Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 130

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны  "А" танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 11 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 12 сарын 20-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар, мөн шүүхийн 2004 оны 05 сарын 28-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2007 оны 07 сарын 02-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 05 сарын 03-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар нийт 4 жилийн хорих ялаар, Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжаар “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт  зааснаар эдлээгүй үлдсэн 01 сар 25 хоногийн баривчлах ялаас өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч  Г.******* нь ялтай байхдаа, давтан үйлдлээр Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр баг “Баян-Уул” гэх газраас 2016 оны 09 сарын 24/25-нд шилжих шөнө хохирогч Х.*******ын 5 тооны ямаа, 29 тооны хонийг хулгайлж 2540000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Г.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “… Би 2016 оны 09 сарын 24-ний өдөр гэртээ байж байгаад 14 цагийн орчим гарч дэрэвгэр, жиргэрүү гэдэг үндэс түүхээр Хэрлэн сумын 2 дугаар баг модон гүүрэн дээр очсон юм. Тэгээд байж байхад хойд талаас Портер маркийн машинтай 40 гаруй насны ах, эхнэр  хүүхдүүдтэйгээ ирсэн. …Би суугаад “Хан-Уул”-ын баруун талд буугаад куртикны халаасанд нэг шил 750 граммын “Чойбалсан” архи байсныг гаргаж уугаад согтоод унтчихсан байсан. Би унтахаасаа өмнө *******ын гэдэг айлын хониноос нэгийг авна гэж бодоод шөнө болохыг хүлээсэн юм. Тэгээд сэртэл шөнө болсон байсан ба …нэг хонь барих гэсэн баригдахгүй болохоор нь хэсэг хонь тасдаж аваад туусан. Хонийг тууж явсаар байтал үүр цайсан. Тэгж байтал гэрийн эзэн морьтой давхиж  ирээд өөрийнхөө хонь, ямааг им тамгаар нь таниад тоолоход 29 тооны хонь, 5 тооны ямаа байсан. Тэгээд намайг бариад цагдаа дуудаж өгсөн. …Хулгайн хонио зараад мөнгө олох гэж байсан” гэжээ. /хх-ийн 35-36 /    

Хохирогч Х.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…2016 оны 09 сарын 24-ний орой 00 цагийн үед унтаж амарцгаасан. …маргааш өглөө нь буюу  2016 оны 09 сарын 25-ны өглөө босоод адуугаа эргэх гээд мал хардаг ******* хамт мотоциклтой давхиж явтал хэсэг хонь туусан хүн явж байхаар нь очиход манай имтэй хонь ямаа байсан.  Тэгээд хонь ямаагаа тоолоход 29 хонь, 5 ямаа байсан. Тэгээд хонь ямаагаа туугаад гэртээ ирсэн…”гэжээ. /хх-ийн /

Нотлох баримтаар: 

  • Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-16/
  • Хохирогч Х.*******ыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 17-19/
  • Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 20/
  • Гэрч Г. байцаасан тэмдэглэл /хх-ийн 21-22/
  • Гэрч С. байцаасан тэмдэглэл /хх-ийн 23-24/
  • Гэрч А. байцаасан тэмдэглэл /хх-ийн 28-29/
  • Сэжигтнээр Г.*******ийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 34-36/
  • Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-48/

-   Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 49-106/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.******* нь ялтай байхдаа, давтан үйлдлээр Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр баг “Баян-Уул” гэх газраас 2016 оны 09 сарын 24/25-нд шилжих шөнө хохирогч Х.*******ын 5 тооны ямаа, 29 тооны хонийг хулгайлж 2540000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар батлагдаж байна. Үүнд: Хохирогч Х.*******, гэрч А. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Г.*******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт авагдсан, тухайн хэрэгт хамааралтай хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Г.*******т холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.*******ийг давтан үйлдлээр, бусдын олон тооны малыг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох боловч Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжаар "Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт  зааснаар эдлээгүй үлдсэн 01 сар 25 хоногийн баривчлах ялаас өршөөн хэлтрүүлснээс хойш дахин гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болов. Иймд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг шийтгэх тогтоолд тус тус дурдаж, төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс "Nokia-2 s2600" маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгов.

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй ба баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Албаны цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй юм.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг давтан үйлдлээр, бусдын олон тооны малыг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Г.*******ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Г.*******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, түүний  ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

5. Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн 134 дүгээр  зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Г.*******ийн эзэмшлийн "Nokia-2 s2600" маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 20-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.*******ийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 11 сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                        Ж.ДОЛГОРМАА