Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/655

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,   

улсын яллагч Б.Чинзориг,

хохирогч Д.Т, түүний өмгөөлөгч А.Түвшинтөгс,

шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Шийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203002440325 дугаар хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хам бүл 4, эцэг, эх, нөхрийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Гансүхийн Ш

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Ш нь 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 25 минутын орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн барилгын материалын Худалдааны төвийн урд замд “Тоёота рактирс” маркийн 15-64 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Н, Д.Т, И.О нарыг мөргөж, М.Н, Д.Т нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, И.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        1.Шүүгдэгч Г.Шийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй. Гэм буруугийн тал дээр маргахгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2.Хохирогч Д.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би эмнэлэгт 10 хоног хэвтээд гарахад нэг удаа яриад 940.000 төгрөг явуулсан. Түүнээс хойш би 5 сар хэвтэрт байгаа. Судас олдохгүй хэвтрийн хагалгаанд орсон. 5 сар болоход нэг ч удаа над руу яриагүй. Нуруу маань нугасны гадна талд цүлхийгээд хавдсан. Би ажил хийгээд явах чадваргүй болсон. Яагаад ийм болгочихоод ярихгүй байна вэ, гомдолтой байна. Надад таяг, тэрэг, суултуур зэрэг юу ч авч өгөөгүй. Австрид байгаа байрны түрээс, цахилгаан, дулааны зардал гараад тэнд манай найз төлөөд явж байгаа. Энэ нь надад өр болж үлдэж байгаа. Энэ төлбөрийг энэ хүн төлөх ёстой. Би сэтгэл санаагаар унаад депресстэй болж байна. Австрид хотын захиргааны төвд хүмүүжүүлэгч багш хийдэг. Мөн цагаар давхар орчуулагч хийдэг, өдөр болгон биш дуудсан үед нь очиж орчуулагч хийдэг. Цалингийн тодорхойлолт байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          3.Хохирогч М.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ...15 цаг 30 минутын орчим гэрээсээ гарсан. “Эрэл” гэх нэртэй газар О, Цэцэгмаа эгч хоёр намайг хүлээгээд зогсож байсан. Бид гурав Өлзийт хороолол гэсэн автобусанд суусан. Яармагийн 3 дугаар буудал дээр буугаад такси бариад Яармаг барилгын материалын дэлгүүрт очиж О, Цэцэгмаа эгч хоёр ATM-аас мөнгө авсан. Гэтэл очих гэж байсан айлын Цагаанаа эгч “Ш эгч чинь та гурвыг тосоод авна” гэж ярьсан. Би О, Цэцэгмаа эгч хоёр гараад ирэхээр нь мөнгөө өгөөд таксинаас буугаад Яармаг худалдааны төвийн урд зам, явган хүний зам дээр Шийг ирэхийг хүлээгээд явган суугаад гутлаа үдэж байтал гэнэт зүүн талаас машин ирж мөргөөд газарт унасан. Тэрнээс хойш би юм санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлгийн машин дотор намайг Цэцэгмаа эгч түшээд сууж байсан. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд нарийн шинжилгээ өгөхөд нүүрний баруун хэсэгт цөмөрсөн, баруун нүдний ухархайн урд доод эрмэгт доод хана цөмөрсөн зөрүү ихтэй, гадна ханын зөрүүтэй, баруун хацар ясны хоёрлосон, нүүрний яснуудын баруун хэсгийн нийлмэл  хугаралтай, хамрын баруун дайвар хөндийн салст зузаарсан цустай, тархинд бага зэргийн хавантай, нүүрний баруун зовхи духны зөөлөн эдийг хамарсан хавдартай, дээд нэг шүд хугарсан гэж эмч хэлсэн. Нүүрний хагалгаанд орсон. Би хөгжлийн бэрхшээлтэй. ...Миний эмчилгээний зардалд жолооч талаас одоогийн байдлаар нийт 500,000 төгрөгийн хохирол барагдуулж өгсөн. ...Би гомдолтой байна. Тохойвчтой хөнгөн цагаан таяг, ажилгүй байх хугацааны цалин, мөн өөрийн биед хийгдэх эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)

          4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 483 дугаартай:

“-М.Нт баруун хацар яс, баруун ухархайн доод, гадна хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, хацрын шонтонд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.

-Баруун хацар яс, баруун ухархайн доод, гадна хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, хацрын шонтонд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоов.

-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 94-96 дахь тал)

           5.Хохирогч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би  2022 оны 5 дугаар сарын 07-ны орой 18 цаг өнгөрч байхад гэр лүүгээ харих гээд Яармаг барилгын худалдааны төвийн явган хүний замаар явж байтал замд 3 эмэгтэй явган сууж байсан. Эсрэг талаас машины замаар нэг хар өнгийн автомашин ирж байгаад буцаж эргэх үйлдэл хийж, гэнэт хаазлаад хашлага даваад явган хүний зам дээр гарч ирээд намайг мөргөж, газарт би унасан. Тухайн үед маш хурдан холдож зугтах боломж гараагүй. Би шууд охиндоо ослын талаар хэлээд дуудсан. Түргэний эмч их удаж ирсэн. Намайг үзээд өвчин намдаах эм, тариа хийгээд Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Эмчид үзүүлж шинжилгээ өгсөн. Эмч нурууны хэсэгт 2 хугаралттай байна гэж хэлсэн. Би босож явж чадахгүй, маш их өвдөлттэй байсан учир “Мэлтэс мед” гэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Миний бие хүнд байна. Байнгын хэвтэрт, хүний асаргаанд байгаа. Мөн нойр хүрэхгүй, сэтгэлийн хүнд гутралтай байгаа. Эм, дусал байнга хэрэглэж байна. Жолооч талаас одоохондоо 600,000 төгрөг төлсөн. Эрүүл мэндээрээ хохирсонд маш их гомдолтой байна. Сэтгэл санаа, мөн эдийн засгийн хохирол байна. Өөрийн эмчилгээний зардалд орох хохирлоо нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал)

           6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7191 дугаартай:

“-Д.Тын биед сээрний 11-р нугалам, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

 -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 -Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 77-78 дахь тал)

           7.Иргэний нэхэмжлэгч И.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ажлын газрын хүмүүс болох Цэцэгмаа, Н нартай хамт Яармагт айлд очих гээд автобусаар явж байгаад Яармагийн 3 дугаар буудал дээр бууж, такси барин Яармаг барилгын худалдааны төв дээр очоод ATM орж мөнгө авсан. Манай ажлын Н хөгжлийн бэрхшээлтэй тул байнга 2 суга таягтай явдаг учраас бид нар байнга такси барьдаг. “Ш ойрхон явж байна, машинтай ирээд авчихна” гэж Н хэлсэн. Бид 3 Яармагийн барилгын материалын худалдааны төвийн замын хойд талд явган хүний зам дээр зогсоод Шийг хүлээсэн. Н хөгжлийн бэрхшээлтэй таягтай учир хашлага дээр суулгасан байсан. Шүрэнцэцэг машинтайгаа ертөнцийн зүгээр  баруун талаас ирж байхыг хараад Нийг газраас босгоод зогсож байтал Ш машинтайгаа бид нарыг дөнгөж өнгөрөөд буцаж эргэхдээ маш хурдтай эргэсэн. Машиных нь дугуй хэсэгт хашлага тулсан. Буцаж ухралгүй чигээрээ хашлага давж гарч ирээд бид нар луу явсан. Би Нийг шууд хойшоогоо түлхэж бага зэрэг холдуулж машинд мөргүүлээд зам дээр унасан. Цэцэгмаа эгч машинд мөргүүлээгүй, бид нарт түлхэгдээд ухарч байгаад унасан. Тухайн үед машины дугуй миний зүүн хөл дээгүүр гарсан. Нийг машин хальт шүргэсэн байх, би сайн мэдэхгүй байна. Намайг хүн газраас татаад замаас гаргасан. Нэг танихгүй хүн бид нартай хамт машинд мөргүүлсэн байсан. Тэр хүнийг бол би хараагүй, хэсэг хугацааны дараа түргэний эмч ирж бид нарыг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод нарийн шинжилгээ өгөөд эмчид үзүүлтэл надад хүнд бэртэл гэмтэл, яс хугарал цууралт байхгүй, баруун хөл хэсэгт зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал)

          8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 11ий өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 6849 дугаартай:

“-И.Оийн биед баруун гуяны цус хуралт, зүүн өвдөгний үений суналт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов.

-Дээрх гэмтэл нь хоногийн өмнө үүссэн байна.

-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 82-83 дахь тал)

9.Иргэний нэхэмжлэгч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Яармаг” барилгын материалын худалдааны төвийн урд замд 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 18 цагт 25 минутын орчимд Toyota Ractis-Р 100 маркийн 15-64 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Гансүхийн Ш нь явган зорчигч 34 настай эмэгтэй Мягмарбаатарын Н, 54 настай Долгорын Т нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, 49 настай, эмэгтэй Ишбалын Оийг мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.Н, Д.Т нар нь 2022 оны 5, 6 сард дүүргийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,761,690 төгрөгийн зардал гарсан болох нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 04/3287 дугаартай албан бичиг, баримтаар тогтоогдсон. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Шээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 188 дахь тал)

           10.Гэрч Э.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Би 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 19 цаг өнгөрч байхад ажлын хүмүүс болох О, Н нартай Яармагт тэтгэвэрт суусан эгчийнхээ гэрт очих гээд хамт явсан. Бид гурав  автобуснаас буугаад Яармагийн 3 дугаар буудал дээрээс такси бариад Яармагийн барилгын материалын зах орж ATM-аас мөнгө авсан. Ш машинтай ирж байна, бид гурвыг авчихна гэж Н хэлсэн тул бид гурав барилгын материалын худалдааны төвийн замын хойд талд явган хүний зам дээр зогсож байсан. Удалгүй Шүрэнцэцэг ертөнцийн зүгээр баруун талаас ирээд бид гурвыг авах гээд буцаж эргэж байсан. Шүрэнцэцэг буцаж эргэж байхдаа замын хашлага даваад тэр чигээрээ ирээд О, Нийг мөргөөд газарт унагаах шиг болсон. Би тухайн үед хойшоогоо ухраад газарт унасан. Намайг бол машин мөргөөгүй. Босоод иртэл газарт 3 эмэгтэй хүн хэвтэж байсан бөгөөд нэг эмэгтэй хүнийг нь танихгүй, хаанаас гараад ирснийг мэдэхгүй. Хэсэг хугацааны дараа 103-н эмч ирээд нөгөө машинд мөргүүлсэн хүмүүсийг Гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тухайн үед би 103-н автомашин дотор хөгжлийн бэрхшээлтэй Нийг түшиж явж эмнэлэг орсон. Тухайн үед О, Н нарын ар гэрээс нь хүмүүс ирсэн байсан учир шинжилгээний хариуг нь хараагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал)

           11.Мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 636 дугаартай:

                 “-Toyota Ractis-р 100 маркийн 15-64 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Гансүхийн Ш /РД:ШД83021201/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: з/тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар луу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

                 -Явган зорчигч Мягмарбаатарын Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

                 -Явган зорчигч Ишбалын О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

                 -Явган зорчигч Долгорын Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 126-127 дахь тал)

                 Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-17 дахь тал)

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 146 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 147 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 149 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш нь 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 25 минутын орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн барилгын материалын Худалдааны төвийн урд замд “Тоёота рактирс” маркийн 15-64 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Н, Д.Т, И.О нарыг мөргөж, М.Н, Д.Т нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, И.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Шийн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь хохирогч М.Н, Д.Т, иргэний нэхэмжлэгч И.О, гэрч Э.Цэцэгмаа нарын  мэдүүлэг, шинжээчийн 483, 7191, 6849 дугаартай дүгнэлтүүд, мөрдөгчийн 636 дугаартай дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-17 дахь тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Г.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Н, Д.Т нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, И.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, эрүүл мэндийн даатгалын байгууллагад 3,761,690 төгрөгийн хохирол тус тус учирсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардал гэж хохирогч М.Нийн 333,000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 31-35 дахь тал) авагдсанаас 540,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч И.Оийн 1,056,500 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 55-60 дахь тал) авагдсанаас 1,235,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Г.Ш төлсөн болох нь дансны хуулга (хавтаст хэргийн 177-181 дэх тал), хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 52 дахь тал) зэргээр тогтоогдох тул шүүгдэгчийг хохирогч М.Н, иргэний нэхэмжлэгч И.О нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч М.Н, иргэний нэхэмжлэгч И.О нарын цаашид гарах эмчилгээ болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хохирогч Д.Тын 2,343,623 төгрөгийн хохирлын баримт (хавтаст хэргийн 42-49 дэх тал) авагдсанаас 1,640,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн болох нь дансны хуулга (хавтаст хэргийн 177-181 дэх тал), хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)-ээр тогтоогдох тул үлдэх 703,623 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Тд олгох нь зүйтэй.

Харин хохирогч Д.Тын нэхэмжилсэн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлсийг уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Учир нь, хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн болно.

Түүнчлэн хохирогч Д.Тын нэхэмжилсэн “Австри Улсад багшаар ажиллаж, амьдардаг, ажлаа хийх боломжгүй болсонтой холбогдсон цалин, хөлс, байрны түрээсийн төлбөр, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардал” зэргийг энэ тогтоолоор гаргах боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.” гэж заасан бөгөөд Австри Улсын хэлнээс орчуулсан гэх оршин суух үнэмлэх, цалингийн тооцоолол, гүйлгээний баримтын хуулбаруудаар хохирогч Д.Тын олох ёстой байсан орлогыг тогтоох боломжгүй тул олох ёстой байсан орлого, мөн сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад  3,761,690 төгрөгийн хохирол учирсан гэх иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Ч.Эгийн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,761,690 төгрөгийн зардал гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 188 дахь тал)-тэй шүүх хуралдаанд талууд маргаагүй тул шүүгдэгчээс 3,761,690 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /төлөөлөгч Ч.Э/-т олгохоор шийдвэрлэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Харин шүүгдэгч Г.Шийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

             

            Тодруулбал, шүүгдэгч Г.Шийн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хор уршиг арилаагүй, хохирол бүрэн төлөгдөөгүй, “Говь” ХК-д оёдолчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, нөхрийн хамт амьдардаг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Шийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

            Харин хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан “Шүүгдэгчид торгох ял оногдуулах” санал нь үндэслэлгүй бөгөөд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно...” гэж заасан бөгөөд шүүх дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгч Г.Шийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн түүний шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Тоормосоо гишгих гэж байгаад андуураад хаазаа гишгэчихсэн” гэх мэдүүлэг зэргийг харгалзан түүний тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

            Шүүгдэгч Г.Шт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч Г.Шийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3.Шүүгдэгч Г.Шийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4.Шүүгдэгч Г.Шт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Шээс 3,761,690 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /төлөөлөгч Ч.Э/-т, 703,623 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Тд тус тус олгосугай.

            6.Хохирогч Д.Т, М.Н, иргэний нэхэмжлэгч И.О нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

            8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

            9.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            10.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            11.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР