Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 0096

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт байрлах ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 64 дүгээр байр 302 тоот хаягт оршин суух Л. Б-т холбогдох

62,656,172.48 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Лхагвасүрэн, хариуцагч Л.Б , хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Л.Б нь тус банктай 2015 оны 4 сарын 9-ний өдөр ЗГ-ВСС2015040336-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, БГ- ВСС2015040336-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийг тус тус байгуулан 53,200,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Л.Б нь ЗГ-ВСС2015040336-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”- гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203031098 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж 77 дугаар байрны 68 тоот хаягт байрлах 45.8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 53,200,000 төгрөгөөс 2,383,145.04 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 24,987,813.93 төгрөгөөс 13,231,196.41 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нь ЗГ-ВСС2015040336-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 2017 оны 10 сарын 14-ний өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир Иргэний хуулийн 225 дугаар зүйл, мөн ЗГ-ВСС2015040336-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 9.2-д заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. 2018 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар зээлдэгч дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 50,816,854.96 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 11,746,082.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,534.85 төгрөг, шүүхэд эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 12,500 төгрөг байна. Иймд зээлдэгч Л.Б тай байгуулсан ЗГ-ВСС2015040336-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 62,656,172.48  төгрөгийг зээлдэгч Л.Б аас гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Б би Худалдаа хөгжлийн банктай Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол Алтайн гудамж 77 дугаар байр 68 тоот хаягт байрлах 45.8 м.кв 1 өрөө орон сууцыг худалдаж авах зорилгоор Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан нь үнэн. Уг орон сууцны зээлийн гэрээг байгуулахад ХХБ нь Л. Б миний зээл хүссэн өргөдөл зээлийг эргэж төлөх чадвар холбогдох бүх материалыг судлан үзэж зээлийн хорооны хурлаар оруулан жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл гаргах боломжтой юм байна гэж үзэн зээл олгох шийдвэр гарч гэрээ хэлцлийг байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017 оны 2 сарын 15-ны өдрийг хүртэл жилийн 8 хувийн хүүтэйгээр доголдолгүй төлж байсан. Гэтэл 2017 оны 2 сарын 15-ны өдрөөс хойш ХХБ өмнө Л.Б миний зээлийн холбогдох материалыг судлан үзэж зээлийн хороогоор оруулж шийдвэр гаргачхаад гэнэт та татварт өртэй юм байна, таны зээлийн хүү 8 хувь байх боломжгүй, таны зээлийн хүүг жилийн 19.20 хувь болгоно, хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээг цуцална гэдэг шаардлагыг тавьж тулгасан. Л.Б би орон сууцны зээлийн гэрээний дагуу 22 сар зээлээ төлчихсөн тодорхой хэмжээний зардал, хугацаагаа зарцуулсан байсан учир байраа алдахгүйн тулд ацан шалаанд орж зээлийн хүүг 19.20 хувь болгосон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт гарын үсэг зурсан. Дээрх зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу бол хүү хэт өндөр сард өндөр төлбөр төлөх учраас төлж чадахгүй доголдолд орж эхэлсэн. Хэдийгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт орсон ч гэсэн Орон сууцны зээлийн гэрээний хүүнд өөрчлөлт ороогүй жилийн 8 хувийн хүүтэй хэвээр байгаа бөгөөд үүнийг нэхэмжлэгч ХХБ хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ дурджээ. Энэ талаар Худалдаа хөгжлийн банкны зээлийн эдийн засагч холбогдох хүмүүст хэлж ярьж жилийн 8 хувиар зээлийн эргэн төлөлтөө хийх талаар хүсэлтийг гаргасаар байтал хүлээж авахгүй үл ойлголцолд хүрсээр өдийг хүрсэн. Хүчин төгөлдөр байгаа байгуулсан гэрээний дагуу жилийн 8 хувиар зээлийг төлөх боломжтой. Иймд Худалдаа хөгжлийн банкны тус шүүхэд гаргасан зээлдэгч Л.Б тай байгуулсан ЗГ-ВСС2018040336-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 62,656,172.48 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Л.Б т холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 50,816,854.96 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 11,746,082.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 10,534.85 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахтай холбогдон гарсан зардал 70,200 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 12,500 төгрөг буюу нийт 62,656,172.48 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч зээлийн хүүг үндэслэлгүйгээр өсгөсний улмаас зээлийн төлбөрийг төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн тул төлөх боломжгүй болсон, зээлийн хүүг гэрээнд заасан жилийн 8 хувиар тооцсон тохиолдолд зээлийг төлөх боломжтой, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2015 оны 4 сарын 9-ний өдөр ХХБ ХХК болон Л.Б нарын хооронд ЗГ-ВСС2015040336-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” нэртэй гэрээ /хх-13-16 тал/ байгуулагдсан байх ба гэрээгээр ХХБ ХХК нь Л.Б т 53,200,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлд ногдох хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцох, Л.Б нь зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан журмын дагуу ХХБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч нь зээл, түүний хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байна.

Зээлийн гэрээнээс гадна ХХБ ХХК болон Л.Б нарын хооронд 2015 оны 4 сарын 9-ний өдөр БГ-ВСС2015040336-1-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” нэртэй гэрээ /хх-17-18 тал/ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ЗГ-ВСС2015040336-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” нэртэй гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031098 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000372416 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол Алтайн гудамж 77 байр 68 тоот хаягт байршилтай, 45.8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна.

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтад заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах болсон үндэслэлээ Л.Б нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэх үндэслэлээр тайлбарлаж байх ба зээлийн хүүгийн хувь хэмжээг жилийн 19.2 хувь болгон нэмэгдүүлсэн шалтгаанаа Л.Б нь зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.3 дахь заалтыг зөрчсөн, зээл авахтай холбогдолтой материалыг хуурамчаар бүрдүүлсэн, зээл авахтай холбогдолтой шаардсан мэдээллийг нуун дарагдуулж худал мэдээлэл өгсөн болох нь тогтоогдсон буюу түүний Жаргалант төмөр ХХК нь татварын өртэй болох нь тогтоогдсон тул зээлийн хүүгийн хувь хэмжээг жилийн 8 хувиас жилийн 19.2 хувь болгон өөрчилсөн гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтад зээлийн хүүгийн хэмжээтэй холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд уг заалтад “Гэрээний 2.8-2.13-д заасан тохиолдолд үүссэн бол талууд гэрээний 2.2-д заасан зээлийн хүүг жилийн 19.2 хувийн хүүнд шилжүүлэхээр тохиролцов. Ийнхүү шилжүүлэхдээ талууд дахин нэмэлт гэрээ байгуулахгүйгээр тохиролцов.” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл талууд зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь заалтаас 2.13 дахь заалтад заасан тохиолдол үүссэн тохиолдол үүссэн тохиолдолд зээлийн хүүгийн хэмжээг жилийн 8 хувиас жилийн 19.2 хувийн хүүнд шилжүүлэхээр тохиролцжээ.

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь заалтад “Гэрээний 9.2.3-д заасан тохиолдол үүссэн боловч банк гэрээг нэг талын санаачилгаар цуцлаагүй тохиолдолд талууд гэрээний 2.2.-д заасан зээлийн хүүг банк 9.2.3-д заасан тохиолдол үүссэнийг мэдсэн өдрөөс 2.7-д заасан хүүнд шилжүүлэхээр тохиролцов. Ийнхүү шилжүүлэхдээ талууд дахин нэмэлт гэрээ байгуулахгүйгээр тохиролцов”, мөн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.3 дахь заалтад “Зээлдэгч зээл авахтай холбогдолтой материалыг хуурамчаар бүрдүүлсэн, шаардсан мэдээллийг нуун дарагдуулж худал мэдээлэл өгсөн болох нь тогтоогдсон бол банк гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ” гэж тус тус заасан, нэхэмжлэгчийн төлөөлөгч зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх болсон шалтгааныг гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь заалтаар, гэрээг хугацаанаас өмнө цуцлах болсон шалтгааныг гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.3 дахь заалтыг үндэслэл болгон тус тус тайлбарласан.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.3 дахь заалтад заасан тохиолдол буюу зээл авахтай холбоотой материалыг хуурамчаар бүрдүүлсэн эсхүл шаардсан мэдээллийг нуун дарагдуулж худал мэдээлэл өгсөн гэх тохиолдолд хариуцагчийн ямар үйлдэл хамаарч байгаа, энэ нь хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдож байгааг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тодруулахад хариуцагчийн Жаргалант төмөр ХХК нь татварын өртэй болох нь зээл олгогдсоноос хойш нэхэмжлэгчид мэдэгдсэн тул өөрийн компанийг татварын өртэй болох талаар банкинд мэдэгдээгүй гэж үзэж байгаа гэх тайлбар гаргаж байх боловч уг тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Жаргалант төмөр ХХК нь татварын өр төлбөртэй эсэх талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй боловч хариуцагч нь уг компани нь түүний хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг компани болохыг болон тодорхой хэмжээний татварын өр байгаа гэдгийг шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа зөвшөөрч байгаа хэдий ч хариуцагчийн хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг компанийн өр төлбөрийн талаарх мэдээлэл нь зээл авахтай холбоотой бүрдүүлэх материалын жагсаалтад багтаж байсан эсэх болон компанийн өр төлбөрийн талаарх мэдээллийг хариуцагчаас шаардаж байсан байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нөгөө талаар зээлийн гэрээ байгуулагдах үед мөрдөгдөж байсан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 6 сарын 14-ний өдрийн А-122 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”  /https://www.mongolbank.mn/documents/regulation/money/2013/20130614_ipotek_update.pdf/, түүнээс хойш Монгол банкны ерөнхийлөгчийн 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан  “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” /https://www.mongolbank.mn/documents/regulation/money/2016/Ipotekiinjuram.pdf/-уудаар зээл хүсэгчид тодорхой шалгууруудыг тавьсан байх ба шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх тухай дээрх журмуудад заасан шалгуур нь зээлдэгчид буюу Л.Б т хамааралтай шалгуур болохоос түүний хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг хуулийн этгээдэд тавигдах шалгуур биш, зээлдэгчийн хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг хуулийн этгээд татварын өр төлбөртэй байх нь зээлдэгч буюу Л.Б ыг орон сууцны ипотекийн журмаар зээлдэгчид тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр ХХБ ХХК нь Л.Б ыг зээл авахтай холбогдолтой материалыг хуурамчаар бүрдүүлсэн, шаардсан мэдээллийг нуун дарагдуулж худал мэдээлэл өгсөн болох нь тогтоогдсон гэж үзэн зээлийн хүүгийн хэмжээг жилийн 8 хувиас жилийн 19.2 хувь болгон өөрчилснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх ба хариуцагч Л.Б нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дахь заалтад “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж заасны дагуу Худалдаа хөгжлийн банкны өмнө хүлээсэн зээлийн төлбөр, зээлийн хүү төлөх үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

Нэхэмжлэгч ХХБ нь үндэслэлгүйгээр зээлийн хүүгийн хэмжээг өөрчилж, улмаар хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэж үзэн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн өөрт учирсан гэх хохирол зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн хариуцагч Л.Б т холбогдуулан гаргасан 62,656,172.48 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэхүү шийдвэр нь ХХБ ХХК-ийг хууль болон гэрээнд заасан дээр дурдсанаас бусад үндэслэлээр хариуцагч Л.Б аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг дахин нэхэмжлэх эрхийг хэрэгжүүлэхэд саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн хариуцагч Л.Б т холбогдуулан гаргасан 62,656,172.48 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 541,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.УУГАНБАЯР