Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/200

 

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр                         2022/ШЦТ/200                           Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч М.Сумъяа

Иргэний нэхэмжлэгч *******

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч Г.Амарсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн

Шүүгдэгч Х.Итгэлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Итгэлтэд холбогдох 2230000000075 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 27 настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эцгийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багт оршин суух, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан РД:******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Х.Итгэлт нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг, Овоотын задгай тоотод 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн үед  *******ын биед халдан чулуугаар цохиж зодож эрүүл мэндэд нь тархины няцрал хүнд хэлбэр, гавал тархины 2 талын чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, гавлын суурь ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

 

Шүүгдэгч Х.Итгэлт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сард сумын төв орж архи уусан. Нэг мэдсэн *******тай муудсан байсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна. Надад ямар нэгэн санаа зорилго, өс санасан зүйл байгаагүй. Намайг уучлаарай гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирол барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.

 

Иргэний нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлнө гэсний дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн байна. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хэвтэн эмчлүүлсэн 1,663,691 төгрөг нь цахим хяналтаар хасагдсан байгаа. Одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүн 469,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч *******ын “...Би 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 цагийн үед хөдөө гэрээсээ Дарьганга сумын төвд өөрийн Бонго маркийн машинтай өөрийн аав Сумьяагийнд ирсэн юм. Тэгээд эхнэр хүүхдээ аавындаа буулгачхаад манай саахалт айлын хүн болох А.Баярсайхан гэх хүнтэй өөрийнхөө машинтай сумын урд байх Дагшин булаг руу 14 цаг орчим очсон...Бид хоёр мөсөө ачаад буцаад сум руу орж Гансүхийн гэх айл руу машины сэлбэг асуухаар тэдний рүү очиход Гансүх хойд орон дээрээ согтуу сууж байсан. Намайг ирэхийг бол Гансүх нь мэдсэн. Гансүхийн гэрийн зүүн хойд талын ширээний зүүн талд Итгэлт, гэрийн баруун орон дээр Буянаа гэх залуу согтуу байсан. Буянаа  нь өмнөө жижгэвтэр шилтэй архитай байсан санаж байна. Гансүхийнд орох үед Баярсайхан надтай цуг орсон. Тэгэхээр нь би юм хэлэхгүй гэрээс гарч машиндаа суучхаад хөдлөх гэж байхад Гансүхийн гэрээс Итгэлт гарч ирээд миний машины шилийг хагалах гээд дайраад байсан. Баярсайхан Итгэлтийг хориод “чи хүний машины шил хагаллаа” гээд байсан. Тэгээд машинаас гараад байж байхад гэнэт миний толгой руу нэг юм онох шиг болоод тэрнээс хойш юу ч санахгүй нэг мэдэхэд сумынхаа эмнэлэгт сэрсэн. Сумын эмнэлгээс намайг аймгийн эмнэлэг рүү шилжүүлсэн. “Толгойны чамархай хэсгээр хагарч хугарсан байна” гэж эмч хэлсэн. Нэг удаа хагалгаа хийлгэсэн...Би Итгэлтээс эмчилгээний зардал болон бусад зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа дараа гаргаж өгнө. Болсон асуудлыг бол надтай цуг явж байсан Баярсайхан сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 х /,

 

Хохирогч *******ын “...Би Баярсайхантай мөс авах үедээ пиво уусан. Тэрийг дуусгасан. Тэгээд Гансүхийнх рүү очсон. Итгэлт над руу дайраад байсан. Бие засаж байх үед  гэнэт толгой дээр хатуу юм оноод ухаан санаагаа алдсан. Баярсайхан хажууд байсан санаад байна. Ухаан орох үед Итгэлт нь намайг гараараа заамдаад Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Толгой дээр юм оноод ухаан санаагаа алдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 х/,

 

Иргэний нэхэмжлэгч *******гийн “...******* нь Эрүүл мэндийн даатгалаас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэмтлийн яаралтай 150,000 төгрөг, Дарьганга суманд гэрийн тусламж үйлчилгээ 50,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний хооронд амбулаторийн үзлэг 30,000 төгрөг, 2022 оны 02 дугаар 14-нд 53,000 төгрөг, амбулаторийн оношилгоо шинжилгээ, 2022 оны 01 дүгээр сарын 26-нд хэвтэн эмчлүүлсэн 1,663,691 төгрөг нийт 1,946,691 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Эрүүлийн мэндийн даатгалын сангаас гаргасан мөнгө учраас 1,946,691 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн  100900020080 дугаарын данс руу гэм буруутай иргэнээр төлүүлэхээр нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 х/,

 

Гэрч ******* “...Өсөхбаяр тамхи татаад сууж байтал Итгэлт нь “гар гадна гарч  тамхиа тат” гээд баруун гараараа цээжин тус газар нэг цохисон, цохингуут нь би “юу гэж Өсөхбаяр руу яагаад дайраад байгаа юм бэ?” гэж Итгэлтэд нь Итгэлтэд нь заамдаад гэрээс чирч гаргасан. Тэгээд би Өсөхбаярыг аваад машиндаа суугаад хаалгаа цоожлоод хөдлөх гэж байтал хаалга түгжлээ гээд Өсөхбаярыг машинаас татаад буулгасан би жолооны руль дээр байсан учраас буугаад Итгэлтийг барьж авсан. Өсөхбаяр  бие засах гээд цааш явсан хойно нь Итгэлт, Өсөхбаярын машин руу нь дайраад “цонхийг нь хагална, би төлөөд өгөх чадвартай” гээд бархираад байсан би “чи юугаараа төлдөг юм бэ” гэж хэлтэл “би малтай хүн” гээд дайраад байж байтал Өсөхбаяр машины цаанаас бие засчхаад ирж явтал Итгэлт Өсөхбаяр руу дайраад “архигүй бол юунд ирдэг юм” гээд Итгэлт машины урдуур гүйж гараад том хад аваад шидсэн чинь Өсөхбаярын духан тус газар оноод арагшаа саваад ойчиж ухаан алдсан. Би Итгэлтийг өөдөөс “чи хүн аллаа” гэсэн чинь “би ална” гээд дайраад байсан. “би шоронд яваад ирэх чадалтай хүн” гээд байсан. Сүүлдээ Итгэлт над руу дайраад байхаар нь би аргадаад хашааны баруун талд гаргачхаад хүн дуудах гээд баз Батболдын аав Чулуунбаатар ахынх руу орж Батболдыг дуудах гэхэд Батболд байгаагүй. Тэгэхээр нь Батболдын хүүхдийн утсыг аваад Батболд руу залгаж “Өсөхбаярыг Итгэлт зодоод байна. Чи очиж ав аа” гэж хэлчхээд гэр рүү явсан. Би айгаад гэртээ очоод даралт ихсээд сүйд болсон. Гэхдээ намайг бол ямар нэгэн байдлаар цохисон зүйл бол байхгүй ээ...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 25-26 х/,

 

Гэрч ******* “...Тэр үед цаг 16 цаг орчим болж байсан санаад байна. 20-30 минутын дараа Баярсайхан над руу залгаад “Өсөхөө хүн зодчихлоо ирж ав аа Эрдэнэсүхийн гадна байна” гэж ярьсан...Би Эрдэнэсүхийнх рүү ороход Гансүх ах согтуу ганцаараа унтаж байсан. Тэдний гэрийн урд талд Өсөхбаярын машин байсан бөгөөд Өсөхбаяр нь машин дотроо нүүр ам цус болчихсон, татаад байхад сэрэхгүй байхаар нь машиныг унаад...Өсөхбаярын аав Сумъяагийнх руу явж Өсөхбаярыг хүлээлгэж өгчхөөд сумынхаа цагдаад мэдэгдсэн. Тэгээд буцаж ирээд эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 43-44 х/,

 

Гэрч ******* “...2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвд байх гэртээ сургуулийнхаа хүүхэд Тэмүүлэнтэй цуг байж байхад манай хүү Өсөхбаяр нь өөрийнхөө цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр Хонгороо, охин Хулан, хүү Галхүү, охин Халиунаа нарын хамт 11 цагийн орчим сумынхаа Дагшин эхээс мөс авна гэж ирсэн. Өсөхбаярынх сумаас баруун урагш 30 гаруй км-т Үндэст гэх газарт байдаг. Тэгээд эхнэр хүүхдээ орхичхоод өөрийнхөө машинтай мөсөнд ганцаараа явсан. Орой яг хэдэн цагийн санахгүй байна, гэгээ тасарч байхад Батболд, Өсөхбаярын саахалт айлын хүн Өсөхбаярыг манайх руу оруулж өгсөн. Өсөхбаяр нь цусандаа холилдсон байхаар нь “энэ яасан юм бэ? Архи уусан юм уу” гэж асуухад Батболд “үгүй ээ архи уугаагүй байхаа, намайг гэртээ байхад Баярсайхан ирээд Эрдэнэсүхийн гэрт Өсөхбаярыг Итгэлт зодоод байна гэхээр би тэднийх рүү очсон. Тэр үед Өсөхбаяр машиндаа хэвтэж байсан. Тэгээд би аваад ирлээ” гэж надад хэлсэн. Тэр шөнөдөө сумын эмнэлэг рүү залгаж эмнэлэгт хүргэсэн. Маргааш нь аймгийн төв рүү хүргэгдэж ирсэн юм. Аймагт ирээд 1 удаа мэс засалд орж, эмнэлэгт 10 гаруй хоног хэвтсэн. Одоо шаардлагатай эмчилгээг хийлгэж байгаа. Бид нар эмчилгээнийхээ баримтыг бүрдүүлж мөнгөө нэхэмжилнэ. Ер нь эрүүл саруул хүүг маань зодож ийм байдалд хүргэсэнд нь маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 х/,

 

Гэрч ******* “...Би 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр жижүүрийн эмчээр гарсан тус өдөр манай сувилагч Б.Уянга нь “хүн цусаар бөөлжөөд байна” гэж намайг дуудсан. Тэгээд эмнэлэг дээр очиход ******* гэдэг хүн архи уусан согтолттой чихнээс нь цус гарсан, зүүн талын хүүхэн хараа нь өргөссөн, даралт 140/90 байсан, зүрхний цохилт, хүчилтөрөгч хэвийн үзүүлэлттэй байсан. Тархины гэмтэлтэй байсан. “Өөр ямар зовуурь байна уу” гэхэд хариулахгүй байсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг рүү 13А маягтаар явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 х/,

 

Гэрч ******* “...2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орой Х.Итгэлт 18 цагийн үед “хөдөөнөөс дөнгөж орж ирлээ” гээд манайд орж ирсэн хоол идчихээд толгой хүзүүгээ угаачхаад хоночхоод байж байтал өглөө эрт “хэсгийн төлөөлөгч дуудаж байна” гээд манайхаас гарсан. Архи уугаагүй байсан. Хоол идчихээд толгой хүзүүгээ угаачхаад унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 х /,

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 110 дугаартай “...*******ын биед тархины няцрал хүнд хэлбэр, гавал тархины 2 талын чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, гавлын суурь ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна...Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 70-71 х/

 

Яллагдагч Ж.Итгэлтийн  “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 цагийн орчим Гансүх гэх айлынд нутгийн ах Жаргал гэх хүний хамт нэг шил 0.5 л Хараа нэртэй архитай очсон. Тэгэхэд Гансүх ах ганцаараа байсан. Тэгээд бид гурав 0.5 л Хараа нэртэй архийг хувааж уугаад дуусаж байхад 13 цагийн орчим Өсөхөөгийн баз гэх Бямбадорж гэдэг ах ирсэн. Тэгээд Бямбаа, Гансүх ах хоёр явж 2.5 л хэмжээтэй пиво, 0.75 л 2 ширхэг хараа нэртэй архи авчирсан. Тэр үед 14 цаг болж байсан байх.Тус 1 пиво болон 1 шил архины талд нь оруулаад Бямбаа ах ажилтай гээд явсан. Үлдсэн тал архи болон бүтэн архийг Гансүх, Жаргал ах бид гурав уусан байх. Ямар ч байсан Бямбаа ахыг явсныг санаад байгаа юм. Тэрнээс хойш юу болсныг огт санахгүй байна. Өглөө нь Буддорж гээд ахындаа сэрэхэд хүмүүс над руу залгаад чи Өсөхбаярыг цохисон байна гээд цагдаа дээр очсон. Би Өсөхбаяртай муудсанаа бол огт санахгүй байна. Буддорж гэх айлынд яаж очсоноо ч санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 х/,

*******ын өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 109-149 х/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 95-99 х/

 

Шүүгдэгч Х.Итгэлтийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 х/

 

Шүүгдэгч Х.Итгэлтийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 87 х/

 

Шүүгдэгч Х.Итгэлтийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88 х/

 

Хохирогч *******ын өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 109-149 х/

 

Хохирол нэхэмжилсэн баримтууд,  гэрэл зураг, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 154 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Х.Итгэлт нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг, Овоотын задгай тоотод 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн үед  *******ын биед халдан чулуугаар цохиж зодож эрүүл мэндэд нь тархины няцрал хүнд хэлбэр, гавал тархины 2 талын чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, гавлын суурь ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч  *******ын “ ... Гансүхийн гэрээс Итгэлт гарч ирээд миний машины шилийг хагалах гээд дайраад байсан. Баярсайхан Итгэлтийг хориод “чи хүний машины шил хагаллаа” гээд байсан. Тэгээд машинаас гараад байж байхад гэнэт миний толгой руу нэг юм онох шиг болоод тэрнээс хойш юу ч санахгүй нэг мэдэхэд сумынхаа эмнэлэгт сэрсэн. Сумын эмнэлгээс намайг аймгийн эмнэлэг рүү шилжүүлсэн. “Толгойны чамархай хэсгээр хагарч хугарсан байна” гэж эмч хэлсэн...” гэх,

Иргэний нэхэмжлэгч *******гийн “...******* нь Эрүүл мэндийн даатгалаас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэмтлийн яаралтай 150,000 төгрөг, Дарьганга суманд гэрийн тусламж үйлчилгээ 50,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний хооронд амбулаторийн үзлэг 30,000 төгрөг, 2022 оны 02 дугаар 14-нд 53,000 төгрөг, амбулаторийн оношилгоо шинжилгээ, 2022 оны 01 дүгээр сарын 26-нд хэвтэн эмчлүүлсэн 1,663,691 төгрөг нийт 1,946,691 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Эрүүлийн мэндийн даатгалын сангаас гаргасан мөнгө учраас 1,946,691 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн  100900020080 дугаарын данс руу гэм буруутай иргэнээр төлүүлэхээр нэхэмжилж байна... гэх,

Гэрч А..Баярсайханы “...Өсөхбаяр  бие засах гээд цааш явсан хойно нь Итгэлт, Өсөхбаярын машин руу нь дайраад “цонхийг нь хагална, би төлөөд өгөх чадвартай” гээд бархираад байсан би “чи юугаараа төлдөг юм бэ” гэж хэлтэл “би малтай хүн” гээд дайраад байж байтал Өсөхбаяр машины цаанаас бие засчхаад ирж явтал Итгэлт Өсөхбаяр руу дайраад “архигүй бол юунд ирдэг юм” гээд Итгэлт машины урдуур гүйж гараад том хад аваад шидсэн чинь Өсөхбаярын духан тус газар оноод арагшаа саваад ойчиж ухаан алдсан... гэх,

Гэрч ******* “...Тэдний гэрийн урд талд Өсөхбаярын машин байсан бөгөөд Өсөхбаяр нь машин дотроо нүүр ам цус болчихсон, татаад байхад сэрэхгүй байхаар нь машиныг унаад...Өсөхбаярын аав Сумъяагийнх руу явж Өсөхбаярыг хүлээлгэж өгчхөөд сумынхаа цагдаад мэдэгдсэн. Тэгээд буцаж ирээд эмнэлэгт хүргэж өгсөн...гэх,

Гэрч ******* “...Орой яг хэдэн цагийн санахгүй байна, гэгээ тасарч байхад Батболд, Өсөхбаярын саахалт айлын хүн Өсөхбаярыг манайх руу оруулж өгсөн. Өсөхбаяр нь цусандаа холилдсон байхаар нь “энэ яасан юм бэ? Архи уусан юм уу” гэж асуухад Батболд “үгүй ээ архи уугаагүй байхаа, намайг гэртээ байхад Баярсайхан ирээд Эрдэнэсүхийн гэрт Өсөхбаярыг Итгэлт зодоод байна гэхээр би тэднийх рүү очсон. Тэр үед Өсөхбаяр машиндаа хэвтэж байсан. Тэгээд би аваад ирлээ” гэж надад хэлсэн...” гэх

Гэрч ******* “...Би 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр жижүүрийн эмчээр гарсан тус өдөр манай сувилагч Б.Уянга нь “хүн цусаар бөөлжөөд байна” гэж намайг дуудсан. Тэгээд эмнэлэг дээр очиход ******* гэдэг хүн архи уусан согтолттой чихнээс нь цус гарсан, зүүн талын хүүхэн хараа нь өргөссөн, даралт 140/90 байсан, зүрхний цохилт, хүчилтөрөгч хэвийн үзүүлэлттэй байсан. Тархины гэмтэлтэй байсан. “Өөр ямар зовуурь байна уу” гэхэд хариулахгүй байсан...” гэх,

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад А.Болор-Эрдэнийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 110 дугаартай“...*******ын биед тархины няцрал хүнд хэлбэр, гавал тархины 2 талын чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, гавлын суурь ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна...Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Х.Итгэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

Улсын яллагчаас: Шүүгдэгч Х.Итгэлт нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг, Овоотын задгай тоотод 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн үед  *******ын биед халдан чулуугаар цохиж зодож эрүүл мэндэд нь тархины няцрал хүнд хэлбэр, гавал тархины 2 талын чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, гавлын суурь ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Х.Итгэлт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******ын биед халдан чулуугаар цохиж, зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлсэн. Хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүдэгч Х.Итгэлтийг гэм буруутайд тооцох гэсэн дүгнэлтийг, 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн хувьд хуулиар гэм буруутай этгээд төлөхөөр заагдсан  хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Албан тоот биш канондсон хуудас байгаа. Нотлох баримтаа хангалттай цуглуулсны дараа нь иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж байгаа төлбөрийн хувьд төлөх боломжгүй гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Х.Итгэлт нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж чулуугаар цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ын толгой хэсэгт чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд нь тархины няцрал хүнд хэлбэр, гавал тархины 2 талын чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, гавлын суурь ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Х.Итгэлт нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.Итгэлтийг  “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан боловч прокурорын шатанд байхдаа алга болсон бөгөөд шүүгдэгчийг Улаанбаатар хотод байхад нь барьж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Энэ байдлыг харахад түүнийг хийсэн үйлдэлдээ гэмшиж ухаараагүй, өөрийн гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Мөн хохирогчтой холбоо тогтоогоогүй, хохирлыг шүүхийн шатанд төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан үзэж Шүүгдэгч Х.Итгэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байгаа. Хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ хэлдэг. Шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлөхөөр чөлөө авч Улаанбаатар хот руу хэдэн адуу авч явсан. Адуу зарсан мөнгөө авч чадалгүй чөлөөний хугацаа хэтрүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл байдаг. Иймд торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон эрхэлсэн ажилгүй, хөрөнгө орлогогүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Итгэлтэд ял шийтгэл оногдуулахад эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Х.Итгэлтийг торгох ялаар шийтгэх санал гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй бөгөөд тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлогогүй болох нь хавтаст хэрэгт авсагдсан баримтаар тогтоогдож байна.  Иймд шүүгдэгч Х.Итгэлтэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байгаа зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, шүүгдэгч Х.Итгэлтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Итгэлтэд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Итгэлтийн  үйлдлийн улмаас хохирогч *******ын биед хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ “миний эмчилгээний зардалд 2,320,000 төгрөг зарцуулагдсан бөгөөд Итгэлтийн зүгээс 2 шүдлэн үхэр, 1 бяруу өгсөн болно. Одоогоор нэхэмжлэх зүйлгүй, гомдол тэмцэлгүй” гэжээ.

Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд буюу төрд учирсан хохиролд 496,691  төгрөг нэхэмжилсэн бөгөөд түүний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч Х.Итгэлт нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч Х.Итгэлтэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Итгэлтийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Итгэлтэд оногдуулсан  1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Итгэлтэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч ******* нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

7. Шүүгдэгч Х.Итгэлт энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Х.Итгэлт энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч *******т хохирол төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР