Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 0039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монос 2 дугаар гудамж, 27 тоот хаягт оршин суух Г.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Содномын гудамж, 50 дугаар байр, 17 тоот хаягт оршин суухХан Г.Т-д холбогдох

11,132,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Б  миний бие иргэн Г.Т өөс 18640325317794, 18640325286801, 18640325302797 тоот тус тус нэгж талбарын дугаартай Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байрлах хүчин төгөлдөр эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу 11,000,000 төгрөгөөр худалдан авсан. Чингэлтэй дүүргийн газрын албанд газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг удаа гаргасан боловч 2018 оны 7 сарын 5-ны өдрийн 15/550 албан бичгээр Чингэлтэй дүүргийн 19 хороо Жигжид зуслан дахь 18640325317794, 18640325286801, 18640325302797 нэгж талбарын дугаар бүхий газрууд нь Усны тухай хуулийн 22.10.1 /рашааны орд эх булгийн эргэн тойронд 100 метрийн зайд эрүүл ахуйн бүс/, Ойн тухай хуулийн 5.2 дахь заалтыг тус тус зөрчиж байгаа тул газар эзэмших эрх шилжүүлэх боломжгүй болно гэсэн хариу өгсөн. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй газрыг шилжүүлэн авч байгаа үйлдэл минь хууль зөрчөөгүй гэж үзэж Нийслэлийн засаг даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн газрын албанаас 2018 оны 10 сарын 9-ний өдрийн албан бичгээр Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 3 сарын 17-ний өдрийн Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай 14 дүгээр тогтоолоор иргэн Г.Т ийн газрыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өглөө. Иймд эрх бүхий этгээд бүртгэх боломжгүй байх тул газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээний үнэд төлсөн 11,000,000 төгрөг, газрын төлбөрт төлсөн 132,000 төгрөг, нийт 11,132,000 төгрөгийг хариуцагч Ц.Т өөс гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Т  би ам бүл 6, нөхөр 4 охины хамт амьдардаг. Нөхөр бид 2 эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй байгаа билээ. Г.Т  би 2017 оны 4 сарын 25-ны өдөр иргэн Г.Б т Чингэлтэй дүүргийн 14 хороонд байрлах 18640325317794, 18640325286801, 18640325302797 тоот нийт 1,500 м.кв талбай бүхий зуслангийн 3 айлын газрын эрх шилжүүлэх гэрээ хийсэн болно. Уг газрыг тухайн үед эзэмших, захиран зарцуулах эрхийг хязгаарласан тухай мэдээгүй байсан болно. Газрын төлбөрт авсан 11,000,000 төгрөг, 2018 оны газрын хураамж 132,000 төгрөг, нийт 11,132,000 төгрөгийг иргэн Г.Б  нэхэмжилсэн байна. Миний орлого болон ар гэр, ам бүлийн байдлыг харгалзан газрын төлбөрийг төлөх хугацааг 2019 оны 7 сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд төлөхөөр шүүхийн хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсье.” гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Б  нь хариуцагч Г.Т д холбогдуулан 11,132,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн боловч төлбөрийг 2019 оны 7 сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх талаараа тайлбарт дурджээ.

Нэхэмжлэгч тал уг хугацааг зөвшөөрөөгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсч шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэн хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2017 оны 4 сарын 25-ны өдөр Г.Т  болон Г.Б  нарын хооронд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нэртэй 3 гэрээ /хх-8, 20, 28 тал/ байгуулагдаж, уг гэрээнүүдээр Г.Т  нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэсвгэрт байрлах нэгж талбарын 18640325286801, 18640325302797, 18640325317794 дугаартай, тус бүр 500 м.кв, нийт 1,500 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг Г.Б т шилжүүлэхээр тохиролцсон байна.

Улмаар газар эзэмших эрхийг шилжүүлсний төлбөрт Г.Б  нь Г.Т өд 11,000,000 төгрөгийг төлсөн гэх ба хариуцагч уг 11,000,000 төгрөгийн төлбөрийг авсан гэдэгтээ маргаагүй байна.

Талуудын хооронд үүссэн дээр дурдсан харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байх ба худалдах худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргахад Чингэлтэй дүүргийн Газрын албаны даргаас Г.Б т 2018 оны 7 сарын 5-ны өдрийн 15/550 дугаар албан бичиг /хх-37 тал/-ээр газар эзэмших эрх шилжүүлэх боломжгүй талаар мэдэгдсэн байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дахь заалтад “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.” гэж заасан байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх боловч мөн хуулийн 43.2.3.-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцэл нь ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж заасан, бүртгүүлэх эсхүл гэрчлүүлэх асуудал нь талуудын хүсэл зоригийн илэрхийллээс гадна хуулиар тусгайлан зохицуулсан зохицуулалттай тул хэдийгээр зохигчид “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурсан боловч Газрын тухай хуулийн дээр дурдсан шаардлагыг хангаагүй, талуудын хүсэлтийг хүлээн авсан тухай Засаг даргын шийдвэр гараагүй, хэлцлийг бүртгэлийн албанд бүртгээгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээнүүд хүчин төгөлдөр болоогүй байна.

Гэрээ хүчин төгөлдөр болоогүй тул гэрээний талуудад ямар нэг үүрэг үүсээгүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь заалтад “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагчаас газар эзэмших эрхийн төлбөрт төлсөн 11,000,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахдаа хариуцагчийн нэрийн өмнөөс газрын төлбөрт 132,000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэлд дурдсаныг хариуцагч үгүйсгээгүй байна.

Нэхэмжлэгч хэдийгээр сайн дураар хариуцагчийн төлөх ёстой газрын төлбөрийг төлсөн хэдий ч талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ хүчин төгөлдөр болоогүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дахь заалтад “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасны дагуу хариуцагчаас газрын төлбөрт төлсөн 132,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Г.Т өөс нийт 11,132,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 496 дугаар зүйлийн 496.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Г.Т өөс 11,132,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б т олгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 сарын 5-ны өдөр төлсөн 194,000 төгрөгийн 193,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 938 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Т өөс 193,062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б т олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.УУГАНБАЯР