Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2018/02958

 

 

 

 

 

   2018 оны 11 сарын 30 өдөр

        Дугаар 184/ШШ2018/02958

           Улаанбаатар хот

                                                     

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .:........ тоот хаягт байрлах “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, .......  тоот хаягт оршин суух К холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд  бичгээр ирүүлсэн тайлбар болон  шүүх   хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-ийн захирал Н.А  бөгөөд  энэ  компани 2010 оны 12 дугаар сараас эхлэн гадаад худалдаа, барилгын материалын худалдаа эрхлэхээр байгуулагдаж байсан.

К, “Э” ХХК нар нь Солонгос улсаас тоног төхөөрөмж оруулж ирэн олборлолт олж хамтран ашиг олдог байсан.

Кн нь  тоног төхөөрөмжийн  үнэ 45 000 000 төгрөгийг  2011 оны 08 сарын 23, 09, 10 сард  тус тус  15 000 000  төгрөг зээлж аваад төлөөгүй байна. Нотлох баримтаар  кассын орлогын  3 ширхэг  баримт  байгаа. Тухайн үед хамтран ажиллах хугацаандаа бие биедээ ашигтай, сайн харилцаатай байсан учир итгэл үнэмшил дээр тулгуурлаад мөнгө өгч авалцдаг байсан. Ажлын байр нэг байсан бөгөөд харилцаа муудаад хоёр тийш болохдоо санхүүгийн баримтуудаа авч чадаагүй юм билээ.  Хариуцагч тал  төлбөр төлөхгүй байх шалтгаанаа  “Т”   ХХК-тай  авлагатай гэж холбож  тайлбарладаг. Энэ компани захирал нь  *******ы ээж Д.Дэлгэр  гэж хүн байдаг.

Т ХХК,  “Э ХХК нарын хоорондын маргаан 2012 оны 9 дүгээр сараас эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаад  2018 оны  5 сард шийдвэрлэгдэж дууссан учир хамаагүй юм. Талуудын хооронд  Иргэний хуулийн  283 дугаар зүйлийн  283.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн, хугацаа тогтоогоогүй учир  зээлдүүлэгчийн шаардсанаар буцаан өгөх гэсэн хуулийн шаардлагад нийцэж  байгаа тул  К 45, 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд бичгээр  ирүүсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: К нь нэхэмжлэгч талын ярьж байгаагаар 2011 оны 08, 09,10 сард тус тус 15 000 000 төгрөгийг зээлж  аваагүй. Нотлох баримтаар кассын орлогын баримт ирүүлсэн ба энэ баримтын зээл өгсөн гэх хүний гарын үсэг байхгүй, зээлэв гэж бичигдсэн  байдал нь нөхөж үйлдсэн байдаг. 2016 оны 04 сарын 15-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, хавтаст хэрэгт байгаа. 2015 оны 08 сараас 2018 оны 04 сарыг хүртэл нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн байдаг. Дээрх маргаан нь “Т ХХК-ийн захирал н.Д, захирал К нарын хоорондох маргаан байсан. “Т “ ХХК-тай ямар ч хамааралгүй юм. 2011 оноос хөөн хэлэлцэх хугацаа тоологдох байсан бол 2016 оны 10 сарын 04-ний өдөр дууссан байна. Нэхэмжлэгч талаас гаргасан зээлийн баримтыг харахад “зээлэв” гэж бичсэн нь нөгөө балнаасаа арай өөр бүдэг өнгөтэй нөхөж бичсэн байх магадлалтай. Тэгээд ч зээл авсан бол 7 жил болж байх хугацаанд “Т” ХХК-ийн зүгээс нэхэмжилж байгаагүй. Санхүүгийн тайлбан балансд тусгагдаагүй, тэрээр зээл авах шаардлага ч байгаагүй. Харин ажил төрлийн холбоотой  байсныг үгүйсгэхгүй.  Солонгос улсаас хөрөнгө оруулалт хийж бетон зуурмаг хийх тоног төхөөрөмж оруулж ирээд түүнийхээ мөнгийг авч  байсан байх магадлалтай. “Т” ХХК-ийн нягтлан  бодогч нь “Т” ХХК-ийн захирал н.Дэлгэрийн төрсөн дүү юм. Нэхэмжлэгчээс  Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн  283.1-д зааснаар  шаардаж байгаа  нь үндэслэлгүй юм. Хэрэв 2011 оны  11 сарын  4 өдрөөс гэж тооцоод үзвэл   2013 оны  10 сарын  04 нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хугацаа  тасалдсан гэж үзэхэд ч  баримтаар   нотлогдохгүй ,шаардах эрхээ хэрэгжүүлсэн баримт  байхгүй байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2 д  заасан  гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа  дууссан  тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв. 

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БНСУ-ын иргэн Кд холбогдох,  зээлийн гэрээний  үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2011 оноос хойш 7 жилийн дараа  эх сурвалж нь тодорхойгүй баримтаар зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой   45 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа  хэтрүүлсэн тул үндэслэлгүй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж  маргаж  байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс талуудын хооронд Иргэний хуулийн  283 дугаар зүйлийн  283.1-д  “Зээлийн гэрээгээр  зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд  ийнхүү шаардсанаас хойш  нэг сарын  дотор  зээлдэгч үүргээ  биелүүлнэ” гэж зааснаар  шаардах эрхийн үндэслээ  тайлбарласан  байна.

Хэрэгт ирүүлсэн  нотлох баримтууд болон  талуудын  тайлбараас үзэхэд:

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар нэхэмжлэгч нь  хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлсэн гэдгээ хуульд заасан  нотлох баримтаар  нотолж  чадахгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч  тал  шаардлагаа нотлохоор 2011 оны 08 сарын 23,  2018 оны 09 сарын 08,  2011 оны 10 сарын 04 ны өдөр  тус бүр 15 000 000 төгрөг зээлэв гэсэн  кассын зарлагын ордер гэх 3 ширхэг баримтыг нотариатаар   гэрчлүүлж шүүхэд ирүүлсэн   байна.  Эдгээр баримт  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан  шаардлагыг хангасан баримт  боловч  талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг, мөн зээлдэгч үүргээ  гүйцэтгээгүй  болохыг  нотолж  чадахгүй , хэрэгт ач холбогдолгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн  282 дугаар зүйлийн  282.2-д  мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэжээ. Өөрөөр хэлбэл гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, мөнгийг  шилжүүлснээр гэрээ  байгуулагдсанд тооцох тухай  Иргэний хуулийн  196 дугаар зүйлийн  196.1-д заасан ерөнхий зохицуулалтад нийцэхгүй бөгөөд гэрээ  байгуулсан гэж үзэх үндэслэлгүй  байна.    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  ... ажил төрлийн холбоотой байсан, хөрөнгө оруулж хамтран ажиллаж байсан болохоос мөнгө зээлэх шаардлага, хүсэл зорилго  байгаагүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар нотолж няцааж  чадахгүй байна гэж үзэв.

 

 Иймд  хүчин төгөлдөр хуульд нийцсэн  зээлийн гэрээний дагуу   гэрээний үүрэг 45 000 000 төгрөг  шаардах  эрх үүсэх  хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй  байх тул    нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн  281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д  зааснаар “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Кд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн  60.1-д зааснаар  нэхэмжлэгч “Т” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 382 950  төгрөгийг төрийн  сангийн оролгод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Л.ОЮУНЦЭЦЭГ