| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2022/1248/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1303 |
| Огноо | 2022-10-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1303
2022 10 19 2022/ШЦТ/1303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,
улсын яллагч: Ж.Энхжаргал,
хохирогч: Б.Н,
иргэний хариуцагч: Н.М,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 2203003000000 тоот хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 3 дугаар сарын 06-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Ф” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл-3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Зээлийн 0а-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Боржигон овогт Бийн Ц нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний 02 цаг 13 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг, Баянхошууны зам Хөтөлийн зам дээр “Т
” маркийн 00-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч Б.Нг мөргөж, түүний бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-07-15/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “бичлэгийн 01: секундэд ертөнцийн зүгээрээ урдаасаа хойш чиглэлтэй дээд хэсгээрээ шаргал өнгийн хувцастай хар бараан өнгийн өмдтэй эмэгтэй явган зорчигч зам хөндлөн гарахаар явж байгаа харагдана. Бичлэгийн 01:17 секундэд зам хөндлөн гарч буй эмэгтэй зам хөндлөн гарахаар гүйж байгаа харагдана. Бичлэгийн 01:19 секундэд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байгаа тээврийн хэрэгсэл явган зорчигчийг мөргөж байгаа харагдана” гэх тэмдэглэл /х.х-20/,
- Хохирогч Б.Нгийн “...караокеноос гараад хойшоо зам руу гарч такси барих гэж зам гарч явтал нэг машин ирээд “түг” гээд намайг ирээд мөргөсөн, би тухайн үедээ шоконд орсон байсан” гэх мэдүүлэг /х.х-23-25/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 8087 дугаартай дүгнэлт: “Б.Нгийн биед умдаг ясны далд хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /х.х-105-107/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь зам тээврийн осол гаргах үед жолоодож явсан “Тоёота ист” маркийн 00-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд оношилгоо, үзлэг хийхэд “урд буфер баруун хэсэг сэвтсэн, будаг халцарсан, капод зүүн урд булан хонхойж нугаларсан, зүүн крыло цөмөрч хонхойсон, урд буфер зүүн урд хэсэг хагарсан будаг замаска ховхорсон, урд салхины шил зүүн доод хэсэг цөмөрч хагарсан, зүүн урд гэрэл хагарсан, зүүн урд оврын гэрэл ажиллахгүй, зүүн ухрах арааны гэрэл ажиллахгүй, хойд улсын дугаарын гэрлүүд ажиллахгүй, баруун оврын гэрлүүд ажиллахгүй эвдрэл гэмтэл” тодорхойлогдсон. “Капод зүүн урд булан хонхойж нугаларсан, зүүн крыло цөмөрч хонхойсон, урд буфер зүүн урд хэсэг хагарсан будаг замаска ховхорсон, урд салхины шил зүүн доод хэсэг цөмөрч хагарсан, зүүн урд гэрэл хагарсан, зүүн урд оврын гэрэл ажиллахгүй” гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой гэмтлүүд. Хэрэв зам тээврийн осолд нөлөөлсөн бол уг тээврийн хэрэгслийн ойрын их гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн тээврийн хэрэгсэл үзэгдэх орчин хангалтгүй үед гэрлийн тусгалын хүч муу байгаагаас үүдэлтэй зам тээврийн осол үүсэж болзошгүй. Тоормосны систем бүрэн ажиллагаатай гэвч стандартын шаардлага хангахгүй байгаа болох нь Техникийн хяналтын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2022.06.03-ны өдрийн 999305 дугаартай дүгнэлтээр /х.х-91-94/ тогтоогдож байна.
Дээрх эвдрэл, гэмтэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт буюу Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтын 1 дүгээр зүйлийн 1.4, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т тус тус заасан зөрчилд хамаарч байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний 02 цаг 13 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг, Баянхошууны зам, “Хөтөл” төвийн замд “Тоёота ист” маркийн 00-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх; мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “замын хөдөлгөөний аюулгүй байдал” гэж замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг ойлгоно, мөн зүйлийн 3.1.9-д “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” гэж зам тээврийн ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг ойлгоно” гэж, Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралт: 1.1.” Ажлын тоормосны идэвхжил нь ММ54598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх;” 5.3. “...гэрэл нь ...бүдэг асдаг болсон;”, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” 12.3. 'Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан буруутай болох нь техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 999305 дугаартай дүгнэлт /х.х-91-100/, мөрдөгчийн 803 дугаартай магадлагаа /х.х-137-138/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд жолооч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Нг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас иргэн Б.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Б.Н нь “М” эмнэлэгт 2022.06.06-ний өдөр аарцаг ясны хугарал, тархины даралт хаван, баруун гар мөрний гэмтэл оношоор 30 хоног хэвтэж эмчлүүлж, эмчилгээ хийлгэсэн болох нь шинжээчийн 2022.06.13-ны өдрийн 8087 дугаартай дүгнэлт /хх-105-106/, өвчний түүх /хх-38-44/, “Манал Оточ” эмнэлгийн тодорхойлолт /х.х-50/ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 513 дугаар зүйлд тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Н нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг *******оос тус тус шаардах эрхтэй байна.
Хохирогч Б.Н нь нийт 866087 төгрөгийг *******оос нэхэмжилсэн ба хохирогчоос гаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй буюу /тамга, тэмдэггүй/ хүний өдөр тутмын ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн авсан баримт байгаа боловч шүүгдэгч ******* тухайн үйл баримттай маргалгүйгээр шүүхээс өмнөх шатанд 2238000 төгрөг, шүүх хуралдааны дүгнэлт танилцуулахаас өмнөх шатанд 866067 төгрөг, нийт нь хохирогчийн эмчилгээ зардалд нийт 3104087 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан /х.х-153/ баримт, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг баримтаар нотлогдсон хохирлыг нөхөн төлж барагдуулсанд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Н нь өөрийг нь эмчлүүлж байх хугацаанд сахиж, асарсан нөхөр С.Эийн ажилгүй байсан хугацааны цалин 6750000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэл нь баримтаар хангалттай нотлогдохгүй, мөн тодорхой тооцоог гаргах бололцоогүй байх тул тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас цаашид эрүүл мэндэд учирсан хохирлын нотлох баримтаа цуглуулж иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
- Иргэний хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч Н.Мын “уг машин нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Феникс” ХХК-д ажил гүйцэтгэсний төлбөр болгож машинаа өгсөн. Нэрийг бол шилжүүлээгүй байсан. Энэ компанийн ажилтан нь унаж явж байгаад осол гаргасан байна лээ” гэх мэдүүлэг /х.х-59/,
Мөн *******ийн жолоодон явсан 00-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Тэмүүлэн Од” ХХК-ийн нэр дээр байдаг боловч 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай хүлээлцэх актаар “Т” ХХК нь 00-00 УНЕ улсын дугаартай Toyota Ist загварын автомашиныг “Ф” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр” тохиролцсон /хх-163/, “Ф” ХХК-ийн эд хөрөнгө шилжүүлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07/03 дугаартай захирлын тушаалаар “00-00 УНЕ улсын дугаартай Toyota Ist загварын автомашиныг туслах *******ид үндсэн өртгийн 50%-иар бууруулж өмчлөлд нь шилжүүлсүгэй. Сар тутам 450000 төгрөгийг *******ийн сарын үндсэн цалингаас суутган үлдсэн 50%-н өртөг болох 2500000 төгрөгийг барагдуулахыг нягтлан Ш.Бд даалгасугай. Байгууллагын нэр дээрх “Toyota Ist” маркийн 00-00 УНЕ улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгслийн бүртгэлийг *******ийн нэр дээр шилжүүлэхийг нярав Б.Бд зөвшөөрсүгэй” гэх албан бичгээр 00-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь *******ийн өмчлөлд шилжиж, ******* нь тухайн компанид ажилладаг ба тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг цалингаасаа суутгуулан тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг төлж байгаа болох нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай хүлээлцэх актаар /хх-163/, “Ф” ХХК-ийн эд хөрөнгө шилжүүлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07/03 дугаартай захирлын тушаал /хх-177/, иргэний хариуцагч Н.Мын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх болсон буюу гэм хор учрах, түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явган хүний гарц үзэгдэх хүрээнд байсаар атал явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 72000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-154/ тогтоогдож байна.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг, хохирогч “шүүгдэгчийн хувьд залуу хүн тул хүний муу үзээд яахав би өөрөө залуухан хүүхэдтэй хүн, өөрийгөө эмчлүүлэх бодолтой байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.
Дээрх нөхцөл байдлыг болон шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгуулийн ялыг сонгон хэрэглэж, ялын хэмжээг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, холбогдох хуульд заасан 90 хоногийн дотор эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Бийн Цийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Бийн Цид 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Нгийн гэм хор учирсны төлбөрт нийт 3104087 төгрөг төлсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Нгийн гэм хорын төлбөрт 3104087 төгрөг, нөхөр С.Эийн ажилгүй байсан хугацааны цалин 6750000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч тухайн нэхэмжлэлээ болон цаашид гасан зардлын нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон *******ийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Т” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******оос 72000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******ид мэдэгдсүгэй.
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нэг ширхэг компакт дискийг *******ид холбогдох эрүүгийн 2203003000000 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ