Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 125/ШШ2020/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Сонинболор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Ардчилсан намын сонгуулийн менежер М.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар “Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолын Р.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагч О.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Ардчилсан намын сонгуулийн менежер М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 оны орон нутгийн сонгуульд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багаас Р.О нь нэр дэвшсэн. Р.О нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумаас Ховд аймгийн Мөнххайрхан суманд шилжиж очсон болох нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1082 тоот албан бичгээр нотлогдож байна. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрийн Р.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Ховд аймгийн Сонгуулийн хороонд 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гомдол гаргасан боловч 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2/28 дугаар албан бичгээр шүүхэд хандаж шийдүүлэх боломжтой гэх хариуг өгсөн. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сонгуулийн хорооны дээрх шийдвэр нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сонгуулийн хороо шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийг бүртгэхдээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг үндэслэн шийдвэр гаргасан. Намуудаас нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахдаа мөн хуулийн 31 дүгээр зүйлийг үндэслэн бүрдүүлэх шаардлагатай 10 төрлийн бичиг баримтыг нягтлан шалгахад Р.О-ын баримт бичиг бүрэн байсан. Мөн хуулийн 32 дугаар зүйлд заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлд энэ хуулийн 5.2-ыг хангаагүй бол бүртгэхээс татгалзах гэсэн заалт байгаагүй. Дээрх хуулийн 7 дугаар зүйлд заасан сонгуулийн зарим болон Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгогдох эрхийг хангаж бүртгэсэн болно. Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай сумын Сонгуулийн хорооны шийдвэр гарснаас хойш ямар нэгэн өргөдөл, гомдол албан ёсоор манайд ирээгүй бөгөөд аймгийн Ардчилсан намаас хүсэлт уламжлах албан бичиг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлснийг сонгуулийн хорооны хурлаар хэлэлцээд хүлээн авах боломжгүй дараагийн шатны байгууллагад хандахыг зөвлөмж хариу хүргүүлсэн болно. Р.О нь 1 жилийн хугацаанд ээжийгээ асарч суманд амьдарсан гэжээ.

Гуравдагч этгээд Р.О шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн иргэн Р.О миний бие нь 2020 оны орон нутгийн сонгуульд Монгол ардын намаас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшсэн билээ. Миний бие 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багаас Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багт шилжүүлэг хийсэн нь үнэн боловч сүүлийн 1 жилийн хугацаанд тус суманд төрсөн ээжээ асарч Мөнххайрхан суманд амьдарч байсан талаар тус сумын хүн эмнэлгийн эмч Д.Энхбулган, багийн эмч сувилагч нар болон миний төрсөн эгч Р.Чулуунчимэг, Мөнххайрхан сумын Ардчилсан намын дарга У.Хүрэлхуяг, дэд дарга Э.Энхсод нар бүгд мэдэж байгаа. Иймд ардчилсан намын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Ардчилсан намын сонгуулийн менежер М.Б нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын сонгуулийн хороонд холбогдуулан Монгол ардын намаас Р.О-ыг Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигчээр бүртгэсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар “Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолын Р.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулжээ.

Шүүхээс хариуцагчийн тайлбар, шүүхэд хуралдаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сонгуулийн хорооны тогтоолыг эс зөвшөөрч Ховд аймгийн Сонгуулийн хороонд 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гомдол гаргасан, мөн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр  Ховд аймгийн Мөнххайрхан сумын сонгуулийн хороонд хандаж уг Сонгуулийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй нэхэмжлэлийг шүүх хэлэлцэх үндэстэй байна. 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2020 оны Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багаас Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол ардын намаас нэр дэвшихээр сонгуулийн хороонд нэрээ хүргүүлсэн Р овогт О нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумаас Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багт шилжиж орон нутгийн сонгуульд оролцсон нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасныг зөрчсөн...” гэж,

Хариуцагчаас маргаан бүхий акт гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа: “...Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийг бүртгэхдээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг үндэслэн шийдвэр гаргасан. Намуудаас нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахдаа мөн хуулийн 31 дүгээр зүйлийг үндэслэн бүрдүүлэх шаардлагатай 10 төрлийн бичиг баримтыг нягтлан шалгахад Р.О-ын баримт бичиг бүрэн байсан. Мөн хуулийн 32 дугаар зүйлд заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлд энэ хуулийн 5.2-ыг хангаагүй бол бүртгэхээс татгалзах гэсэн заалт байгаагүй...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар “Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолын Р.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Нэр дэвшигчийг тухайн шатны сонгуулийн хороо бүртгэж, үнэмлэх олгоно” гэсний дагуу Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сонгуулийн хороо нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж, 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдрөө  06 тоот “Нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоол гаргажээ.

Уг тогтоолоор Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багаас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд  нэр дэвшсэн Р. О-ыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгосон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ховд аймгийн Ардчилсан намын сонгуулийн менежер М.Б Мөнххайрхан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрийн Р.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Ховд аймгийн сонгуулийн хороонд 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гомдол гаргасан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “Сонгуулийн хороо шатлан захирагдах зарчмаар ажиллах бөгөөд сонгуулийн хорооны шийдвэртэй холбогдуулан энэ хуулийн 14.10-т заасан дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргана“, мөн тус хуулийн 14.10 “...сум дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна” гэсэн хуулийн заалтыг зөрчиж гаргажээ. Учир нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой шийдвэрийг тухайн сумын Сонгуулийн хороонд хандаж шийдвэрлэхээр  хуульчилсан байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д зааснаар “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй” гэж заажээ.

Гэтэл Ховд аймгийн Ардчилсан намын сонгуулийн менежер М. Б нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар “Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдлоо гаргахдаа уг тогтоолыг гарснаас хойш 7 хоногийн дотор тус сумын Сонгуулийн хороонд гомдлоо гаргах байтал 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасан нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Мөнххайрхан сумын сонгуулийн хороонд хугацаа хэтрүүлж гомдол гаргасан болох нь гэрч У.Долгорсүрэнгийн “...Ардчилсан намын сонгуулийн менежер М.Б сумын сонгуулийн хорооны нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрт гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж авах хугацаа хэтэрсэн байсан тул бид шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Түвшинзоригийн “...Нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолд Ардчилсан намаас гомдол гаргасан боловч гомдол хүлээж авах хугацаа өнгөрсөн учир шүүхэд ханд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч П.Өнөрбилэгийн “...Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолд гомдол гаргасан боловч хуулийн хугацаа өнгөрсөн байсан...” гэх мэдүүлэг болон хавтаст хэргийн 15-р хуудаст авагдсан Ховд аймгийн Ардчилсан намын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар “Хүсэлт уламжлах тухай” бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэгчийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар “Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолын Р.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

  Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.4-д заасныг баримтлан Ховд аймгийн Ардчилсан намын сонгуулийн менежер М.Б-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сонгуулийн хороонд холбогдох “Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар “Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолын Р.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.СОНИНБОЛОР