Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2023/0932/З |
Дугаар | 221/МА2024/0575 |
Огноо | 2024-08-28 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2024/0575
“М ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е, П.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дүгээр албан бичгийн 5, 6 дугаар хэсэг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дүгээр албан бичгийн 4, 5 дугаар хэсэг, дээрх албан бичгээр захиалагч Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх чиглэл хүргүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай хуралдааны тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, Эрчим хүчний яамнаас зарласан “Тавантолгойн 450МВт-ын дулааны “цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах” ЭХЯ/202306001 дугаартай тендер шалгаруулалтад “хамгийн сайн” үнэлгээ авсан “М ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсний дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах” тухай,
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “... Сангийн яамны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаар шийдвэрүүдийг үндэслэн Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт Ч ХХК нарын түншлэлтэй гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч Тендерийн үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг Эрчим хүчний яаманд даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 573 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, Н.Б, Б.М
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Л.А, Д.Н
Хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Б.Н
Хариуцагч Эрчим хүчний яамны Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н, Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2023/0923/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М ” ХХК нь “Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дүгээр албан бичгийн 5, 6 дугаар хэсэг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дүгээр албан бичгийн 4, 5 дугаар хэсэг, дээрх албан бичгээр захиалагч Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх чиглэл хүргүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай хуралдааны тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, Эрчим хүчний яамнаас зарласан “Тавантолгойн 450МВт-ын дулааны “цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах” ЭХЯ/202306001 дугаартай тендер шалгаруулалтад “хамгийн сайн” үнэлгээ авсан “М ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсний дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах”-аар,
Гуравдагч этгээд нь “ Сангийн яамны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаар шийдвэрүүдийг үндэслэн Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт Ч ХХК нарын түншлэлтэй гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч Тендерийн үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг Эрчим хүчний яаманд даалгах”-аар тус тус маргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 573 дугаар шийдвэрээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /хуучин/ 12 дугаар зүйлийн 12.1, 16 дугаар зүйлийн 16.1.2, 27 дугаар зүйлийн 27.4, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.3 дах хэсэгт заасныг баримтлан Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 дугаартай мэдэгдэл болон Тавантолгойн 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны хурлын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-н өдрийн 03/6541 дугаартай албан бичгийн 5, 6 дугаар хэсэг, Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгийн 4, 5 дугаар хэсэг, дээрх албан бичгээр захиалагч Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх чиглэл хүргүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтад хамгийн сайн үнэлгээ авсан манай компанитай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсний дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /хуучин/ 27 дугаар зүйлийн 27.3, 55 дугаар зүйлийн 55.10 дахь хэсэгт заасныг баримтлан Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаар шийдвэрүүдийг үндэслэн Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт Ч ХХК нарын түншлэлтэй хууль журамд заасны дагуу гэрээ байгуулахыг хариуцагч Эрчим хүчний яам, Тендерийн үнэлгээний хороонд даалгаж” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. ... Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичиг буюу Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.2-т зааснаар “Тендерт оролцогч нь хуулийн 15 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхын талаар захиалагчаас Тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан байна. Энэхүү шалгуур үзүүлэлт, шаардлагыг нотлох дараах баримт бичгээс Тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасныг ирүүлнэ” гэж зохицуулсан байна. Үүний дагуу Захиалагч нь гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг Тендерийн өгөгдлийн хүснэгтэд “ТШЗ 17.2 - Тендерт оролцогчид тавигдах санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлага: Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн зураг, төсөл боловсруулах, материал тоног төхөөрөмжийг хүргэх, суурилуулан барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн ажлын нийт мөнгөн дүнгийн дундаж үзүүлэлтийг нь тооцох жилийн тоо: Сүүлийн 5 жилийн (2018, 2019, 2020, 2021, 2022 он) борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгосон үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна” гэж заасан байна. Дээрх шаардлагыг хангасан эсэхийг тогтооход ашиглах мэдээлэл буюу нотлох баримт юм. Эдгээрийн дагуу “М ” ХХК-ийн илгээсэн тендерийн Монгол хэл дээрх орчуулгын Бүлэг 3-ийн хуудас 15-д тус компаний 2018 оны Санхүүгийн тайлан нь 2019 Санхүүгийн тайлантай хамт холбогдох Аудитаар баталгаажсан тухай тусгайлан мэдэгдсэн. Мөн Камбожийн санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргаж буй байгууллага нь тухайн жилийн санхүүгийн ээллийг баталгаажуулахын тулд шаардлагатай санхүүгийн тодруулгууд авдаг ба энэхүү тодруулгаар өмнөх оны санхүүгийн мэдээллийн хаалтын дүнг үндэслэл болгон хамтад нь шалгаж үздэг. Өөрөөр хэлбэл энэхүү орлогын тайлангийн дүнг ашиглах шалгуур үзүүлэлт буюу сүүлийн 5 жилийн борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгосон үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна гэж заасан шаардлагын нэхэмжлэгч компани 230 хувиар хангаж байгаа.
3.2. Энэ талаар, хариуцагч Сангийн яам шүүх хуралдаанд гаргасан хариу тайбартаа дурдахдаа “Мөн борлуулалтын орлогын нийлбэр хүрэхгүй байна гэдэг гомдол гаргасан. Ирүүлсэн материал буюу гомдолд дурдсанаар 2019-2022 оны санхүүгийн тайлангийн хүрээнд борлуулалтын орлого дундаж хангаж байгаа юу гэсэн байсан. Өөрөөр хэлбэл, Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 17.2-т сүүлийн 5 жил буюу 2018, 2019, 2020, 2021, 2022 он гэж тухайлан зааж өгсөн. Эдгээр онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгосон үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна гэдэг шалгуурыг тавьсан. Тэгэхээр 2018 онд ирүүлээгүй учраас 0 гэж үзээд 2019, 2020, 2021, 2022 онуудын санхүүгийн тайлангаас хараад дээрх 4 оны дунджийг гаргахад 1.1 сая ам.долларын борлуулалтын орлоготой байсан. Өөрөөр хэлбэл, захиалагчийн санал болгосон үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна гэж заасан шалгуурыг хангаж байна гэж үзсэн. Тиймээс борлуулалтын орлогын нийлбэр шаардлага хангаагүй гэж гаргасан гомдол мөн үндэслэлгүй гэдэг байдлаар хариу өгсөн” гэж тайлбарласнаас үзэхэд, сүүлийн 5 жилийн санхүүгийн тайлан ирүүлэх заавар нь тендерт оролцогч санхүүгийн чадавхаа нотлохдоо санхүүгийн тайлангаа ирүүлнэ, ингэж ирүүлэхдээ сүүлийн 5 жилийн тайлангаа ирүүлж болно, 5-аас дээш жилийн борлуулалтын орлогыг харгалзахгүй гэсэн утгаар хэрэглэгдэх зохицуулалт гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар юм.
3.3. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар бүлгийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасан дагуу энэхүү тайлангийн талаар тодруулга авах бүрэн боломжтой ба Сангийн яам энэ талаар чиглэл өгөөгүй гомдол хянасан албан бичигтээ шууд шаардлага хангахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
3.4. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлгүй бөгөөд анхан атны шүүх “захиалагч Эрчим хүчний яамнаас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тендерийн Үнэлгээний хороонд “... тус тендерт оролцогч М ” Ко.Лтд-ийн туслан гүйцэтгэгч нь тендерт оролцогчид хамаарах эсэхийг дахин нягтлах нь зүйтэй” гэсэн утга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн байхад Үнлэгээний хороо 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж тендерийг хүчингүй болгосон үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, “М ” Ко.Лтд-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг захиалагч хууль зөрчсөн гэж үзэж татгалзсан нь Сангийн яамны гомдол хянан шийдвэрлээд гаргасан шийдвэртэй санал нийлж байгаа болох нь тогтоогдож байна” гэх зэргээр зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудад нийцээгүй, хэргийн үйл баримтыг илт гуйвуулсан дүгнэлтүүдийг хийж байгаа нь ойлгомжгүй байна.
3.5. ... гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай бөгөөд уг шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй байна. Энэ талаар хариуцагч үнэлгээний хорооны зүгээс шүүх хурал дээр тодорхой тайлбарыг гаргасан. Анхан шатны шүүх, тендерийн үнэлгээний хорооны тендерийг үнэлэх, шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах бүрэн эрхэд бүдүүлгээр халдаж, үнэлгээний хороогоор үнэлэгдээгүй тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмж гаргах, улмаар гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэж байгаа нь захиргааны байгууллагын сонгох боломжийг хязгаарласан, илт хууль бус шийдвэр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тендерийг шаардлага хангаагүй гэж дүгнээд, үлдэх түншлэлийн тендерийг автоматаар шаардлага хангасан болгож, тендерт шалгаруулж байгаад гомдолтой байна. Түншлэлийн тендер шаардлага хангахгүй тендер болох талаар хариуцагч Үнэлгээний хороо, Эрчим хүчний яамны гаргаж байгаа тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шүүх бүрэн гүйцэт үнэлж, бодит дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.
3.6. Анхан шатны шүүх Сангийн яаманд холбогдуулан гаргасан маргаан бүхий 2 албан бичгийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Сангийн яамнаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, “Түншлэгч М ХХК ижил төстэй ажил гүйцэтгэсэн мэдээлэл ирүүлээгүй байсан учраас шаардага хангахгүй байна гээд захиалагч татгалзсан байсан. Тиймээс захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэдэг байдлаар хариу өгсөн ... Гомдолд дурдсан 3 үндэслэлийн 2 нь захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, 1 нь захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэдэг хариу гарсан” гэх тайлбараас харахад түншлэлийн тендер шаардлага хангаагүй гэж үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр хүчинтэй хэвээр байгаа буюу үүнийг гомдол хянасан Сангийн яам хариундаа тодорхой дурдсаар байтал анхан шатны шүүх түншлэлийн тендерийг шаардлага хангасан мэтээр шалгаруулж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, түншлэлийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзсэн Сангийн яамны албан бичгийг шүүх хэвээр хууль зөрчөөгүй хэмээн дүгнэж хэвээр үлдээж байгаа хэрнээ түншлэлийн тендерийг шалгарснаар тооцож, гэрээ байгуулахыг эрчим хүчний яаманд даалгаад байгаа нь ойлгомжгүй.
3.7. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч Эрчим хүчний яамн үнэлгээний хорооны төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ... Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/7259 дугаар албан бичигт “Ч” ХХК-ийн түншлэлийг тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5-д “Гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ тендерт оролцогчийн санал болгосон үнийн дүнгийн 10 хувиас багагүй байна” , ТШЗ 17.6.4-т “450 МВт болон түүнээс дээш хүчин чадалтай нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцыг сүүлийн 10 жилд барьсан байх. Үүнийг нотлохын тулд ажил гүйцэтгэсэн гэрээ, улсын комисс хүлээж авсан дүгнэлт эсвэл түүнтэй адилтгах тухайн улсын ажил хүлээн авсан тухай баримт бичгийн эхээс хийсэн хуулбар, ... захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасан шаардлага хангахгүй байгаа тухай маш тодорхой дурдсан.
4.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 573 дугаар шийдвэрийн 30-д “...Сангийн яамны албан бичгүүдийг хууль зүйн үндэслэлтэй болохыг дүгнэхдээ тодорхой дурдсан” гэсэн нь Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаар шийдвэрүүдийг хууль зүйн үндэслэлтэй байна гэснийг нотолж байна. Мөн дээрх шүүхийн шийдвэрийн 37-д дээд шатны байгууллага болох Сангийн яамны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсан бөгөөд Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/7259 дугаар албан бичигт 2 үндэслэлээр “Ч” ХХК-ийн түншлэлийг шаардлага хангахгүй гэж дүгнэсэн ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж хуульчилсан. Иймд дээрх үндэслэлээр “Ч” ХХК-ийн түншлэл нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тул гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
4.3. Түүнчлэн, Сангийн яаманд хүсэлт гаргаж, тус тендерийн хүчинтэй хугацааг 1 удаа сунгасан. Хуулийн дагуу тендерийн хүчинтэй хугацаанд гэрээ байгуулах бөгөөд тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй.
4.4. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт “Ч ” ХК, “М ” ХХК, “Б ” ХХК- ийн түншлэлтэй хууль журамд заасны дагуу гэрээ байгуулах зөвлөмж гаргах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг хариуцагч Эрчим хүчний яам, Тендерийн үнэлгээний хороонд даалгасан нь Үнэлгээний хороо, Захиалагчид хуулиар олгосон эрх хэмжээнд халдаж, шаардлага хангаагүй тендерийн оролцогчтой гэрээ байгуулахыг тулган шаардсан гэж үзэж байна.
4.5. Анхан шатны шүүх нь “М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч Эрчим хүчний яамны Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч, хариуцагч Эрчим хүчний яамны Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, уг тендер сонгон шалгаруулалт 2020 оноос хойш удаа дараа зарлагдсан боловч амжилттай болоогүй улмаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/75 дугаар тушаалаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, ЭХЯ/202306001 дугаартай түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зарлаж, тендерийн материал хүлээн авах хугацааг 45 хоногоор тогтоож, тендерийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нээж, үнэлэх ажлыг эхлүүлэхэд нэхэмжлэгч “М ” ХХК болон гуравдагч этгээд “Ч ” ХХК, “М ” ХХК, “Б ” ХХК-ийн түншлэл нар тендер ирүүлсэн байна.
2.2. Улмаар 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны 6 дугаар тэмдэглэлээр “нэхэмжлэгч “М ” ХХК-г “хамгийн бага” харьцуулах үнэтэй хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж олонхын саналаар шийдвэрлэж, үнэлгээний тайлан, мэдэгдэл, зөвлөмжийг Эрчим хүчний яаманд танилцуулахаар шийдвэрлэхэд гуравдагч этгээдээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар гомдол гаргажээ.
2.3. Сангийн яамнаас гуравдагч этгээдийн гомдлыг хянаад 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дүгээр албан бичгээр “... тендерт үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэж” шийдвэрлэхэд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Үнэлгээний хороо дахин хуралдаж, 7 дугаар тэмдэглэлээр ЭХЯ/202306001 дугаартай түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерийг дахин хянаж үзээд гуравдагч этгээд “Ч ” ХХК, “М ” ХХК, “Б ” ХХК-ийн түншлэлийн тендерээс татгалзаж, нэхэмжлэгч “М ” ХХК-г тендерийг 100 хувийн саналаар шалгаруулсан байна. Үүнд гуравдагч этгээдээс дахин гомдол гаргасан тул Сангийн яамнаас гомдлыг хянаад 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дүгээр албан бичгээр “... тендерийн үнэлгээний хороог дахин хуульд нийцүүлэн үнэлгээ хийх шаардлагатай” гэж үзжээ.
2.4. Үүний дараа ЭХЯ/202306001 дугаартай түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж 8 дугаар тэмдэглэлээр “... “М ” ХХК-г дахин шалгаруулж”, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9 дүгээр тэмдэглэлээр “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлээр шийдвэрлэсэн үнэлгээнд өөрчлөлт орохгүй байхаар” шийдвэрлэж, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлээр “... тус тендерийн хүчинтэй байх хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 28 дугаар зүйлийн 28.2, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг хангах боломжгүй болсон тул тендерийг хүчингүйд тооцож” шийдвэрлэснээр энэхүү маргаан үүссэн байна.
2.5. Нэхэмжлэгч “М ” ХХК нь Эрчим хүчний яам, Сангийн яам, Эрчим хүчний яамны Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан“Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дүгээр албан бичгийн 5, 6 дугаар хэсэг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дүгээр албан бичгийн 4, 5 дугаар хэсэг, дээрх албан бичгээр захиалагч Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх чиглэл хүргүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай хуралдааны тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, Эрчим хүчний яамнаас зарласан “Тавантолгойн 450МВт-ын дулааны “цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах” ЭХЯ/202306001 дугаартай тендер шалгаруулалтад “хамгийн сайн” үнэлгээ авсан “М ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсний дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, гуравдагч этгээдээс “... Сангийн яамны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаар шийдвэрүүдийг үндэслэн Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт “Ч ” ХХК, “М ” ХХК, “Б ” ХХК нарын түншлэлтэй гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч Тендерийн үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг Эрчим хүчний яаманд даалгах” бие даасан шаардлагыг тус тус гарган маргажээ.
2.6. Анхан шатны шүүх “...Сангийн яам нэхэмжлэгч М ХХК-ийн ирүүлсэн тендерийг захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй … Аудитын дүгнэлт эсвэл тухайн Улсын эрх бүхий байгууллагаас санхүүгийн тайланг баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч компанийн тухайд сүүлийн 5 жилийн нийт орлого: 2018-2022 нийт орлогын дүн 1,378,357,930 гэх бөгөөд тус компани нь 2018 оны 07 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдаж, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс татвар төлөгчөөр бүртгэгдсэн байх тул 2018 оны санхүүгийн тайлан 2019 оны аудитын тайлан дүгнэлтэд орсон гэх гэх тайлбар нотлогдохгүй байна. Учир нь Сангийн яам нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзэж түүнийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон тул үнэлгээний хороо М ХХК-ийн ирүүлсэн тендерт дахин үнэлгээ хийх боломжгүй, харин гомдол гаргагч түншлэлийн ирүүлсэн тендерийн баримт бичигт үнэлгээ хийхээр байжээ. Сангийн яамнаас тендер шалгаруулалтын үйл ажиллагааг түдгэлзүүлэн гомдлыг хянан шийдвэрлэж байсан тул уг хугацааг нөхөн тооцох боломжтой байсан бөгөөд шүүхээс дээрх үндэслэлүүдээр Сангийн яамны албан бичгүүдийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул тендерийн хүчинтэй байх хугацаанд тендер шалгаруулалтыг зохион байгуулаагүй нь Үнэлгээний хорооны буруутай үйл ажиллагаа байх тул Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тендер хүчинтэй байх хугацаа дуусаж, хуулийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах боломжгүй болсон тул тендер хүчингүй болгосон мэдэгдэл болон Тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлын 10 дугаартай тэмдэглэл нь хууль бус болох нь тогтоогдож байна … уг тендер хүчинтэй байх хугацаа дууссан үр дагавар бий болгосон эсэх нь гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, үүний улмаас түншлэлийн хууль ёсны эрх ашиг сонирхол буюу шударгаар, тэгш боломжоор өрсөлдөх эрх нь хөндөгдсөн байх тул бие даасан шаардлагыг хангах боломжтой гэж үзлээ” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
2.7. Нэхэмжлэгч “М ” ХХК-ийн нэхэмжлэлийн “Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дүгээр албан бичгийн 5, 6 дугаар хэсэг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дүгээр албан бичгийн 4, 5 дугаар хэсгийг хүчингүй болгуулах, дээрх албан бичгээр захиалагч Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх чиглэл хүргүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
2.8. Маргаан бүхий Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дүгээр албан бичгийн 5 дахь заалтад “... “М ” ХХК нь тендерт 2019-2022 онуудын санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлсэн, харин 2018 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлээгүй байх тул тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.3-т заасан “Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа: Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 5 жил /2018, 2019, 2020, 2021, 2022/ санхүүгийн тайланг аудитын дүгнэлт эсвэл тухайн Улсын эрх бүхий байгууллагаас санхүүгийн тайланг баталгаажуулсан баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ” гэж заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэж, 6 дахь заалтад “... “М ” ХХК нь ижил төстэй хийж гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл нотлох баримтыг тендерт хавсарган ирүүлээгүй байхад тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.4-д ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: Ижил төстэй ажил гэдэгт 450МВт болон түүнээс дээш хүчин чадалтай нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцыг сүүлийн 10 жилд барьсан байх. Ажлын талаарх мэдээллийг ТББ-ийн 5 дугаар бүлгийн Маягт-6-8-ын дагуу ирүүлнэ. Үүнийг нотлохын тулд ажил гүйцэтгэсэн гэрээ, Улсын комисс хүлээж авсан дүгнэлт эсвэл түүнтэй адилтгах тухайн Улсын ажил хүлээн авсан тухай баримт бичгийн эхээс хийсэн хуулбар, тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолт ирүүлнэ” гэж заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэх дүгнэлтийг хийсэн байна.
2.9. Уг тендерийн зорилго агуулга нь Өмнөд бүсэд оршиж буй хүн хуулийн этгээдүүд болон Оюутолгой эрчим хүчний хэрэгцээг хангах, Тавантолгойн нүүрсийн ордыг түшиглэн эхний ээлжинд 300MBт хүчинтэй чадалтай 2 блок цахилгаан станц дагалдах дэд бүтцийг бүтээн байгуулах, 220 кВ-ийн цахилгаан дамжуулах шугам, дэд станц, ажилчдын орон сууц зэрэг дагалдах дэд бүтэц, барилга угсралт, туршилт тохируулгын ажлуудыг хийж гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөх явдал байна.
2.10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 27 дугаар зүйлийн 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно”, 15.2-д “Захиалагч санхүүгийн чадавхийн шаардлагыг тендерийн, эсхүл урьдчилсан сонголтын баримт бичигт тусгана”, 15.3-д “Санхүүгийн чадавхийг дараахь баримт бичгээр нотолж болно”, 15.3.2-д “тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт”, 15.3.4-д “тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаархи мэдээлэл” гэж, тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.3-д “Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацааг ТӨХ-д заана” гэж, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.3-д “Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа 5 жил” гэж тус тус заажээ.
2.11. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд захиалагч нь тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэх зорилгоор санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт шаардах эрхтэй байна. Энэ нь тухайн тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг харж байгаа асуудал тул нэгэнт нэхэмжлэгч компани нь Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.2-д заасан “сүүлийн 5 жилийн борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгосон үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна” гэсэн шаардлагыг хангаж байгаа нь тогтоогдсон энэ тохиолдолд 2018 оны тайлан ирүүлээгүй гэж шууд нэхэмжлэгчийг буруутгаж, тендерт сонгон шалгаруулахаас татгалзах үндэслэл болохооргүй, уг үндэслэлээр татгалзах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцэхээргүй байна.
2.12. Маргаан бүхий Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дүгээр албан бичгийн 6 дахь заалтад “... “М ” ХХК ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл, нотлох баримтыг тендерт хавсарган ирүүлээгүй байхад тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.4-т “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын нотлох гэрээний мэдээлэл ... ирүүлнэ” гэж заасан шаардлагыг хангаагүй гэжээ.
2.13. Уг тендер шалгаруулалтын зааварчилгаа, тендерийн өгөгдлийн хүснэгтэд зааснаар тендерт оролцогчийн туршлагыг харуулах зорилгоор 450МВт болон түүнээс дээш хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцыг сүүлийн 10 жилд барьсан байх шаардлагыг заасан боловч Сангийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/118 дугаар тушаалаар ... ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичигт өөрчлөлт оруулж … туслан гүйцэтгүүлэх дээд хэмжээ болон түншлэлийн гишүүн тус бүрийн үүргийн доод хэмжээг тендерийн өгөгдлийн хүснэгтэд өөрөөр зааж болно гэсэн заалтыг нэмэлтээр оруулсан байна.
2.14. Нэхэмжлэгч “М ” ХХК нь “P” Co.ltd-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, холбогдох туршлагын талаар “Q” Co.ltd, “Sh” Co.ltd, “J” Co.ltd нартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүд, ажил хүлээлцсэн актууд болон туслан гүйцэтгүүлэх гэрээ, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнүүд[1] зэрэг баримтуудыг ирүүлсэн байх тул дээрх үндэслэлийг зааж тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.4-т заасныг хангахгүй байна гэж дүгнэж, тендерийн үнэлгээг хүчингүй болгож байгаа Сангийн яамны дээрх шийдвэр хуульд нийцэхгүй байна.
2.15. Иймээс хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүдэд дурдсан “... энэхүү тендерийг өмнө нь 2 удаа зарлаад амжилтгүй болсон. Учир нь чадавхтай гүйцэтгэгч орж ирээгүй. “М ” ХХК нь “P” Co.ltd-тай төслийн удирдлага, техникийн зөвлөмж, туслалцаа, ашиглалтад оруулах, турших, тохируулах, төслийн удирдлага болон гүйцэтгэлд техникийн болон хүний нөөцийн дэмжлэг үзүүлнэ гэж туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан. Уг туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг оруулан хянаж үзсэн. Энэ удаагийн тендерт чадавхтай, гүйцэтгэгч компани санхүүжилтийн хамт орж ирсэн тул уг компанийг сонгосон” гэх тайлбарыг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
2.16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 54 дүгээр зүйлийн 54.1-д “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана”, 55.3-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана”, 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх”, 55.3.2-д “тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах”, 55.3.3-д “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж тус тус заажээ.
2.17. Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дүгээр албан бичгийн 4 дэх хэсэгт “... Гомдолд дурдсан баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд ерөнхий ... техникийн үзүүлэлтүүдийг бүрэн ирүүлээгүй, цахилгаан буюу E-1, 1.3, 1.6, 1.7, 1.5 хүснэгтүүд, Е-2-оос 30 хүртэл хүснэгтүүдийн заавал ирүүлэх ёстой үндсэн үзүүлэлтүүдийг бүрэн ирүүлээгүй ... техникийн өгөгдлийн хүснэгтийг бөглөөгүй, М-З-8, 10, 13 зэрэг чухал үзүүлэлттэй хүснэгтүүдийг бүрэн бөглөөгүй тухай дурдсан байх тул тухайн техникийн үзүүлэлтийг ирүүлсэн эсэх, дээр дурдсан шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх шаардлагатай”, 5 дахь хэсэгт “... “М ” ХХК нь дангаараа тендерт оролцож байгаа тул тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг бүрэн хангах ёстой бөгөөд туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан компаниудын ажиллах хүчин, тусгай зөвшөөрөл, ижил төстэй ажлуудаар тендерийн гол үзүүлэлтийг хангасан гэж үзсэн нь шаардлагад нийцэхгүй байгаа тухай дурдсан байх тул тухайн асуудлаар дахин нягтлан шалгах шаардлагатай” гэж дүгнэж, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгаж байгаа нь үндэслэлгүй болжээ.
2.18. Учир нь маргаан бүхий Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дүгээр албан бичгийн 4, 5 дахь заалтын агуулгаас үзэхэд хуульд заасан ямар шаардлагыг хангаагүй зөрчил гаргасан талаар дүгнээгүй, гомдол гаргагч нь зөрчлийг нотолсон баримтаа хавсаргасан эсэх нь тодорхойгүй, гомдолд дурдсан үндэслэлд огт дүгнэлт өгөлгүйгээр таамаглалд үндэслэн буцааж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй байна.
2.19. Дээрхээс дүгнэвэл, Сангийн яамны удаа дараагийн гомдол хянаад гаргасан шийдвэрүүдэд үнэлгээний хорооны шийдвэр аль хууль, журмын ямар зохицуулалтыг хэрхэн зөрчсөн, тендерийн өгөгдлийн хүснэгтийн аль шаардлагыг ямар учраас хангаагүй гэж үзсэн, яагаад дахин үнэлэх зайлшгүй шаардлагатай талаар үндэслэл зааж, дүгнэлт хийгээгүй, “техникийн үзүүлэлтийг ирүүлсэн эсэх, шаардлагад нийцсэн эсэхийг хянах шаардлагатай”, “гомдолд дурдсан байх тул хянах шаардлагатай” гэх мэтээр гомдол гаргах бүрд тодорхой үндэслэл дурдалгүй, шинэ үндэслэлүүд гаргаж, нэмж дурдан үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгон, дахин үнэлэхийг даалгаж буй нь бодит нөхцөл байдалд тохирохгүй, зорилгодоо нийцсэн гэж үзэхээргүй байх төдийгүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай /2005/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцээгүй байна.
2.20. Иймд ЭХЯ/202306001 дугаартай түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерийг Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 6 дугаар тэмдэглэл, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7 дугаар тэмдэглэлээр “... хамгийн бага харьцуулах үнэтэй “М ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж 100 хувийн саналаар шалгаруулсан” шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай /2005/ хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.1-д “тендерийн үнэд арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүүг залруулах, үнийн хөнгөлөлтийг харгалзан тендерийн үнийг бууруулах, захиалагч энэ хуульд заасныг үндэслэн үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтийг сонгосон бол тэдгээрт харгалзах саналуудыг мөнгөөр илэрхийлж, тендерийн үнэ дээр харгалзан тооцож тендерийн харьцуулах үнийг тодорхойлно”, 28.7.3-д “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасантай нийцжээ.
2.21. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “М ” ХХК-ийн нэхэмжлэлийн “Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дүгээр албан бичгийн 5, 6 дугаар хэсэг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дүгээр албан бичгийн 4, 5 дугаар хэсгийг хүчингүй болгуулах, дээрх албан бичгээр захиалагч Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх чиглэл хүргүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч “М ” ХХК-ийн нэхэмжлэлийн “Тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай хуралдааны тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, Эрчим хүчний яамнаас зарласан “Тавантолгойн 450МВт-ын дулааны “цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах” ЭХЯ/202306001 дугаартай тендер шалгаруулалтад “хамгийн сайн” үнэлгээ авсан “М ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсний дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах” шаардлагын тухайд:
3.1. Тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлын 10 дугаартай тэмдэглэлд захиалагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдлийг хэлэлцээд цаг хугацааны хувьд тус тендерийн хүчинтэй байх хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.2, 29.2 дах заалтыг хангах боломжгүй болсон гэж үзэж тендерийг хүчингүй болсонд тооцож,тендерт оролцогчдод мэдэгдэл хүргүүлэх зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж, Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 дугаар тендер хүчингүй болсон талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч “М ” ХХК-д хүргүүлжээ.
3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ЭХЯ/202306001 дугаартай түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нээж, Үнэлгээний хорооноос 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч “М ” ХХК-г сонгоход гуравдагч этгээдээс гомдол гаргасан тул 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл түр түдгэлзэж, дахин 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Үнэлгээний хорооноос нэхэмжлэгчийг шалгаруулахад гуравдагч этгээдээс дахин гомдол гаргаж, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл гүйцэтгэгч сонгох ажиллагаа түр түдгэлзсэн үйл баримт тогтоогдож байна.
3.3. Хариуцагч Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/75 дугаар тушаалаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж 8 дугаар тэмдэглэлээр ... “М ” ХХК-г дахин шалгаруулсан атлаа үүнээс хойш хуульд заасан ажиллагаа хийгээгүй, зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлэлгүйгээр дахин 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, тендерийг хүчингүй болсонд тооцсон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-д “шуурхай, тасралтгүй байх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “худалдан авах ажиллагаа ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасныг зөрчжээ.
3.4. Өөрөөр хэлбэл, дээрх зарчмыг мөрдөлгүйгээр захиргааны байгууллагын хугацаа алдсан болон удаа дараа тендер сонгон шалгаруулалтад гомдол гаргасан үр дагавар болон Үнэлгээний хороо хугацаа алдсан зэргээс шалтгаалан тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.
3.5. Иймд энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ЭХЯ/202306001 дугаартай түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах Тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай хуралдааны тэмдэглэл, Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
3.6. Харин хэрэгт авагдсан баримтуудад ЭХЯ/202306001 дугаартай түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9 дүгээр тэмдэглэлээр “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлээр шийдвэрлэсэн үнэлгээнд өөрчлөлт орохгүй байхаар” шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч “М ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлээгүй байх тул хариуцагчийн хүргүүлсэн мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй.
3.7. Энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Тавантолгойн 450МВт-ын дулааны “цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах” ЭХЯ/202306001 дугаартай тендер шалгаруулалтад “хамгийн сайн” үнэлгээ авсан “М ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсний дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3.8. Дээр дурдсан үндэслэлээр Сангийн яамны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дүгээр албан бичгүүдийг холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээдийн бие даасан “Сангийн яамны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дүгээр шийдвэрүүдийг үндэслэн Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт Ч ХХК, М ХХК, Б ХХК нарын түншлэлтэй гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч Тендерийн үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг Эрчим хүчний яаманд даалгах” тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.
3.9. Гуравдагч этгээд тендерийн шаардлага хангасан эсэх талаар дүгнэсэн Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, Эрчим хүчний яам, Сангийн яамны албан бичиг байсаар байхад анхан шатны шүүх “Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаар шийдвэрүүдийг үндэслэн Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт “Ч ” ХХК, “М ” ХХК, “Б ХХК” нарын түншлэлтэй гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.
3.10. Тодруулбал, Эрчим хүчний яамнаас 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр в/3016 дугаар “Тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг хангахгүй байгаа талаар” албан бичгийг гуравдагч этгээдэд хүргүүлж, маргаан бүхий Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дүгээр албан бичгийн 1 дэх заалтаар гуравдагч этгээдийг “... тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5-д “гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ: Тендерт оролцогчийн санал болгосон үнийн дүнгийн 10 хувиас багагүй байна гэсэн шаардлага хангахгүй гэж үнэлсэн захилагчийн шийдвэр үндэслэлтэй”, 2 дахь заалтаар “... Түншлэлийн ижил төстэй ажлын гэрээний мэдээллийг хянан үзэхэд ... ТШЗ 17.6.4-д заасан шаардлага хангахгүй гэж үзсэн захилагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж тус тус дурдсан байхад гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 27, 28 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.
3.11. Түүнчлэн, энэхүү Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/75 дугаар тушаалаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, ЭХЯ/202306001 дугаартай түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерийг гол зорилго нь чадвартай гүйцэтгэгч компани төдийгүй санхүүгийн эх үүсвэрийг бий болгоход чиглэсэн байхад Тендерийн өргөтгөлийн хүснэгтийн 17.2.5-д заасан “гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ: Тендерт оролцогчийн санал болгосон үнийн дүнгийн 10 хувиас багагүй байна гэсэн шаардлага хангахгүй” гэж хариуцагч Үнэлгээний хороо, Сангийн яамны үзсэн гуравдагч этгээдийг шалгаруулж байгаа нь буруу.
3.12. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тендерийн үнэлгээний хорооны тендерийг үнэлэх, шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах бүрэн эрхэд бүдүүлгээр халдаж, үнэлгээний хороогоор үнэлэгдээгүй тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмж гаргах, улмаар гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэж байгаа нь захиргааны байгууллагын сонгох боломжийг хязгаарласан, илт хууль бус” гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... “Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт “Ч ” ХК, “М ” ХХК, “Б ” ХХК- ийн түншлэлтэй хууль журамд заасны дагуу гэрээ байгуулах зөвлөмж гаргах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг хариуцагч Эрчим хүчний яам, Тендерийн үнэлгээний хороонд даалгасан нь Үнэлгээний хороо, Захиалагчид хуулиар олгосон эрх хэмжээнд халдаж, шаардлага хангаагүй тендерийн оролцогчтой гэрээ байгуулахыг тулган шаардсан гэж үзэж байна” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.
3.13. Нөгөө талаар, Захиргааны хэргийн шүүх нь тендерийг хянан үзэж, үнэлэх, шалгаруулах эрх бүхий этгээд биш, харин захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгаж, шийдвэрлэдэг субъект тул зохих шаардлага хангаагүй болох нь эрх бүхий этгээдүүдийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гуравдагч этгээдийн тендерт үнэлгээ хийж, шалгаруулсан анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасныг зөрчжээ.
3.14. Мөн анхан шатны шүүх шийдвэрээ 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр албажуулж, хэргийн оролцогч нарт гардуулсан атлаа 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6204 дүгээр шүүгчийн захирамжаар “... шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад гэрээ байгуулах эсэх, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэхийг хариуцагч Эрчим хүчний яам, Тендерийн Үнэлгээний хороонд даалгасугай” гэснийг “... гэрээ байгуулах зөвлөмж гаргах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг хариуцагч Эрчим хүчний яам, Тендерийн Үнэлгээний хороонд даалгасугай” гэж шүүхийн дүгнэлт, шийдэлд нөлөөлөхүйц өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна.
3.15. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч Эрчим хүчний яамны Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.16. Шүүхийн шийдвэр нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, хамгаалахад чиглэх бөгөөд уг маргааныг нэг мөр хянан шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоохуйц, биелэгдэх боломжтой, тодорхой байснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах учиртай.
3.17. Маргаан бүхий энэ тохиолдолд Сангийн яамны 03/6541, 03/7259 тоот албан бичгүүд нь өөр хоорондоо уялдаа холбоотой, нэг үйл баримттай холбоотойгоор гарсан, салгаж шийдвэрлэх боломжгүй байхын зэрэгцээ маргааныг нэг мөр хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул 03/6541 тоот албан бичигт нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн талаарх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Мөн тус хэргийг анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-д “Энэ хуулийн 113.2-т заасан гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр товлон зарласан. Уг шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Улсын төв хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа”, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай” хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр товлоход гуравдагч этгээдээс “... шинээр нэмж өмгөөлөгч авч, уг өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах” хүсэлт гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй төдийгүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н шүүх хуралдаанд биечлэн оролцож байх тул өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангагдсан гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 573 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М ” ХХК-ийн Эрчим хүчний яам, Сангийн яам, Эрчим хүчний Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дүгээр албан бичгийн 5, 6 дугаар хэсэг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дүгээр албан бичгийн 4, 5 дугаар хэсэг, дээрх албан бичгээр захиалагч Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх чиглэл хүргүүлсэн хэсгийг, Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай хуралдааны тэмдэглэл, Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, үлдэх шаардлага болох “Эрчим хүчний яамнаас зарласан “Тавантолгойн 450МВт-ын дулааны “цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах” ЭХЯ/202306001 дугаартай тендер шалгаруулалтад “хамгийн сайн” үнэлгээ авсан “М ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсний дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Ч ” ХХК, “М ” ХХК, “Б ” ХХК-ийн “Сангийн яамны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаар шийдвэрүүдийг үндэслэн Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт “Ч ” ХХК, “М ” ХХК, “Б ” ХХК нарын түншлэлтэй гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч Тендерийн үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг Эрчим хүчний яаманд даалгах” шаардлага бүхий бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Эрчим хүчний яамны Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
[1] Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Митайм интернэйшнл-2” 132-259 хуудас