Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/671

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,   

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210012680676 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Мянгад овогт Амгалангийн М

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.М нь 2021 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны 2 тоот өрөөнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчлийн улмаас саатуулагдаж байхдаа тухайн өрөөнд хамт байсан Ч.Бат-Өлзийтэй маргаан үүсгэж, улмаар түүнийг цохиж, унагаан эрүүл мэндэд нь зүүн зулай, чамархайн шугаман хугарал, хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, аалзан хальс доорх цус харвалт, зүүн зулай чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

1. Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээр маргахгүй. Хүлээн зөвшөөрч байна. Өөрийн буруутай үйлдлээс болж ийм зүйл болсонд маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

           2.Хохирогч А.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чойжилын Бат-Өлзий ах миний эмээгийн төрсөн дүүгийн өргөж авсан ганц хүү байгаа юм. Өвөрхангай аймагт эмээгийн дүүг явж байхад тууврын танихгүй хүмүүс хүүхдээ хаяад явахаар нь өргөж авсан нь Ч.Бат-Өлзий ах юм. Бат-Өлзий ахыг эмээгийн төрсөн дүү Аюурзана эгч хамт амьдарч байсан Чойжил гэх хүний нэрээр овоглосон боловч Чойжил ах бага насанд нь Аюурзана эгчээс салаад явсан. Тэгээд Аюурзана эгч Бат-Өлзий ах хоёр манай эмээг дагаж амьдарсан. Эмээ болон Аюурзана эгч хоёр нас барсан бөгөөд манай ээж одоо 75 настай бөгөөд хөдөө байгаа тул ирэх боломжгүй болохоор ах дүү нараас намайг хохирогчоор явуулж байна. Ч.Бат-Өлзий ах албан ёсны эхнэр, хүүхэд байхгүй. Архины хамааралтай болж хувиараа орцны жижүүр хийх болсон. Манай ах дүү төрөл садангийн хүмүүс Бат-Өлзий ахын нас барсан хэргийг үнэн зөвөөр хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаа юм. Түүнээс бид нарын зүгээс нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй....Би хөдөө гадаа явах болохоор шүүх хуралд оролцох боломжгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),

           3. Гэрч О.Баяртүшигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаа ажилтай. 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагаас 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг хүртэл жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрийн 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт биеэ авч явах чадваргүй хүн байна гэх дуудлагаар ахлах ахлагч Р.Энхтөр, дэд ахлагч Цэрэнням нар очиж Чойжил гэх хүнийг авч ирж саатуулсан. Тухайн хүнийг эмч цагдаагийн ахмад Ю.Лазмаа үзээд саатуулах өрөөнд оруулсан. Чойжил саатуулах өрөөнд ороод шууд унтсан. Шөнийн 01 цаг 40 минутын орчим Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс ар гэртээ агсам тавьсан гэх зөрчилтэй А.М согтуу ирсэн. Тухайн хүнийг мөн дээрх өрөөнд оруулсан. Би өрөөнүүдэд байгаа хүмүүсийг бие засуулаад явж байх үед А.М гэх хүн Чойжил гэх хүнийг түлхээд унагаачихсан гэж дэд ахлагч Батбилэгээс сонссон. Чойжил “ах нь зүгээр зүгээр” гээд хэвтээд өгсөн гэсэн. Тэгэхээр нь би зүгээр гэсэн бол яахав гэж бодсон. Өглөө 08 цагийн үед саатуулах байранд байгаа хүмүүсээ сэрээгээд босгосон чинь Чойжил гэх хүн сэрэхгүй байхаар нь эмч ахмад Ю.Лазмаад хэлсэн. Эмч ирж үзээд дүүргийн эмнэлэг рүү оруулж өгсөн...” гэсэн  мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар тал),

             4. Гэрч Ю.Лазмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан. 2021 оны 6 дугаар сарын 15-ны шөнө 23 цаг 40 минутын орчим Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, сагсны талбай орчим биеэ авч явах чадваргүй согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлагаар ирсэн Чойжил гэх хүнд үзлэг хийхэд артерын даралт 90/60, зүрхний хэм 86, уушигны багтаамж 97 хувь, юм асуухад хариулж байсан, баруун хөмсөг нь халцарч шалбарсан байсан тул уг хүнийг саатуулах өрөөнд хийсэн. Тэгээд 01 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс А.Мыг гэртээ агсам тавьсан гэх шалтгаанаар эрүүлжүүлэх байранд хүргэж ирсэн. Уг хүнийг саатуулах өрөөнд хийсэн. Өглөө 07 цаг 50 минутын орчим саатуулах өрөөнд байгаа нэг хүн сэрэхгүй байна гэж дэд ахлагч Баяртүвшин хэлсэн. Үүний дагуу очиж үзэхэд амин үзүүлэлт нь хэвийн мөртлөө унтаа байдалтай хариу урвал өгөхгүй байсан тул камерын өрөөнөөс гаргаж дүүргийн эмнэлэг рүү оруулж үзүүлсэн. 09 цагийн орчим саатуулах өрөөний хяналтын камерыг шүүж үзэхэд эрүүлжүүлэх өрөөнд байсан А.М нь Чойжилыг гараараа түлхэж унагаасан байсан. Зодоон  болсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 64-66 дугаар тал),

            5. Гэрч Х.Батдэлэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх саатуулах байранд жижүүрээр буюу камерын хяналтын цагдаагаар ээлжинд гарч байсан. 2 дугаартай  эрүүлжүүлэх өрөөнд Ч.Бат-Өлзий гэх хүнийг оруулах гэсэн боловч орохгүй гээд хөлөө төмрийн завсар хийгээд хаалга хаалгахгүй байсан тул цааш болгоод хаалга хаасан. Эхлээд Бат-Өлзий ганцаараа өрөөнд байсан бол сүүлд өрөөндөө 4 хүнтэй болсон. 01 цагийн орчим А.М гэх согтуу залуу 2 дугаартай өрөөнд орсон. Би өрөөнүүдийг шалгаад явж байхад хүн унах шиг чимээ гарахаар нь очиж шалгасан чинь Бат-Өлзий гэх хүнийг М цохиж унагаасан гээд хажууд нь байсан хүн хэлсэн. Өрөөнд ороод Бат-Өлзий гэх хүнийг үзээд “та зүгээр үү” гэсэн чинь “зүгээрээ, хажуу тийшээ хэвтмээр байна” гээд босохгүй байсан. Цаанаас Цэрэнням орж ирээд мөн үзээд гарсан. Мыг өөр өрөөнд хийх гэсэн боловч бүх өрөө хүмүүсээр дүүрсэн байсан болохоор дахиж үйлдэл хийхгүй гээд камерын хяналт тавьсан...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 74-76 дугаар тал),

6. Гэрч Б.Цэрэннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Бат-Өлзий гэх хүний биеийн байцаалт, овог нэр, иргэний үнэмлэх зэрэг нь биед нь байхгүй байсан бөгөөд “Хаан банк”-ны карт дээр Чойжил гэсэн байсан тул уг Чойжил нэрээр нь бүртгэж оруулсан юм. Сүүлд овог, нэрийн олж тогтоосон бөгөөд Чойжилын Бат-Өлзий гэх хүн байсан. Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 70 дугаар байрны гадаа согтуу хүн хэвтэж байна гэх дуудлага ирээд Арцат-10-аас хэлсний дагуу цагдаа жолооч ахлах ахлагч Энхтөрийн хамт дуудлагын дагуу очиход 70 дугаар байрны гадаа хүн байгаагүй бөгөөд дуудлага өгсөн иргэн рүү утсаар холбогдон асуухад “байрны ард сагсны талбай байгаа, тэрний ордог үүдэн дээр хэвтэж байгаа” гэсэн тул очиж шалгахад согтуу хүн хэвтэж байсан. Босгож суулгаад нэр, гэр бүл, хамаатан садан, холбоо барих утасны дугаар зэргийг асуухад хэлж ярьж байгаа нь ойлгомжгүй байсан. Уг иргэнийг авч явах гэж байхад байрны харуул ирээд хажуу талаас цуг өргөөд машинд суулгасан. Иргэн Ч.Бат-Өлзий нь өөрөө хөлөөрөө явж чадаж байсан. Дуудлага мэдээлэл давхар байсан тул 103 дуудаж үзүүлээгүй бөгөөд эрүүлжүүлэх байранд авчран эмч Лазмаад хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 84-86 дугаар тал),

7. Гэрч Б.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 6 дугаар сарын 15-ны шөнө 22 цагийн орчим гэртээ нэг найзтайгаа архи ууж маргалдсан. Эхнэр цагдаад дуудлага өгөөд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очсон. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж 3-4 цаг суугаад Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд нэг залуутай цуг ирсэн. Тэр залуу бид хоёрыг нэг өрөөнд оруулсан. Өрөөнд хүмүүс унтаж байсан. Надаас 10 орчим насны ах хэвтэж байхад түүнийг надтай цуг ирсэн залуу “бос” гээд хөлөөрөө өшиглөөд босгосон. Хэвтэж байсан хөгшин ах босож ирээд тэр хоёр маргалдаад байсан. Тэр залуу шууд нөгөө хөгшин настай хүнийг мангастаад түлхсэн чинь хойш унах үедээ толгойн ар хэсгээрээ хана мөргөөд хүчтэй унасан. Босож ирээгүй. Цагдаа орж ирээд “юу болоод байна” гээд унасан хөгшиний хажууд очиж уулзчихаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 88-90 дүгээр тал),

8. Гэрч Б.Цэнгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн орчим өөрийнхөө 86260721 дугаарын утсаар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, байрны гадаа согтуу хүн хэвтэж байна гэх дуудлага мэдээлэл өгсөн. Би тухайн үед найзтайгаа сагсны талбайн хажуу талын сааданд сууж байсан. Гадаа бороо орж байхад сагсны талбайн баруун талд сандлын хажууд согтуу хүн хэвтэж байх шиг болохоор нь санаа зовоод дуудлага өгсөн. Цагдаагийн хоёр алба хаагч ирээд тухайн иргэнийг авч явсан. Би цагдаад дуудлага өгсөн хүн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар тал),

9. Гэрч Б.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Бат-Өлзий манай байрны хажуу талын байранд жижүүр хийдэг байсан. Манай байрны харуулаар хэд хэдэн удаа ажилласан. 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би 24 цагаар 70 дугаар байрны харуулаар гарч байсан. Ч.Бат-Өлзий нь эхнэртэй, мөн тээвэр янзалж байсан Баатар гэх залуутай цуг 67/а байрны граажид архи ууж байсан гэж цэвэрлэгч Одсүрэн хэлсэн. Би цуг архи уугаагүй. 23 цагийн орчим сагсны талбайн хажууд Бат-Өлзий тасарсан байдалтай хэвтэж байсан. Цагдаад намайг дуудаж очоод Бат-Өлзийг цагдаагийн машинд цуг суулгасан. Бат-Өлзий цагдаагийн машинд суухгүй гээд хэвтэж байсан газраасаа босохгүй байсан. Цагдаа бид 2 хажуу талаас тэврээд цагдаагийн машинд суулгасан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр тал),

10. Гэрч С.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эмнэлэгт 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Энэрэл” эмнэлгээс ухаангүй, хамрандаа зоонтой, тариколтоны гуурстай, тураалын 3 дугаар зэрэгтэй тархины зүүн талд мэс засал хийсэн оёдолтой Чойжилын Бат-Өлзий гэх хүн ирж хэвтээд 2021 оны 9 дүгээр сарын 06-ны 10 цаг 35 минутад нас барсан. Уг хүн нь “Энэрэл” эмнэлгээс ирэх үедээ ах дүү хамаатан садангүй, орон гэргүй гэдгээр ирсэн. Манай эмнэлэгт уг хүний ар гэрээс ямар нэгэн хүн ирж уулзаагүй. Тухайн хүн ямар нэгэн зүйл яриагүй. Ухаангүй байсаар байгаад нас барсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дугаар тал),

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 5345 дугаартай:

“- С.Чойжил-н биед зүүн зулай, чамархайн шугаман хугарал, хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, аалзан хальс доорх цус харвалт, зүүн зулай чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 130-131 дүгээр тал),

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дугаар сарын 24-ны өдрийн  Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1848 дугаартай:

 “ -Амь хохирогч Ч.Бат-Өлзийгийн биед шинэ гэмтэл тогтоогдсонгүй.

-Амь хохирогч Ч.Бат-Өлзий нь 2 уушигны зогсонгишлын гаралтай үрэвсэл өвчний улмаас амьсгал, зүрх, судасны дутагдалд орж нас баржээ.

            -Цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй, цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

            -А(II) бүлгийн цустай байна.

            -Элэгний хатуурал, уушигны голомтот сорвижил өвчтэй байжээ.

            -Амь хохирогч нь 168см урттай, 51кг жинтэй байна.

            -Амь хохирогч нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 35 минутанд нас баржээ.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 136-141 дүгээр тал),

            13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 299 дугаартай дүгнэлт:

-2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 5345 тоот дүгнэлтэд дурьдагдсан зүүн зулай, чамархайн шугаман хугарал, хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, аалзан хальс доорх цус харвалт, зүүн зулай чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, хатуу гадаргуу дээр унах, мөргөхөд үүсэх боломжтой.

            -Зүүн зулай, чамархайн шугаман хугарал, хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, аалзан хальс доорх цус харвалт, зүүн зулай чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь толгойн зүүн зулай, чамархайн хэсэгт хүч (мохоо зүйлийн) үйлчлэхэд үүсэх боломжтой.

            -Дээрх гэмтлүүдийг авсан хүн идэвхтэй хөдөлгөөн хийх, тодруулбал босоод суух, зогсох чадвартай байна.

            -Ч.Бат-Өлзий нь гавал тархины гэмтлийн улмаас удаан хугацаагаар хэвтэрт байснаас уушигны зогсонгишилын хатгаа үүсч улмаар амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна.

            -Дээрх хоёр уушигны үрэвсэл өвчин нь хийгдсэн эмнэлгийн эмчилгээтэй шалтгаант холбоогүй...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 153-161 дүгээр тал),

        14. Шинжээч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хохирогчийн биед үзлэг хийж дээрх гэмтлийг тодорхойлсон. Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байсан. Болсон үйл явдлыг нүдээр хараагүй учир яг нэг цаг хугацаанд үүссэн гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Хохирогчийн зүүн зулай, чамархайн шугаман хугарал, хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, аалзан хальс доторх цус харвалт, зүүн зулай чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хүнд зэрэгт, бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 173-175 дугаар тал),

        15.Шинжээ М.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 4760 дугаартай өвчний түүхэнд мэс заслыг 2021 оны 6 дугаар сарын 16-ны 12 цаг 30 минутад хийсэн гэсэн байх бөгөөд мэс заслын тэмдэглэлд хатуу хальсны дээрх зайд өтгөн хар хүрэн өнгийн нөж байсныг эвийн аргаар соруулж авав гэсэн байна. Цусан хураа анх үүссэнээс хойш 24 цагаас дээш хугацаанд бүрэн бүлэгнэж нөжирдөг учраас 2021 оны 6 дугаар сарын 16-ны 01 цагийн үед энэ гэмтлийг авсан байх боломжгүй. Цусан хурааны байдал нь энэ хугацаатай тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл 01 цагаас өмнө энэ гэмтлийг авсан байна. Уушигны хатгаа үүсэж улмаар амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. Тархины хүнд гэмтлийн улмаас нас бараагүй байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 177-178 дугаар тал),

          16.Шүүгдэгч А.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэртээ хоёр найзынхаа хамт жоохон архи уусан. Тэгээд хоёр найз явсны дараа гэртээ ганцаараа унтаж байтал хаалга цохиод хоёр цагдаа ирээд эрүүлжүүлэх байр луу авч явна гэсэн. Би тухайн үед гэртээ унтаж байсан учир “явах шаардлага байхгүй” гээд бага зэрэг маргалдсан. Намайг хүчээр аваад явсан. Тухайн шөнө Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэх байранд авчирсан. Гэртээ байхад эрүүлжүүлэх байранд авчирлаа гээд цагдаа нартай жоохон маргалдсан. Маргалдах явцад өрөөнд нэг хүн зогсож байсан. Хоёр, гурван хүн хэвтэж байсан. Тэгээд цагдаатай маргалдахад зогсож байсан залуу “чи чимээгүй байгаач” гэж хэлсэн. Хэвтэж байсан нэг хүнийг зогсож байсан залуу өшиглөөд босгосон. Тэр хүн босож ирээд “чи чимээгүй байлдаа, толгой өвдөж ядаж байна, би унтаж амармаар байна” гэж хэлсэн. Тухайн үед би эргэж хараад “танд хамаагүй” гээд зүүн гараараа цээж хэсэгт түлхсэн чинь нөгөө хүн хойшоо хана налаад унасан. Цагдаа орж ирээд тухайн хүнээс “зүгээр үү” гэж асуусан. Нөгөө хүн “зүгээр унтаж амармаар байна” гээд бүгд унтаж амарсан. Өглөө 08 цаг өнгөрөөд гараад явсан…” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 243-245 дугаар тал),

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 5 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

                    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М нь согтуурсан үедээ 2021 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны 2 тоот өрөөнд Ч.Бат-Өлзийтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг цохиж унагаан эрүүл мэндэд нь зүүн зулай, чамархайн шугаман хугарал, хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, аалзан хальс доорх цус харвалт, зүүн зулай чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч А.М нь хохирогч Ч.Бат-Өлзийгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай хохирол учруулсан үйл баримт нь хохирогч А.Н, гэрч О.Баяртүшиг, Ю.Лазмаа, Х.Батдэлэг, Б.Цэрэнням, Б.Ганбат, Б.Цэнгүүн, Б.Эрдэнэбаатар, С.Алтантуяа, шинжээч Б.Ганзориг, М.Энхбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 5345, 1848, 299 дугаартай дүгнэлт, шүүгдэгч А.Мын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

 

            Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас Ч.Бат-Өлзийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд түүний эмчилгээний гэх 355,050 төгрөгийн баримт (2 дугаар хавтаст хэргийн 57-60 дахь тал) хавтаст хэрэгт авагдсаныг шүүгдэгч А.М төлсөн талаар тайлбар гаргасан байна. (2 дугаар хавтаст хэргийн 61 дэх тал)

Мөн хохирогч А.Н нь Ч.Бат-Өлзийгийн хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлын нэхэмжлэлийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч А.Нгийн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч А.Мын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Мын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...37 настай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд буюу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

            2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж тус тус заасан тул шүүгдэгч А.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, ялыг эдэлсэнд тооцов.

 

 

           lll. Бусад асуудлаар:

             

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч А.Мт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Мянгад овогт Амгалангийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Мыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, ялыг эдэлсэнд тооцсугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч А.Мт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5.Хохирогч А.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай. 

8.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР