Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0574

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Д нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 588 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, М.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2024/0462/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Д нь Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.    

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 588 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.666 дугаар зүйл 66.1.11, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг тус тус баримтлан Г.Д нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдох Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хууль бус байсан болохыг тогтоолгох хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “...Анхан шатны шүүх энэ үндэслэлийг шүүхэд гаргасан нотлох баримт буюу Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Б-ы 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/668 дугаар хариу бичигт дурдсан “...Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/430 дугаар тушаалын хавсралтаар баталсан “...Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлын”-ын албан тушаалын тодорхойлолтод “Эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх “Эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд эмнэлгийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж төгссөн баримт бичиг түүнтэй дүйцэхүйц буюу эрүүл мэнд /эмнэлгийн удирдлагын магистр, боловсролын доктор, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсаныг нотлох баримт бичигт тус тус үндэслэнэ/ гэсэн мэргэшлийн шаардлага тавигдсан тул иргэн Г.Д-г тус шаардлагыг хангаж буйд тооцох үндэслэлтэй байна” гэсэн нотлох баримтыг үнэлэлгүйгээр хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

3.2. Нэхэмжлэлийн шаардлагад маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт гэж үзэж маргасан. Анхан шатны шүүх энэ үндэслэл дээр огт хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэлгүй тайлбарт тулгуурлан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн зүгээс ажлын байрны тодорхойлтод заасан “...Эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх” гэсэн шаардлагад дүйцэхүйц буюу магистрын дипломын хуулбараа анкетад хавсаргасан байсныг огт анхаарч үзээгүй хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3.3. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 588 дугаар шийдвэрийг нотлох баримтыг буруу үнэлсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Г.Д нь Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Зооноз өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг цахимаар зарлаж, нэхэмжлэгч уг сонгон шалгаруулалтад бүртгүүлж, хариуцагчаас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр түүнийг албан тушаалын тодорхойлолтын мэргэшил хэсгийн Эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх шаардлага хангаагүй үндэслэлээр анкетыг цуцалж шийдвэрлэснээр энэхүү маргаан үүссэн байна.

2.3. Нэхэмжлэгчээс ... Эрүүл мэндийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл үндэслэлгүйгээр иргэн миний анкетыг цуцлаагүй бол би сонгон шалгаруулалтад оролцох бүрэн боломжтой байсан төдийгүй шалгалтад тэнцэх боломжтой байсан” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгч нь уг шалгалтад бүртгүүлж холбогдох материалыг хавсаргасан ч өөрийн ажлын туршлагыг нотолсон баримт буюу албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан шийдвэрийн тухайд баримт бичгийн бүрдэл дутуу байсан. Шалгалтын комисс тодорхойгүй эсхүл эргэлзээтэй баримт бичгийн холбогдох материалыг шалгаж үздэг. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлын сул орон тоо одоог хүртэл нөхөгдөөгүй болно” гэж тус тус маргахад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

2.4. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг”, 23 дугаар зүйлийн 23.6-д Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.5-д заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална66 дугаар зүйл 66.1.11-д Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах эрхтэйЭмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т дээрх Захирлын орон тоон дээр нэр дэвшигчдээс авах сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлана” гэж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулалах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.5-д “Бүртгүүлж буй албан хаагч, иргэн баримт бичиг, мэдээллийг цахим системд үнэн, зөв оруулна”, 7.8-д “Энэ журамд заасан болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, иргэнийг бүртгэх эсэх тухай асуудлыг комисс хуралдаанаараа хэлэлцэх бөгөөд болзол хангаагүй бол энэ ттухай шалгалт эхлэхээс ажлын 1-ээс доошгүй өдрийн өмнө шалтгааныг цахим системээр мэдэгдэнэ тус тус заажээ.

2.5. Нэхэмжлэгчээс сонгон шалгаруулалтын хүснэгтийн мэргэшил хэсгийг бөглөхдөө 2013 оны 09 дүгээр сарын 17-нд 180 хоногийн хугацаатай, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд байгалийн голомтот халдварт өвчин судлагч эмч чиглэлээр, 2023 оны 01 дүгээр сарын 12-нд 280 хоногийн Удирдлагын академид ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц цагийн сургалт чиглэлээр сургалцсан гээд Удирдлагын академи төрийн албаны сургуулийн төрийн захиргааны Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтын №А4152 дугаар сертификат, мөн сургуулийн төрийн захиргааны менежментийн магистрын Е20164062 дугаар диплом, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн магистрын Е20174814 дугаар эмч, эмнэлэгийн мэргэжилтний ажлын ачааллыг судлах нь сэдвээр хамгаалсан диплом зэргийг хавсаргажээ.

2.6. Энэ нь нэхэмжлэгчийг маргаан бүхий албаны тушаалын тодорхойлолтод заасан мэргэшсэн байх, эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн, түүнтэй дүүцэхүйц буюу магистрын ... зэрэг хамгаалсныг нотолсон баримтууд байх тул түүнийг Мэргэшил”-ийн шаардлагыг хангаж байна гэж үзэх үндэслэлтэй.

2.7. Хэдийгээр нэхэмжлэгч албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байх боловч дээрх хууль, журамд зааснаар туршлага хэсэгт тавигдсан шаардлагыг нэхэмжлэгч өөрөө бүртгээгүй, холбогдох ажил эрхлэлттэй холбоотой тушаал шийдвэрийн хуулбараа хавсаргаагүй, дутуу бүрдүүлсэн байх тул үүнд хариуцагчийг буруутгаж, маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хууль бус байсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

2.8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

                 ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

                 ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ