Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 125/ШШ2020/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Сонинболор даргалж, шүүгч Г.Янжиндулам, шүүгч С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Р.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, газрын даамал, Мөнххайрхан сумын Хаг багийн иргэдийн нийтийн хуралд холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага:

  1. Ховд аймгийн Мөнххайрхан сумын газрын даамалд холбогдуулан “...Р.Б-ын газар эзэмших хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүй болон Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн 2018 оны 5 сарын 15-ны өдрийн Иргэдийн нийтийн хуралдааны шийдвэрт нөлөөлсөн шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох...”
  2. Мөнххайрхан сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хуралд холбогдуулан “...Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/03 дугаар тогтоолын Б.О-т “Нартын хашаа”-г хаваржааны зориулалтаар эзэмшүүлсүгэй...” гэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох...”
  3. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргад холбогдуулан
  • “...Мөнххайрхан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/155 дугаар захирамжийн Б.О-т холбогдох “Улиастын нартын хашаа 0.15 га газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсүгэй” гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”, “Р.Б-ын “Нартын хашаа” гэх нэртэй газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”, “Р.Б-д “Нартын хашаа” гэх нэртэй газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, түүний газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах”
  1. Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “...Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/03 дугаар тогтоолоор баталсан “Өвөлжөө хаваржааны доор газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай журам”-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О , хариуцагч Мөнххайрхан сумын Засаг дарга Б.Б , Мөнххайрхан сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Б , Мөнххайрхан сумын газрын даамал С.О , гэрч Хадбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхэд анх Ховд аймгийн Мөнххайрхан сумын газрын даамалд холбогдуулан “...Р.Б-ын газар эзэмших  хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүй болон Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн 2018 оны 5 сарын 15-ны өдрийн Иргэдийн нийтийн хуралдааны шийдвэрт нөлөөлсөн шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох...”, Мөнххайрхан сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хуралд холбогдуулан “...Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/03 дугаар тогтоолын Б.О-т Нартын хашааг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсүгэй гэх хэсгийг, мөн өдрийн хуралдааны тэмдэглэлийн “Шийдвэрлэсэн” нь хэсгийн Б.О-т Нартын хашааг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр хуралд оролцогчдын олонхийн саналаар батлах гэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах...”, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргад холбогдуулан “...Мөнххайрхан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/155 дугаар захирамжийн Б.О-т холбогдох “Улиастын нартын хашаа 0.15 га газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсүгэй” гэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолох”, “Р.Б-ын “Нартын хашаа” гэх нэртэй газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”, “Р.Б-д “Нартын хашаа” гэх нэртэй газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, түүний газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах”, Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “...Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/03 дугаар тогтоолоор баталсан “Өвөлжөө хаваржааны доор газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай журам”-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас Мөнххайрхан сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “...Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/03 дугаар тогтоолын Б.О-т “Нартын хашаа”-г хаваржааны зориулалтаар эзэмшүүлсүгэй...” гэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж, Мөнххайрхан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “...Мөнххайрхан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/155 дугаар захирамжийн Б.О-т холбогдох “Улиастын нартын хашаа 0.15 га газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсүгэй” гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах...” гэж тус тус тодруулж бусад нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Р.Б нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн нутаг дэвсгэрт орших Улиастын Нартын хашаа гэх газрыг тус багийн малчин М.Б гэх хүнээс 2006 онд 2500000  төгрөгөөр худалдаж авснаас хойш 2019 оны намар хүртэл 13 жилийн хугацаанд тасралтгүй өмчлөгчийн нэгэн адил тасралтгүй эзэмшиж, ашиглаж ирсэн. Гэтэл 2017 оноос Б.О тус Нартын хашаа гэх газрыг миний газар би Ш.Цэлхээжаваас 1999 онд худалдаж авсан гэж маргах болсон. Ингээд Р.Б нь М.Баттулгаас газрын эрхийг шилжүүлэн авахаар түүнтэй холбогдоход М.Баттулга нь Б.Хуяг-Очир 25 малаар, Б.Хуяг-Очир нь Ш.Цэлхээжаваас 1000000 төгрөгөөр тус тус дамжуулан худалдаж авсан байна. Харин Ш.Цэлхээжав нь тус маргаан бүхий газрыг түүний аав, эмэг эхээс нь үе дамжин нутаглаж, суурьшиж ирсэн газар тул тэрээр эцэг өвгөдийнхөө газрыг өмч хувьчлалын үеэр өөрийн үр хүүхэд, ах дүүгийн нийлсэн 18 ширхэг ягаан тасалбараар худалдаж авсан байдаг.

Нэхэмжлэгч Р.Б нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргад хандан гаргахад газрын даамал хүлээн авахаас татгалзаж, Мөнххайрхан сумын Хаг багийн ИНХ-д өг гэж явуулсан нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх заалтыг зөрчсөн байна. Ийнхүү хуулиар өөрт нь хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, Р.Б-ын газар эзэмших хүсэлтийг бүртгэж аваагүй сумын газрын даамлын эс үйлдэхүй хууль бус юм.

Р.Б-ын газар эзэмших тухай хүсэлтийг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэд хэдэн удаа хэлэлцэж, Р.Б , Б.О нар маргасан тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх саналыг иргэд гаргаж газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон. 2018 оны 5 сарын 15-ны өдөр болсон Хаг багийн Иргэдийн нийтийн хуралд газрын даамал С.О оролцож, энэ газар хэний ч эзэмшилд байдаггүй, Б.О-т эзэмшүүлж болно гэж албан тушаалаа ашиглан Б.О-т давуу байдал олгож, тус багийн ИНХ-ын шийдвэрт хууль бусаар нөлөөлсөн.

2018 оны 5 сарын 15-ны өдөр болсон Хаг багийн Иргэдийн нийтийн хурлаас 5/03 дугаар тогтоол гаргаж Нартын хашааг Б.О-т эзэмшүүлэх агуулгатай шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 22.1, 33.1.1 дэх заалтыг зөрчсөн.

Улмаар Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/155 дугаар захирамжаар Нартын хашааг Б.О-т эзэмшүүлсэн нь Р.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Мөнххайрхан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/155 дугаар захирамж нь Захиргааны Ерөнхий хуулийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.3-д ...хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ, 24.4 тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэснийг тус тус зөрчиж бодит нөхцөл байдлыг нарийн шалгаагүйгээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцахгүй байна...” гэснийг зөрчсөн.

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь 2018 оны 10  сарын 24-ний өдрийн А/155 дугаартай захирамж гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа “...Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5/03 дугаар тогтоолын холбогдох заалтыг үндэслэсэн Хаг багийн Засаг даргын тодорхойлолт, Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 05 өдрийн 6/03 дугаар тогтоолоор батлагдсан “Өвөлжөө хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх” журмын 3.4 дахь заалт ...-ыг үндэслэсэн гэжээ.

Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 05 өдрийн 6/03 дугаар тогтоолоор батлагдсан “Өвөлжөө хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх” журам нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан Захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр болон гэсэн шаардлагыг хангаагүй буюу Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдээгүй, албан ёсоор нийтлэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй журам юм.

Түүнчлэн уг журам нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйл 60.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” шаардлагыг зөрчиж тус журмын 3.4 дэх хэсэгт “Шинээр болон эрх шилжүүлж өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмших бол багийн иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэн олонхийн шийдвэрээр эзэмших, мөн журмын 8.4 дэх хэсэгт заасан Эрх шилжүүлэн авч буй этгээд нь шинээр газар эзэмших, ашиглах хүсэлтээ багийн ИНХ-д тавьж шийдвэр гаргуулсан байна” гэсэн заалтууд нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан багийн иргэдийн нийтийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргах эрх олгож, улмаар Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн ... газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад ... гаргана”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ... тухайн шатны Засаг дарга гаргана”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дэх хэсэгт заасан “... Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж газар эзэмших болон газар эзэмших эрх шилжүүлэн авахдаа иргэн Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргах эрхийг зөрчсөн байна.

Дээрх хууль бус шийдвэрүүдийг үндэслэн гарсан Мөнххайрхан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/155 дугаар захирамж нь өөрөө хууль бус тул уг захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Хаг багийн Иргэдийн нийтийн хурал 2018 оны 5 сарын 15-ны өдөр болсон. 2018 онд манай багт 112 өрх тоологдсон ба уг хуралд 30 өрхийн төлөөлөл 32 хүн оролцсон. 4 өрх тутмаас 1 төлөөлөл ирсэн тохиолдолд хурлын ирц гүйцсэн гэж үздэг.

Тус хуралдаанаар 3 асуудал хэлэлцсэний нэг нь өвөлжөө хаваржааны газар эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэх байсан. Б.О нь тус өдрийн багийн Иргэдийн нийтийн хуралдаанаар 2 асуудал хэлэлцүүлсэн ба түүний нэг нь 2018 оны 1 сард болсон багийн иргэдийн нийтийн хурлаар Р.Б-той маргаан үүсгэсэн  газрын газар эзэмших хүсэлт байсан. Р.Б нь манай багийн иргэн биш тул би багийн Иргэдийн нийтийн хурлын товыг түүнд мэдэгдээгүй, багийн Засаг дарга Ганболд урьдчилж хэлсэн байсан. 2018 оны 5 сарын 15-ны өдөр болсон Хаг багийн Иргэдийн нийтийн хуралд Р.Б нь оролцоогүй.

Миний бие иргэдээс ирсэн өргөдлийг уншиж танилцуулсан. Б.О энэ өргөдлийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Тухайн хуралд сумын газрын даамал оролцсон ба иргэд энэ асуудал маргаантай учраас газрын даамлаас шийдвэрлэж өгөхийг хүссэн. Газрын даамал нь Нартын хашаа гэх хаваржааны газар нь хэн нэгний эзэмшилд байдаггүй гэх тайлбар өгсөн тул үүнийг үндэслэн багийн иргэд тус хаваржааг Б.О-т эзэмшүүлэх нь зүйтэй гэж үзэж дэмжсэн тул би тогтоол гаргаж гарын үсэг зурсан гэв.

Хариуцагч Ховд аймгийн Мөнххайрхан сумын газрын даамал С.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Р.Б нь Нартын хашааг хаваржааны зориулалтаар эзэмших хүсэлтээ надад өгч байгаагүй ба газар эзэмших хүсэлтээ удаа дараа гаргаж байсан гэдэг нь үндэслэлгүй юм. 2017 онд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ Б.О надад хандан гаргаж байсан ба тухайн үед Багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж эзэмших эрхтэй болохыг танилцуулж өргөдлийг нь хүлээн авалгүй буцааж байсан. 2018 оны өвөл болсон Хаг багийн Иргэдийн нийтийн хуралд Нартын хашааг хаваржааны зориулалтаар эзэмших хүсэлтээ гаргасан ба сумын Засаг дарга “...энд 2 хүн газар булаацалдаж маргалдаж байна. Чи Нартын хашаа, Оройгийн өтөг нэртэй 2 газар улсын бүртгэлээс шүүгээд хэний нэр дээр байгааг тодруул...” гэсний дагуу шүүж үзэхэд хэний ч эзэмшилд байгаагүй. Дараа нь 2018 оны 5 сарын 15-ны өдөр болсон Хаг багийн Иргэдийн нийтийн хуралд миний бие мэдээлэл хийхээр очсон. Б.О нь Нартын хашааг хаваржааны зориулалтаар эзэмших хүсэлтээ Хаг багийн иргэдийн нийтийн хурлын даргад өгсөн байсныг хурлын дарга уншиж танилцуулсан. Багийн иргэдийн нийтийн хуралд гаргасан өргөдлийг газрын даамал бүртгэж авдаггүй. Р.Б нь тухайн үед Нартын хашааг эзэмших хүсэлтээ гаргаагүй байсан ба өөрөө ч уг хуралд оролцоогүй тул маргаантай газрыг шийдвэрлэх боломжгүй гэх зэргээр ярилцаж байгаад надаас асуусан. Тухай үед тус газар нь хэний ч эзэмшилд байдаггүй тул багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж хэнч эзэмших эрхтэй, өргөдлийг ирсэн дарааллаар нь хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэж хэлснийг багийн Иргэдийн нийтийн хуралд нөлөөлсөн гэж үзсэн байна.

Р.Б нь газар эзэмших хүсэлтээ багийн Иргэдийн нийтийн хуралд гаргаж байсан бол өөрийн биеэр хуралд оролцсон эсэхээс шалтгаалан уг хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Р.Б нь Нартын хашааг эзэмших хүсэлтээ гаргасан талаар уншиж танилцуулаагүй болно.

Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын 2015 оны 5/03 дугаар тогтоол, Хаг багийн Засаг даргын 2018 оны 10 сарын 09-ний өдрийн 111 дугаартай тодорхойлолтыг үндэслэн сумын Засаг дарга захирамжийн төслийг бэлтгэж Засаг даргад танилцуулсан гэв.

 

Хариуцагч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга Б.Б  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мөнххайрхан суманд хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь малчдын өвөлжөө, хаваржаа болон бэлчээрийн асуудал байдаг.  Зарим хэсэг нь өвөлжөө хаваржаагүй, зарим хүмүүст 2, 3 өвөлжөө, хаваржаатай байдаг.

2009 онд Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Өвөлжөө хаваржааны доор газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай журам” баталж мөрдүүлсэн байдаг. Уг журмаар тухайн багт амьдраад мал маллаж байгаа хүн өвөлжөө, хаваржааг эзэмшиж болохоор заасан байдаг. Тухайн багт амьдарч байгаа иргэд нэгнийхээ өвөлжөө, хаваржааг сайн мэддэг тул амьдралд ойрхон шийдвэр гаргах гэсэн үүднээс багийн иргэдийн нийтийн хурлаар шийдвэрлэх журам батлагдсан. Нартын хашаа гэх хаваржааны асуудлаар Б.О  Р.Б нар маргалддаг гэдгийг багийн иргэд бүгд мэддэг. 2002 онд Газрын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд тэр үед газрын ямар нэгэн гэрчилгээ байгаагүй ба уг хаваржааг аман хэлцлээр худалдсан гэдэг зүйлийг Р.Басангомбо, Б.Оюунцэцэг нар ярьдаг.

Сумын Засаг даргын 2018 оны 10 сарын 24-ны өдрийн А/155 дугаартай захирамж нь багийн иргэдийн нийтийн хурлын 2018 оны 5/03 дугаар тогтоолыг үндэслэж гарсан ба бусдад давуу байдал олгох зорилгоор Р.Б-ын газар эзэмших хүсэлтийг хүлээн аваагүй зүйл бол байхгүй гэв.

 

Хариуцагч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Я.О шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2-ын “ж”, “з”-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6 дугаар хуралдаанаар хэлэлцэж шийдвэрээ гаргасан. Мөн хуулийн 23.7-д зааснаар 19 төлөөлөгч буюу 90.5 хувийн ирцтэй хуралдаж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлагдсан хүчин төгөлдөр шийдвэр юм. Ойрын хугацаанд хурлаар хэлэлцүүлж хуульд заасан хугацаанд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, батлуулж мөрдлөг болгон ажиллана гэжээ.

 

Гуравдагч этгээд Б.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.Б надтай маргалдаад нилээд удаж байна. Нартын хашаа гэж хаваржааг анх Ш.Цэлхээжав гэдэг хүнээс би газрыг нь худалдаж авъя гэж хэлээгүй Ш.Цэлхээжав надад өөрөө санал болгосон. Уг газрын дээд талд нь манай ээжийн өвөлжөө, хаваржаа байдаг. Ээж дээрээ оччихоод буцаад явж байхдаа Ш.Цэлхээжавтай таархад “...миний том болсон охин энэ газар дээр нас барчихлаа. Би энэ газрыг зармаар байна, энд байж болохгүй байна, миний ах дүү нар холдоод явчихлаа ойр дотно байсан хүний хувьд чи энэ хашааг авчих...” гээд зовлонгоо ярьхаар нь би “...та хэдэд зарах юм бэ...” гэж асуухад 1000000 төгрөгөөр зарна гэхээр нь би 1000000 төгрөг дүүдээ өгөөд Ш.Цэлхээжавд өгөөрэй гэж хэлээд явуулсан.

Р.Б нэхэмжлэл гаргахдаа Шарав гэдэг айлаас ирсэн өвөлжөө, хаваржаа үе дамжсан хөрөнгөө авсан гэж худлаа яриад байдаг. Нарт гэдэг газарт 2 газар байдаг. Бэлчээрийн даацаа тооцож барьсан. Нэг хашаа нь усны цаад талд бидний маргалдаж байгаа хашаа нь усны наад талд байдаг. Тэр хашаа нь Цэвээн гэдэг хүний газар байсан бөгөөд өмч хувьчлалаар Ш.Цэлхээжав авсан. Би тэнд байсан учраас түүхийг нь маш сайн мэдэж байна. Би тухайн хашааны мөнгийг нь өгчихсөн байсан бөгөөд 2004 оноос би хашааны гэрчилгээгээ авмаар байна гэж Ш.Цэлхээжавд хэлэхэд “...гэрчилгээ байгаа би чамд өгнө...” гэж хэлсэн боловч өгөөгүй. Сумын төвд Ш.Цэлхээжавтай таараад та хашааныхаа гэрчилгээг өгөх хэрэгтэй байна. Засаг даргатай уулзая гэхэд эгч нь бие их муу байна, чи өөрөө хөөцөлдөөд авчих гэж хэлсэн. Тэгээд би аймгийн газрын албаны мэргэжилтнээр хашааны давхцлыг харуулахад хэн нэгний нэр дээр байхгүй байна, давхцал алга, та давуу эрхтэй юм байна гэж надад хэлээд албан бичиг Мөнххайрхан сумын Засаг дарга, газрын даамал хоёрт хийж өгсөн. Би бичгээ аваад газрын даамал дээр очиход “...Засаг даргад өргөдлөө өг...” гэсэн учраас би Засаг дарга дээр очход Засаг дарга “...аймгийн Газрын албаны бичиг хамаагүй, манайх ийм журамтай, багийн иргэдийн хурлаар өргөдлөө оруулаад хэлэлцүүлсний дараа бид багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолыг харж байж шийднэ...” гэдэг хариуг өгсөн.

2018 оны 5 сарын 15-ны өдөр Хаг багийн Иргэдийн нийтийн хурал болсон ба уг хурлаар Нартын хашааг надад эзэмшүүлэхийг хуралд оролцсон иргэдийн 100 хувийн саналаар дэмжсэн. Тийм л зүйл болсон. Багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үндэслэн Мөнххайрхан сумын Засаг даргын 2018 оны А/155 дугаар захирамж гарч, надад Нартын хашааг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О нь

  1. Ховд аймгийн Мөнххайрхан сумын газрын даамалд холбогдуулан “...Р.Б-ын газар эзэмших хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүй болон Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн 2018 оны 5 сарын 15-ны өдрийн Иргэдийн нийтийн хуралдааны шийдвэрт нөлөөлсөн шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох...”
  2. Мөнххайрхан сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хуралд холбогдуулан “...Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/03 дугаар тогтоолын Б.О-т Нартын хашааг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсүгэй гэх хэсгийг, мөн өдрийн хуралдааны тэмдэглэлийн “Шийдвэрлэсэн” нь хэсгийн Б.О-т Нартын хашааг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр хуралд оролцогчдын олонхийн саналаар батлах гэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох...”
  3. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргад холбогдуулан
  • “...Мөнххайрхан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/155 дугаар захирамжийн Б.О-т холбогдох “Улиастын нартын хашаа 0.15 га газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсүгэй” гэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”
  • “Р.Б-ын “Нартын хашаа” гэх нэртэй газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”
  • “Р.Б-д “Нартын хашаа” гэх нэртэй газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, түүний газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах”
  1. Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “...Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/03 дугаар тогтоолоор баталсан “Өвөлжөө хаваржааны доор газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай журам”-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О нь шүүх хуралдаанд Мөнххайрхан сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “...Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/03 дугаар тогтоолын Б.О-т “Нартын хашаа”-г хаваржааны зориулалтаар эзэмшүүлсүгэй...” гэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж, Мөнххайрхан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “...Мөнххайрхан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/155 дугаар захирамжийн Б.О-т холбогдох “Улиастын нартын хашаа 0.15 га газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсүгэй” гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах...” гэж тус тус тодруулж нэхэмжлэлийн бусад шаардлагаа дэмжиж оролцсон.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий Нартын хашаа гэх хаваржааны газрыг анх иргэн Ш.Цэлхээжаваас Б.Хуяг-Очир 1 сая төгрөгөөр худалдан авч, Б.Хуяг-Очироос М.Баттулга 25 малаар худалдан авсан. 2006 онд М.Баттулга гэх хүнээс Р.Б 2500000 төгрөгөөр худалдаж авсан ба 2006 оноос 2019 оны намар хүртэл уг хаваржааг Р.Б  эзэмшиж ашиглаж ирсэн. Уг хаваржааны газрыг эзэмших тухай хүсэлтээ Хаг багийн Иргэдийн нийтийн хурал, газрын даамалд гаргаж байсан ба Мөнххайрхан сумын Засаг даргын захирамжаар Нартын хашаа нэртэй хаваржааны газрыг иргэн Б.О-т эзэмшүүлсний улмаас газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэж,

Хариуцагч нараас Р.Б Б.О  нар тус хаваржааны газрын асуудлаар маргаж байсан ба уг хаваржааны газар нь хэний ч эзэмшил, өмчлөлд байдаггүй, Мөнххайрхан сумын ИТХ-ын 2018 оны 6/03 дугаар тогтоолоор батлагдсан “Өвөлжөө хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх журам”-д зааснаар багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж Б.О-т Нартын хашааг эзэмшүүлэхээр тогтоол гарсан тул уг хаваржааг Б.О-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэж тус тус тайлбарлана маргажээ.

Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, шүүхэд хуралдаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамал С.О-д холбогдуулан гаргасан “...Р.Б-ын газар эзэмших хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүй болон Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн 2018 оны 5 сарын 15-ны өдрийн Иргэдийн нийтийн хуралдааны шийдвэрт нөлөөлсөн шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох...”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Р.Б нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн нутаг орших “Нартын хашаа”-ш өвөлжөөний зориулалтаар эзэмших тухай хүсэлтээ 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болсон Хаг багийн Иргэдийн нийтийн хуралд танилцуулж, уг хүсэлтээ Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Б-д өгч, хуралдаанаар хэлэлцүүлсэн хэдий ч нэхэмжлэгч Р.Б , гуравдагч этгээд Б.О нар “Нартын хашаа”-г эзэмших асуудлаар маргасан тул уг хүсэлтийг Хаг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж шийдвэрлээгүй болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан Р.Б-ын Хаг багийн Иргэдийн нийтийн хуралд гаргасан 2018 оны 1 сарын 10-ны өдрийн өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Улмаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр болсон Хаг багийн Иргэдийн нийтийн хуралд нэхэмжлэгч Р.Б оролцоогүй ба гуравдагч этгээд Б.О оролцож, “Нартын хашаа”-г хаваржааны зориулалтаар эзэмших хүсэлт гаргасныг Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Б  уг хуралд нэхэмжлэгч Р.Б-ын хүсэлтийг танилцуулахгүйгээр Б.О-ийн хүсэлтийг уншиж танилцуулж, Б.О-ийн хүсэлтийг хэлэлцэн, “Нартын хашаа”-г Б.О-т хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Р.Б нь “Нартын хашаа”-г эзэмших хүсэлтээ Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Б-д өгсөн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “...иргэн газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана...” гэж заасныг зөрчсөн ба Мөнххайрхан сумын Засаг даргын Тамгын газрын өргөдлийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл болон Мөнххайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3/201 дүгээр “...Р.Б  нь Хаг багийн нутагт байрлах “Нартын хашаа”-г хаваржааны зориулалтаар эзэмшихээр манайд өргөдөл хүсэлт албан ёсоор гаргаж байгаагүй болно...” гэх албан бичиг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Р.Б нь маргаан бүхий газар болох “Нартын хашаа”-г эзэмших тухай хүсэлтээ Мөнххайрхан сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамалд гаргаж байсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс Мөнххайрхан сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 5 сарын 15-ны өдрийн Б/03 дугаар тогтоолоор “Нартын хашаа”-г Б.О-т хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэхэд тус сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хуралд оролцсон иргэдэд Мөнххайрхан сумын газрын даамал нөлөөлсөн гэх боловч тус сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 5 сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, тус хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөл болох Б.Сувд-Эрдэнэ, Б.Давааням, Б.Батсүх нарын гэрчийн мэдүүлгүүдээр Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 5 сарын 15-ны өдрийн Б/03 дугаар тогтоолоор “Нартын хашаа”-г Б.О-т хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэхэд Мөнххайрхан сумын газрын даамал Хаг багийн иргэдэд нөлөөлсөн гэх үндэслэл нь тогтоогдохгүй байна

Иймд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамал С.О-ий “Р.Басангомбын газар эзэмших хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүй болон Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн 2018 оны 5 сарын 15-ны өдрийн Иргэдийн нийтийн хуралдааны шийдвэрт нөлөөлсөн шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Мөнххайрхан сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хуралд холбогдуулан гаргасан “Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/03 дугаар тогтоолын “Б.О-т “Нартын хашаа”-г хаваржааны зориулалтаар эзэмшүүлсүгэй гэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/03 дугаар тогтоолын 1 дэх заалтад “...Б.О-т “Нартын хашааг”-г хаваржааны зориулалтаар...” тус тус эзэмшүүлсүгэй...” гэж тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг  багийн Иргэдийн нийтийн хурал нь хаваржааны газрыг иргэдэд эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг өөрийн бүрэн эрхэд хамааруулан шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн иргэдийн нийтийн хурал нь Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхгүй бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-д “...аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий  газраас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэх сумын Засаг даргын газрын харилцааны талаар хуульд заасан эдлэх бүрэн  эрхийг хэрэгжүүлж тогтоол гаргасан нь буруу байна.

Мөнххайрхан сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хурал нь уг тогтоол гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалтыг үндэслэл болгосон байх бөгөөд энэ нь иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сумын Хуралд уламжлахтай холбоотой зохицуулалт юм.

Мөн Мөнххайрхан сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/03 дугаар тогтоол гарах үед Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн “Өвөлжөө, хаваржаа эзэмших, ашиглуулах, эрх шилжүүлэх журам” хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба уг журамд өвөлжөө хаваржааны доор газрыг эзэмших, эрх шилжүүлэх асуудлыг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэх зохицуулалт байхгүй байхад тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Өвөлжөө, хаваржаа эзэмших, ашиглуулах, эрх шилжүүлэх журам”-ыг зөрчиж багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн тогтоол гаргасан нь хууль бус гэж үзлээ.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Мөнххайрхан сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/03 дугаар тогтоолын 1 дэх заалтын “...Б.О-т “Нартын хашаа”-г хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна.

  1. Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан “...Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/03 дугаар тогтоолоор баталсан “Өвөлжөө хаваржааны доор газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай журам”-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/03 дугаар тогтоолоор сумын хэмжээнд нийтээр дагаж мөрдөх “Өвөлжөө, хаваржааны доор газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх журам”-ыг баталж, уг журмаар сум орон нутгийн хэмжээнд дэх бэлчээрийн газрыг зүй зохистой ашиглах, эзэмших, шилжүүлэх буюу малчид, хот айлд өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д зааснаар газар эзэмших хүсэлт хүлээн авсан газрын даамал бүртгэлд бүртгэх журмыг зөрчиж Р.Басангомбын газар эзэмших хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд энэхүү үндэслэлээ “Өвөлжөө хаваржааны доор газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай журам”-д зааснаар газар эзэмших хүсэлтээ багийн Иргэдийн нийтийн хуралд гаргах ёстой гэж Газрын тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж эс үйдэхгүй гаргасан...” гэж тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас хаваржааны газар эзэмших хүсэлтийг зохих журмаар шийдвэрлээгүй гэж маргаж байгаа тул Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/03 дугаар тогтоолоор баталсан “Өвөлжөө хаваржааны доор газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай журам” нь холбогдох хууль нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/03 дугаар тогтоолоор баталсан “Өвөлжөө хаваржааны доор газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай журам” нь Захиргааны Ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй хэм хэмжээний акт тул холбогдох хуульд заасан шаардлагыг хангасан байхыг шаардана.

Захиргааны Ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна”,

60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”,

64 дүгээр зүйлийн 64.3-д “Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ”,

65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж заасан хуулийн заалтуудыг зөрчсөн шийдвэр байна.

Учир нь хуульд зааснаар орон нутгийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөх өвөлжөө хаваржааны газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх харилцааг зохицуулсан журам /хэм хэмжээний акт/-ыг Захиргааны Ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэх ёстой байтал Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж бүртгүүлээгүй болох нь Хууль зүй дотоод хэргийн яамны 2020 оны 9 сарын 03-ны өдрийн 3-2/108 дугаар “...Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны “Өвөлжөө, хаваржааны доор газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай журам” 6/03 дугаар тогтоол нь Захиргааны хэм хэмжээний улсын бүртгэлд бүртгэлгүй байна....” гэх албан бичиг, Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 9 сарын 09-ний өдрийн 1/32 дугаар “... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 6/03 дугаар тогтоолоор баталсан “Өвөлжөө, хаваржааны доор газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай журам”-ыг хууль зүйн яаманд хүргүүлж хянуулаагүй болно...” гэх албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Захиргааны Ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.3-д “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй.” гэж заасан байх тул Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан “...Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/03 дугаар тогтоолоор баталсан “Өвөлжөө хаваржааны доор газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай журам”-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нь зүйтэй байна.

  1. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “...Мөнххайрхан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/155 дугаар захирамжийн Б.О-т холбогдох “Улиастын нартын хашаа 0.15 га газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсүгэй” гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”, “Р.Б-ын “Нартын хашаа” гэх нэртэй газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”, “Р.Б-д “Нартын хашаа” гэх нэртэй газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, түүний газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/155 дугаар захирамж гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа “...Мөнххайрхан сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 5/03 дугаар тогтоолын холбогдох заалт, Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/03 дугаар тогтоолоор баталсан Өвөлжөө хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх” журмын 3.4 дэх заалтыг...үндэслэсэн...” гэж тайлбарласан.

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын  2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 5/03 дугаар тогтоол, тус аймгийн Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/03 дугаар тогтоолоор баталсан “Өвөлжөө хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх” журам нь дээр дурдсан үндэслэлээр Газрын тухай хууль болон Захиргааны Ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул үүнийг үндэслэж гарсан Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын 2018 оны 10 сарын 24-ны өдрийн А/155 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.Б-оос асууж авсан тайлбарт “...Нартын хашааг хаваржааны зориулалтаар эзэмших хүсэлтээ Мөнххайрхан сумын газрын даамал өгсөн,... Хаг багийн Иргэдийн нийтийн хуралд оролцож уг газрын хаваржааны зориулалтаар эзэмших хүсэлтээ танилцуулсан...” гэжээ.

Хариуцагч Мөнххайрхан сумын Засаг дарга шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Р.Б нь Нартын хашааг хаваржааны зориулалтаар эзэмших хүсэлтээ надад гаргаж байгаагүй...” гэх ба Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч Р.Б нь Мөнххайрхан сумын Засаг даргад газар эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй байх тул “...Р.Б-ын “Нартын хашаа” гэх нэртэй газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох...”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-д “...аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий  газраас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан ба газар эзэмшүүлэх эрх нь хуульд зааснаар сумын Засаг даргад байх тул шүүхээс Р.Б-д Нартын хашааг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхийг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд “...Р.Б-д “Нартын хашаа” гэх нэртэй газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, түүний газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах...”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.8, 106.3.13 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Мөнххайрхан сумын газрын даамалд холбогдох “...Р.Б-ын газар эзэмших хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүй болон Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Иргэдийн нийтийн хуралдааны шийдвэрт нөлөөлсөн шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох...”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан Мөнххайрхан сумын Хаг багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/03 дугаар тогтоолын “...Б.О-т  “Нартын хашаа”-г хаваржааны зориулалтаар эзэмшүүлсүгэй...” гэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.
  3. Захиргааны Ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 64 дүгээр зүйлийн 64.3, 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт заасныг баримтлан Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/03 дугаар тогтоолоор баталсан “Өвөлжөө хаваржааны доор газрыг эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай журам”-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.
  4. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Мөнххайрхан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/155 дугаар захирамжийн Б.О-т холбогдох “Улиастын нартын хашаа 0.15 га газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсүгэй” гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.
  5. Газрын тухай хуулийн  32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мөнххайрхан сумын Засаг даргад холбогдох Р.Б-ын “Нартын хашаа” гэх нэртэй газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Р.Б-д “Нартын хашаа” гэх нэртэй газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, түүний газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

Даргалагч шүүгч Г.Сонинболор

Шүүгч Г.Янжиндулам

Шүүгч С.Оюунгэрэл