Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 00176

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч С.Цэрэнханд, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа

Улсын яллагч Б.Бүжинлхам

        Иргэдийн төлөөлөгч Ө.Ганбилэг

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Р.Цэрэнханд

Шүүгдэгч Х.Золбоо нарыг оролцуулан Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Золбоод холбогдох 201514000407 тоот эрүүгийн хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

          1. Цорс овгийн Хийморьсүрэнгийн Золбоо, Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны мэргэжилтэй, Орхон аймгийн МСҮТөвд нийгмийн ажилтанаар ажилладаг, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-13-61 тоотод оршин суудаг, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн 569 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай. /РД:МБ80100104/

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

            1. Шүүгдэгч Х.Золбоо нь 2015 оны 05 сарын 22-ны өдөр Д.Мягмаржавсүрэнгээс дүү Баярмагнайг нь “Эрдэнэт үйлдвэр”-т ажилд оруулж өгнө, Баярмагнайд мэргэжлийн үнэмлэх авч өгнө гэж 5 500 000 төгрөгийг залилан мэхлэж авсан.

 

            2. 2015 оны 05 сарын 20-ны өдөр Н.Гэрэлмаагаас “Эрдэнэт үйлдвэр”-т ажилд оруулж өгнө гэж 3 000 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 5 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсан.

 

            3. 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Д.Дэлгэрмаагаас нөхөр Отгонбаярыг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн  туслах цехээс үндсэн цех рүү ажилд оруулж өгнө гэж 2 000 000 төгрөг, Д.Дэлгэрмааг өөрийг нь болон дүү Буян-Ундрахыг ажилд оруулж өгнө гэж 10 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсан.

 

            4. Д.Хишигтээс хүү Дамдинсүрэн, дүү Гансүх нарыг нь “Эрдэнэт үйлдвэр”-т ажилд оруулж өгнө гэж 2015 оны 05 сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 06 сарын 04-ний өдөр 4 000 000 төгрөг, 2015 оны 06 сарын 13-ны өдөр 3000 000 төгрөг нийт 10 000 000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

 

            5. 2015 оны 06 сарын дундуур Э.Баттулгаас хүргэн Галхүү, Пүрэвбат нарыг “Эрдэнэт үйлдвэр”-т ажилд оруулж өгнө гэж 8 000 000 төгрөг, Шинжлэх Ухаан Техникийн Их сургуулийн диплом гаргаж өгнө гэж 1 500 000 төгрөг нийт 9 500 000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

 

            6. 2015 оны 06 дугаар сарын эхээр Б.Энхболдыг “Эрдэнэт үйлдвэр”-т ажилд оруулж өгнө гэж 2 500 000 төгрөгийг залилан мэхлэж авсан,            

 

            7. 2015 оны 05 дугаар сарын сүүлээр М.Баттүвшингээс охин Б.Ханджаргалыг нь Герман улсад тэтгэлэгтэй сургалтанд хамруулна гэж 8000 америк доллар буюу 14 897 360 төгрөгийг залилан мэхлэж авч бусдад нийт 59 389 360 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.Мягмаржавсүрэнгийн “2015 оны 05-р сарын сүүлээр гэр бүлийн найз Энхцэцэгийн дэлгүүр дээр очиход Энхцэцэг Золбоо гэдэг нэртэй эмэгтэй “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны КСИ өргөтгөл ашиглалтанд орох гэж байгаа, хүн ажилд оруулна гээд байна. Тэр эмэгтэйгийн нөхөр нь том албан тушаалтан хүн гэсэн. “Эрдэнэт Үйлдвэр" ХХК-д Аудитын шалгалт хийдэг гэсэн гэхээр би тэр хүнд чинь итгэж болох юм уу даа, намайг ажил дээр байхад хүмүүс “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д хүмүүсийг ажилд оруулна гэж ярьж байгаад мөнгө аваад алга болдог гэж сонсож байсан гэж ярилцаж байгаад би Энхцэцэгийн дэлгүүрээс гарсан. Маргааш нь Энхцэцэг миний утасруу залгаад нөгөө эмэгтэй чинь “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д найдвартай ажилд оруулах юм шиг байна. Нэг хувь цээж зураг, их сургуулийн дипломын хуулбарыг ажилд оруулах мөнгөний хамт өгөх хэрэгтэй байна гэхээр би Энхцэцэгт итгээд дүү Баярмагнай, Гэрэлмаа нарын сургуулийн бичиг баримт болон иргэний үнэмлэхийн хуулбарийг нэг хүний 3 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийн хамт Энхцэцэгт бэлнээр нь өгсөн. Энхцэцэг Золбоо гэдэг эмэгтэйтэй өдөр 14 цагт уулзаад өнгө гэж хэлж байсан. Энхцэцэг орой миний утас руу залгаад Баярмагнайг мэргэжлийн үнэмлэхгүй байна гэнэ. Баярмагнайд мэргэжлийн үнэмлэх авч өгөхөд 500 000 шаардлагатай гээд байна гэхээр би 500 000 төгрөгийг Энхцэцэгт маргааш өглөө нь өгсөн. Тэрнээс хойш хэсэг хугацааны дараа Энхцэцэг миний утас руу залгаад нөгөө эмэгтэй чинь үлдсэн мөнгөө өгөхгүй бол ажил бүтэхгүй байна гээд байна яах уу гэхээр би үлдэгдэл Баярмагнайгийн 2 000 000 төгрөгийг, би өөрөө, Гэрэлмаагаас 2 000 000 төгрөг авч Энхцэцэгт өгсөн. Уул нь Энхцэцэг бид хоёр хамгийн анх Золбоо гэдэг нэртэй эмэгтэйг худлаа байж магадгүй гээд урьдчилгаа хэдэн төгрөг өгөөд ажилд оруулсаны дараа үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж тохироод эхлээд хүн хүний 3 000 000 төгрөгийг өгүүлсэн юм. Тэрнээс хойш холбоо барихгүй болохоор би Энхцэцэгийн утасруу залгаад нөгөө хүн чинь юу болж байна аа гэхэд Энхцэцэг одоохон болно гээд байна. Хамгийн түрүүнд танай хоёр дүүг авна гэж надад хэлсэн гэж ярьдаг байсан. Дарга нартайгаа хамт Сэлэнгэ амралтын баазанд амарч байна гэсэн гэдэг байсан....Би Энхцэцэгээр дамжуулж Золбоо гэдэг хүнд нийт 10 500 000 төгрөг өгсөн. Би Энхцэцэгт 10 500 000 бэлнээр өгсөн. Би Гэрэлмаад “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д үйлчлэгчийн ажил байгаа гэж байна. Нэг эмэгтэй найдвартай оруулдаг гэж байна. Чи орох юм уу гэж асуухад Гэрэлмаа үнэхээр ажилд оруулж өгч чадах юм бол би орно гэж хэлсэн. Би Энхцэцэгээс нэг хүнийг хэдэн төгрөгөөр ажилд оруулдаг юм бэ гэж асуухад Энхцэцэг Золбоогоос асуулаа 5 000 000 төгрөгөөр оруулна гэж байна гэхээр би Гэрэлмаад 5 000 000 төгрөгөөр ажилд оруулна гэж хэлээд Гэрэлмаагаас 5 000 000 төгрөгийг аваад Энхцэцэгт өгсөн. Харин Баярмагнайг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д тоног төхөөрөмжийн засварчны ажилд оруулна гэж 5 000 000 төгрөгийг өөрөөсөө өгсөн. Яагаад гэвэл Баярмагнай миний ээжийн дүүгийн хүүхэд байгаа юм. Мөн Баярмагнайд засварчны мэргэжлийн үнэмлэх гаргуулах гээд 500 000 төгрөгийг Энхцэцэгээр дамжуулан Золбоо гэдэг эмэгтэйд өгүүлсэн. Би Энхцэцэгт нийт 10 500 000 төгрөг өгсөнөөс эргүүлээд Баярмагнайгийн нэрээр оруулсан 5 500 000 төгрөгийг буцааж бэлнээр авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-2, 389-р хуудас/,

 

 2. Хохирогч Н.Гэрэлмаагийн “2015 оны 05 сарын 20-ны өдөр Мягмаржавсүрэн ах миний утас руу залгаад “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д ажилд оруулж өгөх боломж байна. Чи ажилд орох уу гэхээр би ямар ажил хийх юм бэ, хэдэн төгрөгөөр орох юм бэ гэж асуухад үйлчлэгчийн ажил байгаа гэсэн. Эхний ээлжинд 3 000 000 төгрөгийг бичиг баримтын хамт өгөх хэрэгтэй байна гэхээр би нөхөр Мөнхчулуунтай зөвлөлдөж найз Б.Цацралаас 3 000 000 төгрөгийг зээлээд Мягмаржавсүрэн ахад 15 цагийн үөд уулзаж бэлнээр нь өгсөн. Тухайн үед Мягмаржавсүрэн ахад мөнгө өгч байхад хажууд манай нөхөр Мөнхчулуун хамт байсан. Орой нь найз Цацралаас авсан 3 000 000 төгрөгийг эргүүлэн өгсөн. Тэрнээс хойш 10 гаруй хоногийн дараа Мягмаржавсүрэн ах миний утас руу залгаад үлдсэн 2 000 000 төгрөгийг өг гэж байна гэхээр 2015 оны 06 сарын 02-ны өдөр олж өгнө гэж хэлээд 2 000 000 төгрөгийг нөхөр Мөнхчулуун Улаанбаатар хот руу яваад өөрийнхөө машиныг зараад 2 000 000 төгрөгийг миний Хаан банкны данс руу шилжүүлэхээр нь би 2 000 000 төгрөгийг Мягмаржавсүрэн ахад бэлнээр нь өгсөн. Тэрнээс хойш нилээн хэд хоногийн дараа би Мягмаржавсүрэн ахаас ажил төрөл юу болж байна гэж асуухад эхлээд 7 сар гэхэд ажилд орох байх гэж байснаа “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны өргөтгөлийн цех баригдаж дуусаагүй байгаа тул 2015 оны 09-р сар гэхэд ажилд орох асуудал хойшлогдох юм шиг байна гэж хэлж байсан. Би Золбоо, Энхцэцэг гэдэг хүнийг танихгүй, харж байгаагүй, мөн дээрх нэрийг анх удаа сонсож байна. Мягмаржавсүрэн ах өөрөө “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д ажилладаг мөн манай хадам аав Баасансүрэнгийн төрсөн дүү болохоор Мягмаржавсүрэн ахад бүрэн итгэчихсэн байсан юм. Би 5 сая төгрөгийн хохирлоо хүлээн авсан одоо надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-34, 384-388-р хуудас/,

 

             3. Гэрч Б.Мөнхчулууны “2015 оны 05 сарын сарын сүүлээр эхнэр Гэрэлмаа миний утас руу залгаад Мягмаржавсүрэн ах сая миний утас руу залгаад ярилаа, намайг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д үйлчлэгийн ажилд орох уу гэж байна. Ямар ч байсан эхлээд бичиг баримт болон 3 000 000 төгрөг өгөх хэрэгтэй гэж байна гэхээр би ашгүй дээ “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д ажилд орчих юм бол сайн байна гэж хэлээд Гэрэлмаатай гэртээ уулзсан. Гэрэлмаа бид хоёр Мягмаржавсүрэн ахад эхлээд өгөх 3 000 000 төгрөгийг манай эхнэр найз Цацралаасаа аваад Мягмаржавсүрэн ахад бэлнээр нь өгсөн. Тэр өдрийн орой манай эхнэр өөрийнхөө дансанд байсан мөнгийг шавхаад Цацрал гэдэг эмэгтэйд өгсөн. Тэрнээс хойш нилээн хэд хоногийн дараа Гэрэлмаагийн утас руу Мягмаржавсүрэн ах залгаад үлдэгдэл 2 000 000 төгрөгөө өгөх хэрэгтэй байна гэхээр би өөрийнхөө машиныг Улаанбаатар хотод очиж зараад 4 000 000 төгрөгийг Гэрэлмаа руу шилжүүлсэн. Гэрэлмаа надаас авсан мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг Мягмаржавсүрэн ахад бэлнээр өгсөн гэж надад хэлсэн. Мягмаржавсүрэн ахад нийт Гэрэлмаа 5 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны өргөтгөлийн цех ашиглалтанд орох гэж байгааг хүн болгон мэдэж байсан болохоор хурдхан шиг мөнгө бичиг баримтыг нь бүрдүүлж өгөөд ажилд орох хүсэлтэй байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 50-р хуудас/

 

4. Хохирогч Д.Дэлгэрмаагийн “Золбоо гэдэг эмэгтэй дэлгүүр дээр ирээд Энхцэцэгтэй “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д хүмүүсийг ажилд оруулж өгч чадна. Манай нөхөр “Үндэсний Аудит”-д ажилладаг Гансүх гэдэг залуу байдаг. Гансүхээр дамжуулаар “Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ны КСИ цехэд ажилд оруулах эрх байгаа гэж ярьж байхыг би сонсоод манай нөхөр Отгонбаяр яг одоо “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны туслах цехээс үндсэн цех рүү шилжих гэж өргөдөл бариад явж байгаа гэхэд Золбоо би танай нөхрийг ажилд оруулаад өгөх үү, надад бэлэн 2 000 000 төгрөг баримт бичигтэйгээ хамт өгчих гэхээр би Золбоод итгээд Отгонбаярыг ажил дээр хүрээд ирээч гэж хэлсэн. Тэр үед Золбоо би ажил дээрээ оччихоод эргээд ирнэ гээд дэлгүүрээс гарсан. Золбоо миний утас руу залгаад танай нөхөр ирсэн үү гэж асуухаар Энхцэцэгт утсаа өгөөд Энхцэцэгийг Золбоотой утсаар яриулсан. Тухайн үед Отгонбаяр бид хоёрт бэлэн мөнгө байхгүй байсан болохоор Энхцэцэгээс 2 000 000 төгрөг зээлээч гээд Энхцэцэгийн данснаас Золбоогийн данс руу 2 000 000 төгрөг явуулсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Энхцэцэг миний утас руу залгаад Золбоо дахиад “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д үйлчлэгчийн ажил байна, чамд хүн байгаа юу гэхээр би Энхцэцэгийн дансны дугаар руу хамаатны охин Буян-Ундрахын нэрээр 5 000 000 төгрөг, өөрийнхөө нэрээр 3 000 000 төгрөг нийт 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Буян-Ундрах бид хоёр өөрсдийнхөө 4 хувь зураг, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг Энхцэцэгт өгсөн. Харин Золбоо Энхцэцэгээс ирж авсан гэж Энхцэцэг надад хэлж байсан. Тэрнээс хойш нилээн хэдэн хоногийн дараа Энхцэцэг надад Золбоог Орхон аймгийн МИУС-ийн багш биш МСҮТ-ийн нийгмийн ажилтан хийдэг юм байна гэж надад хэлж байсан. Би өөрийгөө “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д үйлчлэгчээр ажилд оруулахаар Энхцэцэгээр дамжуулан Золбоод 3 000 000 төгрөг, төрсөн дүү Буян-Ундрахыг үйлчлэгчээр ажилд оруулахаад 5 000 000  төгрөг, нөхөр Отгонбаярыг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны үндсэн цехид ажилд оруулна гэж 2 000 000 төгрөгийг Энхцэцэг эгчээр дамжуулан Золбоод өгсөн. Тухайн үед Золбоо өөрийгөө надад Орхон аймгийн МИУС-д багш ажилтай гэж байсан. Золбоог хамгийн анх Оюундалай гэдэг эмэгтэй танилцуулсан. Золбоо намайг болон манай нөхрийг Эрдэнэт үйлдвэрт найдвартай оруулж өгнө. Манай нөхөр Эрдэнэт үйлдвэрт аудитаар ирсэн гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-25,  378-382-р хуудас /

 

5. Гэрч Ч.Отгонбаярын “Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2015 оны 05 сарын эхээр намайг “Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ны үндсэн цех рүү шилжих гээд хөөцөөлдөөд явж байхад миний утас руу манай эхнэр Дэлгэрмаа залгаад дэлгүүр дээр “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д хүмүүсийг ажилд оруулдаг хүн байна гэхээр би Дэлгэрмаад наад хүн чинь найдвартай хүн юм уу гэхэд Дэлгэрмаа найдвартай хүн юм шиг байна чи ажил дээр хүрээд ир гэхээр би Дэлгэрмаагийн ажил дээр очоод “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны үндсэн цех рүү шилжих өргөдлийг Дэлгэрмаад өгсөн Дэлгэрмаа Энхцэцэг нар хамт зогсож байгаад ажилд оруулж өгдөг эмэгтэй “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны хүний нөөцийн дарга Батдэлгэр гэдэг хүнтэй уулзаад чамайг шууд үндсэн цех рүү шилжүүлнэ гэж ярьж байсан гэхээр нь би хэдэн төгрөгөөр шилжүүлдэг юм бэ гэж асуухад Дэлгэрмаа 2 000 000 төгрөг өгчих юм бол үндэс цех рүү амархан шилжүүлнэ гэж хэлэхээр би мөнгө байхгүй яанадаа гэж хэлж байсан. Тэгээд Дэлгэрмаа бид хоёр Энхцэцэгээс 2 000 000 төгрөг зээлж аваад Золбоо гэдэг хүнд өгүүлсэн. Тэрнээс хойш манай эхнэр Энхцэцэг өөрөө “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д үйлчлэгчийн ажилд орно гээд таньдаг хүмүүсээс хүүтэй 3 000 000 төгрөг зээлээд Золбоо гэдэг хүнд өгсөн. Мөн Дэлгэрмаа хамаатны дүү Буян-Ундрахыг үйлдвэрт үйлчлэгчээр ажилд оруулж өгнө гээд хүмүүсээс 5 000 000 төгрөгийг хүүтэй зээлээд Энхцэцэгээр дамжуулаад Золбоод өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 48-р хуудас/ 

 

              6. Гэрч А.Бүжинлхамын “Золбоод би өөрийгөө Буян-Ундрахын эгч нь байна гэж танилцуулаад манай дүүгийн ажил юу болж байна гэхэд Золбоо та нар юун сүртэй юм бэ, бүтэх ёстой юм бүтнэ, би наад хүмүүсийг ажилд оруулах гэж амралтанд дарга цэрэг нартай нь уулзаж байгаад ирлээ гээд худлаа яриад байхаар би Буян-Ундрахын мөнгийг авмаар байна. Чи анхнаасаа худлаа яриад байна гэж баахан загнаж байгаад 2 000 000 төгрөгийг Золбоогийн данснаас бэлэн мөнгөөр гаргуулан авсан. Тухайн үед Дэлгэрмаа, Энхцэцэг, Алтаннар бид 3 хамт байсан. Алтаннар өөрийгөө Баярмагнайгийн эгч гэж уулзсан. Би Золбоотой Энхцэцэгийн найз гэдэг утгаар уулзаж худлаа ярьж байгаа эсэхийг асуувал Золбоо гэдэг эмэгтэй надтай уулзахгүй байх гэж бодоод Энхцэцэгээс мөнгө өгсөн хүмүүсийн нэгнийх нь эгч нь байна гээд уулзах уу гэж ярилцаж байгаад уулзахаар болсон. Тэрнээс өөр ямар нэг санаа байгаагүй. Би Буян-Ундрахыг ажилд оруулж чадахгүй бол өгсөн мөнгийг нь эргүүлэн өг гэхэд Золбоо Буян-Ундрахаас авсан гэх 5 000 000 төгрөгний 2 000 000 төгрөгийг одоо өгөөд маргааш 3 000 000 төгрөгийг өгнө гэж хэлээд эхлээд 2 000 000 төгрөгийг АТМ-ээс авч өгсөн. Сарын дараа Золбоо Буян-Ундрахын үлдэгдэл 3 000 000 төгрөгийг манай ажил дээр ирээд надад өгсөн. Би Золбоогоос авсан 3 000 000 төгрөгийг Энхцэцэгт өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 56-57-р хуудас /

 

 7. Хохирогч Д.Хишигтийн “2015 оны 05-р сарын дундуур би Энхцэцэгийн дэлгүүр дээр очоод бараа үзэж байхдаа Энхцэцэгт хандаж хүүхдүүдээ ажилд оруулах юмсан гэж ярьж байхад Энхцэцэг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д ажилд оруулдаг хүн байгаа. Нэг хүний 6 000 000 төгрөгөөр оруулдаг юм байна лээ гэхээр би тэр хүн чинь ямар ажил хийдэг юм бэ гэхэд Энхцэцэг нөхөр нь том албан тушаалтай хүн байгаа юм гэхээр би тэр хүнтэйгээ утсаар ярьж асуугаад болохоор бол надад хэлээрэй гэж хэлсэн. Тэрнээс хойш 1-2 хоногын дараа Энхцэцэг миний утас руу залгаад нөгөө хүнтэй утсаар ярилаа, ажилд орох хүнийхээ материал болон эхний ээлжинд 3 000 000 төгрөгийг шилжүүл гэж байна гэхээр би Энхцэцэгээс наад хүн чинь найдвартай юу гэхэд Энхцэцэг найдвартай хүн байгаа гэхээр би 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Энхцэцэгийн Хаан банкны 5094472739 тоот данс руу 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Хүү Дамдинсүрэнгийн цээж зураг 2 хувь, дипломын хуулбар, иргэний цахим үнэмлэхийн хуулбар зэргийг Энхцэцэгт өгсөн. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа Энхцэцэгээс төрсөн дүү Гансүхийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны өргөтгөлийн цехид ажилд оруулах боломж байгаа юу гэхэд Энхцэцэг асуугаад өгнө гэж хэлсэн. Энхцэцэг эргээд миний утас руу залгаад Гансүхийг ажилд оруулж өгч болно гэж байна гэхээр би Гансүхийн иргэний үнэмлэх, тоног төхөөрөмжийн засварчны үнэмлэх, 2 хувь цээж зургийг Энхцэцэгт өгсөн. 2015 оны 06 сарын 04 өдөр Энхцэцэгийн хаан банкны 5094472739 тоот данс руу 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн. 2015 оны 06 сарын 05-ны өдөр Энхцэцэг миний утас руу залгаад нөгөө ажилд оруулах гэж байгаа эмэгтэй үлдэгдэл 3 000 000 төгрөгийг нэхээд байна. Ажилд оруулах гээд хүмүүстэй уулзахад мөнгө хэрэгтэй гээд байна гэхээр би 2015 оны 06 сарын 13-ны өдөр өөрийнхөө 5090366553 дугаарын данснаас Энхцэцэгийн Хаан банкны 5094472739 дансруу 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Энхцэцэг намайг Золбоо гэдэг эмэгтэйтэй 3-9-р байрны гадаа уулзуулсан. Тэр үед би Золбоо гэдэг эмэгтэйг анх хараад энэ хүн “Эрдэнэт Үйлдвэр" ХХК-д ажилд оруулдаг юм байна гэж мэдсэн. Золбоо гэдэг эмэгтэйгээс чи надад үнэнээ хэл, үнэхээр миний хоёр хүнийг ажилд оруулж өгч чадах юм уу гэхэд Золбоо би таны хоёр хүнийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны өргөтгөлийн цехид ажилд оруулж өгч чадна гэж хэлсэн. Би Золбоод хандаж чи улсын баяр наадам өнгөрөхөөр миний хоёр хүнийг ажилд оруулж өгнө гэж хэлээ биз дээ гэхэд Золбоо “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны дарга нар байгаа, тэр хүмүүстэй уулзаж байгаад оруулна, ирэх долоо хоногийн 4 дэх өдөр хурал болно, тэр үед шийдэгдэх байх гэж хэлэхээр нь би Золбоод итгээд явсан. Би Энхцэцэгт нийт 10 000 000 төгрөг өгсөн. Энхцэцэгээс чи надаас авсан мөнгийг Золбоод өгсөн үү гэхэд Энхцэцэг Золбоод өгсөн гэж хэлж байсан. Би Золбоотой уулзахдаа өөрийнхөө хүү болон дүүгийнхээ мөнгийг өгсөн гэхэд Золбоо би мөнгийг нь авсан. Хэрвээ би танай хоёр хүнийг ажилд оруулж өгч чадахгүй бол эргүүлээд мөнгийг нь өгнө гэдэгт итгээрэй. “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны өргөтгөлийн цехид хүмүүс ажилд авч байгаа боломжийг ашиглаад өөрийнхөө хоёр хүнийг ажилд оруулах боломжтой гэхээр би Золбоод итгэсэн юм. Би Энхцэцэгээр дамжуулан Золбоогоос эхлээд 2 000 000 төгрөгийг авсан. 2015-11-09 өдөр ээж Чулуунцэцэг гэдэг хүн миний утас руу залгаад үлдэгдэл хохирол болох 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн одоо надад ямар нэгэн авлага байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 181, 392-р  хуудас/

 

             8. Гэрч Д.Гансүхийн “2015 оны 06 дугаар сарын эхээр байх Хишигт эгч намайг “Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ны шинээр баригдаж байгаа өргөтгөлд завсарчингаар ажилд орох уу гэж асуухаар би ормоор байна хэдэн төгрөг өгч орох бол гэхэд Хишигт эгч 4 000 000 төгрөгийг бичиг баримтын хамт өгөөд оруулдаг гэж байна гэхээр би надад бэлэн мөнгө байхгүй гэхэд Хишигт эгч би хүнээс мөнгө олоод өгнө, чи ажилд орохоороо надад мөнгийг маань эргүүлэн өгнө шүү гэж хэлсэн. Тэгээд би Хишигт эгчид мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зургийг өгсөн. Тэрнээс хойш нилээн хэд хоногийн дараа би Хишигт эгчтэй уулзаад нөгөө ажил чинь юу болж байна гэхэд наадмын дараа чамайг ажилд оруулна гэж хэлэхээр би хөдөө явж байгаад 2015 оны 08-р сарын 20-ны өдөр Орхон аймагт ирэхэд Хишигт эгч нөгөө ажил чинь бүтэхгүй юм шиг байна гэж хэлсэн. Би өөрөөсөө нэг ч төгрөг өгөөгүй. Харин Хишигт миний өмнөөс 4 000 000 төгрөг өгсөн байх гэж бодож байна. Яг хэдэн төгрөгийг хэнд өгсөн талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 51-р хуудас/,

 

             9. Гэрч Д.Дамдинсүрэнгийн “2015 оны 05 дугаар сарын сүүлээр ээж Хишигт миний утас руу залгаад “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д ажилд оруулдаг хүн байна яах уу гэж надаас асуухаар би баталгаатай юм уу гэж ярьж байсан. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан. Тэрнээс хойш нилээн хэд хоногийн дараа ээж Хишигт миний утас руу залгаад чамайг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны өргөтгөлийн хэсэг рүү бүртгүүлчихсэн байгаа гэж хэлсэн. Ээж надад хэлэхдээ чамайг үйлдвэрт ажилд оруулахын тулд 5 000 000 төгрөгийг өгчихсөн гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 52-р хуудас/,

 

10. Хохирогч Э.Баттулгын “2015 оны 06 дугаар сарын дундуур Энхцэцэг эгчийн дэлгүүр дээр очиход Энхцэцэг эгч “Эрдэнэт Үйлдвэр" ХХК-нд хүмүүсийг ажилд оруулна гэж худалдагч Дэлгэрмаа гэдэг хүнтэй ярилцаж байхаар би үйлдвэрт ажилд оруулдаг хүн байгаа юм уу гэхэд Энхцэцэг эгч байгаа гэж хэлэхээр би “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны туслах цех дээр нь манай хүргэн ажиллаж байгаа. Тэр залууг та яриад байгаа өргөтгөлийн цех рүү оруулж өгч чадах уу гэж асуухад асууж байгаад араас чинь хэлнэ гэж хэлж байсан. Би Энхцэцэг эгчийн дэлгүүрээр олон жил үйлчлүүлсэн болон Энхцэцэг эгчийг хувь хүн талаас нь сайн мэддэг болохоор худлаа ярихгүй байх гэж бодож байсан. Маргааш өглөө нь Энхцэцэг эгч миний утас руу залгаад “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны өргөтгөлийн цехид ажилд ороход ямар ч асуудал байхгүй гэж байна. Нэг хүний 4 сая төгрөг гэсэн гэхээр би өөрөөсөө хүргэн Галхүү, багын найз Пүрэвбат нарын мөнгө гэж 8 сая төгрөгийг хоёр хуваагаад бэлнээр өгсөн. Тэрнээс хойш Энхцэцэг эгчээс олон удаа очиж нөгөө ажил чинь юу болж байна гэж асуухад Энхцэцэг эгч болно, бүтнэ гээд байхаар би Энхцэцэг эгчид ажилд оруулна гэж байгаа тэр хүнээ та уулзуулаач, ямар хүн юм бэ гэхэд Энхцэцэг эгч нэрийг Золбоо гэдэг, өөрийгөө хүмүүст битгий хэлээрэй гэж хэлсэн болохоор та нарт хэлээгүй юм. Нөхөр нь том албан тушаалтай болохоор ажилгүй болчихож магадгүй байх гэж айгаад байгаа юм шиг байсан гэж хэлж байсан. Энхцэцэг эгчийн хамт Золбоо гэдэг эмэгтэйтэй уулзахад Золбоо 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр асуудалгүй “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д асуудалгүй ажилд орно оруулна. Бүх зүйлийг яриад тохирчихсон гэж байсан. Би Золбоогоос Эрдэнэт Үйлдвэрийн хэнээр дамжуулан ажилд оруулах талаар хөөцөлдөж байгаа талаар асуухад үйлдвэрийн хүний нөөцийн дарга Батдэлгэр гэдэг хүнээр яриулж байгаа гэж байсан. Золбоо гэдэг хүний ярьж байгаа нь худлаа юм шиг байхаар би Энхцэцэг эгчид наад эмэгтэй чинь худлаа яриад байх шиг байна. Миний өгсөн мөнгийг гаргаад өгчих гэж хэлсэн. Галхүү, Пүрэвбат нар өөрсдөөсөө ямар нэг мөнгө гаргаагүй. Харин би өөрөөсөө энэ хоёр хүний мөнгө гэж нийт 8 000 000 төгрөгийг өгсөн. Тухайн үед би бэлэн мөнгөтэй байсан юм. Галхүү одоо Орхон аймагт байгаа. Утасны дугаар 99354875 байх. Гэрийн хаягыг нь сайн мэдэхгүй байна. Харин Пүрэвбат болсон хэргийн мэдэхгүй байгаа. Би Пүрэвбатыг багын найз утгаар нь амьдралд нь нэг удаа тусална гэж бодоод чамайг ажилд оруулж өгнө гэж хэлээд иргэний үнэмлэхийг нь хуулбарлаж авсан. Одоо Пүрэвбат Дорноговь аймагт байгаа гэсэн. Яг хаана нь байгаа, ямар утастай байгаа талаар би мэдэхгүй байна. Би Энхцэцэг эгчээр дамжуулж Золбоо гэдэг эмэгтэйд нийт 8 000 000 төгрөгийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д ажилд орно гэж өгсөн, мөн Золбоо Улаанбаатар хотын ШУТИС-ийн Уул уурхайн диплом гаргаж өгнө гэж хэлээд 1 500 000 төгрөгийг авсан нийт 9 500 000 төгрөг болсон. Золбоо надаас авсан мөнгөний хүүг өөрөө тооцож өгнө гээд 450 000 төгрөгийг нэг удаа, 380 000 төгрөгөөр хоёр удаа нийт 1 210 000 төгрөгийг хүү гэж өөрөө өгсөн. Мөнгө өгөхдөө Золбоо гэдэг хүүхэнтэй уулзаж байгаагүй, 07 сарын эхээр Золбоотой уулзсныхаа дараа худлаа яриад байна гэдгийг мэдээд мөнгөө нэхэж эхэлсэн. 8 000 000 төгрөгийг 1 300 000 төгрөгийн хүүгийн хамт эргүүлж авсан, мөн дипломны 1 500 000 төгрөгийг авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 184, 391-р хуудас/,  

 

                11. Гэрч Х.Галхүүгийн “Би Баттулгад ямар ч мөнгө өгөөгүй. 2015 оны 05-р сараас 10 сар хүртэл “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны хайгуулын ангид түр гэрээгээр өрмийн туслах ажилтанаар ажиллаж байх хугацаанд 2015 оны 07-р сарын эхээр Баттулга миний утас руу залгаад иргэний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэхээ хуулбарлаад надад өгчих, би чамайг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны үндсэн цех рүү ажилд оруулахаар хүнтэй ярьж байгаа гэж хэлээр би өөрийнхөө иргэний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх зэргийг хуулбарлаад Баттулгад өгсөн. Би Баттулгаас хэн гэдэг хүнээр яриулж байгаа, хэдэн төгрөг өгдөг талаар асуугаагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 55-р хуудас /,

 

12. Хохирогч Б.Энхболдын “2015 оны 06 дугаар сарын эхээр байх би сайн санахгүй байна, Энхцэцэг миний утас руу залгаад танийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-нд ажилд оруулах боломж байна. Та ажилд орох уу гэхээр би ямар ажил хийх юм бэ гэхэд Энхцэцэг үйлдвэрт орж байвал ямар ч ажил байсан яах вэ гэхээр би Энхцэцэгээс хэдэн төгрөгөөр ордог талаар тодруулахад 2 500 000 төгрөг өгөөд болно гэхээр би Энхцэцэгийн хаан банкны данс руу 2 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Харин ажилд орохын тулд ямар нэг бичиг баримт Энхцэцэгт өгөөгүй. Энхцэцэгт мөнгө өгсөнөөс хойш нилээд удсаны дараа би залгаад юу болж байгаа талаар асуухад хөөцөлдөж байгаа хүн маань жаахан байж бай гээд байна. Та жаахан хүлээж байгаач гэхээр би хэсэг хүлээсэн 2015 оны 08 дугаар сарын сүүлээр Энхцэцэг миний утас руу залгаад нөгөө ажилд оруулна гэсэн хүн маань намайг залилаад мөнгийг маань авчихлаа, би тэр эмэгтэйг цагдаад өгчихсөн байгаа гэж хэлж байсан. Би 2 500 000 төгрөгөө эргүүлж авсан надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 44-45, 393-р хуудас/,

 

               13. Хохирогч М.Баттүвшингийн “Би өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2015 оны 05 дугаар сарын сүүлээр зүс таньдаг Энхцэцэг гэдэг эмэгтэйтэй утсаар ярьж байхад Энхцэцэг хүүхдүүдийг гадаадад тэтгэлэгтэй сургалтанд хамрагдуулах боломжтой юм байна гэж хэлээд би өөрийн том охин Ханджаргалыг тэр тэтгэлэгтэй сургалтанд хамрагдуулах боломжтой юу гэж асуухад Энхцэцэг асуугаад эргэж хариу хэлнэ гэж хэлсэн. Манай охин Ханджаргал өөрөө Герман улс руу явах гээд хэлний бэлтгэлд хамрагдаж байгаа юм. Энхцэцэг эргээд миний утас руу залгаад тэтгэлэгтэй сургалтанд хамрагдаж болох юм байна гэхээр би Герман улсад суралцах боломж байгаа юу, жилдээ ямар төрлийн тэтгэлэг авдаг талаар тодруулаад өгөөч гэхэд Энхцэцэг дахиж миний утас руу залгаад Герман улс руу явж болно. Тэтгэлэгийн хувьд сарын 790 евро, оюутны байр нь үнэ төлбөргүй, 2 жилд нэг удаа онгоцны зардал үнэгүй ниснэ гэхээр би Энхцэцэгт итгээд наад тэтгэлэгтэй сургалтанд чинь бүртгүүлмээр байна хэдэн төгрөг шаардлагатай талаар асуухад 8000 доллар хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд Энхцэцэг гэдэг хүнтэй би Улаанбаатар хотод уулзаад 8000 долларыг Хаан банкны дансны дугаар руу нь доллараар шилжүүлсэн. 2015 оны 08 дугаар сарын дундуур Энхцэцэг миний утас руу залгаад Герман улс руу тэтгэлэгтэй сургалтанд хөөцөлдөж байгаа хүнээ яриулах гэсэн юм гэж хэлээд Золбоо гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй хүнтэй яриулахад Энхцэцэгийн ярьж байсан зүйлийг надад дахиад яриад байхаар би хүүхдийнхээ 2 дугаар курсын сургалтын төлбөрийг төлөх үү, угаасаа Герман улс руу сургалтанд явах юм чинь төлөхгүй байж болох уу гэхэд та мөнгөндөө голоо цохиод байгаа юм уу, төлөх үгүй нь таний асуудал гэж хэлж байсан. Би Золбоо гэдэг эмэгтэйтэй уулзаж байгаагүй. Харин утсаар бол ярьсан. Дээрх асуудлыг Ханджаргал мэдэхгүй байгаа. Би Энхцэцэгээр дамжуулж 7 200 000 төгрөгийг авсан, тэрнээс хойш Энхцэцэг 2015 оны 10 дугаар сарын сүүлээр 1 800 000 төгрөг дансаар шилжүүлсэн. 2015 оны 11 сарын эхээр Золбоо гэдэг эмэгтэйгийн ээж Чулуунцэцэг гэдэг эмэгтэй миний утас руу залгаад 1 500 000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Одоо Энхцэцэг, Золбоо нараас нэхэмжлэх зүйл байхгүй, авах ёстой мөнгөө тоо ёсоор нь эргүүлж авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 179, 390-р хуудас/,

 

             14. Гэрч Д.Энхцэцэгийн “2015 оны 05 дугаар сарын үед би Улаанбаатар хотод байхад миний утас руу худалдагч Дэлгэрмаа залгаад Оюундалайгийн хамт Золбоо гэдэг нэртэй МУИС-ийн багш орж ирээд бараа үзэж байгаад гутал үзээд 350 000 төгрөгний гутал үзэж байгаад зээлээр Оюундалай өөрийнхөө нэр дээр бичүүлж аваад гарсан гэж ярьсан. Би Улаанбаатар хотоос ирээд дэлгүүр дээрээ сууж байхад Золбоо гэдэг эмэгтэй манай дэлгүүрт орж ирээд бараа үзэж байгаад гарсан. 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би дэлгүүрээ онгойлгож байхад Золбоо гаднаас орж ирээд бараа үзэж байгаад Энхээ эгчээ би Оюундалай эгчийн таньдаг хүн байна, та таньж байна уу гэхээр би таньж байна гэж хэлсэн. Золбоо надад хандаж би дахиад бараа зээлж болох уу гэхээр би болно, өмнөх мөнгөө өгчихөөд аваарай гэхэд Золбоо та надад итгэж болно, би таньд бас тусалж чадна. Удахгүй дүүд нь их хэмжээний мөнгө орж ирэхээр таньд эргүүлээд өгнө. Манай нөхөр Улаанбаатар хотын “Аудит” -д ажилладаг, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д шалгалт хийдэг, би өөрөө Орхон аймгийн МИУС-ийн гадаад харилцааны багш ажилтай гэж итгэлтэй ярихаар би итгээд Золбоод дахиад 600 000 төгрөгний эд зүйлийг зээлсэн. Надад Золбоо “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны “КСИ” өргөтгөл ашиглалтанд орох гэж байгаа. Энэ боломжийг ашиглаж “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-нд хүмүүсийг ажилд оруулж чадна. Мөн би гадаадад тэтгэлэгтэй сургалтанд явуулж өгч чадна гэж ярьж байхад гаднаас худалдагч Дэлгэрмаа орж ирэхээр нь би Дэлгэрмаад Золбоогийн ярьсан талаар хэлж байхад Дэлгэрмаа манай нөхөр Отгонбаяр “Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ны КСИ-д орох гээд өргөдөл бариад явж байгаа гэхэд Золбоо танай нөхөр Отгонбаяр шал дэмий Гендрекц рүү явж байгаа юм байна. Отгонбаярын өргөдөл дээр хар тамга дараад ураад хаячихдаг юм гэхээр би үгүй байлгүй дээ гэхэд Дэлгэрмаа надад хандаж манай нөхөр “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны туслах цехид ажиллаад 3 жил болж байна. Олон удаа үндсэн цех рүү орох гээд чадахгүй байгаа юм гэхэд Золбоо танай нөхрийг үндсэн цех рүү оруулж өгч чадна, та нөхрөө дуудчих гэхээр Дэлгэрмаа нөхрийнхөө утас руу залгаад ажил дээр хүрээд ир, энд “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д оруулж өгдөг хүн байна гэж хэлсэн. Тэр үед Золбоо за яахав Дэлгэрмаа эгчийн нөхөр юм байна гээд 2 000 000 төгрөгөөр “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ний КСИ-ийн өргөтгөл рүү шилжүүлж өгнө, би 14 цагт “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны дарга нартай уулзах цаг авчихаад эргээд ирнэ, та нар мөнгө, бичиг баримтаа бэлдээд байж байгаарай гэхээр Дэлгэрмаа бид хоёр итгэсэн. Тэр үед Дэлгэрмаа надад бэлэн мөнгө байхгүй, чамд мөнгө байвал зээлээч гэхээр би бараа захиалах мөнгө байгаа гэхэд зээлчих гээд байхаар би Дэлгэрмаад өгөхөөр болсон. Би дотроо Золбоо итгэхгүй байж байсан. Золбоо дэлгүүрээс гарахдаа миний ярьсан талаар хэнд ч битгий хэлээрэй, энэ талаар хүмүүс мэдчихвэл манай нөхрийг ажилгүй болгочих байх гэж хэлэхээр нь 3-13-р байрны гоо сайханд ороод Оюундалайгийн утас руу залгаад чи дагуулж ирсэн Золбоо гэдэг эмэгтэй хэр итгэлтэй хүн бэ гэхэд Оюундалай юу болсон талаар асуухаар нь би Золбоо манай дэлгүүрээс дахиад бараа зээлсэн юм. Золбоогийн нөхөр нь “Үндэсний Аудит” ажилладаг гэдэг нь үнэн үү гэхэд Золбоо “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д 2 хүн ажилд оруулж өгсөн гэхээр би Золбоо итгэсэн. Би эргээд дэлгүүрт ороход Золбоо Дэлгэрмаа бид хоёрын утас руу залгаад яасан бэ материал мөнгө чинь юу болсон бэ? Мөнгө бэлдсэн үү гээд дахин дахин залгаад байхаар нь би дэлгүүрийн үүдэнд гарч байгаад Золбоотой утсаар яриад өнөөдөр эхлээд материалаа өгчихвөл яасан юм бэ, дараа мөнгийг нь өгнө гэхэд Золбоо мөнгөгүй бол материалыг өгөөд хэрэггүй гэж хэлээд утсаа салгасан. Би гэртээ хариад сууж байхад Дэлгэрмаа миний утас руу залгаад дэлгүүр дээр Золбоо ирчихлээ гэхээр би дэлгүүр дээр очоод Золбоод Дэлгэрмаагийн нөхөр Отгонбаярын материалыг өгсөн. Мөн Золбоогийн надад өгсөн дансны дугаар руу би өөрийхөө данснаас мөнгө шилжүүлсэн. Дээрх данс нь Цэцгээ гэдэг хүний данс байсан. Би Золбоогоос чи өөрийнхөө дансийг өгчих гэдэг Золбоо хэрэггүй байх, өөр хүний дансны дугаарт хийсэн нь дээр гэж хэлсэн. Золбоо дэлгүүрээс гарахдаа манай нөхөр “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д хэдэн хүн ажилд оруулах эрхтэй, би ямар зар тавиад хамаагүй хүнтэй холбогдох биш, та “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-нд ажил орох хүмүүсийг олоод надтай холбогдуулаараа гэж хэлсэн. Би Золбоогийн хэлсэн үгэнд их итгээд үлдсэн. Би нөхөр Санжиджав болон өөрийнхөө төрсөн ах эгч нарт Золбоогийн талаар хэлсэн. Би Дэлгэрмаагийн нөхөр Отгонбаярын 2 000 000 төгрөг, Дэлгэрмаа, Буян-Ундрах хоёрын 8 000 000 төгрөг, найз Наранцэцэгийн хүүхэд Баттулга, Пүрэвбат нарын 8 000 000 төгрөг, Дэлгэрмаагийн төрсөн дүү Гансүхийн эгч Хишигт гэдэг хүний 4 000 000 төгрөг, манай найз Мягмаржавсүрэн 10 500 000 төгрөг, Хишигт эгч дангаараа 6 000 000  төгрөг, Хөвсгөлд байдаг Энхболдын ахаас 2 500 000 төгрөгийг Золбоод голдуу бэлнээр өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь өөрийнхөө данснаас Золбоогийн данс руу шилжүүлсэн. Нийт би найз нөхөд хамаатны хүмүүс, ах дүү нарыг нийлүүлээд Золбоод 43 000 000 төгрөгийг 2015 оны 05-р сарын 19-ны өдрөөс 2015 оны 07-р сарын 01-ний өдөр хүртэл өгсөн байдаг. Мөн Золбоо Герман улс руу тэтгэлэгтэй оюутан гаргаж өгнө гэхээр би найз Мягмаржавсүрэнд хэлэхэд Сандуй эмчид хэлсэн. Би Сандуй эмчтэй уулзаад миний таньдаг найдвартай том хүн байгаа гэхэд Сандуй эмч тэр хүнийхээ нэрийг хэлчих гэхээр нь Золбоо надад миний нэрийг хэнд ч битгий хэлээрэй гэж хэлсэн санаад ороод Сандуй эмчид би тэр хүний нэрийг хэлэхгүй гэж хэлсэн. Сандуй эмч бид хоёрын яриаг Баттүвшин эмч сонсоод би ч гэсэн хүүхэдтэй хүн, би наад тэтгэлэгийг чинь сонирхож үзмээр байна гэж хэлээд миний утсыг авсан. Баттүвшин эмч миний утас руу залгаад нэг сургуулийн нэр хэлээд оруулж чадах уу гэхээр би Золбоо руу залгаж чадах уу гэхэд Золбоо чадна гэдэг байсан. Нэг үгээр хэлбэл Баттүвшин эмч надаар дамжуулж Золбоотой холбогддог байсан. Баттүвшин эмч миний Худалдаа хөгжлийн банкны долларын данс руу 8000 доллар шилжүүлсэн. Тэр үед Дэлгэрмаа миний утас руу залгаад Золбоо манай байрны урд явж байхаар би Золбоог сайн уу гэхэд Золбоо царай нь сонин болоод хүүхдээ дуудчихаад яваад өгсөн, Золбоо худлаа байж магадгүй юм шиг байна гэж хэлсэн. Миний утас руу Золбоо залгаад 2015.06.15-ны өдрөөс өмнө мөнгө өгөөд захиалга өгдөг. Тэрнээс хойш бүртгэл явагдахгүй гэхээр би Баттүвшин эмчид энэ талаар хэлсэн. Би Золбоод Баттүвшин эмчээс авсан 8000 доллараас 5470 долларыг 2015 оны 06 сарын 15-ны өдөр өгсөн. 2015 оны 07 сарын 01-ний өдөр 1400 доллар өгсөн. Улсын баярын дараа Золбоогийн утас руу залгахад утас нь холбогдохгүй байж байгаад нэг холбогдохоор нь Золбоотой яриад хүмүүс ажиллаа асуугаад байна. Мөн Баттүвшин эмчийн хүүхдийн тэтгэлэг юу болсон бэ гэхэд Золбоо тэтгэлэг бол найдвартай, би Баттүвшин эмчтэй өөрөө уулзах болно. Харин “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д ажилд оруулах талаар манай нөхөр хариуцна. 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлээд хүмүүсээ гурав гурваар  нь оруулж эхэлнэ гэж хэлсэн. 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Золбоотой уулзаад Хишигт эгчтэй уулзуулсан. Би Хишигт эгчид хандаж Дэлгэрмаа бид хоёр энэ Золбоо гэдэг хүнд итгээд хамаг мөнгө өгсөн гэж хэлсэн. Золбоо Хишигт эгчтэй уулзсаны дараа би Баттүвшин эмчтэй чи өөрөө очиж уулзаад өөрсдөө тэтгэлэгийн асуудлаа шийд гээд Баттүвшин эмчийн утас руу залгахад Баттүвшин эмчийн утас холбогдохгүй байсан. Золбоо бид хоёр Баттүвшингийн ажил дээр очиход Баттүвшин эмчийг өвчтэй байгаа гэж хамт ажилладаг эмч нар нь хэлсэн. Золбоо 2015 оны 08 дугаар 03-ны өдөр Батттүвшин эмчтэй уулзахаар болсон. Золбоо Хишигт эгчид хандаж би найдвартай баталгаатай ажилд оруулж өгнө гэж хэлсэн. Дэлгэрмаа надад Золбоо өөр хүнийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д ажилд оруулж өгч чадаагүй гэж хүмүүс ярьж байна гэж надад хэлсэн. Манай дүү Болорцэцэг дэлгүүр дээр сууж байхад нь Золбоо нэг хүүхдийг дэлгүүр лүү явуулахаар Болорцэцэг тэр охиноос Золбоо багш МИУС-ийн багш бил үү гэхэд тэр охин үгүй Золбоо багш биш МСҮТ-ийн нийгмийн ажилтан гэж хэлсэн. Би Оюундалайтай утсаар яриад нөгөө Золбоо чинь МСҮТ-д ажилладаг гэж байна гэхэд Оюундалай би очоод МСҮТ-өөс очоод асуугаад үзнэ гэж хэлсэн. Оюундалай удалгүй миний утас руу залгаад нөгөө Золбоо чинь МСҮТ-д нийгмийн ажилтанаар ажилладаг нь үнэн байна. Мөн нөхөр нь цагдаа гэж байна гэхээр би найз Батхүүтэй уулзаад би Золбоогийн талаар бүгдийг хэлэхэд найз Оюунцэцэг дүүгийнхээ утас руу залгаад Золбоо гэдэг хүнийг таних уу гэхэд Золбоог танина, Золбоогийн нөхөр нь "Үндэсний Аудит" ажилладаггүй, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д бараа шахдаг байж байгаад салчихсан гэхээр би цагдаад өргөдөл гаргаж өгсөн юм. Мөн Золбоо надад хандаж Баттүвшин эмчийн хүүхдийн тэтгэлэгийн үлдэгдэл мөнгийг нь хэзээ өгөх юм бэ гэхээр би Баттүвшин эмчийн хүүхэд Герман улсад очоод сургуульдаа орсоны дараа тэр мөнгийг өгнө гэж хэлсэн. Би Золбоод биеэр мөнгө өгдөг байсан. Золбоо байнга бэлнээр мөнгө авна гэдэг, харин би санаа гаргаад дансаараа 2-3 удаа Золбоогийн данс руу мөнгө шилжүүлж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 64-67-р, 183-р хуудас/

 

15. Гэрч Х.Болормаагийн “Энхцэцэг эгч би Золбоо гэдэг эмэгтэйд сүүлийн үед итгэхгүй байна. Ядаж байхад би Золбоо гэдэг эмэгтэйд 6-7 хүнээс мөнгө аваад өгчихсөн. Хүнээс аваад Золбоод өгсөн мөнгө нийлээд 50 гаруй сая төгрөг болж байгаа гэхээр би наад Золбоо гэдэг эмэгтэй чинь худлаа яриад байгаа юм байна даа. Нэг хүн юу гэж 7-8 хүн “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д оруулах вэ дэ гэхэд Энхцэцэг эгч харин тиймээ бас нэг үйлчлэгчийн ажилд хүн олсон уу, мөнгө нь хэрэгтэй байна гэж над руу яриад байгаа гэж хэлсэн. Би Энхцэцэг эгчид наад эмэгтэй чинь худлаа яриад байгаа байх. Та Золбоо гэдэг эмэгтэйд мөнгө өгөхдөө дансаар өгч байсан уу гэхэд Энхцэцэг эгч би голдуу бэлнээр нь өгч байсан. Би Энхцэцэг эгчид хандаж Золбоо гэдэг хүнтэй би уулзаад үзвэл яасан юм бэ? Өөрийгөө үйлчлэгчийн ажилд орох гэж байгаа хүн гэж хэлээд танилцуулна. Тэр хооронд та гар утсан дээр дуу болон дүрсийг нь бичээд авах хэрэгтэй байна. Дараа нь наад эмэгтэй чинь алга болчих юм бол таньд бичлэг хийсэн гар утас чинь нотлох баримт болно гэж хэлсэн. Тэгээд Энхцэцэг эгч бид хоёр дэлгүүр дээр нь Золбоо гэдэг эмэгтэйг дуудаад надтай уулзуулсан. Тэр үед дэлгүүрийн худалдагч Болорцэцэг өөрийн гар утсан дээрээ нууцаар Золбоо бид хоёрыг ярилцаж байгааг бичиж авсан. Уг бичлэгийг би плашин дээр хуулаад авчихсан байгаа. Би Золбоо гэдэг эмэгтэйтэй уулзахад Золбоо намайг 8 000 000 төгрөг өгчих би “Эрдэнэт Үйлдвэр" ХХК-нд үйлчлэгчийн ажилд оруулж өгнө гэж хэлж байсан. Би Золбоод урьдчилгаа гэж хэдэн төгрөг өгөх юм бэ гэхэд Золбоо 6 000 000 төгрөгийг өгвөл болно гэж хэлж байсан. Тэрнээс хойш Золбоо гэдэг эмэгтэй 2-3 өдөр байнга залгасан. Би Золбоогийн дуудлагыг аваагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 53-54-р хуудас /

 

16. Гэрч Ш.Батдэлгэрийн “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн өргөтгөлийн цехэд 2015 оны 05 дугаар сараас эхэлж 37 хүн ажилд авсан. 25 хүнийг нь Баяжуулах Фабрикийн саналаар манай албанаас 11 хүнийг судалж ажилд авсан. Уг хүмүүсийг сонгон шалгаруулалт зарлаж мэргэжлийн хүмүүсээс шалгалт авахуулж авсан. Эрдэнэт үйлдвэр ХХК-нд хувийн аудитын компани шалгалт хийдэггүй, Аудитын ерөнхий газраас шалгалт хийдэг. Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажилд орох өргөдлийн нарийн бичгээр дамжуулан аваад 2013 оны 05 сарын 13-ны өдрийн А/265 дугаартай журмын дагуу сонгон шалгаруулж авдаг. Эцсийн шийдвэрийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал тушаал гаргаж авдаг. Иргэдээс ирүүлсэн өргөдөл бол захирлын цохолттой байдаг. Дээрх өргөдлүүдийг бүртгэлд аваад материалыг нь хадгалдаг, ажлын захиалгаар сонгон шалгаруулж авдаг” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 62-63, 235-236-р хуудас/

 

17. Гэрч Ц.Цыпилмаагийн “Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажилд орохын тулд эхлээд өргөдөл, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, үйлдвэрийн сайт дээр байгаа анкетыг бөглөөд өгдөг. 2015 оны 11 сарын 05-ны өдрийн Цагдаагийн газраас ирүүлсэн албан бичиг дээрхи хүмүүсийн нэр дээр ажилд орох өргөдөл ирсэн эсэх талаар лавлагаа авахад хүний нөөцийн хэлтэст ажилд орохоор ирүүлсэн иргэдийн бүртгэлийн санд шалгаж үзэхэд Даваажавын Гансүх гэдэг нэр дээр 2013 оны 08 сард ажилд орох хүсэлт гаргаж санд  бүртгэгдсэн байсан. Бусад хүмүүсийн нэр дээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилд орох талаар ямар нэгэн хүсэлт өргөдөл гаргаж байгаагүй. Дээрхи хүмүүсийн нэрээр Тамгын хэлтсээс шүүлгэж үзэхэд ч байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 228-229-р хуудас/ болон Х.Золбоогийн мэдүүлэг, ял шийтгэгсэн эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

            Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Золбоо нь 2015 оны 05 дугаар сарын 19-нөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний хооронд давтан үйлдлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хүн ажилд оруулж өгнө, диплом гаргаж өгнө, мэргэжлийн үнэмлэх гаргаж өгнө, гадаадад тэтгэлэгт сургалтанд хамруулна гэх зэргээр  хуурч мэхлэн иргэн Д.Мягмаржавсүрэнгээс 5 500 000 төгрөгийг, иргэн Н.Гэрэлмаагаас 5 000 000 төгрөгийг, Д.Дэлгэрмаагаас  10 000 000 төгрөгийг, Д.Хишигтээс 10 000 000 төгрөгийг, Э.Баттулгаас 9 500 000 төгрөгийг, Б.Энхболдоос 2 500 000 төгрөг, М.Баттүвшингээс 8 000 ам доллар буюу 14 897 360 төгрөгийг залилан мэхлэж авч бусдад 59 389 360 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Х.Золбоогийн үйлдэл холбогдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, зарим үйлдлүүд нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж мэтгэлцэж байх боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-наас авсан лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Золбоо нь иргэдийн ажилд орох хүсэл сонирхолыг ашиглан “найдвартай ажилд оруулна, гадаадад тэтгэлэгт сургалтанд хамруулж чадна” гэх зэргээр бодит байдлыг гуйвуулан, иргэдийг төөрөгдүүлж, шунахай сэдэлтээр шууд санаатай давтан үйлдлээр бусдын мөнгийг хуурч мэхлэх аргаар авч онц их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдож байна. Шүүгдэгч Х.Золбоод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлууд нь бүрэн нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

            Иймд шүүгдэгч Х.Золбоог бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.

 

            Хавтаст хэргийг материалаас үзэхэд хохирогч нарын хэт хайхрамжгүй, илтэд хууль бус, хуурч мэхлэх аргад итгэсэн байдал нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч нар шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа мэдүүлсэн байна.

 

            Шүүгдэгч Х.Золбоод ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хэт хайрамжгүйгээс гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ. Шүүгдэгч Х.Золбоо нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 569 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-д хамрагдах үндэстэй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

           

            Шүүгдэгч Х.Золбоо нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн 201514000407 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, хохирол төлөгдсөн учир Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5-13-61 тоот орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 288, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                ТОГТООХ  нь:

 

           1.Цорс овогт Хийморьсүрэнгийн Золбоог бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар шүүгдэгч Х.Золбоог 100 000 /нэг зуун мянга/ төгрөг хурааж, 6 /зургаа/ жил 10 /арав/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5 -д зааснаар шүүгдэгч Х.Золбоод оногдуулсан 6 /зургаа/ жил, 10 /арав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5-13-61 тоот орон сууц битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

5.Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Золбоод авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

            7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

          

                           ДАРГАЛАГЧ ,ШҮҮГЧ                           Ж.БАЙГАЛМАА

                           

                           ШҮҮГЧИД                                             С.ЦЭРЭНХАНД

 

                                                                                           Ц.АЛТАНГАДАС