Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 125/ШШ2020/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Я.Ө нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ховд аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд сумаас Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ардчилсан намаас нэр дэвшигч Я.Ө миний нэр дэвшигчийн үнэмлэхийг хүчингүй болгож, нэр татах шийдвэр гаргасан аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 51 тоот тогтоолыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Я.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр ажилладаг.

Би 2020 оны Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас Ховд суманд нэр дэвшиж холбогдрх бүх бичиг баримтаа хуулийн хүрээнд, хуулийн хугацаанд аймгийн Сонгуулийн хороонд өгсөн.

Сонгуулийн хороо хяналтын 7 хоногийн хугацаанд миний бичиг баримтыг хянаад Ховд сумаас 2020 оны Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших боломжийг олгож 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 79 дугаартай Аймгийн Иргэдийн хуралд нэр дэвших үнэмлэхийг олгосон.

Гэтэл Аймгийн сонгуулийн хороо нь миний эрхэлж буй Сургуулийн сургалтын менежерийн ажлыг Аймаг Нийслэл сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан удирдах албан тушаалтантай адилтган үзэж, тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтыг зөрчиж нэр дэвшсэн гэх шалтгаанаар Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 51 дүгээр тогтоол гаргаж миний нэр дэвшигчийн үнэмлэхийг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан бусад удирдах албан тушаал гэдэгт сургалтын менежер хамаарч байгаа ба Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолоор сургалтын менежерийг төсвийн шууд захирагчаас зааглаж, хуульд заасан бусад удирдах албан тушаалтан тул тогтоолын 2 дахь эгнээнд оруулсан гэж үзэж байна. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолд зааснаар сонгон шалгаруулж авдаг.

Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан удирдах албан тушаалтанд хамаарах албан тушаалтан бол сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч юм. Эдгээр хүмүүс ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхыг шаардана.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” шууд захирагч байхаар заасан ба төсвийн шууд захирагч нь тухайн байгууллагын удирдах албан тушаалтанд хамаарах юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ховд аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Сандагсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Сонгуулийн хороо нь Ховд аймгийн Ховд сумын нэр бүхий иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хорооны хуралдааныг 100 хувийн ирцтэйгээр хуралдуулан гомдлыг танилцуулан асуудлыг хэлэлцэж 51 дүгээр тогтоол гаргасан. Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн менежерээр ажиллаж байгаа бөгөөд Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтанд зааснаас харахад сургалтын менежер нь удирдах албан тушаалтанд хамаарч байгаа юм.

Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-д төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан сонгуулийн жилийн 8 сарын 01-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлагыг хангаагүй тул уг тогтоолыг гаргасан.

Дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т заасан “...энэ хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэх бөгөөд 32.1-д зааснаар бүртгэхээс татгалзах үндэслэл болдог.

Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д нэр дэвшигч бүртгүүлсний дараа нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдвол бүртгэсэн сонгуулийн хороо бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгоно гэж заасан хүрээнд шийдвэр гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлье.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолд заасан  “удирдах албан тушаалтан” мөн үү, биш үү гэдэг дээр маргаж байгаа гэж ойлгож байгаа тул Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол ардын намаас нэр дэвшсэн Х.Жаукарыг нэр дэвшигчээр бүртгэсэн эсэх талаар энд ярих шаардлагагүй байх.

Нэхэмжлэгч нь Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажилладаг. Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоол өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ба тогтоолын 2 дугаар хавсралтад сургалтын менежер нь удирдах албан тушаалтан байхаар заасан байна.

Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-д төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан сонгуулийн жилийн 8 сарын 01-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх ёстой ба уг албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй нь түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болсон юм.

Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь Я.Ө 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй талаар тодорхойлсон байгаа.

Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5Саналын хуудас хэвлэгдсэний дараа нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол саналын хуудсыг дахин хэвлэх бөгөөд дахин хэвлэх боломжгүй бол уг саналын хуудсаар санал авч, хасагдсан нэр дэвшигчид өгсөн саналыг санал хураалтын дүнд оруулан тооцохгүй” гэж заасан тул Х.Жаукарыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Я.Ө нь Ховд сумаас Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихдээ Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу холбогдох баримтаа хуульд заасан хугацааны дотор бүртгүүлж нэр дэвшигчийн үнэмлэхдээ гардаж авсан.

Уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах бөгөөд уг баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно”, 31.7.Сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно” гэж зааснаар холбогдох газраас лавлагаа авч нягтлан шалгах эрхтэй байсан.Шаардлага хангасан гэж үзээд нэр дэвшигчийн үнэмлэх олгосон. Гэтэл сонгууль болох өдөр тулгаж байгаад нэр дэвшигчээс хассан тогтоол гаргасан нь хууль бус гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хуульд заасан дээрх хугацаанд шалгаад хуульд заасан шаардлага хангахгүй гэсэн бол Ардчилсан намаас өөр нэр дэвшигчийг өрсөлдүүлэх байсан. Гэтэл Я.Ө нь сонгуульд оролцсон сонгогчдын 52 хувийн санал авсан байхад Ардын намаас нэр дэвшсэн нэр дэвшигчийг шууд төлөөлөгч болгосон нь хууль бус юм.

Хуулийг тайлбарлах үндсэн аргууд бий. Шууд утгаар нь эсхүл чиг үүргээр нь гэх мэт. Хуулийн зорилт, чиг үүрэг, үндсэн зарчимд нийцүүлэн тайлбарлах юм бол сургалтын менежер нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан биш юм.

Удирдах албан тушаалтан бол тухайн байгууллагыг бүхэлд нь удирдан зохион байгуулж, төсвийг захиран зарцуулж, ажилтныг томилж чөлөөлөх, шагнах урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах гэх зэрэг эрх үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан юм. Гэтэл сургалтын менежер бол ийм чиг үүрэг хэрэгжүүлэггүй, эрх үүрэггүй албан тушаалтан ба сургуулийн нэгжийг хариуцан ажилладаг ажилтан юм.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байхаар заасан ба төсвийн шууд захирагч нь тухайн байгууллагын удирдах албан тушаалтанд хамаарахаар заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Ө нь Ховд аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан Ховд аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг үнэлж дүгнээд нэхэмжлэгч Я.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Ховд аймгийн Сонгуулийн хороо 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” тогтоолоор  Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлэхээр баримт бичгээ ирүүлж, хуульд заасан шаардлага хангасан хүмүүсийг нэр дэвшигчээр бүртгэж хавсралтаар нэрсийг баталсан бөгөөд тогтоолын  хавсралтын 36 дугаарт 25-р тойрог Ховд сумд Ягмусын Ө бүртгэгдэж,  аймгийн Сонгуулийн хорооноос 79  дугаартай  нэр дэвшигчийн үнэмлэхийг олгосон байна.  

Улмаар аймгийн Сонгуулийн хороонд нэр бүхий 5 иргэнээс Я.Ө төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал хашдаг талаар гомдол гаргасны дагуу аймгийн Сонгуулийн хороо хуралдаж 51 дүгээр тогтоол гаргасан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.12-т аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд харъяалах сонгуулийн хороодын шийдвэрийн талаарх өргөдөл , гомдлыг бүрэн эрхийн хүрээд хянан шийдвэрлэх, хариуг бичгээр өгөх....” гэсэнтэй нийцсэн, хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн, хууль зөрчөөгүй байна.

Ховд аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 51 дугаар тогтоолд  Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн  төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.12, 16.2.16, 17 дугаар зүйлийн 17.3.10, 19 дүгээр зүйлийн 19.1, 28 дугаар зүйлийн 28.4.2, 32 дугаар зүйлийн 32.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 81 дүгээр зүйлийн 81.4, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, аймгийн Сонгуулийн хорооны гишүүдийн саналыг үндэслэн  Аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 10 дугаар тогтоолын хавсралт 36 дугаарт 25 дугаар тойрогт нэр дэвшигч Ягмус овогтой Ө-д холбогдох заалтыг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хүчингүй болгож, 2 дахь заалтаар тогтоол гарсантай холбогдуулан Я.Ө-д аймгийн Сонгуулийн хорооноос олгосон нэр дэвшигчийн үнэмлэхийг хүчингүй болсонд тооцжээ. 

Нэхэмжлэгч Я.Ө нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ  Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд   бага ангийн сургалтын менежерээр ажилладаг, уг албан тушаалаасаа аймгийн сонгуулийн хороонд нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ чөлөөлөгдөөгүй байсан, одоо ч уг албан тушаалдаа ажиллаж байгаа талаараа шүүхэд тайлбарладаг бөгөөд энэ талаар  хэргийн оролцогчдын хэн аль ч маргаагүй.

Харин хэргийн оролцогчид нь сургалтын менежер нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтанд орох эсэх талаар маргаж  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариу тайлбараа  тайлбарладаг. 

Я.Ө нь Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/70 дугаар “Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд томилох тухай” тушаалаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тус сургуульд  бага ангийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдож, ТҮБД-6-ийн 5 дахь шатлалаар цалинжихаар тушаал гарчээ.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна, 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж зааснаас үзвэл сургалтын менежерийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал байна.  

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т төрийн үйлчилгээний албан тушаал, 10 дугаар зүйлийн 10.4-д “Энэ хуулийн ..., 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар  батална, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 25 дугаар  “Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай”  тогтоолын 2 дугаар хавсралтад сургуулийн  өмнөх болон бага, дунд  боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын  төрийн үйлчилгээний албан тушаалын удирдах албан тушаалд ерөнхий боловсролын сургалтын байгууллагын сургалтын менежер хамрагджээ. 

Бага, дунд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д  Бага, дунд боловсролын байгууллага нь ерөнхий боловсролын сургууль, боловсролын арга зүйн байгууллагаас бүрдэнэ, 12 дугаар зүйлийн 12.1-д Ерөнхий боловсролын сургууль нь боловсролын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн гэж зааснаас үзвэл Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын  дунд сургуулийн бага ангийн сургалтын менежерийн албан тушаал нь Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан ерөнхий боловсролын сургалтын байгууллагын сургалтын менежерийн албан тушаалд хамрагдаж байна. 

Дээрхээс дүгнэвэл Я.Ө Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын менежер нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-д Төрийн үйлчилгээний албаны удирдах  албан тушаалтан  байна.

Өөрөөр хэлбэл мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол  ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх шаардлага Я.Ө үйлчлэхээр байна.

Нэхэмжлэгч Я.Ө нь аймгийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр өгсөн материалын нэр дэвшигчийн намтарт ажил албан тушаалын байдлаа  бичихдээ Ховд сумын 12 жилийн сургуульд сургалтын менежер 2017 оноос  гэж тодорхой  тайлбарласан байхад хариуцагч аймгийн Сонгуулийн хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн  хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д заасан нягтлан шалгах үүргээ бүрэн биелүүлэлгүй нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу тохиолдолд  нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана гэж заасны дагуу  шийдвэрлэх байтал  нэр дэвшигчийг бүртгэсэн буруутай ч, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1-д ” Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүй  болгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо нь нэр дэвшигчийн бүртгэлийн хүчингүй болгох хуульд заасан эрхтэй байна.

Иймд хариуцагчаас нэр дэвшигч Я.Ө нь  хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй буюу хуульд заасан хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй гэсэн үндэслэлээр түүний нэр дэвшигчийн  бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн аймгийн Сонгуулийн хорооны 51 дүгээр тогтоол нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.2, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасантай нийцсэн, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж  дүгнэлээ.

Харин хариуцагч Ховд аймгийн Сонгуулийн хороо нь маргаан бүхий акт болох 51 дүгээр тогтоолыг гаргахдаа өөрийн бүрэн эрхэд хамааралгүй Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн  хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.10 дахь заалтыг үндэслэл болгосон байгааг дурьдах нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 10.4, Аймаг, нийслэл, сум, дүүргийн  иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.2, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Я.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЯНЖИНДУЛАМ