| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2018/00190/И |
| Дугаар | 187 |
| Огноо | 2018-12-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Н.Э-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон банкны зээлийн үлдэгдэл 11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б хариуцагч Н.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Э-тай 2010 оны 8 сард танилцаж хамтран амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд 2012 оны 11 сарын 17-нд охин А төрсөн. 2012 оноос үе үе архи ууж агсам тавьж энэ үедээ намайг хэл амаар доромжилдог бас миний биед гар хүрч толгой хөдлөн хөл гар нүд хөхөрч хөнгөн хэлбэрийн гэмтэл учруулж байсан. Н.Э нь зарим тохиолдолд гэртээ ирэлгүй гадуур хоногоор явахдаа гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байсан нь надад удаа дараа баригдаж байсан. Энэ асуудлаас болж байнгын хэрүүл маргаан үүсдэг хувийн таарамжгүй байдлаас болж хүүхэд болон миний хувьд амгалан тайван амьдрах боломжгүй байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байх болсон. Иймд Н.Э аас гэрлэлтээ цуцлуулж охин Э.А-ыг өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хүсэлтэй байна. Бид хамтран амьдрах хугацаандаа “Хас банк”-ны Бор-Өндөр салбараас 23.000.000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан. Иймд үүрэг хариуцлагыг адил тэгш хуваах зарчмыг баримтлан зээлийн үлдэгдэл болох 21.000.000 төгрөгийн 50 хувь болох 11.000.000 төгрөгийг Н.Э аас гаргуулж зээлийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
11.000.000 төгрөгийг хоёр тал хоорондоо зохицон шийдвэрлэсэн тул уг мөнгийг нэхэмжлэхгүй” гэжээ.
Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Э нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэдэг. Гар утсаар болон фэйсбүүк мессенжерээр эмэгтэй хүмүүстэй холбогддог. Хэд хэдэн удаа надад баригдаж байсан. Манай ажил дээр хүртэл нэг эмэгтэй ирээд танай нөхөр чинь намайг зүгээр байлгахгүй байна гэж хэлж байсан. Нэр холбогдож байсан хүмүүстэй нь гадаа гудамжинд явж байхдаа тааралддаг. Энэ нь надад их хэцүү санагддаг. 2012 оноос хойш бид хоёр таарамжгүй харьцаатай болсон. Байнга л эмэгтэй хүмүүстэй орооцолдож байх ёстой юм шиг л байдаг. Энэ асуудлаас болж байнга хэрүүл маргаантай байдаг. Эмэгтэй хүмүүстэй уулзъя, шарыг чинь тайлъя гэх мэтээр эвгүй эвгүй байдлаар чатаар харилцсан байсан. Намайг хааяа хот явахад гэртэй хонодоггүй, гэртээ байхад ч гэсэн хааяа хааяа гэртээ хонодоггүй байсан. Гадуур хоноод ирэхэд нь хаана хоносныг асуухаар нэг бол юу ч хэлдэггүй, нэг бол найзындаа хоносон гэдэг. Найзаас нь асуухаар манайд хоноогүй гэдэг. Энэ байдлаас болоод би Н.Э тай эвлэрэх боломжгүй байна” гэв.
Хариуцагч Н.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Н.Э миний бие нэхэмжлэгч Ц.Б гийн гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн тэтгэмж гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно. Нэхэмжлэгч Ц.Б 11 сая төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болно.
Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэж байгаа нь чатаар бичсэн зүйлүүдийг хэлж байгаа юм. Тэрнээс биш өөр эмэгтэй хүнтэй унтсан барьсан зүйл байхгүй. Ямар нэг зүйл болохоор дандаа хардахаа урдаа барьдаг. Сална гэж байгааг нь хүлээн зөвшөөрч байна. Мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж байгааг хүлээн зөвшөөрч байна. 12 сард Ц.Б гийн зээлийг хаагаад бүх зээлээ өөрлүүгээ шилжүүлсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Н.Э д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон банкны зээлийн үлдэгдэл 11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Ц.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Э аас банкны зээлийн үлдэгдэл 11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно.
Зохигчид 2009 оны 09 сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бүртгүүлэн албан ёсоор гэрлэлтээ батлуулж тэдний дундаас 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин Э.А төрсөн болох нь №0000846908 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Э.А төрсний гэрчилгээний хуулбар, одоо хүүхэд эрүүл энх өсөн бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг бичгийн болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүл цуцлах шалтгаан нөхцөл нь хариуцагч Н.Э гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс үүдэлтэй байна.
Зохигч нь шүүх хуралдаанд эвлэрэх боломжгүй байгаагаа илэрхийлж байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзлээ.
Иймд зохигчийн гэрлэлтийг цуцалж, охин Э.А эх Ц.Б гийн асрамжид үлдээж эцэг Н.Э аар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар болон хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б, Н.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Э.А эх Ц.Б гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Э.А 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Н.Э аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг сануулсугай.
6. Гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Хэрлэнд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б д олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР