Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/203

 

2022                 10             21                                           2022/ШЦТ/203               

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Энх-Амгалан

Иргэний нэхэмжлэгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2130000000272 дугаартай  хэргийг  2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сум Өргөн дэрс гэх газарт оршин суух  /РД:*******/, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 08 дугаар сарын 17-ны Сүхбаатар аймгийн ******* сумын 5 баг ******* гэх газарт Ө.Батхолбоотой таарамжгүй харилцаа үүсгэж түүний цээжний зүүн хэсэгт хутгаар хатгаж зүсаэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч ******* шүүхийн хуралдаанд  мэдүүлэхдээ: Эрүүл мэндийн даатгалын хуулийн 11 дүгээр зүйлийн 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлнө гэсэн хуулийн заалтыг үндэслээд Өлзийбат овогтой Батхолбоогийн ******* сумын эрүүл мэндийн төвд эмчлүүлсэн 230.000 төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардлыг төлүүлнэ гэв.

 

Хохирогч ******* “...Би тухайн өдөр ******* сумын 5-р баг, “Гүн гуу” гэх газар байдаг өөрийн гэрээсээ гарч хамаатан ******* ахынх руу орой 17:00 цагийн орчим очсон юм. ******* ах надад 0.75 литрийн монгол стандарт нэртэй архи гаргаж өгсөн. Бид хоёр хамт уусан. Тэгээд би ууж дуусаад гэр рүүгээ явах гээд мотоцикльтойгоо дөнгөж хөдөлтөл араас нэг нь дуудах шиг болсон. Би буцаад очтол ******* ахын эхнэр Н.Адъяа эгч зуны амбаараасаа гараад тугалынхаа хашаа руу явахдаа “ах чинь хутга барих шиг боллоо шүү” гэж хэлсэн. Тэгээд би зуны амбаар руу очсон чинь Нармандах ах хар иштэй хутга барьчихсан зогсож байсан. Би гайхаад “та чинь хутга бариад яах гэж байгаа юм бэ?” гэхэд ******* ах шууд ирээд зүүн эгэм тус газар хутгаа зоосон. Тэгээд би хутгыг нь булааж авах гэж амбаар дотор дээр доороо ороод ноцолдсон. Би ******* ахын хутгатай гараас нь хутгыг нь авах гэж ноцолдсон. Тэгсэн Адъяа эгч гаднаас орж ирээд ******* ахын гараас хутгыг нь авч байсан. Тэгээд би цусаа гоожуулаад амбаараас гараад газар унасан. Н.Адъяа эгч, ******* ах 2 хөвөн, маарал авч ирээд миний шарх дээр дарж байсан. Цус тогтохгүй их цус алдсан байх гэж бодож байна. Би  өөрөө Н.Адъяа эгчийг түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд хэвтэж байтал түргэний машин 1 цаг гаруй хугацааны дараа ирсэн. Тэр болтол би гадаа шархаа дараад хэвтэж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18х/

 

Иргэний нэхэмжлэгч *******н “...Уг хэрэгт манай байгууллагаас намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон учраас уг хэрэгт оролцоход татгалзах зүйл байхгүй. Уг хэргийн хохирогч Ө.Батхолбоо нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс эрүүл мэндийн даатгалын сангаас 230,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байсан тул уг хэргийг үйлдсэн буруутай этгээдээс тус мөнгийг гаргуулан авч даатгалын санд хийлгэмээр байна. Уг мөнгийг манай байгууллагын 100900020080 дугаартай дансанд хийх ёстой байгаа. Уг гэмт хэрийг үйлдсэн этгээдээр нийт 206,000 төгрөгийг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Уг мөнгийг төлсөн тохиолдолд миний зүгээс болон манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/

 

Гэрч ******* “...2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* сумын 5 дугаар багийн нутаг “*******” гэх газарт байх өөрийн гэртээ /зуны амбаарт/ нөхөр *******ын хамт байсан. Үдээс хойш 15 цагийн орчим манай аавын дүүгийн хүүхэд болох Батхолбоо гэх залуу мотоциклтой ганцаараа ирсэн. Ө.Батхолбоо манайд ирээд юм ярьж хэсэг сууж байгаад надаас нэрмэл архи байна уу? гэж асуухаар нь би манайх тогоо нэрээгүй ээ, нэрмэл архи алга байна гэж хэлсэн. Ө.Батхолбоо манайд юм ярьж хэсэг хүлээгээд суусан. Манай нөхөр ******* том гэрийн буйдан доор байсан 0.75 литрийн монгол стандарт нэртэй 1 шил архийг Батхолбоод гаргаж өгсөн. Тэгээд *******, Ө.Батхолбоо 2 нэг архиа хувааж ууж дуусгасан. Ө.Батхолбоо архи дууссаны дараа явлаа гээд манай зуны амбаараас гарч явсан. Тэгсэн ******* Ө.Батхолбоотой хамт явна гээд араас нь дагаад гарсан. Би тэр 2-ын араас гарч очоод *******ыг “чи явж яах гээд байгаа юм бэ? хэрэггүй” гэхэд, Ө.Батхолбоо цаанаас нь “дүү нь таныг авч явахгүй ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ө.Батхолбоо, ******* 2-ыг загнаад гэрт орж унт гэж хэлээд, тугалынхаа хашаа руу явж байсан. Намайг орж унт гэж хэлээд явахад Ө.Батхолбоо манай монгол гэр рүү орсон байсан. ******* гэрийн гадаа зогсож байсан. Тэгээд би тугалын хашаа дээр очтол Ө.Батхолбоо зуны амбаарт хашгараад эхэлсэн. Би гайхаад сандраад амбаар руу яваад очтол манай нөхөр ******* хутга барьчихсан Ө.Батхолбоо руу дайрсан байдалтай, Ө.Батхолбоо “хутга шаачихлаа” гээд *******ын хутгатай гарыг барьчихсан зууралдаад зогсож байсан. Би шууд *******ын гараас нь хутгыг нь салгасан. Тэр 2 зууралдаад амбаараас гарсан. ******* хүзүү тус газраас цус нь урсаад байсан. Би том гэр лүү гүйгээд маарал авч ирээд ******* цус гарч байгаа газарт нь маарлаар дарсан” гэх мэдүүлэг /хх-ийн  30-31х/,

 

Гэрч ******* “...2022 оны 08 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим ******* сумын Эрүүл мэндийн төвийн эмч Цэнджаргал цагдаагийн хэсэг дээр өөрийн биеэр ирж 5 дугаар багийн нутаг “*******н бригад” гэх газар хүн хутгалуулсан дуудлага ирлээ хамт явъя гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн машин болон цагдаагийн албаны машинтай ******* сумын 5 дугаар багийн нутаг “*******н бригад” гэх газар дуудлагад очсон. Тус сумын 5 дугаар багийн иргэн Ө.Батхолбоо нь ******* гэх хүнд эгэм хэсэгтээ хутгалуулсан цус алдсан байдалтай газар хэвтэж байсан. Сумын эмч Цэнджаргал Ө.Батхолбоод анхан шатны тусламж үзүүлээд сумын төв рүү эмнэлэг рүү авч явсан. Би ******* гэх хүнийг сумын төв дээр цагдаагийн хэсэг дээр авч ирж аймгийн төвөөс бүрэлдэхүүн иртэл түр саатуулсан. Би хэргийн газар дээрээс хар өнгийн иштэй хутгыг хураан авч ажилласан” гэх мэдүүлэг /хх-ийн 33х/

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 446 дугаартай “ ....1. ******* биед цээжний зүүн хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43 х/,

 

Яллагдагч *******ын “...Би 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* сумын 5 дугаар баг, “*******” гэх газарт байрлах гэртээ эхнэрийн хамт байж байхад манай эхнэрийн талын хамаатан дүү болох Батхолбоо манайд мотоциклтой ганцаараа ирсэн. Тэгээд Батхолбоо манайд хэсэг юм ярьж суусан. Батхолбоо манайхыг тогоо нэрж байгаа талаар асуугаад байхаар нь би том гэрээсээ 0.75 литрийн нэг шил “Монгол стандарт” нэртэй архи гаргаж өгсөн. Батхолбоо бид хоёр манай зуны амбаарт хамт хувааж уусан. Би уусан архиндаа согтоод Батхолбоог гэр рүүгээ явна гээд мотоциклтойгоо хөдлөх гэхээр нь би хамт явна гэхэд Батхолбоо та гэртээ үлд, би таныг авч явахгүй гэсэн. Тэгээд би хамт явна гээд Батхолбоотой зуны амбаарт маргалдсан. Тэгээд би гал тогооны тавиур дээр байсан хар өнгийн иштэй хутгыг аваад Батхолбоогийн хүзүү хэсэгт дүрж хутгалсан. Батхолбоо миний гараас хутгыг авах гэж надтай зууралдсан. Тэгж байтал манай эхнэр гаднаас орж ирээд миний гараас хутгыг авч байсан. Тэгээд би гэнэт ухаан ороод сандраад том гэрээс маарал авч ирээд Батхолбоогийн хүзүүнээс гарсан цусыг тогтоох гэж оролдсон. Эхнэр сумын эмнэлэг рүү түргэн дуудсан байсан. Цаг гаруй хугацааны дараа эмч, цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх 55-56х/ зэрэг болон бусад нотлох баримтууд

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 х/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн  10 х/

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 х/

 

Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 62 х/

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 х/,

Хохирогч ******* гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 72 х/  зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 08 дугаар сарын 17-ны Сүхбаатар аймгийн ******* сумын 5 баг ******* гэх газарт Ө.Батхолбоотой таарамжгүй харилцаа үүсгэж түүний цээжний зүүн хэсэгт хутгаар хатгаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч  ******* “ ...Тэгээд би зуны амбаар руу очсон чинь Нармандах ах хар иштэй хутга барьчихсан зогсож байсан. Би гайхаад “та чинь хутга бариад яах гэж байгаа юм бэ?” гэхэд ******* ах шууд ирээд зүүн эгэм тус газар хутгаа зоосон....” гэх,

Гэрч ******* “...Тэгээд би тугалын хашаа дээр очтол Ө.Батхолбоо зуны амбаарт хашгараад эхэлсэн. Би гайхаад сандраад амбаар руу яваад очтол манай нөхөр ******* хутга барьчихсан Ө.Батхолбоо руу дайрсан байдалтай, Ө.Батхолбоо “хутга шаачихлаа” гээд *******ын хутгатай гарыг барьчихсан зууралдаад зогсож байсан.... гэх,

Гэрч ******* “...Тус сумын 5 дугаар багийн иргэн Ө.Батхолбоо нь ******* гэх хүнд эгэм хэсэгтээ хутгалуулсан цус алдсан байдалтай газар хэвтэж байсан. Сумын эмч Цэнджаргал Ө.Батхолбоод анхан шатны тусламж үзүүлээд сумын төв рүү эмнэлэг рүү авч явсан... гэх   мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 446 дугаартай “ ....1. ******* биед цээжний зүүн хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дүгээр баг “*******” гэх газар оршин суух Ө.Батхолбоотой таарамжгүй харилцаа үүсгэж улмаар цээж хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна гэв.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж заазуураар зүсэхэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* цээжний зүүн хэсэгт хутгаар зүсэж, түүний эрүүл мэндэд нь биед цээжний зүүн хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ыг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон тогтсон мал маллаж амьдардаг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт  мэдүүлжээ.

   Хохирогч Ө.Батхолбоо нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралд “Өлзийбат овогтой Батхолбоогийн ******* сумын эрүүл мэндийн төвд эмчлүүлсэн 230.000 төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардлыг төлүүлнэ” гэж мэдүүлжээ.

 

Шүүгдэгч *******ыг үйлдлийн улмаас хохирогч Ө.Батхолбоо нь Эрүүл мэндийн даатгалын  сангаас 230,000 төгрөгийн эмийн эмчилгээ авсан болох нь  ЭМДЕГ-ын цахим системийн баримтаа тогтоогдож байна.

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу *******аас 230,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 25 см урттай хар өнгийн хуванцар бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдсугай.

 

 Шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 500  /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 230,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ө.Батхолбоо нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “25см урттай хар өнгийн хуванцар бариултай хутгыгшийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай

 

9. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хохирогч Ө.Батхолбоо гомдолгүй нэхэмжлэх, зүйлгүй гэсэн, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч,  иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР