| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2022/0190/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/191 |
| Огноо | 2022-09-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Насанжаргал |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/191
2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 2022/ШЦТ/191 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Х.Насанжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч Х.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Хүдэрчулуунд холбогдох 22300022000261 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 1024 тоотод газар оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж байсан РД:ЛЮ75030695, Дарьганга овогт Хөнхөрийн Хүдэрчулуун.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Х.Хүдэрчулуун нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Б.Бархасын оршин суух Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 206 тоотод хашаанаас 59 метрийн урттай гэрлийн утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 914,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Хүдэрчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гээд, Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Бархасын гэрээс гэрлийн утас аваад шил архинд өгсөн. Тухайн үед согтуу байсан гэв.
Хохирогч Б.Бархасын “...Би 2022 оны 06 дугаар сарын 30-ний өдөр Баруун-Урт сумын төвд байрлах Далан хороололд шинээр худалдан авсан задгай газартаа хашаа барих ажлаар өөрийн эхнэр, хүүхдүүдийнхээ хамт Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 1026 тоотод байх гэрээ түгжээд явсан. Тэгээд би 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 1026 тоотод байх гэртээ буцаж ирэх үед манай гэрийн хажууд талд байсан 59 метрийн урттай гэрлийн утас байхгүй байсан. Тэгээд би хөрш айлын хүн болох Ганболдоос асуухад 2022 оны 07 дугаар сарын 02-ны орой 17 цаг 00 минутын үед танай хажууд талын хөрш айлын хүн болох Хүдэрчулуун гэх хүн гэрийн чинь хажууд гэрлийн утас аваад явж байхыг харсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн юм. Өөр болсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 х/,
Гэрч Я.Эрдэнэчимэгийн “...Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 929 тоотод байх гэртээ өөрийн нөхөр, хүүхдүүдийн хамт байх үед манай хөрш айлын хүн болох Хүдэрчулуун нь манай гэрт ирсэн юм. Тэгээд би Хүдэрчулуунаас ямар ажлаар явж байгаа, ямар учиртай цахилгааны утас авч явж байгаа талаар тодруулахад Хүдэрчулуун нь надад хандаж манай төрсөн дүү Оогоны хэрэглэж байсан цахилгааны утас байгаа юм. Манай дүү Оогон төв аймаг руу шилжиж явах үедээ надад өгсөн юм гэж хэлсэн. Тэгээд Хүдэрчулуун нь надаас 1 шил архи өгчих, барьцаанд нь тухайн цахилгааны утсыг үлдээчихье гээд гуйгаад байхад нь би өөрийн нөхрийн хэрэглэх гэж байсан 1 шил 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архийг өгч явуулаад барьцаанд нь Хүдэрчулууны барьж явсан цахилгааны утсыг авч үлдсэн. Өөр болсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 х/,
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2202308 дугаартай “...2022 оны 07-р сарын 17-ны өдрийн байдлаар 1 метр 380V-ийн цахилгааны утас төсөөтэй байдлаарх үнэ 15.500 төгрөг байна гэж үзлээ. Ингээд нийт алдагдсан 59м цахилгааны утасны зах зээлийн үнийг 914.500 төгрөг байна гэж үзлээ...” гэх дүгнэлт /хх-ийн 20-31 х/,
Яллагдагч Х.Хүдэрчулууны“...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Би 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын задгай тоотод байх Өөрийн танил болох Эрдэнэчимэг гэх хүний гэрт очиж 1 шил архи өгчих гэж гуйсан юм. Тэгэхэд Эрдэнэчимэг надад хандаж “би архи зардаггүй юм” гэж хэлээд надад архи өгөөгүй юм. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан юм. Тэгээд би Эрдэнэчимэг эгчийн гэрээс гараад тус өдрийн 17 цаг 00 минутын орчимд гэр рүүгээ явах замд Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 1026 тоотод байх манай хөрш айл болох Бархас гэх айлын хашааны хажуугаар өнгөрч явах үед гэрт нь хүн байхгүй түгжээтэй байсан. Тэгээд би Бархасын хашаа руу зөвшөөрөлгүй нэвтэрч ороод гэрийнх нь баруун хойд талд байсан 59 метрийн урттай, хар өнгийн гэрлийн цахилгааны утсыг нууцаар хулгайлан авч, хашаанаас нь гарсан. Тэгээд би тухайн гэрлийн утсыг Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын задгай тоотод байх миний танил Эрдэнэчимэгийн гэрт очоод манай дүүгийн утас байгаа юм, надад өгсөн юм гэж гуйж байгаад уг гэрлийн утсыг барьцаанд тавьж оронд нь 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авч уусан...надаас өөр хүн байгаагүй. Тухайн үед би ганцаараа байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 х/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-6/
Шүүгдэгч Х.Хүдэрчулууны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 46 х /
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 47-49 х/
Х.Хүдэрчулууны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 55 х/
Х.Хүдэрчулууны оршин суугаа газрыг хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 х/
Х.Хүдэрчулуун иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 х/
Хохирогч Б.Бархасын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 61 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Х.Хүдэрчулуун нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Б.Бархасын оршин суух Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 206 тоотод хашаанаас 59 метрийн урттай гэрлийн утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 914,500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.Бархасын“ ... Тэгээд би 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 1026 тоотод байх гэртээ буцаж ирэх үед манай гэрийн хажууд талд байсан 59 метрийн урттай гэрлийн утас байхгүй байсан. Тэгээд би хөрш айлын хүн болох Ганболдоос асуухад 2022 оны 07 дугаар сарын 02-ны орой 17 цаг 00 минутын үед танай хажууд талын хөрш айлын хүн болох Хүдэрчулуун...” гэх,
Гэрч Я.Эрдэнэчимэгийн “...Тэгээд би Хүдэрчулуунаас ямар ажлаар явж байгаа, ямар учиртай цахилгааны утас авч явж байгаа талаар тодруулахад Хүдэрчулуун нь надад хандаж манай төрсөн дүү Оогоны хэрэглэж байсан цахилгааны утас байгаа юм. Манай дүү Оогон төв аймаг руу шилжиж явах үедээ надад өгсөн юм гэж хэлсэн.... гэх мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2202308 дугаартай “...2022 оны 07-р сарын 17-ны өдрийн байдлаар 1 метр 380V-ийн цахилгааны утас төсөөтэй байдлаарх үнэ 15.500 төгрөг байна гэж үзлээ. Ингээд нийт алдагдсан 59м цахилгааны утасны зах зээлийн үнийг 914.500 төгрөг байна гэж үзлээ...гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Х.Хүдэрчулуун нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.3. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: Шүүгдэгч Х.Хүдэрчулуун нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Б.Бархасын оршин суух Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 206 тоотод хашаанаас 59 метрийн урттай гэрлийн утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 914500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Бархасын мэдүүлэг, гэрч Я.Эрдэнэчимэгийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2202308 дугаартай дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг, шүүгдэгч Х.Хүдэрчулууны мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Хүдэрчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Х.Хүдэрчулуун нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Б.Бархасын оршин суух Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 206 тоотод хашаанаас 59 метрийн урттай гэрлийн утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 914500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн талаар маргаан байхгүй гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.4. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Х.Хүдэрчулууны гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.Хүдэрчулууны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Х.Хүдэрчулуун нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.
Улсын яллагчаас Х.Хүдэрчулууны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Х.Хүдэрчулууныг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: Шүүхээс шүүгдэгч Х.Хүдэрчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Хүдэрчулуун нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Х.Хүдэрчулууны хувийн байдал болох шүүхээс ял оногдуулахгүй тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид утсыг биет байдлаар буцаан өгсөн, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, гэм буруугийн хувьд маргаагүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон үйлдсэн хэргийн хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж зааснаар шүүгдэгчийн урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж байсан шийдвэрийг хүчингүй болгох, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг нэмж нэгтгэх саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бархаст 914500 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь утсаа буцаан авсан “гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Хүдэрчулуун нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Х.Хүдэрчулуун нь тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, бусад төлөх төлбөргүй. Тэнсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн. Энэ талаар ямар нэгэн тайлбар байхгүй. Шүүгдэгч Х.Хүдэрчулуун нь эрүүл мэндийн байдлын хувьд хоёр уушги устсан, уушгины бөглөрөлтэй гэсэн хүнд оноштой эмчлэгдэж байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд шинээр гаргаж өгсөн. Иймд түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн зүгээс оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тухайн зүйл хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Шүүгдэгч Х.Хүдэрчулуун: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эрүүл мэндийн байдал болон миний хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ хүлээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдсон тогтсон ажил, төрөлгүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Хүдэрчулуунд ял шийтгэл оногдуулахад хохирогч Б.Бархаст хулгайлсан эд зүйл болох кабелийн утсыг нь эргүүлэн өгч хохирлыг барагдуулсан нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарах бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Х.Хүдэрчулуунд хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Бархаст эд зүйлийг биет байдлаар буцаан өгч хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршиг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Х.Хүдэрчулуунд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар тогтов.
Шүүгдэгч Х.Хүдэрчулуун урьд нь Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн байх ба уг тэнссэн хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлджээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хүдэрчулууны урьд шийтгүүлсэн Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг журамлан энэ тогтоолоор мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найман/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг нэмж нэгтгэн шүүгдэгч Х.Хүдэрчулуунд нийт 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Хүдэрчулууны үйлдлийн улмаас хохирогч Б.Бархаст 914500 төгрөгийн хохирол учирсан 50 метрийн урттай гэрлийн утсыг буцааж өгсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч Х.Хүдэрчулуун нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч Х.Хүдэрчулуунд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дарьганга овогт Хөнхөрийн Хүдэрчулууныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хүдэрчулууныг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны журамлан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож 6 сарыг хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг энэ тогтоолоор мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялд нэмж нэгтгэж нийт 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан шүүгдэгч Х.Хүдэрчулуунд оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан 1 жил 2 сарын хугацаанд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарах хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Хүдэрчулуунд мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шатанд шүүгдэгч Х.Хүдэрчулуунд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
8. Шүүгдэгч Х.Хүдэрчулуун энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Хүдэрчулуун энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу 914500 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн хохирогч Б.Бархас гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР