| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2018/03357/И |
| Дугаар | 3235 |
| Огноо | 2018-10-18 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 3235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: СХийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “СД” ХХК -д холбогдох
Татварын өр төлбөрт 4,156,340.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмандах, А.Марал-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч, “СД” ХХК-ийн захирал П.Батмөнх, хариуцагчийн өмгөөлөгч А.Нацагдорж, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч СХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмандах, А.Марал-Эрдэнэ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус компани нь 2015-2017 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 4,109,016.9 төгрөг, 2018 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 674 төгрөг, 2018 оны Цалин хөлс түүнтэй адилтгах орлого /суутган-1/-ын тайлангаар ногдуулсан 46,650 төгрөг буюу нийт 4,156,340.90 төгрөгийн татварын өртэй байна. Татварын алба татварын хууль тогтоомжийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 26-нд 342017515/061 тоот, 2018 оны 02 дугаар сарын 14-нд 342018515/007 тоот мэдэгдэх хуудас тус тус гардуулсан. Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан “Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах” ажиллагааг хийж гүйцэтгэн 2018 оны 03 дугаар сарын 21-нд 342018515/007 тоот банкны данс хаах мэдэгдэх хуудсыг Хаан банк, Хасбанк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал банк, Капитрон банк, Улаанбаатар банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкуудад тус тус өгч дансыг хаасан боловч өр төлбөр барагдаагүй. Мөн Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барьцаалах болон битүүмжлэх үйл ажиллагааг хийж гүйцэтгэх гэтэл “СД” ХХК нь өөрийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байхгүй тул битүүмжлэх үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Хөрөнгөгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын лавлагаагаар нотлогдож байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалт “Татварын алба, татварын улсын байцаагч нь энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх боломжгүй болсон актын биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг хууль тогтоомжийн дагуу шүүхэд гаргана”, 70 дугаар зүйлийн 70.1-т “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасны дагуу “СД” ХХК-нд холбогдох нийт 4,156,340.90 төгрөгийн татварын өрийг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан.
“СД” ХХК-ийн татварын өр 4,156,340.90 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая төгрөг ба түүнээс дээш төгрөгт хүрч албан татвар ногдуулан суутган гаргах, төсөвт төвлөрөлтөөс үүрэг бүхий дараах этгээд суутган төлөгч байна гэж заасны дагуу “СД” ХХК-нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 50.000.000 төгрөгийн босгыг давж НӨАТ төлөгч болсон. 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр НӨАТ төлөгчөөсөө хасуулсан. 2015-2017 оны хооронд тайлангаар үүссэн өр нь 4,109,160.90 мөнгөний өрөнд орсон. Автоматаар татварын өртэй болно гэсэн ойлголт байхгүй. “СД” ХХК-ийн ирүүлсэн тайланд үндэслэн 50 сая төгрөгийн босгыг давж НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн. Удаа дараа хүсэлт өгч байсан учир татварын өрд хүү, алданги тооцож нэхэмжлээгүйг анхаарч үзнэ үү ...” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч П.Батмөнх шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...”СД” ХХК-ийг 2004 онд байгуулж, 2010 оноос гэрээт хамгаалалтын чиглэлээр ажиллаж ирсэн. Энэ хугацаанд хамгаалалт хийлгэх албан газар олдохгүй одоогоор ганц байгууллагатай хамтран ажиллаж байна. Сонгигнохайрхан дүүргийн татвар төлөх мэдэгдлийг хүлээн аваад тус татварын хэлтэс, Татварын ерөнхий газар, Монгол улсын ерөнхийлөгчид өргөдөл гаргаж байсан. Гол нь хэдэн арван жилийн өмнөөс 10,000,000 төгрөг хэдэн жилийн өмнө 50,000,000 төгрөгөөс дээш орлого ашигт тооцож, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн заалтыг мэдсээр байж 2015-2017 оны татвар төлөлт нийлүүлж нэгтгэсэн тооцоогоор өр тавьж байгааг буруу гэж үзэж байна. 2010 оноос хойш “СД” ХХК-ийн ашиг орлогын талаарх сүүлийн 5, 3 жилийн тайлан балансыг татварын алба авч баталгаажуулсан баримт татварын архивд байгаа. Санхүүгийн энэ баримтыг үндэслэж НӨАТ-ын төлбөрөөс чөлөөлөгдөх боломж байгааг дүүргийн татварын алба хэлтэс үл анхаарч нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ганцхан байгууллагатай гэрээгээр ажиллаж байгаа учраас төлөх ямар ч боломжгүй байна. Би өөрийн хувьд хагалгаанд 2 удаа орсон биеийн байдал муу байгаа учраас хугацаа тохирвол төлж барагдуулахад асуудал алга байна. Би арга ядаад татварын өрийг Ерөнхийлөгчид хандаж байж зогсоосон. Тэгж зогсоохгүй бол мөнгө нь цуглараад түүнийг нь төлж дийлэхээ байдаг. Автоматаар дансанд орсон орлогоос чинь нэмүү өртгийн албан татвар 10 хувь гээд 135.000 төгрөгийг татаад байхаар чинь жилийн 1.000.000 гаруй шахуу төгрөг болдог. Түүнийг нь төлөхөөр цаана нь мөнгөгүй үлддэггүй. Үйл ажиллагааг хорьж цагдахаар хэцүү байна. 2019 оны хавраас үйл ажиллагаагаа тогтвортой явуулж эхэлбэл татвараа төлнө л гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СХ хариуцагч “СД” ХХК-д холбогдуулан татварын өр болох нэмэгдсэн өртгийн албан татварт 4,109,016.90 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 674 төгрөг, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татварт 46,650 төгрөг, нийт 4,156,340.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч “НӨАТ-ын төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой, татвар төлөх орлогогүй, биеийн байдал муу” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
“СД” ХХК 2004 онд байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан, 2004 оноос СХт татвар төлөгчөөр бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар “СД” ХХК-ийн үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, 2015 оны 3 сарын 30-ны өдөр СХт бүртгүүлэн 2015 оны 4 сард 79,436.37 төгрөгийн, 2015 оны 6 сард 396,345.44 төгрөгийн, 2015 оны 7 сард 322,363.63 төгрөгийн, 2015 оны 8 сард 144,000 төгрөгийн, 2015 оны 9 сард 37,727.28 төгрөгийн, 2015 оны 12 сард 653,531.28 төгрөгийн, 2016 оны 12 сард 2,156,363.63 төгрөгийн, 2017 оны 3 сард 351,027.27 төгрөгийн, 2017 оны 6 сард 446,090.91 төгрөгийн, нийт 4,586,885.81 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр,
2018 оны 1 дүгээр улиралд цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварт 46,650 төгрөг төлөхөөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 674 төгрөгийг тус тус төлөхөөр тайлагнасан болох нь зохигчийн тайлбар, “СД” ХХК-ийн 2015 оны 3 сараас 2017 оны 8 сарыг дуусталх нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангууд, татварын тооцооллын баримтууд зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 75-196/
Дээрх тайлангийн дагуу татвар төлөгч аж ахуйн нэгж болох “СД” ХХК нэмэгдсэн өртгийн албан татварт 2015 оны 5 сард 25,472.63 төгрөг, 2015 оны 10 сард 12,700 төгрөг, 2015 оны 11 сард 96,000 төгрөг, 2015 оны 12 сард 100,000 төгрөг, 2016 оны 4 сард 13,364.81 төгрөг, 2016 оны 5 сард 10,000 төгрөг, 2016 оны 6 сард 2,727.27 төгрөг, 2016 оны 7 сард 4,945.45 төгрөг, 2016 оны 9 сард 9,090.91 төгрөг, 2016 оны 10 сард 2,727.27 төгрөг, 2017 оны 2 сард 29,937.90 төгрөг, 2017 оны 4 сард 14,318.18 төгрөг, 2017 оны 5 сард 20,844.54 төгрөг, 2017 оны 6 сард 17,318.13, төгрөг, 2017 оны 8 сард 18,421.82 төгрөг, 2018 онд 100,000 төгрөг, нийт 477,868.91 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,109,016.90 төгрөгийг төлөөгүй, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварт 46,650 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 674 төгрөгийг тус тус төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, “СД” ХХК-ийн 2015 оны 3 сараас 2017 оны 8 сарыг дуусталх нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангууд, татварын тооцооллын баримтууд зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 75-196/
Хариуцагчийн төлөөлөгч П.Батмөнх нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасуулах хүсэлтээ шат шатны байгууллагуудад удаа дараа гаргасны улмаас 2017 оны 10 сарын 9-ний өдөр “СД” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хассан болох нь зохигчийн тайлбар, СХийн нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Хариуцагчийн төлөөлөгчийн ...автоматаар татварын өр үүссэн... гэх тайлбар нь үндэслэлгүй, баримтаар тогтоогдохгүй байх ба“СД” ХХК өөрөө татвар ногдох орлогоо тодорхойлж, тайлангаа СХт цахимаар илгээсэн болох нь хэрэгт авагдсан татварын тооцооллын баримт, татварын тайлангуудаар тогтоогдож байна.
Хариуцагчийн төлөөлөгчийн ... манайх 1 байгууллагад гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг, ашиг муу учир татвар төлөх боломжгүй, биеийн эрүүл мэндийн байдал муу... гэх тайлбар нь хуульд заасны дагуу тайлагнасан татварын өр төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн үндэслэлээ болгож буй Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.8а, 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасанд нийцэхгүй байна.
Дээр дурдсанаас дүгнэж, хариуцагч “СД” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварт 4,109,016.90 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварт 46,650 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 674 төгрөг, нийт 4,156,340.90 /дөрвөн сая нэг зуун тавин зургаан мянга гурван зуун дөчин төгрөг ерэн мөнгө/ төгрөгийг гаргуулан СХт олгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 81,451 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Хариуцагч “СД” ХХК улсын бүртгэлийн гэрчилгээндээ тэмдэглүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойт 96 байрны 515 тоотод бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... Манай компани СХД-ийн 1-р хороонд бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаа... гэх тайлбар, СХД-ийн 1-р хорооны Засаг даргын 2018.07.03-ны өдрийн 2691 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч талын тодорхойлж өгсөн компанийн захирал П.Батмөнхийн түр оршин суугаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо ЭТӨЧ 78-р байрны 76 тоот хаягаар нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэх явцад хариуцагчийн төлөөлөгч П.Батмөнх Баянзүрх дүүргээс өөр дүүрэгт байрлаж, үйл ажиллагаа явуулж байгаа талаар баримт гарган, энэ талаар буюу шүүхийн харьяаллын талаар маргаагүй тул “шүүхийн харьяалал” зөрчөөгүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 43 дугаар зүйлийн 43.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “СД” ХХК-иас татварын өр төлбөрт 4,156,340.90 төгрөг гаргуулан СХт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “СД” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 81,451 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ