| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2022/0189/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/190 |
| Огноо | 2022-09-28 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Х.Насанжаргал |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/190
2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 2022/ШЦТ/190 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Х.Насанжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2230000000254 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг, “Өвөржөө” гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:*******,*******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын сумын 3 дугаар багийн нутаг ******* гэх газрын шороон зам дээр улсын дугааргүй Хаожие маркийн мотоцикл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, ослын улмаас зорчигч ******* цээжний хөндийн битүү гэмтлүүдийн улмаас нас барсан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын байдал, ашиглалтын журам зөрсний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...Би 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Мөнххаан сумын төв дээр байх өөрийн гэртээ байхад орой 21:00 цагийн орчимд үл таних манай сумын 2 залуу машинтай ирээд танай охин хүргэн хоёр чинь мотоциклоос унасан байна, сумын эмнэлэгт дуудлага өгөөд сумын эмч, түргэний машинтай явсан нэг нь ухаангүй байгаа талаар анх надад ирж хэлсэн. Тэгээд би сандраад эхнэрийн хамт сумын эмнэлэг дээр очиход дуудлагад явсан түргэний машин ирээгүй байсан. Очоод эмнэлгийн хүмүүсээс дуудлагад явсан машины талаар асуухад сумын төв рүү орж байна гэсэн сураг сонссон. Тэгсэн манай сумын төлөөлөгч надтай ирж уулзаж, манай охиныг нас барсан талаар надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 х/ ,
Гэрч ******* “...Би тухайн өдөр Мөнххаан сумын 3 дугаар баг, ******* гэх газар байрлах өөрийн гэртээ эхнэр, хоёр хүүхдийн хамт оройн хоолоо идэх гэж байхад орой 19:00 цагийн орчим манай руу нэг мотоциклтой хүн их ширүүн давхиж ирсэн. Гэрээс гарч нохой хориход манай нутгийн миний танил ******* нүүр нь шалбарсан цус гарсан байдалтай манай гэрт орж ирсэн. Орж ирээд ахаа би мотоциклтой явж байгаад ойчоод хамт явсан эхнэр маань ухаан алдчихлаа та түргэн дуудаад тус болоод өгөөч гэсэн. Би өөрийнхөө мотоциклыг унаад Гэрэлт-Одын араас дагаад ойчсон гэх газар очсон. Очтол Гэрэлт-Одын эхнэр ухаангүй байдалтай байсан. Тэгээд би шууд буцаад гэр лүүгээ давхиад өөрийнхөө 88565997 дугаарын утсаар сумын эмнэлэгт дуудлага өгч мэдэгдсэн. Дуудлага өгөөд би буцаад Гэрэлт-Од руу очсон. Би гэрээсээ гарахдаа өөрийнхөө гар утсыг авч гарсан. Хэргийн газар очоод буцаад сумын эмнэлгийн 98970303 хүлээн авахын дугаар луу залгаад түргэний машин гарсан уу гэж асуухад одоо эмчээ аваад гарах гэж байна гэж хэлсэн. Тухайн үед Гэрэлт-Од миний утсаар өөрийн эгч Одонгэрэл рүү залгаад мотоциклоос очоод ийм байдалтай байгаа талаараа ярьж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт түргэний машиныг иртэл тухайн ойчсон гэх газар хамт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-32 х/,
Гэрч ******* “...Би Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг Найман хадтай гэх газар *******ын гэрт Улаанбаатар хотоос 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ирсэн.2022 оны 07 дугаар сарын 20-н буюу өнөөдөр ******* талийгаач ******* нар нь нутаг үзнэ гээд гэрээс 18 цагийн өнгөрөөгөөд мотоциклтой явсан.Тэгээд *******ын эгч Одонгэрэл надад талийгаачийг өнгөрсөн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 х/,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 29 дугаартай “...Талийгаач *******ы цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр цээж хэвлийн хөндийн битүү гэмтэл, өвчүүний хугарал, баруун талын 3-8 зүүн талын 2-9 дүгээр хавирганы зөрөөтэй хугарал, 2 талын уушгины няцрал, цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт, дотор эрхтний доргилт, 2 бөөрний өөхөн эслэгт цус хуралт, дух, хамарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо...Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна... Талийгаач ******* нь цээжний хөндийн битүү гэмтлүүдийн улмаас нас барсан байна...Талийгаач ******* нь үхэлд хүргэх архаг хууч өвчин байхгүй байна...Талийгаач ******* нь ABO системээр O/1/ бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 51-54 х/,
Мөрдөгчийн “...Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна...” магадалгаа /хх-ийн 59-61 х/
Яллагдагч *******ын “...Би тухайн өдөр Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Найман хадат” гэх газарт байрлах өөрийн гэрээсээ эхнэр *******ы хамт ороо 18 цагийн орчимд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой нутаг үзэхээр Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газар луу явж байгаад замаасаа гараад замгүй явсан. Би өвсөн дунд байсан нүхийг харалгүй орж мотоциклоосоо унасан. Би өөрөө мотоциклоосоо урагш шидэгдсэн. Босоод харахад миний ард сууж байсан эхнэр ******* мотоциклдоо дарагдсан байдалтай байсан. Би гүйж очоод мотоциклоо цааш нь түлхэж холдуулсан. Тухайн үед манай эхнэр “би дарагдчихлаа” гэж хэлсэн. Тэрнээс хойш ямар нэг зүйл хэлээгүй. Тэгээд би сандраад ойролцоо байсан айл руу тусламж асуухаар мотоциклоо асаагаад явсан...Цаг гаруй хугацааны дараа сумын эмнэлгийн түргэний машин ирээд эмч нь үзээд нас барсан тухай хэлээд манай эхнэрийн цогцсыг сум руу аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 х/
2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-14 х/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-19 х/
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 х/
Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 106 х/
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01/123 дугаартай “Шүүгдэгч *******ын ам бүл, оршин суугаа хаяг, зан байдлын талаарх” тодорхойлолт /хх-ийн 97 х/
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 105 дугаартай “Шүүгдэгч *******ын ам бүл, оршин суугаа хаягийн талаарх” тодорхойлолт /хх-ийн 98 х/
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын сумын 3 дугаар багийн нутаг ******* гэх газрын шороон зам дээр улсын дугааргүй Хаожие маркийн мотоцикл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, ослын улмаас зорчигч ******* цээжний хөндийн битүү гэмтлүүдийн улмаас нас барсан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын байдал, ашиглалтын журам зөрсний улмаас хүний амь нас хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******: “...Мөнххаан сумын төв дээр байх өөрийн гэртээ байхад орой 21:00 цагийн орчимд үл таних манай сумын 2 залуу машинтай ирээд танай охин хүргэн хоёр чинь мотоциклоос унасан байна, сумын эмнэлэгт дуудлага өгөөд сумын эмч, түргэний машинтай явсан нэг нь ухаангүй байгаа талаар анх надад ирж хэлсэн...Тэгсэн манай сумын төлөөлөгч надтай ирж уулзаж, манай охиныг нас барсан талаар надад хэлсэн...” гэх
Гэрч Л.Батжаргалыг “...гэрээс гарч нохой хориход манай нутгийн миний танил ******* нүүр нь шалбарсан цус гарсан байдалтай манай гэрт орж ирсэн. Орж ирээд ахаа би мотоциклтой явж байгаад ойчоод хамт явсан эхнэр маань ухаан алдчихлаа та түргэн дуудаад тус болоод өгөөч гэсэн. Би өөрийнхөө мотоциклыг унаад Гэрэлт-Одын араас дагаад ойчсон гэх газар очсон. Очтол Гэрэлт-Одын эхнэр ухаангүй байдалтай байсан.... гэх,
Гэрч ******* “...2022 оны 07 дугаар сарын 20-н буюу өнөөдөр ******* талийгаач ******* нар нь нутаг үзнэ гээд гэрээс 18 цагийн өнгөрөөгөөд мотоциклтой явсан.Тэгээд *******ын эгч Одонгэрэл надад талийгаачийг өнгөрсөн талаар хэлсэн...гэх,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 29 дугаартай “...Талийгаач *******ы цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр цээж хэвлийн хөндийн битүү гэмтэл, өвчүүний хугарал, баруун талын 3-8 зүүн талын 2-9 дүгээр хавирганы зөрөөтэй хугарал, 2 талын уушгины няцрал, цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт, дотор эрхтний доргилт, 2 бөөрний өөхөн эслэгт цус хуралт, дух, хамарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо...Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна... Талийгаач ******* нь цээжний хөндийн битүү гэмтлүүдийн улмаас нас барсан байна...Талийгаач ******* нь үхэлд хүргэх архаг хууч өвчин байхгүй байна...Талийгаач ******* нь ABO системээр O/1/ бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт,
Мөрдөгчийн “...Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна...” магадалгаа
Яллагдагч *******ын “... Би өвсөн дунд байсан нүхийг харалгүй орж мотоциклоосоо унасан. Би өөрөө мотоциклоосоо урагш шидэгдсэн. Босоод харахад миний ард сууж байсан эхнэр ******* мотоциклдоо дарагдсан байдалтай байсан. Би гүйж очоод мотоциклоо цааш нь түлхэж холдуулсан. Тухайн үед манай эхнэр “би дарагдчихлаа” гэж хэлсэн. Тэрнээс хойш ямар нэг зүйл хэлээгүй...Цаг гаруй хугацааны дараа сумын эмнэлгийн түргэний машин ирээд эмч нь үзээд нас барсан тухай хэлээд манай эхнэрийн цогцсыг сум руу аваад явсан...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.3. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: ******* нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын сумын 3 дугаар багийн нутаг ******* гэх газрын шороон зам дээр улсын дугааргүй Хаожие маркийн мотоцикл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, ослын улмаас зорчигч 5 ******* цээжний хөндийн битүү гэмтлүүдийн улмаас нас барсан буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хадбаатар, гэрч Л.Баяржаргал, Гэрч Ц.Долгор, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долоодугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний амь нас хохирсон байна. Шүүгдэгч *******ын тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь тэрээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг хангасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хадбаатараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна...гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл болон гэм
буруугийн талаар маргах зүйлгүй. ******* нь үйлдсэн гэмт хэргийнхээ талаар анхнаасаа эхлэн хүлээн мэдүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч Л.Гэрэл-Од нь бусдад төлөх төлбөр байхгүй гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.4. Хууль зүйн дүгнэлт
Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заажээ.
Хэргийн баримт болох мөрдөгчийн магадалгаагаар “ шүүгдэгч улсын дугааргүй Хаожие маркийн мотоциклын жолооч Бат-Өлзий овогтой Гэрэлт-Од нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь уг осол гарах шалтгаан болсон “ гэж дүгнэсэн нь хэргийн бодит үйл баримтад үндэслэгдсэн хийгээд авто тээврийн хэрэгслийн жолооч *******ын дээрх журмыг зөрчсөн уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******ын хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй хүний амь насыг хохироосныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч *******ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасныг зөрчиж мотоциклоо онхолдуулсны улмаас *******ы амь нас хохирсон нь шууд шалтгаант холбоотой байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас *******ы амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Улсын яллагчийн зүгээс ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн хувьд маргаагүй гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, бага насны хүүхэдтэй, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх, уг хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн хохирол, хор уршиг, нөхөн төлбөрийн хэмжээ: Гэмт хэргийн улмаас хохирогч *******ы амь нас хохирсон бөгөөд шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хадбаатараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгдэгч *******ын жолоочийн 1280288 дугаарын үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэх, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч Л.Гэрэлт-Од нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугийн талаар маргаагүй. Үйлдсэн хэргээ анхнаасаа хүлээн мэдүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хадбаатараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах саналыг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэмт хэргийн улмаас түүний эхнэр *******ы амь нас хохирсон болох нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь 6-10 насны 2 хүүхэдтэй, тэднийг асран хамгаалж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 105 дугаартай “Шүүгдэгч *******ын ам бүл 4, 2022 оны 07 дугаар сарын 20-ны эхнэр ******* нь зуурдаар таалал төгссөн бөгөөд одоогоор тус хаягт ******* нь хүү Гэрэлт-Овогтой Мөнхтөмөр /ЛД:12210317/, ******* нь хүү Гэрэлт-Овогтой Мөнхтөр /ЛД:16261615/оршин суугаа хаяг, зан байдлын талаарх” тодорхойлолт /хх-ийн 98 х/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******од ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч ******* хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэмт хэргийн улмаас түүний эхнэр *******ы амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас *******ы амь нас хохирсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хадбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.4. Бусад асуудлаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ын №1280288 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчин хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг
журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******од оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******од мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ын №1280288 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хадбаатар гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР