Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/270

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: И.П   
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн А овогт Иын Пд холбогдох 2212.................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Ц суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 2 дугаар сургуулийн манаач ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт ............ аймгийн ............. сумын ............ дугаар баг Ц тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А овогт Иын П /РД:****/

                             Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч П нь ........... аймгийн ........... сумын .............. дугаар багийн нутаг дэвсгэр ............... сааданд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.Пийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь дагзанд язарсан шарх, шодойн баруун хажууд цус хуралт, хүзүүний урд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212.......................... дугаартай эрүүгийн хэргээс:  

*Хохирогч Б.Пийн өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байгаад ажил руугаа 09 цагийн үед гэрээсээ гараад Арвис баарны гадна манаач ахтай уулзаад байж байтал Бөхбилэгтийн хайсны дагуу нэг залуу орилоод намайг элдвээр дуудаад нэр хочоор /Ө/ дуудаад байхаар нь хариу ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгсэн нөгөө залуу хайс руугаа орохоор нь араас нь би 3 дугаар цэцэрлэг орохоор хайс руу ороход гүүрний цаана алхаж явсан тэгээд би хажуугаар нь гарах гэтэл мөн нэр хочоор дуудаад байхаар нь чи яасан гэж хүнийг элдвээр дуудаад байгаа гэж хэлээд заамдалцаад авсан. Тэгсэн гартаа байсан бахиараа миний толгой ар хэсэгт нэг удаа цохисон тэгэхээр нь би хавирч унагаад дээр гараад дахиж цохиулахгүй тулд өөрийгөө хамгаалж дарж суусан. Тэгсэн тэр залуу ч заамдалцаад харилцан тавиагүй. Үүний дараа миний бэлэг эрхтнийг хазаад тавихгүй байхаар толгой руу түлхэж тавиулаад тэгээд цагдаа дуудах гээд утсаа гаргаж ирэхэд миний утсыг аваад өвс рүү шидчихсэн тэгээд цагдаа нар ирэхээс өмнө манаач ахыг дуудахад удалгүй ирсэн. Тэгээд миний утсаар дуудлага дууд гэж хэлээд утсаараа дуудлага өгүүлсэн. Тэгсэн удалгүй цагдаа нар ирэхээр нь би тэр залууг тавьсан. Тэгсэн газраас гар утсаа аваад миний баруун шанаа хэсэгт нэг удаа утсаараа цохисон тэгээд цагдаагийн гадна ирэхэд мөн миний баруун мөр орчим гараараа цохисон. Би толгойн дагзанд болон бэлэг эрхтэнд гэмтэлд учирсан. Эхэндээ тэр залуу бид 2 л байсан дараа нь манай манаач ирсэн. Өөр хүн байгаагүй. Миний биед учирсан гэмтлийг П гэх залуу учруулсан. Өөр гар хүрсэн хүн байхгүй. Би гарсан зүйл огт байхгүй. Тухайн үед би тэр залуугийн гэдсийг харсан тэгэхэд мэс заслын аймар том сорвитой байхаар нь би хариу гар хүрээгүй юм. Минийхээр бол их согтуу байсан. Улайрсан юм шиг л байсан. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/, 

Хохирогч Б.Пийн дахин өгсөн: “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 хуу/

*Гэрч Н.Аын өгсөн: “...Би тухайн өдөр цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 10-16 цагийн хооронд Эрдэнэбулган сумын 1-7 дугаар багийн нутаг дэвсгэр явган эргүүлийн үүргийн олон нийтийн цагдаа Г.Аийн хамтаар гүйцэтгэсэн. Тэгсэн цагдаагийн газрын **** дугаарын гар утаснаас Бөхбилэгтийн саадан хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн тухайн үед цаг 09 цаг өнгөрч байсан яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Тэгээд тухайн газарт яваад очиход 2 залуу хоорондоо заамдалцчихсан зогсож байсан тэгэхээр би хооронд нь салгаад П гэх залууг цагдаагийн машинд суулгаад харин Б.Пийг өөрийнх нь машинд суулгаад цагдаагийн газарт авчирсан. Тэгээд Пыг цагдаагийн газарт авчраад эрүүлжүүлэх саатуулах байранд оруулж согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах багажаар шалгахад 1.85% согтолттой гарсан. П тухайн үед Пийг хэл амаар доромжлон пиздаа гичий зэрэг хараалыг их хэлж орилж байсан. Архи дарс хэрэглээгүй. Эрүүл байсан. Пийн толгойн ар хэсгээс цус мэт зүйл урсан гарч байсан ба толгойг нь бахиар хагалсан гэж надад хэлж байсан. Харин Пын биед ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй. П надад хэлэхдээ П руу гар утсаа шийдсэн гэж хэлээд надад харуулахад дэлгэц нь хагарсан утас байсан. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/,        

*Гэрч Ц.Б өгсөн: “...Би тухайн өдөр гараатай хоносон юм. Тэгээд цэвэрлэгээгээ хийж байтал манай захирал Б.П гэрээсээ гарч ирсэн. Тэгээд захиралтай юм яриад зогсож байхад 12 дугаар дэлгүүр талаас замаа дагаад нэг залуу манай захирал руу П чи ажлаа хийгээч хүн дарамталж байхаар гээд орилоод яваад байсан. Тэгээд саадан дотроос ч гэсэн Өлөн П ажлаа хийгээч замаа янзлаач гээд орилоод байсан. Тэгээд манай захирал ажилтай явлаа гээд Бөхбилэгтийн саад руу орсон. Тэгсэн удалгүй нөгөө залуутай барилцалдаж авсан байдалтай зогсож байсан. Хэсэг хугацааны дараа намайг талбайгаа шүүрдэж байхад П намайг дуудахаар нь очиход нөгөө залуугаа доороо хийчихсэн 2 гарыг нь барьчихсан дээр нь өвдөглөөд сууж байсан та Б ах та цагдаад дуудлага өгөөч гэхэд би **** гэсэн дугаарыг **** гэж хийсэн байсан тэгсэн та миний утсаар залга гэж хэлсэн утас чинь хаана байгаа гэхэд наад хавиараа үз гэж хэлэхээр нь тэр хавиар хайхад өвсөн дотор байхаар нь авч дуудлага дуудуулсан Пгээр тэгсэн цагдаа нар их хурдан ирсэн. Цагдаа нар ирсэн байхад мөн нөгөө залуу Пийг нэг цохих шиг болсон би хаана нь цохисныг мэдэхгүй байна. Тэгээд цагдаа нар нөгөө залуу авч яваад харин П өөрийнхөө машинаар цагдаа руу явсан. Тухайн үед заамдалцаж байсан газраас 1-2 метрийн зайд байсан тэрүүгээр явж байсан хүн авч өгч байсан. Би ямар утас байсанг хараагүй. И.П гэх залуу миний утас хагарсан байна чи хагалсан гээд Пид хэлэхэд би юу гэж хагалчхав дээ өөрөө чи хагалсан биз гэж хэлж байсан. Пийн шилэн хүзүү хэсэгт цус гарсан байсан. Та харуулахад цус гоожсон харагдсан би нарийн сайн хараагүй. Надад хэлэхдээ энэ залуу толгой хагалчихлаа гэж хэлж байсан яг юугаар хагалсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 хуу/,

*Гэрч Г.Аийн өгсөн: “...Би тухайн өдөр цагдаагийн газрын даргын баталгааны дагуу цагдаагийн дэд ахлагч Н.Аын хамтаар 10-16 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр болсон тэгсэн дуудлага ирж Бөхбилэгтийн сааданд хүмүүс зодолдоод байна гэсний дагуу очиход 2 залуу маргалдаж заамдалцсан зогсож байсан нэг залуугийнх нь толгой ар хэсгээс цус гарсан байдалтай байсан. Тэгээд бид 2 салгаад байж байтал П гэх залуу нь өөрийнхөө гар утсаар Пийн толгой хэсэг рүү нэг удаа миний гар утсыг яаж байгаа гэж хэлээд цохиод авсан. Тэгээд согтуу байсан залууг машинд суулгаад нөгөө залууг нь өөрөө цагдаа дээр оч гэж хэлээд явуулсан. Цагдаагийн газар ирээд П гэх залууг саатуулсан. Намайг очиход гартаа барьчихсан зогсож байсан. Тэгээд миний гар утсыг хагалчихлаа гэж надад хэлсэн. Тэгсэн П нь яадгийн би хагалсан юм гэж хэлсэн. Пийн хүзүү хэсэгт зулгарсан толгойн ар дагз хэсэгт цус гарсан байдалтай байсан. Нөгөө залууд нь ил харагдах шарх сорви байгаагүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/,

*И.Пын яллагдагчаар өгсөн: “... Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 хуу/, 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 339 дугаартай 
1.    Б.Пийн биед дагзанд язарсан шарх, шодойн баруун хажууд цус хуралт, 
хүзүүний урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо 
2.    Шодойн баруун хажууд цус хуралт гэмтэл нь хүний шүдээр хазах үед, дагзанд 
шарх, хүзүүний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.    Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.    Дагзанд язарсан шарх, шодойн баруун хажууд цус хуралт гэмтэл тус бүр нь 
гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний зулгаралт гэмтэл нь 2.6- д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх 
дүгнэлт /хх-ийн 12-13 хуу/,

И.Пын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 52 хуу/,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56 хуу/,
Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 92-93 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч И.Пд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч И.П нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.Пийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь дагзанд язарсан шарх, шодойн баруун хажууд цус хуралт, хүзүүний урд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
     
Эрүүгийн 2212................ дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.П нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.Пийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь дагзанд язарсан шарх, шодойн баруун хажууд цус хуралт, хүзүүний урд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Пийн: “...би хажуугаар нь гарах гэтэл мөн нэр хочоор дуудаад байхаар нь чи яасан гэж хүнийг элдвээр дуудаад байгаа гэж хэлээд заамдалцаад авсан. Тэгсэн гартаа байсан бахиараа миний толгой ар хэсэгт нэг удаа цохисон тэгэхээр нь би хавирч унагаад дээр гараад дахиж цохиулахгүй тулд өөрийгөө хамгаалж дарж суусан. Тэгсэн тэр залуу ч заамдалцаад харилцан тавиагүй. Үүний дараа миний бэлэг эрхтнийг хазаад тавихгүй байхаар толгой руу түлхэж тавиулаад тэгээд цагдаа дуудах гээд утсаа гаргаж ирэхэд миний утсыг аваад өвс рүү шидчихсэн тэгээд цагдаа нар ирэхээс өмнө манаач ахыг дуудахад удалгүй ирсэн... Тэгсэн газраас гар утсаа аваад миний баруун шанаа хэсэгт нэг удаа утсаараа цохисон тэгээд цагдаагийн гадна ирэхэд мөн миний баруун мөр орчим гараараа цохисон. Би толгойн дагзанд болон бэлэг эрхтэнд гэмтэлд учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/, гэрч Н.Аын: “...цагдаагийн газрын **** дугаарын гар утаснаас Бөхбилэгтийн саадан хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн тухайн үед цаг 09 цаг өнгөрч байсан яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Тэгээд тухайн газарт яваад очиход 2 залуу хоорондоо заамдалцчихсан зогсож байсан тэгэхээр би хооронд нь салгаад П гэх залууг цагдаагийн машинд суулгаад харин Б.Пийг өөрийнх нь машинд суулгаад цагдаагийн газарт авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/, гэрч Ц.Б: “...удалгүй нөгөө залуутай барилцалдаж авсан байдалтай зогсож байсан. Хэсэг хугацааны дараа намайг талбайгаа шүүрдэж байхад П намайг дуудахаар нь очиход нөгөө залуугаа доороо хийчихсэн 2 гарыг нь барьчихсан дээр нь өвдөглөөд сууж байсан та Б ах та цагдаад дуудлага өгөөч гэхэд би **** гэсэн дугаарыг **** гэж хийсэн байсан тэгсэн та миний утсаар залга гэж хэлсэн утас чинь хаана байгаа гэхэд наад хавиараа үз гэж хэлэхээр нь тэр хавиар хайхад өвсөн дотор байхаар нь авч дуудлага дуудуулсан Пгээр тэгсэн цагдаа нар их хурдан ирсэн. Цагдаа нар ирсэн байхад мөн нөгөө залуу Пийг нэг цохих шиг болсон би хаана нь цохисныг мэдэхгүй байна. Тэгээд цагдаа нар нөгөө залуу авч яваад харин П өөрийнхөө машинаар цагдаа руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 хуу/ Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 339 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч И.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс шүүгдэгч И.Пын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Б.П, гэрч Ц.Б нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч И.П нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.Пийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь дагзанд язарсан шарх, шодойн баруун хажууд цус хуралт, хүзүүний урд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж шүүх дүгнэв.   

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч И.П нь иргэн Б.Пийн биед дагзанд язарсан шарх, шодойн баруун хажууд цус хуралт, хүзүүний урд хэсэгт зулгаралт гэмтэл  нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 339 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Иймд шүүгдэгч И.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч И.Пын үйлдлийн улмаас хохирогч Б.П нь хохирлын баримт шүүхэд ирүүлээгүй байх тул тодорхой тооцоо гаргах боломжгүй байна. Шүүгдэгч И.Пыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,харин  хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэв.  

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч И.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч И.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч И.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Пыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна  гэж шүүх дүгнэж, торгох ялын 4500.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч И.П нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, бахь 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч И.Пын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч И.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                      ТОГТООХ нь:

1.      Шүүгдэгч А овогт Иын Пыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч И.Пыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.П нь торгох ялын 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.П нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бахь 1/ нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.     Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч И.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


          
                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНЦЭЦЭГ