Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/194

 

 

 

 

  2022 оны 10 сарын 03-ны өдөр                   Дугаар 2022/ШЦТ/194                                Баруун-Урт сум              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч М.Сумъяа,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2230002450260 дугаартай  хэргийг  2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн, хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

       

Монгол Улсын иргэн, 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тус аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч, ам бүл 2, эхийн хамт, Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг, Өгөөмөрийн 536 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй РД:*******,*******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Өсвөр насны шүүгдэгч  ******* нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг, Хийдийн 512 тоотод ******* амины орон сууц болон “*******” дэлгүүрт нэвтэрч, Скайтелын 100,000 төгрөгийн нэгж, “Huawei Y6” загварын гар утас, “Huawei B535-7812” загварын гэр интернэт, бэлнээр 23,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 493,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Өсвөр насны өсвөр насны шүүгдэгч  ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр талбай дээр тоглож байгаад 20 цагийн үед гэр лүүгээ явсан. “Их-Уул” дэлгүүр гэрэлгүй байхаар нь орж үзсэн. Нэг мэдсэн дэлгүүрт байсан зүйлсийг авсан байсан. Би “Их-Уул” дэлгүүрээр мөнгөтэй үедээ үйлчлүүлдэг байсан...” гэв.

 

Хохирогч ******* “...Би ******* сумын 6-р баг, Хийдийн 512 тоотод “*******” нэртэй 6 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нөхөр О.Гантулга болон хүүхдийн хамт сумын төвөөс зүүн тийш Их Өргөө гэх газар болсон морины уралдаанд гэр, хашаагаа түгжээд гэр бүлээрээ явсан. 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр үдээс хойш 14цагийн орчим сумын төвд байрлах гэртээ ирэхэд манай дэлгүүрийн ертөнцийн зүгээр урагш харсан цонх хагарсан, нээлттэй хулгай орсон байдалтай байсан. Би шууд сумынхаа цагдаагийн хэсэгт өөрийн биеэр ирж дуудлага мэдээлэл өгсөн. Сумынхаа цагдаагийн хамт гэртээ ирж үзэхэд дэлгүүрээр дамжаад гэр лүү орсон байсан. Гэрт байсан эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Дэлгүүрт байсан скайтелын 100,000 /нэг зуун мянга/ нэгж, манай гэрт байсан гэр интернэтийн төхөөрөмж, миний хүрэн өнгийн түрийвчинд байсан 40,000 /дөчин мянга/ төгрөг, манай хүүхдийн “Huawei Y6” маркийн гар утас /280,000 төгрөгөөр хавар авч байсан/ тус тус хулгайд алдсан. Манай гэрээс зүүн хойш байдаг Эрдэнэхүү гэх айлын 16 орчим насны нэрийг нь мэдэхгүй байна хүүхэд байдаг тэрийг би сэжиглэж байна. Тэр хүүхэд манай дэлгүүрээр үйлчлүүлж орж гардаг, хүний юм хөдөлгөдөг хулгай хийдэг талаар би хүнээс сонсож байсан учраас манай дэлгүүр лүү орсон байж магадгүй гэж сэжиглэж байна. Манай дэлгүүрт тамхи байсан аваагүй, нэгж интернэт, гар утас авсан байхыг бодохоор хүүхэд байж магадгүй гэж миний хувьд таамаглаж байна. Би нөхрийн хамт хөдөө гэртээ байдаг. Манай суман дээрх гэрт манай хүүхдүүд байсан. Нөхөр бид хоёр 08 сарын 08-ны өглөө хөдөөнөөс хамт гэртээ ирсэн. Ирээд хүүхдүүдээ аваад шууд уралдаанд явсан. Тухайн өдөр суман дээр нөхөр бид хоёр хүнтэй уулзаагүй шууд явсан. Ойр дотнын хүмүүс дээ уралдаанд явлаа гэж ярьж хэлсэн зүйл байхгүй. Манай дэлгүүрт урьд өмнө нь хулгай орж байгаагүй. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй, Миний ярьсан зүйл бүгд үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

Хохирогч ******* “... Мөн уг гэмт хэргийг ******* гэх хүүхэд үйлдсэн бөгөөд тухайн хүүхэд нь манай том охин Г.Анударийн ангийн хүүхэд байсан. ******* нь ээж *******ийн хамт ирээд надаас уучлалт гуйсан бөгөөд ******* нь миний хаан банкны 5632110486 дугаартай дансанд 810.000 төгрөг хийхдээ “Төлбөр” гэсэн утгатай хийж намайг ямар нэгэн хохирол гомдолгүй болгож өгсөн.Иймд би шүүх хуралд оролцохгүй...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 29-30/,

 

 Гэрч 17 “...Би ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 76 ангид сурдаг. Одоо энэ намар 8 дугаар ангид суралцана. 2022 оны 08 дугаар сарын 08-ний орой 18 цагийн үед би ******* сумын төвд тоглоомын талбай дээр сагсан бөмбөг тоглож байгаад зүс таних Зоригтбаатар гэх хүүхдээс “чамд түр бариулчих илүү утас байна уу?” гэж асуухад Зоригтбаатар надад “илүү утас байхгүй” гэж хэлсэн. Удалгүй 19 цагийн үед суманд бороо ороод талбай дээр тоглож байсан хүүхдүүд тарахад Зоригтбаатар над руу ирээд халааснаасаа Н11А\Л/Е1 маркийн хар өнгийн гар утас гаргаж ирээд “ чи энэ утсыг түр хэрэглэж бай” гэж хэлээд яваад өгсөн. Надад өөр нэмж өгсөн эд зүйл, бэлэн мөнгө байхгүй. Би ******* гэх хүүхдийг сайн танихгүй. Би орой болгон ******* сумын төвд байх сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байхдаа *******тай таардаг байсан. ******* нь тааралдах болгонд их хэмжээний мөнгөтэй явдаг байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан бүгд үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 047 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ...1-5 дугаартай 5 ширхэг мөртэй тохирох дардас санд илэрсэнгүй...6 дугаартай 1 ширхэг гарын мөр нь санд МN 004310009592  дугаартай, ******* регистртэй, Басбиш овогтой Зоригтбаатарын зүүн гарын дунд хурууны мөр мар байна...” гэх дүгнэлт /хх-ийн 51-52/

 

 Өсвөр насны яллагдагч *******ын “... Би үйлдсэн хэргийнхээ талаар өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэгт мэдүүлсэн. Уг асуудлын талаар дахин ярьж өгөхөд татгалзах зүйл байхгүй.Би Сүхбаатар аймгийн ******* сумын 6-р баг Өгөөмөрийн 536 тоотод ээж *******ийн хамт амьдардаг. Ээж маань тус сумын Эрүүл мэндийн төвд сувилагчаар ажилладаг бөгөөд би тус сумын ЕБС-н 10Б ангид сурдаг.Миний санаж байгаагаар 2022 оны 08 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед гадаа дөнгөж харанхуй болохоор нь сагсны талбайгаас гэр рүүгээ ганцаараа явж байхад тус сумын төвд үйл ажиллагаа явуулах “Их-Уул” нэртэй дэлгүүрийн гэрэл нь унтарсан байхаар нь тухайн дэлгүүрийн ард талын хашааны буланд дугуйгаа тавиад тухайн дэлгүүрийн ард талын хашааг даваад ороод хүн байгаа эсэхийг шалгаж үзэхэд ямар нэгэн хүн байхгүй байсан. Тэгээд миний толгойд хулгай хийх бодол төрөөд ойр хавьд цонхыг нь хагалах юм хайгаад урт хар зэвтэй төмөр олоод тус төмрөөр тухайн дэлгүүрийн баруун талын цонхны жижиг порчик хэсгийг цохиж хагалаад дотор талаас нь гараа оруулж байгаад нээж орсон Дэлгүүрт ороод лангууны хойд тал дээр хайрцагтай мөнгө байхаар нь базаж аваад халаасандаа хийсэн, дэлгүүр дотор байсан баруун талын хаалгаар гэрт нь ороод орон дээр байсан хар өнгийн гар утас, цагаан өнгийн гэр интернэтийг аваад буцаж гарах гэхэд тухайн мөнгөний хайрцаг газар унахаар нь аваад байранд нь тавьсны дараа Скайтелын нэгжүүд байхаар нь аваад буцаад орж ирсэн цонхоороо гараад гараад гэр рүүгээ явсан. Гэртээ ирээд мөнгө тоолж үзэхэд 23.000 төгрөг байсан, хар өнгийн гар утас, гэр интернэт нь Huawei маркийнх байсан. Харин Скайтелын 100.000 төгрөгийн нэгж байхаар нь тухайн нэгжээс 85.000 төгрөгийн нэгж өөрийн 96007112 дугаарын утсанд хийж хэрэглэсэн.Харин бэлэн мөнгийг нь өөрийн хувийн хэрэглээндээ хэрэглэсэн.Харин тухайн гар утсыг нь найз Сайнбаяр нь утасгүй гэхээр нь түр хугацаанд хэрэглүүлсэн. Тэгээд миний хулгай хийсэн үйлдэл баригдаад үйлдсэн хэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн.Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ээж ******* нь тухайн хүний хохирлыг барагдуулж өгсөн... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-9/

 

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11, 14-16/

 

Өсвөр насны яллагдагч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 1 сар 8 хоногтой байсныг тодорхойлсон мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 94/

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2202347 дугаартай “...Алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээ 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн...” гэх дүгнэлт

 

Өсвөр насны шүүгдэгч *******ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 90/

 

Өсвөр насны шүүгдэгч *******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91 х/

 

Өсвөр насны шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 х/

 

*******ын суралцагчийн хувийн хэрэг /хх-ийн 101-109 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр өсвөр насны шүүгдэгч  ******* нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг, Хийдийн 512 тоотод ******* амины орон сууц болон “*******” дэлгүүрт нэвтэрч, Скайтелын 100,000 төгрөгийн нэгж, “Huawei Y6” загварын гар утас, “Huawei B535-7812” загварын гэр интернэт, бэлнээр 23,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 493,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч ******* “...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр үдээс хойш 14цагийн орчим сумын төвд байрлах гэртээ ирэхэд манай дэлгүүрийн ертөнцийн зүгээр урагш харсан цонх хагарсан, нээлттэй хулгай орсон байдалтай байсан...Дэлгүүрт байсан скайтелын 100,000 /нэг зуун мянга/ нэгж, манай гэрт байсан гэр интернэтийн төхөөрөмж, миний хүрэн өнгийн түрийвчинд байсан 40,000 /дөчин мянга/ төгрөг, манай хүүхдийн “Huawei Y6” маркийн гар утас /280,000 төгрөгөөр хавар авч байсан/ тус тус хулгайд алдсан...” гэх

 Гэрч ******* “...2022 оны 08 дугаар сарын 08-ний орой 19 цагийн үед суманд бороо ороод талбай дээр тоглож байсан хүүхдүүд тарахад Зоригтбаатар над руу ирээд халааснаасаа Huawei маркийн хар өнгийн гар утас гаргаж ирээд “чи энэ утсыг түр хэрэглэж бай” гэж хэлээд яваад өгсөн...” гэх,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 047 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ...1-5 дугаартай 5 ширхэг мөртэй тохирох дардас санд илэрсэнгүй...6 дугаартай 1 ширхэг гарын мөр нь санд МN 004310009592  дугаартай, ******* регистртэй, Басбиш овогтой Зоригтбаатарын зүүн гарын дунд хурууны мөр мар байна...” гэх дүгнэлт,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2202347 дугаартай “...Алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээ 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн...” гэх дүгнэлт,

 Өсвөр насны яллагдагч *******ын “...гэр рүүгээ ганцаараа явж байхад тус сумын төвд үйл ажиллагаа явуулах “Их-Уул” нэртэй дэлгүүрийн гэрэл нь унтарсан байхаар нь тухайн дэлгүүрийн ард талын хашааны буланд дугуйгаа тавиад тухайн дэлгүүрийн ард талын хашааг даваад ороод хүн байгаа эсэхийг шалгаж үзэхэд ямар нэгэн хүн байхгүй байсан. Тэгээд миний толгойд хулгай хийх бодол төрөөд ойр хавьд цонхыг нь хагалах юм хайгаад урт хар зэвтэй төмөр олоод тус төмрөөр тухайн дэлгүүрийн баруун талын цонхны жижиг порчик хэсгийг цохиж хагалаад дотор талаас нь гараа оруулж байгаад нээж орсон Дэлгүүрт ороод лангууны хойд тал дээр хайрцагтай мөнгө байхаар нь базаж аваад халаасандаа хийсэн, дэлгүүр дотор байсан баруун талын хаалгаар гэрт нь ороод орон дээр байсан хар өнгийн гар утас, цагаан өнгийн гэр интернэтийг аваад буцаж гарах гэхэд тухайн мөнгөний хайрцаг газар унахаар нь аваад байранд нь тавьсны дараа Скайтелын нэгжүүд байхаар нь аваад буцаад орж ирсэн цонхоороо гараад гараад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “Өсвөр насны шүүгдэгч  ******* нь  2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг, Хийдийн 512 тоотод ******* амины орон сууц болон “*******” дэлгүүрт нэвтэрч, Скайтелын 100,000 төгрөгийн нэгж, “Huawei Y6” загварын гар утас, “Huawei B535-7812” загварын гэр интернэт, бэлнээр 23,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 493,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хохирогч С.Амарсайхан, гэрч С.Сайнбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 047 дугаартай дүгнэлт, “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2202347 дугаартай дүгнэлт, өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд түүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Өсвөр насны шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Бусад учруулсан хохирлыг бүрэн төлсөн. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

Хууль зүйн ойлголтоор “ Хулгайлах гэмт хэрэг ” нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэхээр хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйл “ Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн тайлбарт “ Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” тусгажээ.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар олж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлавал, өсвөр насны шүүгдэгч *******ыг мөнгө, эд зүйлийг авах санаа зорилго, сэдэлтээр бусдын үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байрт хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоно.

Хэргийн баримтаар өсвөр насны шүүгдэгч ******* нь хохирогч ******* амины орон сууц болон үйл ажиллагаа явуулдаг  “*******” дэлгүүрт нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд  тэрээр өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр атлаа гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, өмчлөгчийн эрхэд зориуд хохирол учруулсан байна.

 Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн хэрэгцээгээ хангах зорилгоор скайтелын 100,000 нэгж, гэр интернэтийн төхөөрөмж, 40,000 төгрөг, “Huawei Y6” маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл  байдал тогтоогдсонгүй. Өсвөр насны шүүгдэгч нь 14 нас 1 сар хүрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Тухайн 2 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах,  хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах албадлагын арга хэмжээг авах саналтай байна. Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон болон баривчлагдсан хоног байхгүй.  Эд мөрийн хураагдсан эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хувийн баталгаа, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх.” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч:Хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгчийн зүгээс маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлсэн. Өсвөр насны шүүгдэгчийн ар гэрийн байдал, гэмт хэрэг гарсан байдал, хохирол төлсөн байдал, суралцаж байгаа зэргийг харгалзан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг бага хугацаагаар тогтоож өгнө үү.” гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон сургуулийн сурагч зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч *******ын гэмт хэргийн улмаас бусад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх хуулийн зохицуулалттай.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй буюу 14 нас 1 сар 08 хоногтой байсан нь мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл, түүний төрсний гэрчилгээний лавлагаа  зэргээр нотлогдоно.

Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тодорхойлсон  байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Зоригбаатарын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр хохирогчид гар утсыг буцааж өгсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, түүний сургуулийн сурагч эрэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу түүнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах” гэж тус тус заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлд нийцэх юм.

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд Өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Амарсайханд 493,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг нөхөн төлсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Өсвөр насны шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хэргийн улмаас цагдан хоригдоогүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1 метр урттай, 3 см өргөнтэй, дотроо хөндий зайтай зэвд идэгдсэн төмрийг” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч*******ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т  ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан дээрх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

 

5. Өсвөр насны шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ 1 метр урттай, 3 см өргөнтэй, дотроо хөндий зайтай зэвд идэгдсэн төмрийг” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай

 

7. Өсвөр насны шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Амарсайханд 493,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАЯРБААТАР