Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/670

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,   

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгч П.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Жг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000805 дугаар хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ямаат овогт Пүрэвийн Ж

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Ж нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан скүэр худалдааны төвд байрлах Мобиком ХХК-ийн салбарын хамгаалалтын ажилтнаар ажиллаж байхдаа 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус салбараар үйлчлүүлсэн Б.Бтой зохисгүй харьцаж, маргаан үүсгэн толгойн тус газарт нь удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь хамрын нуруу, цохонд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

  1.Шүүгдэгч П.Жн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруу дээр маргахгүй. Хохирол төлбөр нэхэмжлээгүй. Маш их гэмшиж байна. Зайсан дахь салбарт нь ажилладаг” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

2.Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өнөөдөр ...“Зайсан скүэр” төвд байрлах Мобиком ХХК-ийн салбар дээр очсон. Ажилтан нь “эгчийгээ авчирч уулзуул” гэж хэлсэн. Би байнга сим карт гэмтээд байгаад бухимдсан. Тэгтэл тус байгууллагын харуул ажилтай эрэгтэй нь “гар чи” гэж хэлээд миний толгойны  ар хэсэг рүү нэг удаа цохьсон. Би “чи хүнд гар хүрч болохгүй шүү” гэж хэлсэн. Тэгтэл намайг чирж гаргасан бөгөөд гаргахдаа миний хамар, миний нүүр лүү гараараа цохьсон. Хэдэн удаа цохьсон гэдгийг нь санахгүй байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа ирэхэд харуул нь хаалгаа түгжээд явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

3.Гэрч Э.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022  оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Зайсан скүэр” төвийн B1 давхарт байрлах хяналтын камерийн өрөөнөөс өдөр 16 цаг 40 минутын үед үүдний хамгаалагч Энхбат над руу залгаад “сая мобикомоос гараад хоёр хүн зодолдоод, нэг нь гараад явчихлаа” гэж хэлсэн. Оффис тарсны дараа 18 цагийн үед камер шүүхэд мобикомын хамгаалагч нэг залуутай зодолдож байсан. Би  камерийн бичлэгийг утсан дээрээ хуулж аваад зохион байгуулагч Оюунсүрэнд хэлсэн...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дахь тал),

           4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7849 дугаартай:

“-Б.Бын биед хамрын нуруу, цохонд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

                 5.Шүүгдэгч П.Жн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оноос хойш Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Зайсан Скуар” төвийн Мобикомыг салбарын харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж байна. Б гэх хүн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “сим сэргээнэ” гээд ирсэн. Тэр хүн ямар ч бичиг баримтгүй байсан. Тэр үед “боломжгүй” гэж хариу өгөхөд манай мобикомын ажилтан Уянгааг хэл амаар доромжилсон байсан. Уянга цагдаад дуудлага өгч байсан. Би очоод “та ингэж болохгүй, эмэгтэй хүнийг доромжилж болохгүй ш дээ” гэж хэлэхэд “чи дуугүй бай, чамд огт хамаагүй” гэж хэлсэн. Хэсэг байж байгаад “та одоо гар” гэж хэлэхэд “би цагдаа хүлээж байна” гэж хэлсэн. Удалгүй гараад явсан. Тэрний дараа би Уянгаас асуухад Б гэх хүн бичиг баримтгүй ирсэн байсан. ...2022 оны 5 дугаар сарын 28-ны 16 цаг өнгөрч байхад Б гэх нөгөө хүн орж ирээд дахиад “сим сэргээлэгмээр байна” гэж хэлсэн. Манай ажилтан Энх-Эрдэнэ “та бичиг баримтаа” гэхэд “бичиг баримт байхгүй” гэсэн. Тэгэхээр нь би хараад “наад хүн чинь дээр ирчихээд бичиг баримтгүй Уянгыг доромжилж байгаад явсан хүн байна” гэж хэлсэн. Энх-Эрдэнэ “та бичиг баримтгүй бол хүний дугаарыг сэргээж болохгүй” гэж хэлэхэд Б уурлаад элдвээр хараагад байсан. Би шилэн хүзүүнээс нь бариад “гар” гэхэд намайг “шээс минь зүгээр байгаарай, чамайг ална” гэх мэт элдвээр хараасан. “Миний зургийг чинь авч баримтжуулна” гээд утсаа гаргаад ирэхээр нь би баруун хөлөөрөө хоосон өшиглөөд хаалгаар гаргасан. Хаалгаар гараад хэл амаар бас доромжлоод миний өөдөөс өшиглөх гэхээр нь би хөлнөөс барьж унагаагаад баруун хөлөөрөө өшиглөсөн. Дээрээс нь 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

                    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ж нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан скүэр худалдааны төвд байрлах Мобиком ХХК-ийн салбарын хамгаалалтын ажилтнаар ажиллаж байхдаа 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус салбараар үйлчлүүлсэн Б.Бтой зохисгүй харьцаж, маргаан үүсгэн толгойн тус газарт нь удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь хамрын нуруу, цохонд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч П.Жн хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хохирогч Б.Б, гэрч Э.Дөлгөөн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 7849 дугаартай дүгнэлт дүгнэлт, шүүгдэгч П.Жн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлүүлцэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч П.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч П.Жн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч П.Ж нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...45 настай, эрэгтэй, “Цэгц” харуул хамгаалалтын компанид хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Жд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохимжтой гэж үзсэн болно.

             

           lll. Бусад асуудлаар:

             

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, П.Жд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Ямаат овогт Пүрэвийн Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Жг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Жд оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, П.Жд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг П.Жд сануулсугай.    

6.Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

9.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР