Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/ШШ2024/0011

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ягийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдааны даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

 

Нэхэмжлэгч: Д.Я

Хариуцагч: Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Гуравдагч этгээд: өмгөөлөгч Ж.Б

нэхэмжлэлийн шаардлага: “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МТ/09 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээд Ж.Б, иргэдийн төлөөлөгч Б.Г нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

 

Хэргийн индекс: 221/2023/0068/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

   1. Нэхэмжлэгч Д.Я нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МТ/09 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МТ/09 дугаар тогтоолыг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

2.1. ...Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо дахин хуралдаж шийдвэр гаргахдаа, өмгөөлөгч Ж.Бийг Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйг зохицуулах олон тооны эрх зүйн актын алиныг нь ч зөрчөөгүй, ёс зүйн зөрчил гаргаагүй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй.

2.2. Өмгөөлөгч Ж.Б-т хаягласан, гомдлын хариу нь эхээрээ 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цахим сүлжээнд байршсан хэвээр байгааг харуулахаар жишээ болгож дараах хоёр сайт руу орж үзлэг хийн, зургийг нь дарж хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасныг хангаж өгөөгүй, энэ ажиллагааг хийсэн бол нэхэмжлэл гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол өнөөдрийг хүртэл хөндөгдсөөр байгааг харж болох байсан.

2.3. Өмгөөлөгч Ж.Б нь Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх эсхүл шийдвэр гаргасных нь төлөө тэднийг сайшаах, буруутгахыг хориглоно”, 14 дүгээр зүйлийн 14.9-д “Өмгөөлөгч гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг үйлчлүүлэгчид зөвлөх, эсхүл үйлчлүүлэгч болон бусдын ийм агуулга бүхий саналыг дэмжихийг хориглоно.”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Өмгөөлөгч нь гуравдагч этгээдэд хууль болон үйл баримтын талаар худал мэдээлэл өгөхийг хориглоно.” 32 дугаар зүйлийн 32.1-д “Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхдээ гуравдагч этгээдэд хүндрэл учруулах, цагийг нь үрэх, эсхүл тухайн этгээдийн эрхийг зөрчиж үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэх заалтуудыг зөрчсөн тул тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

3.1. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь иргэн Д.Я-гоос өмгөөлөгч Ж.Б-т холбогдуулан гаргасан гомдлыг маргаан хянан шийдвэрлэх журамд зааснаар маргаан үүсгэн шалгах ажиллагааг явуулсан.

3.2. Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх..;” 14.1.2-д “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах;” гэж тус тус зааснаар өмгөөлөгч Ж.Б-ийг өмгөөллийн үйлчилгээг үзүүлэх явцдаа өөрт хаягласан албан бичгийг үйлчлүүлэгчид танилцуулсан нь Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй хэмээн Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүд хамтын шийдвэрээр дүгнэж, тогтоол гаргасан бөгөөд нэхэмжлэлд дурдсанчлан “олон тооны эрх зүйн актын алиныг нь зөрчөөгүй” гэж дүгнээгүй билээ. Түүнчлэн өмгөөлөгч Ж.Б-ийг нэхэмжлэлд тусгагдсан хуулийн заалтууд нь хамаарахгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангахгүй орхино уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

  

1. Нэхэмжлэгч Д.Я нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МТ/09 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаар Д.Я-гоос ирүүлсэн “өмгөөлөгч Ж.Б-т арга хэмжээ авч өгнө үү” гэх гомдол бүхий маргааныг хянан хэлэлцээд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МТ/09 дугаар тогтоолоор “...Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн хариу мэдэгдэх хуудсыг танилцуулсан нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй байна” гэж үзэн хариуцагч Ж.Бийг Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй болохыг дүгнэж түүнд холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчээс “...өмгөөлөгчид хаяглагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтыг эх хувиар нь хэвлэн нийтлүүлэхээр үйлчлүүлэгч нартаа гаргаж өгсөн, өөрт хаяглагдсан албан бичгийг бусдын нэр төрд халдах материал болгож үйлчлүүлэгчдээ бэлдэж өгснөөр өдөр тутмын бүхий л сонингуудад ...олон хүний нэр төрд бүдүүлгээр халдсан гүтгэлгийг үнэн болгож харагдуулах гол хэрэгсэл нь Н.Б хуулийн байгууллагаас гаргаж өгсөн албан бичиг байдаг, ...Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1, 14.9, 29.1, 32.1-д  тус тус заасныг зөрчсөн” гэж,

хариуцагчаас “...Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх,..;” 14.1.2-д “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах;” гэж тус тус зааснаар өмгөөлөгч Ж.Бийг өмгөөллийн үйлчилгээг үзүүлэх явцдаа өөрт хаягласан албан бичгийг үйлчлүүлэгчид танилцуулсан нь Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй хэмээн Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүд хамтын шийдвэрээр дүгнэж, тогтоол гаргасан бөгөөд нэхэмжлэлд дурдсанчлан “олон тооны эрх зүйн актын алиныг нь зөрчөөгүй” гэж дүгнээгүй билээ. Түүнчлэн өмгөөлөгч Ж.Бийг нэхэмжлэлд тусгагдсан хуулийн заалтууд нь хамаарахгүй гэж үзэж байна” гэж,

гуравдагч этгээдээс “...өмгөөлөгчийн үйлчлүүлэгчдээ өгсөн прокурорын хариу мэдэгдэх хуудас”-нд өмгөөллийн нууц задруулсан гэх зүйл огтхонч байгаагүй, тухайн мэдэгдэх хуудасны зургаас гадна өөр бусад мэдээлэл нь өмгөөллийн нууц байтугай өмгөөлөгчийн огт мэдэхгүй, зөвхөн нэхэмжлэгчийн ойр дотны хүмүүс мэдэж болох мэдээ, мэдээлэл тавигдсан байсан, ...уг бичиг баримтыг ашиглан хэн гэж хүн олон нийтийн цахим сүлжээнд үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл байршуулсныг цааш нь шалгах шаардлагагүй, шалгах ч боломжгүй, тийм эрх хэмжээ ч холбоонд байхгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

4. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

4.1. Улсын ерөнхий прокурорын орлогч М.Ч-ын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Гомдолд хариу өгөх тухай” 1/368 тоот албан бичгээр “...хэргийг хянахад, иргэн С.О, С.Ч, Д.Я нарын хоорондын маргаан Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан “Өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах” журам, эд хөрөнгийн өмчлөлд шинээр өмчлөгч нэмэх, хасах хэлцлээс үүссэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх асуудал, Д.Я-гийн үйлдэл Эрүүгийн хуульд заасан, залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье” гэх албан бичгийг өмгөөлөгч Ж.Бт хүргүүлсэн байна.

4.2. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмгөөллийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, 4.1.1-д “хууль дээдлэх, шударга ёсыг сахих”, 4.1.2.“өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох”, 4.1.5-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах үүрэг хүлээнэ:” 14.1.1-д “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах”, 14.1.2-т “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах;” 14.1.3-т “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах;үүрэгтэй гэж тус тус заажээ.

6.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд өмгөөлөгч Ж.Б нь өөрийн үйлчлүүлэгчдээ тухайн хэрэг маргаантай холбоотой хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар мэдэгдэж, өөрт нь хаяглагдсан Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдэгдэх хуудсыг танилцуулсан нь  өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг үйлчлүүлэгчдээ тухай бүр цаг алдалгүй өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байх тул “нэхэмжлэгчийн гаргасан “...өмгөөлөгчид хаяглагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтыг эх хувиар нь хэвлэн нийтлүүлэхээр үйлчлүүлэгч нартаа гаргаж өгсөн, өөрт хаяглагдсан албан бичгийг бусдын нэр төрд халдах материал болгож үйлчлүүлэгчдээ бэлдэж өгсөн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

6.4. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч Ж.Б нь өөрийн үйлчлүүлэгчдээ ...мэдэгдэх хуудсыг танилцуулсан” нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх эсхүл шийдвэр гаргасных нь төлөө тэднийг сайшаах, буруутгахыг хориглоно”, 14 дүгээр зүйлийн 14.9-д “Өмгөөлөгч гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг үйлчлүүлэгчид зөвлөх, эсхүл үйлчлүүлэгч болон бусдын ийм агуулга бүхий саналыг дэмжихийг хориглоно.”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Өмгөөлөгч нь гуравдагч этгээдэд хууль болон үйл баримтын талаар худал мэдээлэл өгөхийг хориглоно.” 32 дугаар зүйлийн 32.1-д “Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхдээ гуравдагч этгээдэд хүндрэл учруулах, цагийг нь үрэх, эсхүл тухайн этгээдийн эрхийг зөрчиж үйл ажиллагаа явуулахыг хориглоно”  гэж тус тус заасан ёс зүйн зөрчил гаргасан гэх зөрчилд хамаарахааргүй байна.

6.5. Дээр дурдсан үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МТ/09 дугаар тогтоолоор хариуцагч Ж.Бийг Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй болохыг дүгнэж түүнд холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.2-т “өмгөөлөгч хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй бол маргааныг хэрэгсэхгүй болгох” гэж заасанд нийцсэн байх тул тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримт хангалттай бус гэж үзэж байгаа бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна” гэснийг шүүх хүлээн авч, үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МТ/09 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ягийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

                         ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА