Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 367

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02753 дугаар шийдвэртэй, Д.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ХХК-д холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин 8 606 646 төгрөг, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 920 000 төгрөг, нийт 9 526 646 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дээд сургуулийн диплом гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булган,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/01520 дугаар шийдвэрээр “Э” ХХК-ийн оперейшн хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 6 дугаар сарын 01-нээс 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 929 151 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон. Гэвч “Э” ХХК нь  шүүхийн шийдвэрт заасан ажилд эгүүлэн авахгүй байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр үйлчилгээ хариуцсан ажилтан албан тушаалд эгүүлэн авсан.

Харин мөн сарынхаа 30-ны өдөр намайг орон тоо хасагдаж байгаа үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдэж мэдэгдэл өгч үүгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1, компанийн дотоод журмын 9.5, 9.5.2-т зааснаар нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгохоор заасан боловч одоог хүртэл шалтаг заан мөнгийг болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дээд сургууль төгссөн дипломыг өгөхгүй байна. Иймд “Э” ХХК-иас ажилгүй байсан хугацааны 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх /207 өдрийн, нэг өдрийн цалин 41 578 төгрөг/ цалин 8 606 646 төгрөг, нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 920 000 төгрөг, нийт 9 526 646 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дээд сургуулийн дипломыг гаргуулж, даатгалын дэвтэр тус бүрт cap тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь “Э” ХХК-д хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байхдаа алдаа гаргасны улмаас хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан. Уг асуудлаар Сүхбаатар дүүргийн Иргэний иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01520 дугаар шийдвэрээр хэргийг эцэслэн шийдвэрлэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шаардлагын дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны буюу 929 151 төгрөгийг Болормаад олгож, ажилд эргүүлэн томилсон. Иймд 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацааны цалин 8 606 646 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй.

Нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 920 000 төгрөг гаргүулах шаардлагын хувьд, Болормаа нь шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч компанид үйлчилгээ хариуцсан ажилтан албан тушаалд ажилд орсон бөгөөд бүтцийн өөрчлөлтөөр уг орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэл өгч хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хариуцагч тэтгэмж олгохгүй гэсэн асуудал үүсгээгүй тул хуулийн дагуу олгоход татгалзах зүйлгүй.

Бусад шаардлагын хувьд хариуцагчийн зүгээс бичиг баримтыг олгохгүй гэх асуудал тавиагүй. Нэхэмжлэгч Болормаа өөрөө одоо болтол компани дээр очиж аваагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Иймд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дээд сургуулийн диплом гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 8 907 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, хариуцагч “Э” ХХК-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл, хураамж төлсөн талаарх бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас тэтгэмжийн 920 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дээд сургуулийн дипломыг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, түүний урьдчилан төлсөн 167 377 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулах, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 227 666 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой. Шүүхээс уг хэргийн шүүх хуралдааны товыг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цаг 30 минутад товлосон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан давхцсан тул хойшлуулах хүсэлтийг, холбогдох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй хэмээн үзэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчимд нийцсэнгүй.

Хариуцагчийн зүгээс хоёр хүнд итгэмжлэл олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байхад зөвхөн нэг хүнд хурлын төв мэдэгдэж, нөгөө төлөөлөгч П.Цолмонбаатарт мэдэгдээгүй. Хурлын товыг шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү надад 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн бөгөөд энэ үед Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөр хэрэг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагт зарлагдсан байсан. Иймд хоёр хуралд зэрэг оролцох боломжгүй тул сүүлд зарлагдсан энэхүү хэргийн шүүх хуралдааныг нэг удаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлуулах хүсэлт өгсөн байхад хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүйг залруулан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 8 606 646 төгрөг, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 920 000 төгрөг, нийт 9 526 646 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дээд сургуулийн дипломыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/1520 дугаар шийдвэрийн дагуу “Э” ХХК нь нэхэмжлэгчид 929 151 төгрөгийг төлнө гэх боловч энэ нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор байх тул нэхэмжлэлд дурдсан хугацаанд хамаарахгүй байна.

Дээрх шийдвэрийг үндэслэн “Э” ХХК нь нэхэмжлэгчийг үйлчилгээ хариуцсан албан тушаалд томилж, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажлын байр цомхотгосон гэх үндэслэлээр 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдсэн үйл баримт тогтоогджээ. /хх5-8, 11/

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан буюу 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулах талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч шаардлагаа 8 606 646 төгрөгийн үнийн дүнгээр тодорхойлсон байхад шүүх 8 907 270 төгрөг гаргуулж, хариуцагч нь нэг сарын хугацааны тэтгэмж 920 000 төгрөг, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дээд сургуулийн диплом гаргуулах шаардлага тус бүрийг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 115 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.

Энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цаг 30 минутад хийх шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тухайн өдөр шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлсэн байна. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдврэлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагч “Эс Би Логистик” ХХК нь уг нэхэмжлэл бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдэлж оролцуулахаар Н.Баярхүү, П.Цолмонбаатар нарт итгэмжлэл олгосон байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж заасантай нийцжээ.

Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан байх тул тухайн төлөөлөгч нар шүүх хуралдаанд бэлтгэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох үүрэгтэй. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатарт шүүхээс эрх, үүрэг танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү давж заалдах гомдолд дурдаж, өөр шүүх хуралдаан тухайн цаг хугацаанд давхцсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй гэжээ. /хх42, 46, 14/

Тэрээр шүүх хуралдаанд тодорхой шалтгаанаар оролцох боломжгүй болсон тохиолдолд дээрх итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар шүүх хуралдаанд оролцох эрх нь нээлттэй байхад төлөөлүүлэгчийн эрхийг хамгаалах ажиллагааг хэрэгжүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм.

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан 13 цаг 23 минутад эхэлсэн талаар тэмдэглэлд тусгагдсан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад зохигчид 16 цаг 30 минутад буюу товлогдсон цагтаа хийгдсэн талаар тайлбарласан тул энэхүү техникийн шинжтэй алдаа нь уг шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй. /хх48,61/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02753 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8 606 646 төгрөг, нэг сарын тэтгэмж 920 000 төгрөг, нийт 9 526 646 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл, хураамж төлсөн бичилт хийж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дээд сургуулийн дипломыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасугай” гэж,

3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 666 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА