Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/778

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч П.Отгонбаатар,

хохирогч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос **********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *************** дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны * дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “********* ХХК-д түгээгч ажилтай, ********************* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ********** /РД:***********/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 02 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 66 дугаар байрны орчим биеэ хамгаалж чадахгүй, өндөр настай буюу 77 настай иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр алганд өнгөц зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлал гуйж байна. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ “Прокурор Отгонбаатар миний мэдүүлгийг үнэн зөвөөр нь уншсан. Би 2 янзын мэдүүлэг өгсөн, 3 мөрдөн байцаагч дамжсан. Би настай хүн болохоос эрүүл хүн, 7 хоногт зааланд очиж теннис, гар бөмбөг тоглодог. Одоо чадахгүй байна. Миний тэнцвэрийн эрхтэнд гэмтэл суусан. Миний ойрын хараа хуучнаасаа муудсан. Холын хараанд гэмтэл суусан байна. Би зовуурьтай байж байгаад үхэхээр байна. Намайг ийм байдалд хүргэсэн чи хүүхэдтэй юу, зугтаагаад гүйж яваа хүнийг зүгээр орхиж болоогүй юу, та нар нэг биш удаа ийм зүйл хийдэг байх гэж бодсон. Миний бие бүтцийн хувьд эдгэрэл авсан, физиологийн хувьд эдгэрэл авч чадаагүй байна. Энэ хүүхэд үнэнээ хэлээгүйд гомдолтой байна. Эрүүл мэндийн даатгалаар үзүүлсэн мөнгийг эрүүл мэндийн даатгалын санд тушаасан уу, мөрдөн байцаагч тушаана гэж хэлсэн. Энэ нь худлаа юм шиг санагдаж байна, хөгшин хүн болохоор тэгсэн үү, би юмны учир нэлээн сайн ойлгодог. ...Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн зэрэг гарсан. Хамрын ясыг хугалуулсан ч, зураас гарсан ч хөнгөн. Энэ хоцрогдсон байна. Энийг хэлж засах хэрэгтэй. Хохирсон хүмүүсийг хохироож байна. ...Хүний мөнгийг авч болохгүй. Нийгэм үүнийг өөрчлөх хэрэгтэй. Шүүх бол дээд байгууллага учраас саналаа хэлье гэж бодсон. Өөр хохирогч энэ талаар хэлэхгүй. ...Монголчууд бие биедээ туслахгүй байна. Эмчилгээнд авсан мөнгө болохоос миний хохирлыг барагдуулж өгсөн мөнгө биш. Тэр миний мөнгө надад буцаж ирж байгаа. ...Энэ хүний найз буудалд байсан. Би боловсролын газар 50 жил ажилласан. Надад олон шавь байгаа. Миний хамарт төмөр хийхэд өвдөөд үхэх гэж байсан. Чамд энэ өвдөлтийг мэдрүүлдэг зүйл байдаг болоосой, тэгвэл чи ухаан сууна. Ахин хүн дээрэмдэж, хүн зодохгүй. Цаашид миний бие муудахад эмчид үзүүлж, эм ууна. Миний даралт ихсэж байна. Би өмнө нь даралт гэж ярьдаггүй байсан. Би архи, тамхи хэрэглэдэггүй. Би тухайн үед дэндүү их айсан. Чадалтай мөнгөтэй нь нэгнийгээ дээрэмддэг нийгэм болсон байна. Би 2-3 нийгэм дамжиж амьдарсан. Социализм, ардчилсан нийгмийг барьж байгуулсан. Цагдаа нарын ажил маш хэцүү, цалин бага. Цагдаа нарт баярлаж байгаа, цагдаа гэдэг нэрийг нь солиод авралын элч гэсэн нэр өгье. Би сандрахаараа цагдаа дуудсан. Цагдаа ирээд түргэн дуудсан. Миний цус тогтохгүй байсан. Би даралт, зүрх, хараа, сонсгол зэрэгт эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Тэнцвэрийн талыг оношлох тал дээр хөгжөөгүй байна. ...Би хамартаа аппарат хийлгэхэд 1.500.000 төгрөг болсон. Эмч нь миний шавь байсан учраас надаас авахгүй гэсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдөр шилжих шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 66 дугаар байрны орчим өндөр настан буюу 77 настай хохирогч *******ын биед “тамхи асуухад айгаад зугтаасан” гэх шалтгаанаар халдаж, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр зовхи, хацар, баруун өвдөг, булгалганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр алганд өнгөц зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 02 цагийн үед өөрийн гэр болох Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 70-71 тоот гэрээсээ гараад төрсөн охин болох Нямсүрэнгийн гэр лүү явж байсан. Тэгээд 66 дугаар байрнаас урагшаа алхаад явж байсан чинь үл таних хар малгайтай цамцтай эрэгтэй хүн, нэг эмэгтэйн хамт ирж яваа харагдсан. Тэгсэн эрэгтэй нь миний баруун гараас сугадаад 2-3 алхаад “тамхи байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би байхгүй гэж хэлсэн чинь шууд миний хэвлий хэсэгт баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Ингээд би өвдөлт мэдрээд доошоо суухад намайг сугадахаа больсон. Тэгээд би энэ хүн аюултай хүн байна, намайг яаж ч мэдэхээр хүн байна гэж бодоод 66 дугаар байр луу зугтаагаад машины зогсоол дундуур гүйж байхад араас хөөж ирээд миний хувцасны хоолой хэсгээс заамдаж авахад би газар унасан. Тэгсэн заамдсан барьцаа тавилгүйгээр миний толгой хэсгээр цемент дээр 3 удаа савсан. Баруун гараа атгаж байгаад хамар хэсэг рүү 3 удаа цохисон. Тэр үед нь “би хөгшин хүн шүү дээ болиоч ээ” гэж хэлсэн. Миний нүүр лүү өмсөж байсан малгайг шидчихээд “дуугарвал ална шүү” гээд ертөнцийн зүгээр хойд зүг рүү яваад өгсөн. Би явах хүртэл нь хэвтэж байгаад босоод хойд зүг рүү алхахад намайг цохисон эрэгтэй шаргал өнгийн контейнерын арын хаалгаар ороод “Аянчин” буудал руу орж байгаа харагдсан. Тэгээд би куртикнийхээ энгэрийн халаасанд байсан утас, түрийвчээ үзэхэд миний түрийвч байхгүй болсон байсан. ...Тэгээд би Номун эмнэлгийн жижүүрт гарч байсан эмчээс тусламж хүсэхэд цагдаа болон түргэн дуудаж өгсөн. Түргэн ирж миний биеийг үзээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэсэн ба анхан шатны тусламж авч оёдол тавиулж, рентген зураг авхуулсан. Тэгээд 05 цагийн үед эхнэрийн хамт эмнэлгээс гарч цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгөөд, зодуулсан газраа очоод гар утсаа байгаа эсэхийг тонгойж үзэхэд цагаан өнгийн “Приүс-30” маркийн машин доор миний гар утас байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 11-13 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хохирогч ******* нь Нийслэлийн түргэн тусламжийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын 3 дугаар төв эмнэлгээс нийт 3 удаа үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 765.000 төгрөгийн зардал гарсан тул уг зардлыг яллагдагч *******гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 10090020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хэргийн 59-60 дугаар хуудас/,

Гэрч ************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* гудамжинд таарсан үл таних настай ахаас тамхи асуусан чинь тэр ах “намайг авраарай” гээд орилоод байсан. Тэгсэн манай найз ******* “Чи одоо өвчтэй юм уу, би зүгээр тамхи асууж байгаа биз дээ”  гэсэн чинь “авраарай, намайг аллаа” гээд орилоод байсан ба би *******д хандан “Наад хүн чинь согтуу байх шиг байна, явъя” гэхэд ******* уурлаад очоод цохиод авсан. Тэр үед нь би болиоч ээ гээд шууд буудал руугаа явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 83-84 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №7981 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.*******ын биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр зовхи, хацар, баруун өвдөг, булгалганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр алганд өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хэргийн 27-28 дугаар хуудас/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 04/3478 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хэргийн 40-41 дүгээр хуудас/,

Сидинд үзлэг хийсэн “...Автомашины зогсоолын хашаан дотор нэг хүний араас хөөж очин хойноос нь татаж унагааж байв, ...автомашины цаана унасан хүнтэй барилцаж аваад цохиж байв...” гэх тэмдэглэл /хэргийн 74-75 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр найз Өлзийтэй хамт СU орж пиво авчхаад явж байгаад тамхигүй байсан болохоор замдаа таарсан нэг эрэгтэйгээс тамхи асуусан. Тэгэхэд тэр эрэгтэй байхгүй гэхээр нь би дахиж асуухад “энэ хүн намайг аллаа” гээд гүйгээд зугтсан. Тэгэхээр нь миний дургүй хүрээд хойноос нь гүйж очоод ... энгэрээс нь барьж авч 2 машины голоор унагаагаад намайг тавихгүй байхаар нь би толгой, нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохиод яваад өгсөн. ...Нүүр лүү цохихдоо хөгшин хүн гэдгийг нь мэдсэн. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 65, 89 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 34 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 35 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хэргийн 92 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдөр шилжих шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 66 дугаар байрны орчим өндөр настан буюу 77 настай хохирогч *******ын биед “тамхи асуухад айгаад зугтаасан” гэх шалтгаанаар халдаж, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр зовхи, хацар, баруун өвдөг, булгалганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр алганд өнгөц зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Харин энэ гэмт хэргийг “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” гэж гэмт этгээд хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, эсхүл гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг, “Биеэ хамгаалж чадахгүй хүн” гэдэгт өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, согтуурсан, мансуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг хүн хамаарна.

         Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогч ******* нь 1945 онд төрсөн буюу одоо 77 настай ахмад настан /өндөр настан/ болох нь тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

          Шүүгдэгч ******* нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

         Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Н.Мөнгөнсүх /Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/-т 765.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд гэмт хэргийн хор уршигт тооцогдох 1.134.650 төгрөгийн эмчилгээний баримт хэрэгт авагдсан ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 1.304.650 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

              Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гээс 765.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Мөнгөнсүх /Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

              Харин хохирогч өөрт учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

  Шүүгдэгч *******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

  Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгч *******д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гээс 765.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.Мөнгөнсүх /Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/-т олгосугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО