Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/812

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч ***********,

шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***********т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

***********д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******************  дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******************, урьд ял шийтгэлгүй, *********** /РД:**********/.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *********************, урьд:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн , *********** /РД:*****************/.  

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч *********** нь ***********тэй бүлэглэн, үйлдлээрээ нэгдэж 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Шинэ хотхон” ******* тоотоос хохирогч *******ын эзэмшлийн “Асер Ай-3” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 392.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч *********** нь ***********тэй бүлэглэн үйлдлээрээ нэгдэж “Би эрэгтэй дүүгээ аваад гарна, чи тэр хооронд нөүтбүүкийг нь гэрээс нь аваад гараад хүлээж байгаарай” гэж гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Шинэ хотхон” ******* тоотоос хохирогч *******ын эзэмшлийн “Асер Ай-3” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 392.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** мэдүүлэхдээ “...Би гар утсаа тавьж буудалд архи авсан. Би энэ хүний хэлснээр нотебүүк авч гарсан. Товлосон газраа очиход энэ хүн байгаагүй учраас замаараа ломбардад тавьж гар утсаа авсан..”  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

         Шүүгдэгч ***********, *********** нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Шинэ хотхон” ******* тоотоос хохирогч *******ын эзэмшлийн “Асер Ай-3” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 392.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

            Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхонд байрлах гэртээ байж байсан чинь *******гэх манай нутгийн ах гаднаас үл таних залуугийн хамт орж ирээд намайг дуудсанаа хоёулаа уулзах хэрэг байна гэхээр нь би *******ахыг дагаж гараад орцны үүдэнд уулзсан. Тэгээд надаас мөнгө байна уу гэхээр нь байхгүй орох уу гэсэн чинь “түр байж байгаад оръё” гэхээр нь хэсэг байж байгаад ороход нөгөө хамт явсан залуу нь байхгүй, миний өрөөнд байсан нөүтбүүк бас байхгүй байсан. ...Би өөрийнхөө нөүтбүүкээ Баянбүрд дээр очиж хүнээс 350.000 төгрөгөөр авсан. Дараа нь *******над руу яриад 350.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 30-33 дугаар хуудас/,  

            Гэрч ***********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр  манай ломбардад Асер загварын нөүтбүүкийг 300.000 төгрөгийн барьцаанд тавихдаа ************** гэх хүний үнэмлэхийг үзүүлээд манай ахын үнэмлэх байгаа юм гээд тавьсан...” гэх мэдүүлэг /хэргийн 72 дугаар хуудас/,  

         Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгт ногоон өнгийн цамцтай, бор шар өнгийн өмдтэй, халимаг үстэй ойролцоогоор 175 см өндөртэй эрэгтэй хүн гартаа цүнх бариад явж байв...” гэх тэмдэглэл /хэргийн 11-13 дугаар хуудас/,

         “Дамно” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №БГ2-22-1313 дугаартай “...Асер Ай-3 маркийн нөүтбүүк 392.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 49-50 дугаар хуудас/,

          Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Үйлстөгөлдөртэй хамт хүргэний гэр болох Шинэ хотхон 6-59 тоотод очиход ******* байсан ба *******аас тамхи асуугаад хамт гарч орцны үүдэнд тамхи татаад буцаад гэр лүү нь ороход надтай буудалд танилцсан Үйлстөгөлдөр *******ын компьютерыг аваад явчихсан байсан. ...Нөүтбүүкний мөнгө болох 350.000 төгрөгийг *******ын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 61-62 дугаар хуудас/,

         Шүүгдэгч ***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Мөнх-Эрдэнэтэй хамт буудалд ууж байгаад мөнгө дуусахад *******надад нөүтбүүк байгаа, миний нөүтбүүк манай дүүгийн гэрт байгаа хоёулаа хамт явъя, очиж аваад ломбардад тавиад дахиад ууя гэж хэлсэн. Буудлаас гараад автобусанд явж байхад манай дүү миний нөүтбүүкийг өгөхгүй байж магадгүй, би тамхилах гэж гараад чи тэр хооронд авчих гэсэн. Тэгээд дүүгийнх нь гэр болох Шинэ хотхоны ******* тоотод очоод Мөнх-Эрдэнийг дүүтэйгээ тамхилах гэж гарах хооронд би нөүтбүүкийг нь авч гараад өмнө олж байсан хүний иргэний үнэмлэхээр ломбардад тавьсан...” гэх мэдүүлэг /хэргийн 70 дугаар хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

        Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгч ***********ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 91 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 92 дугаар хуудас/, дансны хуулга /хэргийн 93-94 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 96 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 98-105 дугаар хуудас/.

         Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 85 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 85 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 106 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

  Шүүгдэгч ***********, *********** нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Шинэ хотхон” ******* тоотоос хохирогч *******ын эзэмшлийн “Асер Ай-3” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 392.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг,  хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ”, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж тус тус заасан.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *********** нь шүүгдэгч ***********т “би хохирогчтой хамт тамхилах гэж гараад чи тэр хооронд нөүтбүүкийг нь авчих” гэж хэлэн гэмт хэргийг зохион байгуулсан, харин шүүгдэгч *********** нь хохирогч *******ын гэрээс нөүтбүүкийг авч гарснаараа гэмт хэргийг гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

          Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ***********, *********** нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

         Шүүгдэгч ***********, *********** нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирлын талаар:

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******д 392.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ***********, *********** нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан /хэргийн 117-118 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********т 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч ***********д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

            Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 Шүүгдэгч ***********, *********** нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдсон болно.    

Шүүхээс шүүгдэгч ***********, *********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч ***********, *********** нарт тус тус 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********, *********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.    

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***********, *********** нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, *********** нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулсугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ***********, *********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********, *********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО