Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/210

 

 

2022 оны 10 сарын 27 өдөр                                  2022/ШЦТ/210                                     Баруун-Урт сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Х.Насанжаргал /томилолтоор/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 2230001840277 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар баг, “Тосонгийн гол" гэх газарт оршин суух, урьд Сүхбаатар аймгийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.4, 79 дүгээр зүйлийн 79.2-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,  Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, /РД:*******/, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сард Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар баг, “Тосонгийн гол” гэх газраас хохирогч ******* өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж 609,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Хохирогчтой эвлэрсэн. Гэм буруугаа ойлгосон гэв.

 

Хохирогч ******* “...2019 оны 06 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн машинаа янзлуулахаар яваад 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэртээ ирээд адуугаа бөөгнүүлж үзэхэд миний адуунд байсан хонгор халзан зүсмийн, эрхийтэй онгин тамгатай шүдлэн насны морь алга болсон байсан түүнээс хойш одоог хүртэл хайгаад олдохгүй болохоор гомдол гаргаж байна. Манай адуу Бригад гэх газар байсан юм. Тухайн алга болдог адууг би танил ах болох Баатарчулуун гэх ахаас худалдаж авч байсан юм. ...Миний алга болсон адуу ямар нэгэн содон шинж тэмдэггүй цагаан хонгор зүстэй. Өмнө нь адуунаас салж сарниж байсан удаа байхгүй. Баатарчулуун ахаас нэг тооны бүдүүн адуугаар 2 даага худалдаж авч байсан юм” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 х/,,

 

          Гэрч******* “...Манайх Наран сумын 2 дугаар багийн нутаг “Тосонгийн гол” гэх газар нутагладаг юм. 2019 оны 07 дугаар сарын эхээр хонио услах гээд гэрээсээ худаг руугаа явж байхад Шинэбаярын хамаатан Эрдэнэбаяр, дүү Мэндбаяр нар 3 тооны адуу хөөгөөд явж байхтай таарсан. Тухайн үед би уулзаагүй хажуугаар нь гараад явсан. Тухайн үед хонгор халзан зүсмийн үрээ, бор үрээ нөгөө адууных нь зүсийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан гурван адуу хөөгөөд баруун талаасаа зүүн тийшээ явж байсан. Ямар тамгатай байсныг нь одоо мартсан байна” гэх мэдүүлэг /хх 26-27х/,

    Гэрч ******* “...Би ******* гэх хүнийг танина. Найзын харилцаатай байдаг. Эрдэнэбаяр тухайн үед надаас бага багаар мөнгө зээлсээр байгаад зээлсэн мөнгө нь 300,000 төгрөг болсон юм. Тэгээд би “мөнгөө авмаар байна” гэхэд “найз нь чамд мөнгөний оронд адуу өгье” гэхээр нь би 2019 оны 07 сарын эхээр тухайн адууг нь “очиж авъя, хэн гэдэг хүнээс авах вэ?” гэхэд “манай хамаатан дүү Мэндбаярт хэлсэн байгаа" гэж хэлээд намайг дагуулаад Наран сумаас урагш “Тосонгийн гол” гэх газарт очсон. Очоод хонгор халзан зүсмийн шүдлэн адуу ачуулсан юм. Тухайн адууг ачих үед бид хоёроос өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх 30-31 х/,

   Гэрч ******* “...2019 оны 07 дугаар сарын эхээр манай хамаатан ах Эрдэнэбаярыг зам заалгахаар “Тосонгийн гол” гэх газар луу мотоциклтой мал хайж явж байгаад манай төрсөн ах Шинэбаярын хайгаад олохгүй байсан гурван адууг олсон. Тэгээд нууран дээр зогсож байхаар нь хашаанд хийгээд маргааш нь ирж авна гэж бодоод бид хоёр явсан юм. Маргааш нь хонио ноослоод би тухайн адуугаа очиж авч чадаагүй юм. Хэд хоногоос тухайн газар ойр байдаг айлуудаас асуухад гурван адууны чинь хоёр нь байна нэг нь байхгүй байна гэсэн. Тухайн үед Эрдэнэбаяр ахтай явж байхад ахдаа нэг адуу өгчих ах нь хүнд өгөх гэсэн юм гэхээр нь би дугараагүй юм. Тухайн алга болдог хонгор халзан зүсмийн адууг манай хамаатан ах Баатарчулуун гэх хүнээс худалдаж авсан юм” гэх мэдүүлэг /хх 18-19х/

         Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 2202277 дугаартай 1 тооны адууны зах зээлийн үнэлгээ 609,700 /зургаан зуун есөн мянга долоон зуу/ төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх 37х/,

 

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Сүхбаатар аймгийн төвийн ченж Ю.Энхтулга нь манай сум руу очиж байнга мал мах авдаг учраас би таньдаг болсон. Тухайн хүнээс би мөнгө бага багаар зээлсээр байгаад 300,000 төгрөг болсон. Тэгээд мөнгийг нь өгч чадахгүй болсон учраас төрсөн эгч М.Будын хүү Б.Мэндбаяраас “ахдаа ганц үрээ /адуу/ өгчих гэж гуйхад”, “юу ч гэсэн танд нэг адуу зааж өгье, тэгэхдээ тухайн үрээ нь ах ******* адуу” гэдгийг хэлсэн. Мөн Б.Шинэбаяр нь 3 тооны адуугаа хайгаад олохгүй байгаа учраас танд өгч магадгүй гэж хэлсэн. Миний санаж байгаагаар 2019 оны 07 дугаар сард хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Дүү Б.Мэндбаяр нь “би өөрийнхөө малын эрэлд явъя, танд адуу зааж өгье” гээд бид 2 мотоциклтой тус сумын төвөөс баруун урд ойролцоогоор 20 километрт байх тус сумын 2 дугаар баг “Тосонгийн гол” гэх газарт очсон. Тасарч үлдсэн 4 тооны адуу байсан бөгөөд тухайн адуунаас Б.Мэндбаяр нь надад үрээ зааж өгсөн. Тэгэхээр нь тухайн 4 тооны адууг Тосонгийн голын барилга дотор оруулж байгаад ******* зааж өгсөн үрээг барьж аваад үлдсэн 3 тооны адууг буцаад гаргасан. ******* надад зааж өгсөн үрээ нь эрхийтэй онги тамгатай, ухаа халзан үрээ байсан. Тухайн өдрийн маргааш нь мотоциклтой Тосонгийн голын барилга руу очиход өчигдрийн ухаа халзан зүсмийн эрхийтэй онги үрээ байхгүй байхаар нь тухайн газрын ойролцоо хайгаад үзэхэд өчигдөр байсан газартаа нөгөө 3 тооны адуутайгаа нийлсэн байхаар нь буцаж тухайн 4 адууг барилга дотор оруулж байгаад үрээгээ барьж авсан. Тухайн өдрөө Ю.Энхтулгатай утсаар холбогдож байгаад өгсөн” гэх мэдүүлэг /хх 57-59х/

 

Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,  /хх-ийн 64 х/

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65 х/

 

Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах шалгах хуудас /хх-ийн 66 х/

 

Сүхбаатар аймгийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 68-71 х/

 

Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 72-78 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сард Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар баг, “Тосонгийн гол” гэх газраас хохирогч ******* өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж 609,700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Энэхүү үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан: “...2019 оны 07 дугаар сард хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Дүү Б.Мэндбаяр нь “би өөрийнхөө малын эрэлд явъя, танд адуу зааж өгье” гээд бид 2 мотоциклтой тус сумын төвөөс баруун урд ойролцоогоор 20 километрт байх “Тосонгийн гол” гэх газарт очсон. Тасарч үлдсэн 4 тооны адуу байсан бөгөөд тухайн адуунаас Б.Мэндбаяр нь надад үрээ зааж өгсөн. Тэгэхээр нь тухайн 4  адууг Тосонгийн голын барилга дотор оруулж байгаад ******* зааж өгсөн үрээг барьж аваад үлдсэн 3 тооны адууг буцаад гаргасан...” гэх,

 Хохирогч ******* “...2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэртээ ирээд адуугаа бөөгнүүлж үзэхэд миний адуунд байсан хонгор халзан зүсмийн, эрхийтэй онгин тамгатай шүдлэн насны морь алга болсон байсан түүнээс хойш одоог хүртэл хайгаад олдохгүй болохоор гомдол гаргаж байна...” гэх,

Гэрч******* “....Шинэбаярын хамаатан Эрдэнэбаяр, дүү Мэндбаяр нар 3 тооны адуу хөөгөөд явж байхтай таарсан тухайн үед хонгор халзан зүсмийн үрээ, бор үрээ нөгөө адууных нь зүсийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан гурван адуу хөөгөөд баруун талаасаа зүүн тийшээ явж байсан. Ямар тамгатай байсныг нь одоо мартсан байна...” гэх,

Гэрч ******* “...*******аас 2019 оны 07 сарын эхээр тухайн адууг нь “очиж авъя, хэн гэдэг хүнээс авах вэ?” гэхэд “манай хамаатан дүү Мэндбаярт хэлсэн байгаа" гэж хэлээд намайг дагуулаад Наран сумаас урагш “Тосонгийн гол” гэх газарт очсон. Очоод хонгор халзан зүсмийн шүдлэн адуу ачуулсан... гэх,

Гэрч ******* “....манай төрсөн ах Шинэбаярын хайгаад олохгүй байсан гурван адууг олсон. Тэгээд нууран дээр зогсож байхаар нь хашаанд хийгээд маргааш нь ирж авна гэж бодоод Эрдэнэбаяр ах бид хоёр явсан юм. Хэд хоногоос тухайн газар ойр байдаг айлуудаас асуухад гурван адууны чинь хоёр нь байна нэг нь байхгүй байна гэсэн. Тухайн үед Эрдэнэбаяр ахтай явж байхад ахдаа нэг адуу өгчих ах нь хүнд өгөх гэсэн юм гэхээр нь би дугараагүй...гэх мэдүүлгүүд

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 2202277 дугаартай 1 тооны адууны зах зээлийн үнэлгээ 609,700 /зургаан зуун есөн мянга долоон зуу/ төгрөг гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан санал, дүгнэлт

 

Улсын яллагчаас : “...Шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сард Сүхбаатар аймгийн Наран сумын Тосонгийн Гол гэх нутаг дэвсгэрт байхдаа иргэн Шинэбаярын нэг тооны адууг хулгайлж хохирогч Шинэбаярт 609.700 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэм буруугийн талаар гаргах саналгүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг объекттой гэмт хэрэг бөгөөд халдлагын зүйл нь бусдад залилагдсан эд хөрөнгө байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа шунахайн сэдэлтээр бусдын 1 тооны адууг хулгайлж хохирогчийн өмчлөх эрхэд халдан 609,700 төгрөгийн хохирол учруулсан ба шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт  зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал, дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь хувьд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болж байна. Харин түүний үйлдэл эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. *******ын хувьд шинэ хуульд зааснаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэм буруугийн хувьд маргахгүй байгаа.Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаад  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1 дэх заасныг журамлаад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.5 т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Түүний үйлдсэн хэргийн тухайд 2019 оны 07 дугаар сард бусдын 1 тооны адууг хулгайлсан үйлдэл нь 2021 оны 07 дугаар сард Монгол улсын их хурлаас батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах цаг хугацаанд хамаарч байгаа. Иймээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 зүйлийн 1 дэх хэсэг 2021 оны өршөөлийн хуулийн 5.2 дахь хэсэгт зааснаар *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг нь өршөөж хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна...” гэх саналыг

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...*******ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Түүнчлэн улсын яллагчийн оруулж байгаа саналыг хүлээн зөвшөөрч байна. Цаг хугацааны хувьд тухайн үйлдэл нь өршөөлийн хуульд хамрагдах боломжтой учраас өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 зааснаар эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн ялыг өршөөлийн хуульд оруулж хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх саналын тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь баримтаар харагдаж байна.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.Шинэбаярт учирсан хохирлыг нөхөн төлсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ.

Иймд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчтой эвлэрсэн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Энэ нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заажээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...2021 оны 6 дугаар сарын 24- ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт  “энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг 2019 оны 07 дугаар сард үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Тэнссэн хугацаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан эрхийн хязгаарлалт тогтоох, үүрэг хүлээлгэх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч ******* эд хөрөнгөд хохирол учруулсан бөгөөд хохирогч Б.Шинэбаярт учирсан 609,700 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг бусдын малыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан журмын дагуу шүүгдэгч *******ын хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Шүүгдэгч *******т шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАЯРБААТАР