Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 896

 

 

 

 

 

 

 

  2019          09            05                                            2019/ДШМ/895                                                            

 

 

Д.М-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Д.М-,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.М-ид холбогдох 201525031195 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Д-гийн М-, Хөвсгөл аймагт 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 7-198Б тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:000000000/,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн;

 

Д.М- нь 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 3 сар хүртэл хугацаанд М.Аг “Киргиз улсаас жимс оруулж ирэх бизнест хамтарна”, “Герман улсаас Мерседес бенз жи-63 загварын автомашин авчирч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, олон удаагийн үйлдлээр нийт 78.889.754 төгрөг залилан авсан,

Ц.Л-г “Киргиз улсаас жимс оруулж ирэх бизнест хамтран ажиллана” гэж  хуурч, “жимсний тээвэрлэлтийн зардал” гэж 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 6,000,000 төгрөгийг, “жимсний гаалийн мөнгө” гэж 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10,000 доллар буюу 18,462,800 төгрөг, “үлдэгдэл мөнгө” гэж 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3,500 доллар буюу 6,569,150 төгрөг, нийт 31,031,950 төгрөг залилан авсан,

Ц.Л-гээр дамжуулан С.Одбаярыг “Киргиз улсаас жимс оруулж ирэх бизнест хамтран ажиллана” гэж хуурч 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “5 хүний онгоцны билетийн төлбөр” болох 4,800,000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “жимсний гаалийн мөнгө” гэж 9,000,000 төгрөг, нийт 13,800,000 төгрөг залилан авсан,

Д.Д-гээс “Дундговь аймгийн төвд барилга барьж байгаа, барилгын материал авах мөнгө зээлээч” гэж 20,000,000 төгрөг залилан авсан,

Э.Амарбаясгалантад 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “манай ломбарданд тоёота приус 20 загварын зарах автомашин байна. Яг одоо урьдчилгаа шилжүүл” гэж 500,000 төгрөг залилан авсан,

Г.М-ийг “гадны хөрөнгө оруулалт олж өгнө, хамтран ажиллана, автомашиныг чинь сольж өгнө, дипломат паспорт гаргуулж өгнө” гэх зэргээр хуурч 2017 оны 10 сард гар утас авхуулах, бэлэн мөнгө авах зэргээр нийт 11,050,000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 155,271,704 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.М-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон нийт 456 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлйин 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-оос 63,889,754 төгрөг гаргуулан хохирогч М.Ад, 31,031,950 төгрөг гаргуулан хохирогч Ц.Л-д, 20,000,000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Пүрэвсүрэнд, 13,800,000 төгрөг гаргуулан хохирогч С.Одбаярт, 11,050,000 төгрөг гаргуулан хохирогч Г.М-т, 500,000 төгрөг гаргуулан хохирогч Э.Амарбаясгалантад тус тус олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Д.Тамир давж заалдах гомдолдоо: “...хохирогч М.А, Г.М-, Э.Амарбаясгалант, С.Одбаяр, Ц.Л-, Ш.Пүрэвсүрэн, гэрч Г.М-, Б.Надмидцэрэн, Д.Раднаабазар, Н.Отгончулуун, Д.Д-, У.Энхболор, Д.Очирбат, Б.Пүрэвдорж, Б.Нарангарав, Г.Цэцэгдэлгэр, Г.Тэрбиш нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.М-ийн мэдүүлэг зэргээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул гэм буруутай гэж шүүх дүгнэсэн. Энэ төрлийн гэмт хэргийн үндсэн шинж нь “эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” байхаар хуульчилсан. Залилах гэмт хэргийн уг шинжийг тодорхойлохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нотолбол зохих байдлуудын хүрээнд залилах гэмт хэргийн улмаас “эд хөрөнгө алдагдсан эсэх, алдсан этгээд хэн болох”-ыг тогтоосон байх шаардлагатай. Анхан шатны шүүх хохирогч нарын тогтворгүй, хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгч байсныг анхаарч үзээгүй. Хэрэгт авагдсан бусад үйл баримтуудтай харьцуулсан дүгнэлт огт хийгээгүй. Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч Д.М- нь хохирогч М.Агийн орчуулагч Ганзүрх, хуурч банкны баталгаа гаргасан Лхагвасайхан нарын хамтаар Европын улс руу хамт явсан, виз гаргах асуудлыг хохирогч М.А өөрийн ах нараараа хөөцөлдүүлж Хятадаас виз авч өгч байсан. Европ руу Ганзүрх, Лхагвасайхан нар хамт явсан гэх мэдүүлэг болон хилийн албанаас авсан лавлагаа, мөнгө шилжүүлсэн баримт, М.А нь Киргиз улсын иргэдтэй холбоотой байсан гэх асуудлын хүрээнд Азамат гэгчийн талаарх хилийн лавлагаа болон бусад холбогдох баримтуудыг бүрэн гүйцэт судалж дүгнэлт өгөөгүй, шийтгэх тогтоолд дээрх баримтуудын талаар дурдаагүй орхигдуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.4 дэх заалт, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт гэж үзэж байгаа тул хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүхээс хэргийг хэлэлцэхдээ хохирогч нарыг оролцуулан хэргийг тал бүрээс нь бодитойгоор дүгнэж, шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсон. Түүний үйлдсэн гэмт хэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.М-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Шүүгдэгч Д.М- нь 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 3 сар хүртэл хугацаанд М.Аг “Киргиз улсаас жимс оруулж ирэх бизнест хамтарна”, “Герман улсаас Мерседес бенз жи-63 загварын автомашин авчирч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, олон удаагийн үйлдлээр 36,789 ам.доллар буюу тухайн үеийн төгрөгтэй харьцах ханшаар 69,809,640 төгрөг залилан авсан,

Ц.Л-г “Киргиз улсаас жимс оруулж ирэх бизнест хамтран ажиллана” гэж  хуурч, “жимсний тээвэрлэлтийн зардал” гэж 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 6,000,000 төгрөгийг, “жимсний гаалийн мөнгө” гэж 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10,000 доллар буюу 18,462,800 төгрөг, “үлдэгдэл мөнгө” гэж 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3,500 доллар буюу 6,569,150 төгрөг, нийт 31,031,950 төгрөг залилан авсан,

Ц.Л-гээр дамжуулан С.Одбаярыг “Киргиз улсаас жимс оруулж ирэх бизнест хамтран ажиллана” гэж хуурч, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “5 хүний онгоцны билетийн төлбөр” болох 4,800,000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “жимсний гаалийн мөнгө” гэж 9,000,000 төгрөг, нийт 13,800,000 төгрөг залилан авсан,

Д.Д-гээс “Дундговь аймгийн төвд барилга барьж байгаа, барилгын материал авах мөнгө зээлээч” гэж 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 20,000,000 төгрөг залилан авсан,

Э.Амарбаясгалантаас 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “манай ломбарданд тоёота приус 20 загварын зарах автомашин байна. Яг одоо урьдчилгаа шилжүүл” гэж 500,000 төгрөг залилан авсан,

Г.М-ийг “гадны хөрөнгө оруулалт олж өгнө, хамтран ажиллана, автомашиныг чинь сольж өгнө, дипломат паспорт гаргуулж өгнө” гэх зэргээр хуурч, 2017 оны 10 сард гар утас авхуулах, бэлэн мөнгө авах зэргээр нийт 8,581,500 төгрөгийг тус тус залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Агийн “Д.М- нь 2014 оны 7 дугаар сард Киргизийн нийслэл “Бишкек хотоос Монгол  руу жимс оруулах бизнес хийх”, “Германаас жи-63 автомашин авчирч өгөх” санал тавьж, Киргиз улсад урьсан, мөн автомашины үнэ, зураг зэргийг харуулсан. Улмаар 2014 оны 5 дугаар сараас эхлэн “автомашин төлбөр, автомашины өнгө солиулах мөнгө, автомашин чинь Хөх хотод ирсэн, ирж ав, гааль дээр ачуулсан автомашинуудаа хайгаад явж байна” гэх зэрэг шалтгаанаар олон улсын мөнгөн гуйвуулга болон дансаар мөнгө шинжүүлэн авсан” талаар өгсөн мэдүүлгүүд /1-р хх 22-24, 25-26, 189-190, 191-192, 4-р хх 12-13/,

гэрч Д.Очирбатын өгсөн “М.А мерседес бенз жи-63 автомашин ирэх гэж байгаа, Хөх хотоос аваад газраар авчирах шаардлагатай байна гээд бид хоёр хамт явсан. Хөх хотод автомашин ирүүлж байгаа гэх М-той 2 хоногийн дараа холбогдсон. Алимаа надад хэлэхдээ “М-ид мөнгө хэрэгтэй байна, тэгэхгүй бол автомашиныг авч ирэх боломжгүй байна” гэсэн. Би дахин мөнгө өгөх хэрэггүй гэхэд “мөнгөө өгч байж л автомашинаа ирүүлэхгүй бол болохгүй” гээд 2 удаагийн гүйлгээгээр 7,000 ам.доллар шилжүүлсэн. Ямар ч байсан автомашин ирээгүй болохоор бид хоёр буцсан. ...” гэх мэдүүлэг /2-р хх 169/,

2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 520 ам.доллар шилжүүлсэн баримт /2-р хх 138/, 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 800 ам.доллар шилжүүлсэн баримт /2-р хх 137, 1-р хх 232, 235/, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2,000 ам.доллар шилжүүлсэн баримт /2-р хх 132, 1-р хх 232/, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 300 ам.доллар шилжүүлсэн талаарх Голомт банкны тодорхойлолт, хавсралт /2-р хх 135, 1-р хх 232, 234/, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 700 ам.доллар шилжүүлсэн тухай Голомт банкны тодорхойлолт, хавсралт /1-р хх 238/, 2014 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 1,899 ам.доллар шилжүүлсэн баримт /2-р хх 134/, Голомт банкны тодорхойлолт, хавсралт /1-р хх 232, 236/, 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2,800 ам.доллар шилжүүлсэн тухай баримт /1-р хх 232, 241/, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 3,000 ам.доллар шилжүүлсэн тухай Голомт банкны тодорхойлолт /1-р хх 232, 240/, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 1,500 ам.доллар шилжүүлсэн тухай Голомт банкны тодорхойлолт /1-р хх 232, 239/, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,000 ам.доллар шилжүүлсэн тухай Голомт банкны тодорхойлолт /1-р хх 232, 233/, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 700 ам.доллар, 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 1,000 ам.доллар Хас банкаар шилжүүлсэн дансны хуулга /1-р хх 116/, 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Хятадын “Bank of china” банкаар 7,000 ам.доллар шилжүүлсэн баримт, орчуулга /2-р хх 203-204/, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 500 ам.доллар, 6,500 ам.доллар Хас банкаар шилжүүлсэн дансны хуулга /1-р хх 117/, 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1,000 ам.доллар, 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 3,200 ам.доллар Хас банкаар шилжүүлсэн дансны хуулга /1-р хх 116/, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 200 ам.доллар, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,250 ам.доллар, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 120 ам.доллар Хас банкаар шилжүүлсэн дансны хуулга /1-р хх 116-118/, М.А, Д.Очирбат нарын Улаанбаатараас Замын-Үүдийн чиглэлд зорчсон галт тэрэгний тасалбар /2-р хх 154-158/,

хохирогч Ц.Л-гийн “Д.М- нь “... хөрөнгө оруулагч хэрэгтэй, хамтарч ажиллах уу, жимс ачуулах зардал, гаалийн зардал зэргийг төлөөд ашиг авна, жимсний үнийн жагсаалтыг цахим хаягаар явуулна гэж ... 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 6,000,000 төгрөг дансаар шилжүүлж авсан. 2014 оны 9 дүгээр сард “Киргиз улсад хүрээд ирээч” гэхээр нь очиход ... “Олон улсын компанид ажилладаг, ... миний эхний явуулсан 6,000,000 төгрөгөөр замын зардал хийгээд компаниасаа хатаасан жимс зээлээр аваад явуулсан байгаа” гэж хэлсэн. ... “Жимс гааль дээр ирсэн, 10,000 ам.доллар шилжүүл” гэхээр нь Д.Раднаабазарын Хаан банкны дансанд монгол мөнгөөр 18,500,000 төгрөгийг шилжүүлсэн, ... “гааль дээр жимс ирсэн байгаа, мөнгөө тушаа” гэхээр нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3,500 ам.доллар буюу 6,800,000 төгрөгийг шилжүүлсэн, ... нийт 31,300,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх 27-29/,

гэрч У.Энхболорын “... 2014 оны 11 дүгээр сард М- миний Хаан банкны дансаар хүнээс 9,000,000 төгрөг шилжүүлж авсан. Энэ мөнгө ямар учиртай болохыг мэдэхгүй. Мөн М- надаас “чамд долларын данс байна уу, хүнээс доллараа шилжүүлж авах гэсэн юм” гэхээр нь хадам ах Раднаабазарын дансыг өгсөн. М- уг дансаар хүнээс 10,000 ам.доллар шилжүүлж авсан. 2014 оны 9 дүгээр сард М- намайг “Киргиз улсад ирээд орчуулга хийгээд өг” гэхээр нь очсон. Намайг Киргизэд очиход М- хийсэн ажилгүй байсан ба Киргизээс жимс оруулж ирнэ гэж л ярьдаг байсан боловч оруулж ирээгүй. Намайг Киргиз улсад очиход Azamat Basan Uulu гэх хүн М-той хамт байсан. Надаар ямар нэгэн орчуулга хийлгээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 250-251/, 

гэрч Д.Раднаабазарын “... дүү Батхандын найз залуу Энхболор надаас долларын данс асуухаар нь дансны дугаараа өгсөн. Миний долларын дансанд хүнээс 10,000 ам.доллар орж ирснийг би Энхболорт гаргаж өгсөн. ...”  мэдүүлэг /1-р хх 199/,

Голомт болон Хаан банкны гүйлгээний баримт /2-р хх 42/, Хас банкны гүйлгээний баримт, банкны тодорхойлолт /2-р хх 28-29, 43/,

хохирогч С.Одбаярын “... Ц.Л- “Киргиз улсаас хатаасан жимс оруулж ирэх нэг ажил байна, одоо вагон оруулж ирж байгаа юм байна, энэ ажилд хамтран ажиллахаар бол Киргиз улсын 2 иргэний ... Монгол Улсад ирэх билетийн мөнгө тушаах хэрэгтэй байна гэж 4,800,000 төгрөг, ... жимс удахгүй ирнэ гэж 9,000,000 төгрөг Энхболорын данс руу тушаачих гээд данс өгсөн. Нийт 13,800,000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1-р хх 31-32, 193/,

хохирогч Ш.Пүрэвсүрэнгийн “... Мягмадорж нь “барилгын компани байгуулсан, Дундговь аймгийн төвд барилга барихаар газар авчихсан, мөнгө зээлээч” гэж 20,000,000 төгрөг авсан талаар өгсөн мэдүүлэг /1-р хх 196-197/,

хохирогч Э.Амарбаясгалантын “... М- “хямд зарах автомашин байна, авах бол урьдчилгаа 500,000 төгрөг шилжүүлчих” гэж 500,000 төгрөг авсан ...” гэх мэдүүлэг /3-р хх 9/,

Хаан банкны дансны хуулга /2-р хх 243, 246/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3-р хх 5-7/,

хохирогч Г.М-ийн “... М- нь “махны чиглэлээр болон Киргиз улсаас хатаасан жимс оруулж ирж хамтарч ажиллана, нэр дээр энэ чиглэлээр компани байгуулъя, ... өмгөөлөгчид өгнө” гээд 600,000 төгрөг шилжүүлж авсан, ... самсунг эс-6 эджи гар утас, гадаад паспортыг 500,000 төгрөгийн хамт, ... нэг данс руу 300,000 төгрөг шилжүүлж авсан, ... автомашиныг маань мөргүүлж эвдэлчихээд 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр автомашин сольж өгнө гэхээр нь данснаасаа 3,000,000 төгрөгийг 3 удаа, 1,000,000 төгрөгийг 1 удаа АТМ-аас авч өгсөн, ... 4,000,000 төгрөгийг нь буцааж авсан, ... автомашины засварчинд 300,000 төгрөг шилжүүлж өгсөн, ...” гэх мэдүүлэг /3-р хх 54-57, 58-61/,

автомашинд завсар, үйлчилгээ хийсэн баримтууд /3-р хх 98-99/,

эд зүйлийн үнэлгээ /3-р хх 104/,

Хаан банкны дансны хуулга /3-р хх 120-123, 126/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч М.А нь автомашин худалдаж авах зорилгоор шүүгдэгч Д.М-ид нийт 36,789 ам.доллар буюу тухайн үеийн төгрөгтэй харьцах ханшаар 69,809,640 төгрөг шилжүүлсэн нь нотлогдож байхад анхан шатны шүүх хохирлын хэмжээг 78,889,754 төгрөг гэж хэргийн үйл баримтаас зөрүүтэй тогтоосон байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Д.М- нь 2013 оны 9 дүгээр сард Киргиз улс руу хэлний бэлтгэлд суралцах зорилгоор 1 жилийн хугацаатай явсан ба тэнд амьдарч байхдаа ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаагүй болох нь түүний төрсөн эх Н.Отгончулуун, эгч Д.Энхжаргал, төрлийн холбоотой хүн болох У.Энхболор нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Тэрээр Киргиз улсад амьдарч байхдаа огт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэггүй атлаа хохирогч нарыг “жимс импортоор оруулж ирэх бизнест хамтарч ажиллана”, “тансаг зэрэглэлийн автомашин зарна” гэх ор үндэсгүй худал зүйлд итгүүлэн, зарим хохирогчдыг Киргиз улсад урьж, зах худалдааны газруудаар дагуулж явах, жимсний агуулах үзүүлэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлэх замаар их хэмжээний мөнгийг өөртөө шилжүүлэн авсан байх тул уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Д.М-ийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, залилах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

“... Д.М-, М.Агийн орчуулагч Ганзүрх, хуурч банкны баталгаа гаргасан Лхагвасайхан нарын хамт Европ явсан, М.А ах нараараа хөөцөлдүүлж Хятадаас виз авч өгсөн, М.А, Киргиз улсын иргэн Аzamat-тай холбоотой асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй ...” хэмээн өмгөөлөгч Д.Тамир давж заалдах гомдол гаргасан байх боловч энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйн гадна шүүгдэгч Д.М-ийн хохирогч нарт өгсөн амлалт ор үндэсгүй худал зүйл байсан тул гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд өмгөөлөгчийн гомдолд дурьдсан асуудал ач холбогдолгүй гэж үзэв.

Нөгөө талаар, хохирогч М.А нь “автомашины төлбөр” гэсэн гүйлгээний утгаар шүүгдэгч Д.М-ид мөнгө шилжүүлж байсан /1-р хх 115-119/, мөн Azamat Basan Uulu гэх хүний дансаар шилжүүлсэн мөнгийг Д.М- хүлээн авснаа зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Харин хохирогч М.А нийт 36,789 ам.доллар буюу 69,809,640 төгрөг шилжүүлж, Хөх хот явах зардалд 169,200 төгрөг зарцуулсан. Үүнээс 5,000,000 төгрөгийн үнэт эдлэл, 15,000,000 төгрөгийг бэлнээр Д.М-оос хүлээж авснаа мэдүүлсэн. Мөн гуравдугаар хавтаст хэргийн 54-57, 58-61, 98-99, 104, 120-123, 126 хуудаст авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Г.Мөнхцэцэгт 8,581,500 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх хохирогч М.Ад 78,889,754 төгрөгийн, хохирогч Г.Мөнхцэцэгт 11,050,000 төгрөгийн хохирол учирсан мэтээр илүү тооцож хохирлын талаар илт үндэслэл муутай шийдвэр гаргасан. Түүнчлэн шүүгдэгч Д.М- нь нийт 435 хоног цагдан хоригдсон байхад шүүх 456 хоног гэж буруу тооцсон байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч М.А, Г.Мөнхцэцэг нарын хохирол, шүүгдэгч Д.М-ийн цагдан хоригдсон хоногийг зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг нотолсон нотлох баримтын агуулга, түүнд хийсэн хууль зүйн дүгнэлт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгахаар заасан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоол дээрх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Хуульд заасан бүхий л шаардлагыг хангасан тохиолдолд шүүхийн шийдвэрийг хууль ёсны болсон гэж үздэгийг зориуд тэмдэглэж, дээрх зөрчлийг давтан гаргахгүй байхыг анхааруулъя.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “... нийт 456 /дөрвөн зуун тавин зургаа/ хоногийг ...” гэснийг “... нийт 435 хоногийг ...” гэж, тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... 63,889,754 төгрөгийг ...” гэснийг  “... 49,978,040 төгрөгийг...” гэж, мөн заалтад “...11,050,000 төгрөгийг ...” гэснийг “... 8,581,500 төгрөгийг ...” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                 ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН