| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/03116/И |
| Дугаар | 0041 |
| Огноо | 2018-12-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 0041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Морин 17130/35/ тоот хаягт байрлах Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 39 дүгээр байр 72 тоот хаягт оршин суух А овогт Д.Б-т холбогдох
5,152,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төгсбаяр, хариуцагч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2008 оноос хойш бетон зуурмагийн үйл ажиллагаа явуулж байна. Иргэн Дамдинпүрэв овогтой Б нь 2017 оны 9 сарын 24-ний өдөр М250 11 м.куб, 2017 оны 9 сарын 30-ны өдөр М250 48 м.куб нийт 8,791,000 төгрөгийн бетон зуурмагийг шарга морьт дахь амины орон сууцаа барих үед худалдан авсан юм. Тухайн үед бетон зуурмаг авах үедээ урьдчилгаа болгож 3,639,000 төгрөгийг төлсөн бөгөөд бараа бүтээгдэхүүнээ авч дууссаны дараа үлдэгдэл төлбөр болох 5,152,000 төгрөгийг төлнө гэж тохиролцсон. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг Д.Б оос удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг тоочин өдийг хүртэл өгөхгүй манай байгууллагыг хохироож байна. Иймд үлдэгдэл бетон зуурмагийн үнэ болох 5,152,000 төгрөгийг Д.Б оос гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороололд амьдардаг Дамдинпүрэвийн Б миний бие 2017 оны намар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд өөрийн эзэмшил газартаа зуслангийн сууц барьж байхдаа Б ХХК-аас М250 маркын бетон зуурмаг авахаар утсаар ярьж тохиролцсон. Улмаар ярьж тохиролцсоны дагуу зуслангийн талбай дээр манай барилгыг барьж байсан хүмүүсийг байхад бетон зуурмагийг авчирч буулгасан. Буулгаж дуусах үед өөрийн биеэр ирэхэд илт шаардлага хангахааргүй дүүргэгч материал дутуу хийгдсэн ус шиг шингэн бетон зуурмаг байсан. Иймд нэгэнт шаардлага хангахааргүй бетон зуурмаг ирсэн тул Б ХХК-ийн хүмүүстэй утсаар ярьж ирүүлсэн бетон зуурмаг шаардлага илт хангахгүй байгаа талаар тайлбарлан хэлж яаралтай барилгын талбай дээр ирж нийлүүлсэн зуурмагаа ирж үзэхийг мэдэгдсэн боловч ирээгүй болно. Тухайн өдөр Б ХХК-ийн ээлжинд гарч байсан зуурмаг зуурагч оператортай утсаар холбогдож ирсэн зуурмагийн чанар шаардлага хангахгүй ус шиг шингэн байгаа талаар мэдэгдэхэд өмнөх зуурмагаа хүргэж өгөөд машиныхаа зуурмаг агуулдаг савыг үлдэгдэл зуурмаг хатаж үлдэхээс сэргийлж ус хийж угаадаг юм тэр угаасан усаа асгалгүй зуурмаг дээрээс нь хийгээд явуулж алдаа гаргасан байна гэсэн. Улмаар Б ХХК-аас холбогдох ажилчид нь ирэхгүй гэсэн тул гар утсаараа шаардлага хангахгүй зуурмаг ачиж ирсэн машины жолооч, машины бичлэгийг хийж цутгалт хийгдсэн шаардлага хангахгүй зуурмагийг асгаж байгаа видео бичлэгийг хийж нотлох баримтыг баримтжуулж авсан. Маргааш өдөр нь фэйсбүүк мессенжэрээр Б ХХК-ийн зуурмаг зуурсан оператор болон менежер руу нь баримтжуулж авсан видео бичлэгээ илгээж үзүүлэхэд менежер нь ядаж нийлүүлсэн бетоны тал мөнгийг өгөхийг хүссэнийг би хүлээж аваагүй. Миний бие тухайн өдөр ачиж ирсэн зуурмагийг барилга руугаа шахах зориулалттай машин /помп/ 650,000 төгрөгөөр мөн барилга дээр ажиллах ажилчдыг 1,500,000 төгрөгөөр, хоол унааны зардалд 100,000 төгрөг буюу нийт 2,250,000 төгрөгийн үргүй зардал гаргасан тул гомдолтой байгаа болно.” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д.Б т холбогдуулан бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,152,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмаг чанарын шаардлага хангахгүй байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Д.Б нь 2017 оны 9 сард Б ХХК-аас зуслангийн сууц барихад зориулан бетон зуурмаг худалдан авахаар тохиролцон урьдчилгаа төлбөрт 3,639,000 төгрөгийг төлж, тодорхой хэмжээний бетон зуурмагийг зуслангийн байшин барьж байсан талбай дээрээ хүргүүлэн авсан гэх үйл баримтын талаар талууд маргадаггүй.
Талуудын хооронд үүссэн дээр дурдсан харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 9 сарын 24-ний өдөр 11 м.куб, 2017 оны 9 сарын 30-ны өдөр 48 м.куб, нийт 59 м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн гэж нэхэмжлэлд дурдсан байх боловч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бетон зуурмагийг хүлээлгэн өгсөн баримтууд /хх-30-36 тал/-аар 2017 оны 9 сарын 24-ний өдөр 01 дугаартай баримтаар 5 м.куб, 02 дугаартай баримтаар 6 м.куб, нийт 11 м.куб бетон зуурмаг, 2017 оны 9 сарын 29-ний өдөр 1 дугаартай баримтаар 4 м.куб, 3 дугаартай баримтаар 4 м.куб, 4 дугаартай баримтаар 4 м.куб, 6 дугаартай баримтаар 5 м.куб, 7 дугаартай баримтаар 4 м.куб, 8 дугаартай баримтаар 4 м.куб, 9 дугаартай баримтаар 4 м.куб, 10 дугаартай баримтаар 4 м.куб, 11 дугаартай баримтаар 4 м.куб, 12 дугаартай баримтаар 3 м.куб, нийт 40 м.куб, бүгд 51 м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн байдал тогтоогдож байна.
Хүргэлтийн баримтуудад хүргэх газрын байршлыг шарга морьт гэж бичсэн, хариуцагч нь өөрийгөө Гүнт дэх зусланд байшин барьж байсан гэж тайлбарлаж байх боловч хүргэлтийн баримтууд хариуцагч Батзоригийн нэр дээр бичигдсэн, уг баримтууд дээрх утасны дугаар болох 88883883 гэсэн дугаарыг өөрийн утасны дугаар болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, мөн өдөр Б ХХК-аас бетон зуурмаг хүлээн авсан гэдэгт маргадаггүй тул уг баримтуудаар хүлээлгэн өгсөн бетон зуурмагийг хариуцагчийн бариулж байсан зуслангийн байшинд хүргэгдсэн бетон зуурмаг гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 59 м.куб гэсэн хэмжээнээс баримтаар тогтоогдож буй бетон зуурмагийн хэмжээ нь 8 м.куб-ээр бага буюу 51 м.куб болж байна.
Иймд нэхэмжлэгчийг хариуцагчид 51 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн гэж үзэх ба үүнийг 1 м.куб бетон зуурмагийн үнэ болох 149,000 төгрөгөөр тооцож үзвэл нийлүүлсэн бетон зуурмагийн нийт үнэ 7,599,000 төгрөг болж байх ба уг дүнгээс хариуцагчийн урьдчилан төлсөн 3,639,000 төгрөгийг хасч тооцоход төлөгдөөгүй төлбөрийн хэмжээ нь 3,960,000 төгрөг болж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмаг нь чанарын шаардлага хангахгүй доголдолтой байсан тул нийлүүлсэн бетон зуурмагаас 2 машин зуурмагийг нь л барилгад ашигласан, үлдсэн хэсгийг нь асгасан гэсэн тайлбарыг гаргаж, уг тайлбараа нотлох баримт болгон өөрийн гар утсаар хийсэн бичлэгт үзлэг хийлгэсэн бөгөөд үзлэгээр барилгын хэв хашмалд бетоныг цутгасан, хэв хашмалын дээд хэсэгт жижиг цоолж нүх гаргасан, уг жижиг нүхээр шингэн бетоныг гадагш бага хэмжээгээр асгаж байгаа дүрс бичлэг хийгдсэн байдал тогтоогдсон хэдий ч уг бичлэгээс бетон зуурмагийн чанарыг тодорхойлон тогтоох боломжгүй, нийт нийлүүлсэн бетон зуурмагаас хариуцагч 2 машиныг нь ашиглаж бусад хэсгийг нь ашиглалгүй асгасан гэх тайлбарыг уг бичлэгээс тогтоох боломжгүй, нэхэмжлэгчийн нийлүүлсэн нийт 51 м.куб бетон зуурмаг бүхэлдээ чанарын шаардлага хангахгүй доголдолтой байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Нөгөө талаар хариуцагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь заалтад “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасны дагуу бетон зуурмагийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагыг бетон зуурмагийг хүлээн авсан 2017 оны 9 сараас хойш 6 сарын дотор гаргаж байсан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч өмнөх зуурмагаа хүргэж өгөөд машины зуурмаг агуулдаг савыг үлдэгдэл зуурмаг хатаж үлдэхээс сэргийлж ус хийж угаадаг, тэр угаасан усаа асгалгүй зуурмаг дээрээс нь хийгээд явуулж алдаа гаргасан байна гэж Б ХХК-ийн ээлжинд гарч байсан зуурмаг зуурагч оператор хэлсэн гэсэн тайлбарыг гаргаж байх тул манай зүгээс 2 машин зуурмагийн үнэ болох 1,490,000 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасч болно гэсэн тайлбар гаргасан тул хэдийгээр хариуцагчийн шүүхэд гаргасан баримтаар нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмагийн доголдлыг тодорхойлон тогтоох боломжгүй байгаа хэдий ч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд доголдлын хэмжээг тооцож, доголдолтой гэж хүлээн зөвшөөрч байгаа хэмжээний бетон зуурмагийн үнийн дүн буюу 1,490,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид нийлүүлсэн бетон зуурмагийн төлөгдөөгүй үнийн дүн нь 3,960,000 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Д.Б оос 2,470,000 төгрөгийг гаргуулан Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2,682,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Б оос 2,470,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2,682,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 97,383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б оос 54,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР