Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/749

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Ц.Батбямба,

шинжээч А.Батбаяр,

шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч А.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос *********, ********* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ********************, урьд:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 914 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 2 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн, ********* /РД:************/.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******************, урьд ял шийтгэлгүй, ********* /РД:**************/

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч ********* нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” зочид буудлын 502 тоот өрөөнд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтсан нийт 8.3057 грамм буюу 15 ширхэг капсултай морфин /Morphine/-ын агууламжтай хориглосон мансууруулах эм худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            Шүүгдэгч ********* нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” зочид буудлын 502 тоот өрөөнд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 12.2377 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй “дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ “2021 оны 10 дугаар сарын 04-ний орой гэртээ байж байхад Дөлгөөн, ******** нар над руу залгаж гэрээс ирж авсан. Бид 3 нийлээд Хархорины хажуу талын байр руу ***********г авах гэж очсон. Тэндээс гадуур гарах санаа гараад ***********той уулзахаар болоод ******** бид хоёр ***********г авах гээд явах үед ***********, ******** хоёр өөр найзуудаа очиж авна гэсэн. ******** бид хоёр ***********г авч очоод, бөөндөө буудалд уулзаж байхад Ганзориг, Сонинбаяр гэдэг хүмүүс ирсэн. Үүний дараа цагдаа орж ирсэн. ...Тэнд байсан хүмүүс надад байсан өвсийг хэрэглээгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч А.Батбаяр мэдүүлэхдээ “...Нэгдсэн Үндэстний Байгууллагын жагсаалт байдаг бөгөөд үүнийг United Nations office on drugs and crime “Unodc” гэх албан ёсны сайтаас хардаг. Уг жагсаалт байнга шинэчлэгдээд явдаг. НҮБ-ын 1961, 1971, 1988 оны конвенцод морфин гэсэн ерөнхий ангилал байгаа. Нэгдсэн Үндэстний байгууллагын Хар тамхитай тэмцэх хэлтэс бичиг баримтууддаа шинэчлэл хийдэг. Ямар бодис нэмэгдсэн, хасагдсан байна гэдгийг сайтаас нь хардаг...” гэв. 

         Шүүгдэгч ********* нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” зочид буудлын 502 тоот өрөөнд өөрийн биедээ “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенцийн  жагсаалтад заасан нийт 8.3057 грамм буюу 15 ширхэг капсултай морфин /Morphine/-ын агууламжтай хориглосон мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,

         Шүүгдэгч ********* нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” зочид буудлын 502 тоот өрөөнд өөрийн биедээ “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай”  1971 оны  НҮБ-ын конвенцийн  жагсаалтад заасан нийт 12.2377 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй “дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

        Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, дэд ахлагч Л.Пүрэвсүрэнгийн “... 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ”*****” зочид буудалд хэрүүл маргаан болоод эмэгтэй хүн зодоод байна гэх дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгахад тус буудлын 502 тоот өрөөнд 19-21 орчим насны 8 залуучууд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба иргэн ********* нь сэжиг бүхий байсан тул биед нь үзлэг хийхэд капсул савлагаатай зүйл биеэс нь илэрсэн. Улмаар өрөөнд байсан иргэдийн биед үзлэг хийхэд иргэн ********ийн биеэс савлагаатай өвс мэт зүйл илэрсэн...” гэх тэмдэглэл /хэргийн 12 дугаар хуудас/,

         Хэргийн газрын үзлэг хийсэн “... Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” нэртэй 5 давхар, саарал өнгийн гадартай урд зүгт харсан 1 ширхэг орц, гарц бүхий хаалгатай объект байв. Хэргийн газрын хамгаалалт авсан алба хаагч дэд ахлагч Л.Пүрэвсүрэн нь 5х5.5 см харьцаатай өнгөгүй тунгалаг, гялгар уутанд жижиглэж нунтагласан ургамал байх ба ургамлыг ********ийн өмсөж явсан цамцны баруун халааснаас, 20х14 см харьцаатай өнгөгүй тунгалаг гялгар ууттай, 15 ширхэг улаан, цагаан өнгийн капсултай эм, эмийн гаралтай бүтээгдэхүүнийг *********гийн биеэс гарч ирсэн тул хураан авсан гэх яриа өгүүллийг дэд ахлагч Л.Пүрэвсүрэн гаргасан болохыг тэмдэглэлд тусгав ...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 5-8 дугаар хуудас/,  

         Гэрч ********ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ********э, ********, ***********, ***********, Хонгороо, Ундрал бид нар хороололд уулзаад 28 дугаар сургуулийн зүүн урд байрлах “*****” зочид буудалд хоёр ортой 2 өрөө аваад орсон. ********э бид хоёр гараад 5 ширхэг том пиво авч ирэхэд ******** “*********** дуудаад байхаар нь ирлээ” гэчихсэн сууж байсан. Тэгээд бид нар хамтдаа нэг өрөөндөө авсан пивоо уугаад сууж байхад ********ийн найз гэх эрэгтэй шавар гэдэг нэртэй сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис халааснаасаа гаргаж ирээд ***********, ******** болон ********ийн найз гэх эрэгтэй тухайн шавар гэх зүйлээ тугалган цаасаар ам руугаа сороод байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. ...Цагдаа ирээд шалгахад ********ээс өвс гарч ирсэн. Хаанаас нь гарч ирснийг сайн анзаараагүй. ***********гийн куртикний халааснаас ууттай эм шиг зүйл гарч ирсэн. ...********ийг мансууруулах бодис хэрэглэдэг байж болзошгүй гэж боддог. ********ийн найз нь хэрэглэдэг гэж сонсож байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 17, 85-86, 201 дүгээр хуудас/,

         Гэрч Р.***********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******** уулзъя гээд 22 цагийн үед намайг ирж авсан. Тэгээд буудалд орж уухаар болоод хорооллын эцэст байх “*****”  нэртэй зочид буудлын 502, 503 тоотыг аваад 502 тоотод бөөнөөрөө орсон. ********, Дөлгөөн хоёр дэлгүүр орж пиво авч ирсэн ба тэр хоёрыг гарсны дараа ******** нэг зүйл гаргаж ирээд тугалган цаасан дээр тавьж асаагаад тойруулаад сорсон. Би хоёр удаа сорсон. Тэгээд манараад сууж байхад  цагдаа орж ирж шалгасан. ********ээс өвс гарч ирсэн. Би өмнө мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж үзээгүй. Цагдаагийн хэлтэс дээр ирээд бид нарыг мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест тавихад “ТНС” хэрэглэсэн гэж гарсан. Гирагийн /***********/ хар өнгийн савхин куртикны халааснаас капсултай эмийг цагдаа нар гаргаж ирсэн. Мөн ********ийн халааснаас өвс гаргаж ирсэн. Цагдааг ирсэн байхад нь ********э өвсөө буйдангийн завсраар нуух гэж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 21-22, 203 дугаар хуудас/,

         Гэрч Н.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Хүүхдийн 100”-д найзуудтайгаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад нэлээн согтоод найз Сонинбаяртай уулзаад ***********тэй яриад Бичил хорооллын “*****” нэртэй буудалд байна гэхээр нь очсон. ***********тэй хамт урьд нь харж байгаагүй нэлээн олон танихгүй хүн байсан. Бид нар буудлын өрөөнд пиво ууж байтал гэнэт шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис гараад ирсэн ба тэнд байсан бүх хүмүүс татаад байх шиг байсан. ...Тэгээд гэнэт цагдаа нар ороод ирсэн. ...Тэнд байсан хүмүүсийн биед нэгжлэг хийхэд ***********гийн куртикны халааснаас эм гарч ирсэн. ********э гэдэг залуугийн халааснаас өвс гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 41 дүгээр хуудас, 208 дугаар хуудас/,

         Гэрч Ч.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр буудалд ороод байж байтал цагдаа нар ирээд бүгдийг нь нэгжих үед ********ээс гялгар уутанд боосон өвс, ***********гийн савхин куртикний халааснаас эм шиг зүйл гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 84 дүгээр хуудас/,

         Гэрч Л.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Шар цамцтай байсан *********** гэх залуугийн регистрийг албаны таб дээр хийгээд үзтэл мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр ял авсан нь гарч ирсэн. Ингээд улам сэжиг төрөөд биед нь үзлэг хийсэн. Тэгтэл ********ийн цамцны баруун талын халааснаас гялгар уутанд боосон өвс мэт зүйл гарч ирсэн. Мөн ***********гийн өмсөж байсан куртикнээс гарч ирсэн. ...*********, ********* нар нь нэлээн манарсан байдалтай байсан ба Энхбаяр эхлээд *********** гэх залуугийн өмдний халааснаас гялгар ууттай улаан, цагаан өнгийн алаг капсултай эм гарч ирсэн. Дараа нь ********* гэх намхан шар залуугийн биед үзлэг хийж байгаад нунтаг ногоон өнгийн өвс шиг зүйл гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 199-200, 2 дугаар хавтас 140 дүгээр хуудас/,

         Гэрч Э.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэнд байсан нэг залуу хувцасныхаа халааснаас нэг зүйл гаргаад орны хажуу руу шидэх үйлдэл гаргах гээд байхаар нь очиход гарт нь өвс байсан. Тэгээд тэнд байсан хүмүүсийг нэгжиж үзэхэд ***********гийн хар өнгийн савхин куртикнээс эм мэт зүйл гарч ирсэн. ...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэг зүйлийг андуурч мэдүүлсэн байна. *********** гэх залуугийн өмдний халааснаас гялгар ууттай эм мэт зүйл гарч ирснийг хурааж авсан. Тэр гялгар ууттай эм нь улаан, цагаан өнгө алагласан капсултай эмнүүд байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 130-131, 134 дүгээр хуудас/,

         Гэрч Э.Эрдэнэдалайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Хэргийн газарт ороход цагдаагийн дэд ахлагч Л.Пүрэвсүрэн *********, ********* нарын биеэс нунтаг ургамал, эм, эмийн гаралтай бүтээгдэхүүн гарч ирсэн гэж хэлсэн. Иргэдийн биеэс гарч ирсэн бодисууд нь уг буудлын өрөөний ширээн дээр ил тавьсан байхаар нь үзлэг хийж хураан авсан. Нунтаг ургамлыг ********ийн өмсөж байсан цамцны халааснаас, эм мэт зүйл нь *********гээс гарч ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 136-138 дугаар хуудас/,

         Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “...*********гээс дээж авахад ТНС /Марихуан/ илэрсэн...” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 179-181 дүгээр хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4739 дугаартай шинжээчийн:

         1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “********* ************” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол” /tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 122-123 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4801 дугаартай шинжээчийн:

         1.2.Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “БГД-н 11 дүгээр хороо, “*****” зочид буудалд ********ийн биеэс гарсан өвс мэт зүйл” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.

         3. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 12.2377 грамм” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 132-134 дүгээр хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4800 дугаартай шинжээчийн:

         1.2.Шинжилгээнд ирүүлсэн эм мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “БГД-н 11 дүгээр хороо, “*****” зочид буудалд *********гийн биеэс гарсан 15 ширхэг, капсултай эм мэт зүйл” гэж хаягласан улаан, цагаан өнгийн капсултай эм мэт зүйлээс Морфин /Morphine/ илэрсэн. Морфин /Morphine/ нь НҮБ-ын “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалтад хамаарна.

         3. Шинжилгээнд ирүүлсэн капсултай эм мэт зүйлийн цэвэр жин нь 8.3057 грамм” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 136-138 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 209 дугаартай шинжээчийн: 

         1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “********* *******” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 184-186 дугаар хуудас/,

         Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын:

  1. ********* нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна.
  2. ********* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. ********* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. ********* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. ********* нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна.
  6. *********д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэх дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 112-113 дугаар хуудас/,

         Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 523 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын:

    1. ********* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  1. ********* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  2. ********* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  3. ********* нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай гэх баримт, шинж үгүй байна” гэх дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 157-158 дугаар хуудас/,

         Шүүгдэгч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Хүлээн зөвшөөрч байна. ...Цагдаа нар орж ирээд ***********г шалгаж байхад өмдний халааснаас нь капсултай эм шиг зүйл гарч ирсэн. ...Тэгээд намайг шалгаж үзэхэд гялгар цаасанд боосон өвс байсан тэрийг хурааж авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 194, 197-199, 218-219 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

        Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

        Шүүгдэгч *********гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 149 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 170 дугаар хуудас/, шийтгэх тогтоол, захирамжийн хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 12-13, 164-170 дугаар хуудас/, ялын тооцооны тодорхойлолт.

         Шүүгдэгч ********ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 158 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 171 дүгээр хуудас/, эмнэлгийн картын хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 182 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

            Шүүгдэгч ********* нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” зочид буудлын 502 тоот өрөөнд өөрийн биедээ “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенцийн  жагсаалтад заасан нийт 8.3057 грамм буюу 15 ширхэг капсултай морфин /Morphine/-ын агууламжтай хориглосон мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,

            Шүүгдэгч ********* нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” зочид буудлын 502 тоот өрөөнд өөрийн биедээ “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай”  1971 оны  НҮБ-ын конвенцийн  жагсаалтад заасан нийт 12.2377 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй “дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.  

 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг хэлнэ гэж тодорхойлсон.

 Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үзнэ.

           Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

           Шүүгдэгч нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалах үйлдлийн хувьд тухайн бодисыг өөрийн эзэмшил, хяналтад байлгасан үйлдлийг ойлгох ба харин “хаана, юунд нуусан” эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.     

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй  үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

          Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 Шүүгдэгч *********гийн өмгөөлөгч Б.Тэнгис “... “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад морфиныг заагаагүй нь /legalinfo/ эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, дахин шинжилгээ хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасан бөгөөд өмгөөлөгчийн гаргасан дээрх дүгнэлт нь агуулгаараа хуулийн энэхүү зохицуулалтад хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.

          Нөгөөтэйгүүр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг” хэлнэ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээч ... худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээнэ”, мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана”, 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж гэж тус тус заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч А.Батбаяр “...Нэгдсэн Үндэстний Байгууллагын жагсаалт байдаг бөгөөд үүнийг United Nations office on drugs and crime “Unodc” гэх албан ёсны сайтаас хардаг. Уг жагсаалт байнга шинэчлэгдээд явдаг. НҮБ-ын 1961, 1971, 1988 оны конвенцод морфин гэсэн ерөнхий ангилал байгаа. Нэгдсэн Үндэстний байгууллагын Хар тамхитай тэмцэх хэлтэс бичиг баримтууддаа шинэчлэл хийдэг. Ямар бодис нэмэгдсэн, хасагдсан байна гэдгийг сайтаас нь хардаг...” гэж мэдүүлснээс үзэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №4800 дугаартай шинжээчийн дүгнэлт нь тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэх ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэхээр байна. 

Тиймээс шүүгдэгч *********, ********* нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

           Тус гэмт хэрэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч *********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэг хорих ялыг 2 жил 11 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгч *********д 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгч *********гийн өмгөөлөгч Б.Тэнгис “1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч ********ийн өмгөөлөгч А.Золжаргал “1 жил 1 сарын хугацаагаар “Улаанбаатар хотоос гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

            Шүүгдэгч *********гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

            Шүүгдэгч ********ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

   Шүүхээс шүүгдэгч *********, ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд шүүгдэгч *********д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай шүүгчийн захирамжаар урьд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 2 хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольсон шийдвэрээс эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 4 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч ********ийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд түүнд 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв. 

Шүүгдэгч ********* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч *********гийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 173 /нэг зуун далан гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

  1. Бусад асуудлаар:

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 15 ширхэг капсултай, 8.3057 грамм жинтэй эм мэт зүйл /морфин/, 12.2377 грамм жинтэй, өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *********, ********* нарыг Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар,

           Шүүгдэгч *********г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *********д оногдуулсан ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай шүүгчийн захирамжаар урьд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 2 хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольсон шийдвэрээс эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил 5 /тав/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********гийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 173 /нэг зуун далан гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 15 ширхэг капсултай, 8.3057 грамм жинтэй эм мэт зүйл /морфин/, 12.2377 грамм жинтэй, өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО