэж мэдээгүй. Би Мөнх-Эрдэнэ гэгчийг таньдаг байгаагүй утас авахдаа л уулзаж зүс мэддэг болсон юм. худалдаж авсан өдрийг бол тодорхой мэдэхгүй байна. 2022 оны 05 дугаар сарын 07-ний өдөр шиг л санаж байна. Хот явах гээд мөнгөний хэрэг гарсан гээд утсаа хямд зарж байгаа тухай л надад ярьж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 х/,

 

Өсвөр насны яллагдагч Б.Мөнх-Эрдэнийн “...2022 оны 05 дугаар сарын 05-ны орой 19 цагаас 22 цагийн хооронд хөл бөмбөгийн талбай дээр бэлтгэлээ хийж дуусаад тус сумын 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй баарны урд талын засмал замаар ертөнцийн зүгээр баруун тийшээ гэртээ очих гээд явж байхад тус замд нийт 4 эрэгтэй, эмэгтэй хүмүүс явж байхыг хараад тухайн хүмүүс дээр очоод тухайн хүмүүсээс “та хэд гар утсаараа надад нэг яриулаач” гэж хэлэхэд тухайн 4 хүнээс 3 хүн яваад  танихгүй хөгшин эгч үлдээд “ярих гэж байгаа хүнийхээ дугаарыг хэл”  гэхээр нь би сандарсандаа дугаар зохиож хэлэхэд тухайн хүний танихгүй эгч залгахад дуудаж эмэгтэй хүн авахад утсаар яриулж байгаа хүн утсаа өгсөн. Тэгэхээр нь би тухайн эмэгтэй хүнтэй худлаа утсаар ярихдаа “Юу хийж байна, унтах болж байна уу” гэх мэтээр худлаа ярьж байгаад тухайн хүний утсыг аваад ертөнцийн зүгээр баруун тийш гүйгээд явсан бөгөөд гэртээ очсон. Гэртээ очоод би тухайн гар утсыг үзэхэд Самсунг Галакси А12 загварын утас байсан бөгөөд тухайн утасны ард талын таг нь улаан өнгөтэй, шинэвтэр, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Мөн тухайн гар утас нь ямар нэгэн кодгүй нээгдэж байсан. Тухайн өдрийн маргааш шиг санаж байна фейсбүүк ухаж байхад “Сүхбаатар хамгийн том зар” гэсэн зарын групп хаяг дээр “гар утас худалдан авна” гэсэн зарыг Өсөхбаяр гэх хүн байршуулсан байхаар нь тухайн хүнтэй утсаар холбогдож байгаад 13 дугаар дэлгүүрийн тоглоомын талбай дээр тухайн утсыг Өсөхбаяр гэх хүнд 380,000 төгрөгөөр зарсан. Би тухайн хүнд утас зарсан мөнгөө өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84 х/

 

Эд зүйл хураан авсан тухайн “...Улаан өнгийн ******* маркийн   IMEI 1: 353272494699992, IMEI 2: 355423964699990 IMEI кодтой, гар утсыг эд мөрийн баримтаар хураан авав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-14 х/

 

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2202217 дугаартай “...Алдагдсан гэх ******* маркийн гар утас нь зах зээлийн үнэлгээгээр 310.000 төгрөгөөр үнэлэгдсэн...” дүгнэлт /хх-ийн 58-68 х/,

 

Өсвөр насны яллагдагч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 11 сар 23 хоногтой байсныг тодорхойлсон мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 87 х/

 Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2103235 дугаартай: “... Samsung Galaxy-А12 маркийн гар утас нь зах зээлийн үнэлгээгээр 310.000 төгрөгөөр үнэлэгдэнэ...” гэх дүгнэлт /хх-ийн 58-68 х /,

 

Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 87 х/,

 

Б.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 90 х/

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 х/

 

Б.Мөнх-Эрдэнийн суралцагчийн хувийн хэрэг /хх-ийн 98-104 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр өсвөр насны шүүгдэгч  ******* нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн үед  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” баарны урд зам дээр явж байсан хохирогч ******* гар утсыг “утсаар яриад өгье” гэж хэлэн авч зугтааж, бусдад 310,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч ******* мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн: "... “*******” баарны урд талын засмал зам дээр баруун тийшээ явж байхад үл таних хар масктай бараан өнгийн хувцастай, дунд зэргийн нуруутай залуу надад хандаж “эгчээ утсаараа нэг яриулаач” гэхээр нь санаанд оролгүй ямар дугаар руу залгах талаар асуухад “96511414 гэсэн дугаарт залгаад өгөөч” гэж хэлсэн юм. Тэгээд би тэр дугаарт нь залгаж утсаа өгсөн чинь хайраа хоол хийсэн үү?  юу хийж байна” гэж хэлээд миний аваад зугтаасан...” гэх

Иргэний нэхэмжлэгч ******* “...Охины найз Э.Өсөхбаяр нь надад аймгийн зар дээрээс утас харж байгаад “утас авчихлаа” гээд Самсунг Галакси А12 загварын утас өгөхөөр нь тухайн утсыг хэрэглэж байхад цагдаагийн байгууллагаас намайг дуудаж болсон асуудлын талаар хэлэхээр нь тухайн гар утсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...” гэх,

 Насанд хүрээгүй гэрч ******* “...Би 2022 оны 05 дугаар сарын 04-ний шөнө Өлзийт хороололд байх гэртээ өөрийн дүү Б.Сэргэлэнбаяртай хамт амарч байхад миний эзэмшлийн 96511414 дугаарт өмнө нь огт харж байгаагүй 91411122 гэсэн дугаараас 23 цаг 18 минутад залгахаар нь авахад нэгэн үл таних эрэгтэй хүн “хайраа хоол ундаа идсэн үү юу хийж байна” гэх мэт зүйл асуусан юм. Тэгээд би “та юу яриад байгаа юм бэ хүн андуураад байгаа юм биш үү” гэж хэлээд тасалсан юм...” гэх,

Гэрч Э.Өсөхбаярын “...Тэгээд би ижил маркийн утас авч өгөхөөр Фейсбүүк-д зар оруултал миний зарын дор ******* маркийн  гар утас хямд зарна гэсэн зар байсан юм. Тэгээд би зарын дагуу холбогдож 13 дугаар дэлгүүрийн алд талд засмал хажууд Э.Мөнх-Эрдэнэ гэх зүс таних залуугаас 380,000 төгрөгөөр улаан өнгийн ******* маркийн  гар утсыг худалдаж авсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

Эд зүйл хураан авсан тухайн “...Улаан өнгийн ******* маркийн   IMEI 1: 353272494699992, IMEI 2: 355423964699990 IMEI кодтой, гар утсыг эд мөрийн баримтаар хураан авав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2202217 дугаартай “...Алдагдсан гэх ******* маркийн гар утас нь зах зээлийн үнэлгээгээр 310.000 төгрөгөөр үнэлэгдсэн...” дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас:  Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн үед  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” баарны урд зам дээр явж байсан хохирогч ******* гар утсыг “утсаар яриад өгье” гэж хэлэн авч зугтааж, бусдад 310,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн эд зүйл хураан авсан тухайн “...Улаан өнгийн ******* маркийн   IMEI 1: 353272494699992, IMEI 2: 355423964699990 IMEI кодтой, гар утсыг эд мөрийн баримтаар хураан авав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч ******* мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч ******* мэдүүлэг, гэрч Э.Өсөхбаярын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2202217 дугаартай дүгнэлт, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, өсвөр насны яллагдагч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 11 сар 23 хоногтой байсныг тодорхойлсон мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 87/ болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогчийн гар утас 310.000 төгрөг болох нь хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна ...гэх дүгнэлтийг

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Б.Мөнх-Эрдэнийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна. ******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Гэм буруугийн талаар маргаан байхгүй ...гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

Хэргийн баримтаар өсвөр насны шүүгдэгч ******* нь хохирогч ******* “*******” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч бусдад 310 000 төгрөгөөр зарсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд  тэрээр өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр атлаа гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, өмчлөгчийн эрхэд зориуд хохирол учруулсан байна.

 

 Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан хийгээд хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба өсвөр насны шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн хохирогч Ц.Эрдэнэчимэгийг “эгчээ гар утсаараа нэг залгуулчих” гэж гуйж аваад түүний ******* маркийн  гар утсыг авч зугтсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэх шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгч *******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өсвөр насны шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хувийн байдал  буюу насан хүрээгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, сургуулийн сурагч зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6  сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулах. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирогч ******* төгрөгийн 310,000 үнэлгээ бүхий Самсунг галакси А-12 маркийн гар утсыг буцаан өгсөн, өсвөр насны шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6  сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Өсвөр насны шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 8.7 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон сургуулийн сурагч зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн гэмт хэргийн улмаас бусад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх хуулийн зохицуулалттай.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй буюу 16 нас 11 сар 23 хоногтой байсан нь мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 87/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91/ зэргээр нотлогдоно.

Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тодорхойлсон  байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр хохирогчид гар утсыг буцааж өгсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, түүний хойд эцэгтэйгээ таардаггүйн улмаас төрсөн гэртээ амьдардаггүй, ээжийнхээ дүүтэй хамт амьдардаг бөгөөд өлсөөд уг гар утсыг авч түцэнд барьцаанд тавьж идэх юм авсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу түүнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах” гэж тус тус заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлд нийцэх юм

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд Өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Эрдэнэчимэгт 310 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг нөхөн төлсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

Өсвөр насны шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Бэххуягийн Мөнх-Эрдэнийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д  ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан дээрх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

 

5. Өсвөр насны шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

6. Өсвөр насны шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Эрдэнэчимэгт гар утсыг нь буцааж өгсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны өсвөр насны шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАЯРБААТАР