| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2022/0208/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/208 |
| Огноо | 2022-10-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/208
2022 оны 10 сарын 26 2022/ШЦТ/208 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Б.Батнасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн *******д холбогдох 2230000000271 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 1986 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр баг, Хийдийн 1-2 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:*******,*******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 23-аас 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт байхдаа хохирогч ******* “бяруу цуглуулж” өгнө гэж худал хэлж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнийг залилан 8,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.
Хохирогч Д.Галбадрахын: “...2021 оны 11 дүгээр сард Жамцаа гэх залуугаас малаа авах гэж ирэхэд та ******* гэх хүнээс 14 тооны хонь, ямаа аваарай гэж хэлсэн юм. Тэгээд би Сэлэнгээ гэх хүнтэй уулзаж анх танилцсан. Тухайн үед би Сэлэнгээ гэх залуугийн гэрээр нь орж цай хоол идчихээд малаа аваад Улаанбаатар хот руу явсан юм. Намайг хотод очоод байж байх 2021 оны 12 дугаар сард Сэлэнгээ миний утас руу залгаад та мал худалдаж авах юм уу. Манай сумаар бяруу зарах хүмүүс байна гэж хэлж байсан. Би Тухайн үед нь Сэлэнгээд ах нь одоогоор мал худалдаж авахгүй. Харин хавраас бяруу худалдаж авах санаа байна гэж хэлж байсан. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгээ миний утас руу залгаад ахаа бяруу зарах хүмүүс байна. Та миний данс руу 4 бярууны мөнгө шилжүүлчих гэж хэлсэн. Тэгтэл эмэгтэй хүн Сэлэнгээгийн утсыг аваад ахаа би Сэлэнгээгийн эхнэр Ургамалцэцэг гэдэг хүн байна. Бид хоёр найдвартай та мөнгөө шилжүүлчих гэж надад хэлсэн юм. Тэгэхээр би эмэгтэй хүн ярьж байна найдвартай байх гэж итгээд 4 бярууны мөнгө болох 1.800.000 төгрөгийг Сэлэнгээгийн Хаан банкны ******* дугаарын дансанд анх шилжүүлж байсан юм. Тэр өдрөөс хойш Сэлэнгээ миний утас руу залгаад 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд хүн бяруу зарна гэж байна. Та мөнгөө шилжүүлчих гэж хэлээд 16 бярууны мөнгө болох 7.200.000 мянган төгрөг авсан. Би Сэлэнгээд нийт 20 бярууны мөнгө болох 9.000.000 төгрөг өгсөн юм. Тухайн үедээ Сэлэнгээ надад хэлэхдээ би бяруугаа цуглуулж байгаа таныг ирэхэд бүх бяруу чинь бэлэн байж байна. Та 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ирж бяруугаа аваарай гэж хэлж байсан. Тэрнээс хойш Сэлэнгээ бид хоёр утсаар ярих болгонд таны бяруу бэлэн болсон байгаа. Одоо мал ногоонд цадчихсан юм чинь та ирэх хугацаандаа ирээд бяруугаа аваарай гэж хэлдэг байсан. Тэгээд би 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Түвшинширээ суманд ирээд Сэлэнгээтэй уулзах гээд гэрт нь очиход Сэлэнгээ өөрөө гэртээ байхгүй эхнэр Ургамалцэцэг нь гэртээ байж байсан. Ургамалцэцэгээс танай нөхөр Сэлэнгээ хаана байгаа юм бэ ах нь нөгөө бяруунуудаа авахаар ирлээ гэж хэлэхэд Сэлэнгээ Сүхбаатар аймагт зам ангид ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сэлэнгээгийн утас руу залгаад ах нь бяруугаа авахаар танай суманд ирсэн байна. Чи хаана байгаа юм гэхэд би Сүхбаатар аймагт байна. Та манай гэрт очоод хоол цай идээд байж бай. Би одоо Сүхбаатар аймгаас Түвшинширээ сум руу гарлаа гэж хэлсэн. Тэгээд тэр оройдоо ирээгүй. Маргааш орой нь ирсэн. Тэгээд Сэлэнгээтэй уулзахад ахаа би танд бяруу өгөх бяруу байхгүй байна. Таны мөнгийг би банкны зээлд хийгээд үлдэгдэл мөнгөөр нь мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сэлэнгээд хандан “ах нь тэгвэл мөнгөө авъя” гэж хэлэхэд ахаа би таны мөнгийг хүнээс бүтээж өгье гэж хэлсэн. Тэгээд тэр хүнээс нь мөнгө бүтээгүй. Тэгээд би ах нь цагдаад өргөдөл гаргалаа гэж хэлэхэд та түр хүлээж бай. Би одоо Сүхбаатар аймагт Зам ангид ажил хийж байгаа. Миний цалин 1.500.000 мянган төгрөг байдаг. Танд би сар болгон 1.000.000 төгрөг явуулж байя гэхээр нь би Сэлэнгээд итгээд Улаанбаатар хот руу явсан. Тэр цагаас хойш нэг удаа миний Хаан банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Ахиж мөнгө шилжүүлээгүй. Утсаар ярихаараа маргааш шилжүүлнэ, нөгөөдөр шилжүүлнэ гэж худал хэлж байгаад сүүлдээ утсаа авахаа больсон. Арга ядаад эхнэр рүү нь залгахаар мөн утсаа авахгүй болсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. ******* Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын төвд амьдардаг. Утас нь ******* гэсэн дугаар барьдаг. Эхнэр Ургамалцэцэг нь Түвшинширээ сумын Ерөнхий боловсролын сургуульд багшийн ажил хийдэг. Би Сэлэнгээд мөнгө өгөхдөө дандаа дансаар өгдөг байсан. Сэлэнгээгийн өөрийнх нь Хаан банкны данс болох ******* дугаарын дансаар өгдөг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/ х
Гэрч А.Ургамалцэцэгийн: “... Тэгээд манай гэрт 2,3 хоносны дараа Галбадрах ах, ах нь танай нөхөр Сэлэнгээгээр 20 тооны бяруу авуулна гэж 8.000.000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Галбадрах ахад хандан “Юун 8.000.000 төгрөг юм бэ. Би Сэлэнгээг танаас 1.800.000 төгрөг авсныг нь мэдэж байна. Бусдыг нь би мэдэхгүй. Хэзээ танаас авсан юм бэ” гэж асуухад ах нь дансаар өгч байсан. Танай нөхөр надаас хэд хоноод бярууны мөнгө гэж аваад байсан гэж хэлж байсан. Сэлэнгээг Сүхбаатар аймгаас ирэхээр нь Галбадрах ахаас чи яагаад 8.000.000 төгрөг авсан юм бэ гэж асуухад надад ямар нэгэн юм хэлээгүй. Харин Галбадрах ахад би танаас авсан мөнгөөрөө бяруу аваагүй. Хувьдаа үрчихсэн гэж хэлж байсан. Сэлэнгээ Галбадрах ахаас авсан мөнгөө Сүхбаатар аймагт байх хугацаандаа муруйтай тоглож үрсэн байсан. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр бид хоёр Сүхбаатар аймагт очсон байсан юм. Тэр үед бид хоёрт мөнгөний хэрэг гараад байсан юм. Тэгээд Сэлэнгээ Галбадрах ах руу утсаар ярьж 4 бярууны мөнгө болох 1.800.000 төгрөг дансаар авсан. Тухайн үед би Галбадрах ахтай утсаар ярьсан нь үнэн. Манай нөхөр намайг утсаар ярьчих гэж ятгаж байгаад яриулсан юм. Манай нөхөр ******* Д.Галбадрах гэх хүнээс авсан мөнгөөрөө бяруу худалдаж аваагүй. Миний хувьд 1.800.000 төгрөг авсныг нь мэднэ. Бусад мөнгийг нь би мэдэхгүй. Сэлэнгээ надад хэлэхгүй Галбадрах гэх хүнээс бярууны мөнгө авсан байсан. Манайх малын “А” дансгүй. Би Д.Галбадрах ахад хандан “Сэлэнгээгийн танаас авсан мөнгийг миний хувьд төлөх боломжгүй. Би өөрөө цалингийн зээлтэй. Манай зээл ихтэй байгаа гэж учир байдлаа хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 х / гэх мэдүүлгүүд,
Д.Галбадрахын Хаан банкны ******* дугаарын дансанд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хооронд *******гийн Хаан банкны ******* дугаарын данс руу зарлагадсан дансны хуулга /хх-ийн 5-6/
Яллагдагч *******гийн “..2021 оны 11 дүгээр сарын үед Галбадрах гэх хүнтэй Түвшинширээ суманд “мал зарж өгнө” гээд танилцсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сараас 03 дугаар сар хүртэл нийт 20 бяруу авч өгнө гээд Галбадрах гэх хүнээс нэг бярууг 400,000 төгрөгөөр үнэлэн нийт 8,500,000 төгрөг авсан юм. Тухайн мөнгөө мөрийтэй тоглоод алдчихсан. Би Галбадрах гэх хүнээс бярууны мөнгө болох нийт 8,500,000 төгрөгийг өөрийн ******* тоот дансанд авсан. Би авсан мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан. Галбадрахад бярууг нь мөн мөнгийг нь буцааж өгөөгүй байгаа...Би өөрөө хувьдаа бог бод нийлсэн 100 гаран малтай. Галбадрахад өгөх байсан бяруугаа эхнэр бид хоёрын эзэмшилд байдаг 5х7 харьцаатай байшингаа зараад байшин авах хүн маань мөнгөндөө бяруу оролцуулна гэж тохирсон байсан юм. Харин би тэр бярууг нь Галбадрахад өгнө гэж бодож байсан. Тэгтэл байшинг маань авах байсан хүн нь байшингаа авахаа болиод хойшлуулсан тэгээд би Галбадрахад бярууг нь өгч чадаагүй удаасан юм. Би хохирлыг нь барагдуулаагүй байгаа. Галбадрахтай ярилцаж тохиролцоод 2023 оны хавар хохирлыг нь барагдуулахаар болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36.
Шүүгдэгч *******гийн ХААН банкны хуулга /хх 5-7 дугаар хуудас/
Шүүгдэгч *******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38-40х /
Шүүгдэгч *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 х/
Шүүгдэгч *******гийн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 44-46 х/
Шүүгдэгч *******гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 47 х/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 98 дугаартай прокурорын тогтоол, санал /хх-ийн 51-53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 23-аас 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт байхдаа хохирогч ******* “бяруу цуглуулж” өгнө гэж худал хэлж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан 8,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Галбадрах, гэрч А.Ургамалцэцэг нарын мэдүүлгүүд, Д.Галбадрахын Хаан банкны ******* дугаарын дансанд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хооронд *******гийн Хаан банкны ******* дугаарын данс руу зарлагадсан дансны хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******гийн зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бяруу цуглуулж өгнө гэж хохирогч Д.Галбадрахаас 8 500 000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Улсын яллагчаас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
*******гийн үйлдлийн улмаас хохирогч ******* 8,500,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* учруулсан хохирлыг барагдуулсан хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Иймд шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэн нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч ******* учруулсан хохирлыг барагдуулсан нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авахаар тогтов.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.
Шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай .
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******г зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******д дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Галбадрах нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР