Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 897

 

 

 

 

 

 

 

   2019          09            05                                            2019/ДШМ/897                          

 

 

Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1072 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Оын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1906029041097 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б-ийн О, 1986 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 100 дугаар гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:0000000000/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 8 сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил хорих ял шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг заасныг баримтлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 546 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

 

Б.О нь 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Х.Цолмонбаяртай маргалдан хэвлий тус газарт нь хутгалж, хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний 4, 5 дугаар сегмент, ходоодны гарах хэсгийн урд ханыг гэмтээсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Оыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 41 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогч Х.Цолмонбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2019 оны 5 дугаар сарын 11-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хүрхэрээ тур” хотхоны барилгын ажил хийж байхдаа Цолмонбаяртай архи ууж, ажлаас болж маргалдсан. Намайг явган сууж байхад Цолмонбаяр араас хөлөөрөө жийж унагаад, нүүрэн тус газар 1 удаа цохиж дарамталсан. Тухайн үед би гэнэт цочирдсондоо гартаа барьж байсан хутгаараа 1 удаа хутгалсан. Миний бие өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хэрэг гарсан тухайн цаг үед цагдаагийн байгууллагад өөрөө мэдэгдэж, түргэн тусламж дуудсан. Цус гараад байхаар нь даавуугаар шархыг дарж, цэргийн эмнэлэгт хүргэж өгч эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн. Хохирогч Цолмонбаярын эмчилгээний зардлыг төлж, бусдад төлөх хохирол төлбөргүй болсон. Урьд нь шүүхээс ял шийтгүүлж байсан боловч шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Гэтэл миний хувийн байдлыг дордуулж давтан гэмт хэрэгтэн гэж шүүхээс тогтоож байгаад гомдолтой байна. Миний энэ үйлдсэн гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоолгох хүсэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан байдаг. Би Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял болон гэм буруугийн хувьд маргаагүй болно. Миний хувийн болон эрх зүйн байдлыг дордуулалгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Б.О урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан боловч шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хохирогчийн зүй бус үйлдэл нь шүүгдэгчийн санаа сэтгэл цочрон давчидсан үедээ тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй бөгөөд тохиолдлын шинжтэй үйлдсэн гэмт хэрэг гэж үзэж болохоор байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч авахыг сануулж байсан. Шүүгдэгч уншиж чадна, бичиж чадахгүй гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Монгол хэл, бичиг мэдэхгүй” гэж заасан. Бичиж чадах эсэхийг хуульчлан тусгаагүй гэж үзсэн учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Б.Од холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх үүнийг үл хайхарч хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шийтгэх тогтоол нь хууль ёсны болж чадаагүй байна.

 

Учир нь, шүүгдэгч Б.О нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “... Монгол хэлээр уншиж чадна, бичиж чадахгүй ...” гэсэн тайлбар өгсөн тул түүний боловсролын байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудаас судалж үзэхэд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 57-59/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 7, 2006 оны 23, 2010 оны 59, 2012 оны 51 дугаартай шийтгэх тогтоолууд болон Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 546 дугаартай шийтгэх тогтоолд Б.О нь “... бага боловсролтой, мэргэжилгүй ...” /хх 44, 45, 47, 49, 51/ гэж тус тус тэмдэглэгджээ.

 

Мөн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 56/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 58-59/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх 64/-д бичсэн гар бичвэр, зурагдсан гарын үсэг зэрэг нь Б.Оыг бичиг мэддэг гэхэд илтэд эргэлзээ төрүүлэхүйц байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй:” гэсний 1.3 дахь заалтад “монгол хэл, бичиг мэдэхгүй;” гэж заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” хэмээн тунхагласан тул дээрх хуулийн зүйл, хэсэг, заалтад заасан “монгол хэл, бичиг мэдэхгүй” гэдэгт Монгол хэлээр уншиж, бичиж чадахгүй, эсхүл аль нэгийг нь чаддаг боловч нөгөөг нь чадахгүй хүнийг хамааруулан ойлгоно.  

 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар Б.Оын боловсролын байдлыг тогтоолгүй, өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна.

 

            Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан ноцтой зөрчлийг арилгуулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Од холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.Оын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1072 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Од холбогдох хэргийг тус шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэрэг прокурорт очтол Б.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                 ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН