Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ж.Сувданчимэг, шүүгдэгч О.З*** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01180 0967 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.Б***  овгийн О***н  З*** , 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, бүрэн дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, барилгын компанид туслах ажилтан ажилтай, ам бүр хоёр, хамтран амьдрагчийн хамт С*** дүүргийн *** дугаар хороо, Х*** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор С*** дүүргийн *** дугаар хороо, О*** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, урьд

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 530 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О.З*** нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 15-41 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Н.Х***тэй маргалдаж, халуун Т*** ны шилэн тагаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духны баруун дээд хэсэг, баруун шанаа, чих, дагзанд зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүний зүүн их бие хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, баруун хацарт зулгаралт, зүүн гарын алганд түлэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч О.Б***  овгийн О***н  З***  нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 15-41 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Н.Х***тэй маргалдаж, халуун Т*** ны шилэн тагаар толгойн тус газарт нь цохиж, бие махбодод нь тархи доргилт, духны баруун дээд хэсэг, баруун шанаа, чих, дагзанд зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүний зүүн их бие хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, баруун хацарт зулгаралт, зүүн гарын алганд түлэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.      Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-6, 7-8 дахь тал), хохирогч Н.Х***ийн: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян Уулын 15 дугаар гудамж 41 тоот болох найз Ш***ийн гэрт очсон. Намайг очиход Ш***, Б***  гэдэг ах байсан. Бид хэд 0,75 литрийн “Арвай” нэртэй архи хуваагаад ууж байтал 14 цагийн үед гаднаас З*** , Ө*** гэх хоёр залуу орж ирээд бид хэдтэй хамт цуг суусан. Тэгээд бид хэд хамт юм ярьж суунгаа архиа уугаад сууж байтал З***  гэх залуу нь би шоронд явж байсан, сая 3 дугаар сард суллагдлаа гээд юм яриад байхаар нь чи аятайхан байж болохгүй юм уу бөөндөө сайхан байж гэж хэлсэн чинь босож намайг нэг юмаар цохичихсон. Тэгсэн чинь миний толгойноос цус гараад байхаар нь би Ш***ийнхээс гараад гэртээ харьсан. Манай хүү П*** та яачихсан юм гэхээр нь би Ш***ийнд байхдаа З***  гэдэг хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Манай хүү Ш***ийнх рүү явлаа, ямар хүмүүс байгааг нь харья гээд гараад явсан. Буцаад ирэхдээ цагдаатай цуг ирсэн... ...Тухайн үед намайг З***  л цохисон. Гэхдээ нэг шилээр цохих шиг болсон. Би тухайн үед дээл өмсчихсөн байсан болохоор гэртээ хувцсаа тайлсан чинь шилний үйрмэг унаж ирж байсан. Тэр өдрөө эмнэлэгт үзүүлчхээд харих замаараа Ш***ийн гэрт орсон, газраар шилний үйрмэгүүд болчихсон, халуун Т*** ны шилэн таг хагараад бага зэрэг цус болчихсон байсан. Өөр эвдэрч, хагарч, гэмтсэн зүйл байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 23-24 дэх тал), гэрч Х.П***ийн “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 15 дугаар гудамж 51 тоот гэртээ аав, ах, дүү нарын хамтаар байж байтал өдөр 12 цагийн үед аав Х*** маань гадуур явлаа гээд гарсан. Тэгээд өдөр 16 цагийн үед гэртээ ирэхдээ төрсөн аав Х***ийн  маань толгой нь гэмтээд цус гарчихсан байдалтай ирэхээр нь би яасан, юу болсон талаар нь асуухад гудамжныхаа 41 тоот айлд архи ууж байгаад З***  гэх хүнд зодуулчихлаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь тухайн айл руу нь очиж үзлээ гээд гэрээс гараад гудамж уруудаад 41 тоот айлд яваад очсон чинь хэдэн залуучууд архи уугаад сууж байсан. Тухайн айл нь монгол гэр байсан ба зуухных нь урд талд цус болчихсон байсан. Би Т*** , З***  гэх хүмүүсийг асуухад Т***  гэдэг хүн байхгүй, З***  гэдэг хүн байна гэж хэлэхээр нь би гэрээс нь чимээгүй гараад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), гэрч Г.Ш***ийн “...Унтаж байгаад орой 19 цагийн үед сэрэхэд манайд цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Яасан юм бол гээд асуухад танайд зодоон болсон, аятайхан ууж идэж чаддаггүй юм уу, нэгнийгээ аллаа ш дээ гэж хэлж байсан. Тэгээд би босоод гэрээ хартал зуухны урд талд, болон хаалганд цус болчихсон, гэрийн энд тэнд шилний хагархай болчихсон байсан. Намайг сэрэхэд З*** , Ө*** байсан. Х***  байхгүй байсан. Намайг унтахаас өмнө З***  би шорон оронгоор явж байсан. Бүгдээрээ шоронгийн атмаан яриад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал), Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3919 дугаартай “...тархи доргилт, духны баруун дээд хэсэг, баруун шанаа, чих, дагзанд зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүний зүүн их бие хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, баруун хацарт зулгаралт, зүүн гарын алганд түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүний зүүн их бие хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь мохоо зүйлийн, духны баруун дээд хэсэг, баруун шанаа, чих, дагзны зүсэгдсэн шарх, хамар, баруун хацрын зулгаралт нь ир ирмэг бүхий зүйлийн, зүүн гарын алганы түлэгдсэн шарх нь өндөр хэмийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, духны баруун дээд хэсэг, баруун шанаа, чих, дагзны зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүний зүүн их бие хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын алганы түлэгдсэн шарх нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1573 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хагарсан шилний хэлтэрхийнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хагарсан шилний хэлтэрхийнүүд дээр цус илэрсэн. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь холимог ДНХ-ийн тогтоц байгаа тул хэдэн хүний цусыг тодорхойлох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал), шүүгдэгч О.З*** ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр найз Ө***ы хамт найз Ш***ийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 15 дугаар гудамж 41 тоот гэрт очиход Ш***, Х*** , Б***  гэх залуучууд байсан. Ө*** бид хоёр Ш***ийнд орохоос өмнө сүү, банш авч ороод хоол унд хийгээд байж байхдаа тэр хэдийн тойруулж байсан 0,75 литрийн “Арвай” нэртэй архинаас хувааж уугаад нэмж нэг шил архи уугаад сууж байхдаа Х*** гэдэг ахтай танилцаад юм яриад сууж байгаад юунаас болсон мэдэгдэхгүй хэрүүл маргаан болсон. Тэгэхээр нь би уур хүрээд тоохгүй байж байгаад хоолоо хийж байхдаа тогооны шилэн таг аваад дагз, баруун шанаа хэсэг рүү нь нэг удаа цохиход шил хагарчихсан. Тэгсэн Х*** ахын толгойн ар хэсгээс цус гараад гараад явчихсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 111-113 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч О.З*** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.З*** нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3919 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч О.З*** ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Н.Х***ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.З***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Хохирогч Н.Х*** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.З***ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1        Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч О.З***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөхгүй байх Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчихгүй байх үүргийг 2 сарын хугацаагаар хүлээлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Тэрээр бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон шилний хэлтэрхийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгох саналтай байна...” гэв.

Шүүгдэгч О.З***: “...Самарт явах гэж байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ялыг өөр ялаар сольж торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2.        Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч О.З***д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал), эд хөрөнгө бүртгэлгүй тухай албан тоот (хавтаст хэргийн 83 дахь тал), нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй тухай албан тоот (хавтаст хэргийн 84 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 93 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 96-97 дахь тал), хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон талаарх албан тоот (хавтаст хэргийн 99 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгөгүй зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.З***д долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу болон урьд хоёр удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.З***ынцагдан хоригдсон 7 (долоо) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 720-56=664 цагаар биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг тогтоов.

​​​​​​​​​​​​​​2.3.        Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон шилний хэлтэрхийнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.З***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О.З***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг даруй суллах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.О.Б***  овгийн О***н  З***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З***д 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч О.З***ын цагдан хоригдсон 7 (долоо) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 56 (тавин зургаа) цагийг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 664 (зургаан зуун жаран дөрөв) цагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч О.З***ын биечлэн эдлэх 664 (зургаан зуун жаран дөрөв) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.

5.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч О.З***д сануулсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон шилний хэлтэрхийнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.З*** нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О.З***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг даруй сулласугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.З***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА