Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2024/0201/З |
Дугаар | 221/МА2024/0573 |
Огноо | 2024-08-28 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2024/0573
“А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “... “А ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны А/86 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/5851 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “А ” ХХК-ийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн байгууллагад уламжлахыг хариуцагч нарт даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 531 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2024/0201/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “А ” ХХК нь “А ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны А/86 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/5851 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “А ” ХХК-ийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн байгууллагад уламжлахыг хариуцагч нарт даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 531 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 17 дугаар зүйлийн 17.5.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А ” ХХК-ийн гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны А/86 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/5851 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, А ХХК-ийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн байгууллагад уламжлахыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. ... Манай компани нь ашигт малтмалын хайгуулын ХВ-014925 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн үеэс эхлэн Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргээ бүрэн биелүүлж, хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлангаа тогтмол хянуулж, үйл ажиллагааныхаа доод зардлыг баталгаажуулж, Ашигт малтмалын газрын хяналт дор үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны үйл ажиллагаанд бүрэн итгэлтэйгээр үйл ажиллагааны зардлаа гаргаж байсан байтал “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” болон Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах" гэж заасан зохицуулалт хэрэглэгдэхгүй гэж үзэж байгаад нь гомдолтой байна. “А ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-14925 тоот тусгай зөвшөөрлийн геологи, хайгуулын үйл ажиллагааны зардал, бусад зардал, үйлчилгээний хөлс, ээлжит жилийн төлбөрт зардал гаргасан нь илэрхий, тодорхой асуудал бөгөөд энэхүү мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагаварт “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим хэрэглэгдэнэ гэж үзэж байна.
3.2. Анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48 2-т заасан үндэслэлээр манай компанийн тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хууль бус захиргааны акт гэж дүгнэсэн нь хийсвэр дүгнэлт бөгөөд эрүүгийн шүүхээс гэм буруутай албан тушаалтны гэмт үйлдэлтэй нь холбогдуулан шийдвэрлэсэн асуудлыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдсөн Захиргааны ерөнхий хуультай холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг үндэслэлгүйгээр буруутгасан үйлдэл юм.
3.3. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компаниас Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд ашигт малтмалын хайгуулын ХV-019025 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбоотойгоор Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг Ашигт малтмал, газрын тосны газраас хэрэгжүүлэхгүй байгаа тухай гомдлыг гаргасан ба уг гомдлын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03/1331 тоот албан бичгээр гомдлыг судлан үзэхэд, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох эрх бүхий байгууллага нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан үндэслэлээр газрыг төр өөрийн мэдэлд буюу улсын тусгай хэрэгцээнд болон нөөцөд авсан тохиолдолд эрх ашиг нь зөрчигдсөн этгээдэд нөхөх олговор олгож, учирсан хохирлыг барагдуулах талаар зохицуулалт холбогдох хууль тогтоомжид тусгагдсан байна. Тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-014925 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хувьд Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх боломжгүй, улсын болон орон нутгийн хэрэгцээнд, мөн нөөцөд авсан талбайтай хэсэгчлэн буюу бухэлдээ давхацсан тул уг талбайд сонгон шалгаруулалт зарлах боломжгүй нөхцөл байдал үүссэн, түүнчлэн шүүхийн шийдвэрийн дагуу тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосны дараа газрыг тусгай хэрэгцээ"-д болон нөөцөд авсан дээрх шийдвэрүүд батлагдсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4, 24.5-д тус тус заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны улмаас бусдад учирсан гэм хорыг төр өөрөө хариуцан арилгах зарчмыг баримтлан тус компаниас ирүүлсэн гомдлын дагуу нөхөх олговроор талбай дүйцүүлэн авах хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх талаар санал боловсруулж ирүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны А/62 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт уламжилж байна" гэжээ. Үүний дагуу манай компанийн төлөөллийг Ашигт малтмал, газрын тосны газарт дуудан ирүүлж, уулзалт зохион байгуулсан.
3.4. Дээрх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03/1331 тоот албан бичиг, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/10 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Уулзалтын тэмдэглэл зэрэг баримтуудыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гарган өгч, шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэдгээ илэрхийлсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт тус үйл баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй.
3.5. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас манай компанийн гаргасан гомдлын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж ашигт малтмалын хайгуулын ХV-14925 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа уг тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлд нь болон хэсэгчлэн улсын болон орон нутгийн тусгай хамгаалалт, нөөцөд авсан талаар, мөн төрийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны улмаас бусдад учирсач гэм хорыг төр өөрөө хариуцан арилгах зарчмыг баримталсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хохиролгүй болгох үүргээ хариуцагч байгууллагаас биелүүлэхгүй байгааг тогтоосон ч шүүх энэ асуудалд зөрүүтэй дүгнэлтүүд хийсэнд гомдолтой байна.
3.6. ... Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас төрөөс баримтлах бодлого, Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах чиг уүргийн хүрээнд төрийн эрх бүхий байгууллагын уйл ажиллагааны улмаас манай компанид учирсан хохирлыг төр өөрөө хариуцан арилгах үүрэгтэй болохыг тогтоож, журмын зорилгын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эд хөрөнгийн хохирлыг барагдуулахтай холбоотойгоор тусгай зөвшөөрөл эзэмшигч хохирч үлдсэн байгааг тогтоосон байтал шүүх хууль хэрэглээний ерөнхийлсөн болон нарийвчилсан зохицуулалтыг зөв хэрэглэлгүйгээр нөхөх олговрыг шаардах эрхгүй гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.
3.7. ... манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлд нь болон хэсэгчлэн давхцуулан улсын болон орон нутгийн тусгай хамгаалалт, нөөцөд авсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугээр тогтоолын хавсралтаар “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг хэрэгжүүлэн эд хөрөнгийн хохирлыг арилгах боломжгүй болсонтой холбогдуулан нөхөх олговор шаардах үүссэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Учир нь дээр дурдсанаар “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам’’-ын гол зорилго нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг эд хөрөнгийн хохиролгүй болгох, өмнө нь эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэх замаар давуу эрхтэйгээр буцаан олгоход чиглэгдэж байсан нь хориглосон, хязгаарласан газартай давхцалтайн улмаас орхигдсон нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутгах боломжгүй.
3.8. Манай компаниас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдаас шилжүүлэн авч эзэмшиж ирсэн үеэс эхлэн Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөн үйл ажиллагаагаа явуулж, тухайн үедээ зөвхөн геологи, хайгуулын үйл ажиллагааны зардалд 269,178,661 төгрөгийг зарцуулсан ба Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тогтоож өгсөн 106 ширхэг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусад нь ялгаж, зааглах байдлаар хохирлыг барагдуулахгүй хандаж байгаа нь тэгш эрхийн зарчмыг зөрчсөн байна.
3.9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 531 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “А ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/10 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдуулан “А ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны А/86 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/5851 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “А ” ХХК-ийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн байгууллагад уламжлахыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
2.2. Анхан шатны шүүх “...Энэ журмын дагуу сонгон шалгаруулалтын босго үнэ баталгаажуулж сонгон шалгаруулалтаар тухайн талбайг олгоход тухайн талбай Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2-т заасан тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх шаардлагыг хангах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн шилжүүлэн авсан тусгай зөвшөөрөл бүхий тухайн талбай дээрх байдлаар энэ шаардлагыг хангаагүй буюу эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрээр улсын болон орон нутгийн тусгай хамгаалалт, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон талбайтай бүхэлдээ давхцалтай болох нь илэрхий болсон, ийнхүү давхцалтай болохыг нэхэмжлэгч 2019 онд мэдэж байсан, энэ талаар маргаагүй … сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох боломжгүй үндэслэлийг буюу улсын, орон нутгийн тусгай хамгаалалт, нөөцөд авсан, мөн хуулиар хориглосон талбайтай бүхэлдээ давхцалтай үндэслэлээр тухайн талбайд сонгон шалгаруулалтын босго үнэ баталгаажуулах, сонгон шалгаруулалтын талбайгаар зарлах боломжгүй гэсэн ажлын хэсгийн татгалзал үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй. Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам нь нөхөн олговор олгох, дүйцүүлэн талбай олгох зохицуулалт агуулаагүй тул энэ үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/57 тоот албан бичгээртатгалзсан нь хууль зүйн үндэслэл бүхий байна” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Элбэг нэртэй 87198.99 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-014925 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184 дүгээр шийдвэрээр “Ө” ХХК-д олгож, үүний дараа 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 771 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “А ” ХХК-д шилжүүлж, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор ... Ашигт малтмалын тухай хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгогдсон 106 тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгосон, үүнд “Ө” ХХК-д ашигт малтмалын хайгуулын ХВ-014925 дугаартай тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184 дүгээр шийдвэр багтсан тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 457 дугаар шийдвэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлж, “А ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
2.4. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон Ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрөлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангаж, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолын баталжээ.
2.5. Улмаар “А ” ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2023/004 тоот албан бичгээр тухайн талбайд сонгон шалгаруулалт зарлуулах хүсэлт гаргасанд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/86 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/5851 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн талбай нь улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай үндэслэлээр босго үнэ баталгаажуулах, сонгон шалгаруулалт зарлах боломжгүй гэж татгалзсан нь буруу байна.
2.6. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.1.1-д “геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, биелэлтийг хангах”, 10.1.3-д “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах”, 10.1.19-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
2.7. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоол нь дээрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанаас хамааралтай бус, буруутай албан тушаалтны хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгөөр хохирсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нарыг эд хөрөнгийн хохиролгүй болгох зорилгыг агуулсан байхад нэхэмжлэгч компаний эзэмшиж байсан XB-014925 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Улсын Их Хурлын 1993 оны 83 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Говь гурван сайхан нэртэй газартай хэсэгчлэн, Улсын Их Хурлын 2016 оны 35 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан Тост, Тосон бумба нэртэй газартай хэсэгчлэн, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан газрын 2019 оны 89 дүгээр тогтоолоо авсан нөөцөд авсан Зангат 50 нэртэй талбайтай хэсэгчлэн, Өмнөговь аймгийн иргэдийн Гурван тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 13/09 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Нарийн уул, Даацын хоолой нэртэй газруудтай тус тус хэсэгчлэн давхцалтай байх тул сонгон шалгаруулалт зарлах боломжгүй гэх хариуг өгсөн Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/5851 тоот албан бичиг нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй.
2.8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “А ” ХХК нь “Ө” ХХК-иас хууль ёсны дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 771 дүгээр тушаалаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Элбэг хөндий нэртэй 87297,86 гектар талбай бүхий 14925х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн, авч зохих ёсоор үйл ажиллагаа явуулж байсан үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.
2.9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “А ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны А/86 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/5851 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоох” шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.10. Гэхдээ шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдаж, хариуцагчаас нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн байгууллагад уламжлахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд буюу зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэв.
2.11. Мөн “А ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны А/86 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/5851 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “А ” ХХК-ийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн байгууллагад уламжлахыг хариуцагч нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалтыг яаралтай хугацаанд зарлаж өгөх зорилгыг агуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д хамааруулан дүгнэлт хийж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын цар хүрээнээс хальсан” гэх гомдол үндэслэлтэй.
2.12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 531 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “А ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны А/86 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/5851 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “А ” ХХК-ийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн байгууллагад уламжлах эсэх асуудлыг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ