Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 366

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улсын Ерөнхий Прокурорын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/03040 дүгээр шийдвэртэй, Улсын Ерөнхий Прокурорын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Өт холбогдох

эрүүгийн гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирол 49 551 500 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батчимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ө нь Архивын Ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан 2013 оны 1, 2 дугаар саруудад тус газрын үнэлгээний хорооны дарга М.Эрдэнэбат, гишүүн Ц.Чинбат, Ө.Энхтунгалаг, Б.Отгонбаяр нараар тендерт шалгарсан мэтээр хурлын тэмдэглэл, зөвлөмж, худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдүүлж төрсөн охин Ө.Цэцэглэнгийн нөхөр Б.Төгөлдөр, Ө.Эгшиглэнгийн нөхөр А.Батжаргал нараас компьютер, түүний дагалдах хэрэгслүүд зэргийг нийт 153 491 500 төгрөгөөр зах зээлийн үнэлгээнээс дээгүүр үнээр худалдан авч үнийн дүнгийн зөрүүнээс 49 551 500 төгрөгийг хувьдаа завшиж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дээрх үйлдэлд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Хамгийн сүүлд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлөх хүсэлт гаргаж, өршөөлд хамрагдах өргөдөл Б.Өлзийбаатар гаргасан. Үүнийг үндэслэн мөрдөн байцаагчаас 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох санал ирүүлсэн тул Нийслэлийн Прокурорын газар хянаад 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 151 дугаартай тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тогтоолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нь учирсан хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурджээ.

Эд хөрөнгө үнэлгээний “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 100/06 дугаартай үнэлгээ хийсэн дүгнэлтээр зах зээлийн үнээс 49 551 500 төгрөгөөр илүү үнэлж компьютер, дагалдах тоног төхөөрөмжийг худалдан авч төрийн эрх ашгийг хохироосон нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс хойш Архивын Ерөнхий газар хохирлыг нэхэмжлээгүй учир төрд учирсан хохирол төлөгдөөгүй. Д.Өын гэм буруу тогтоогдсон, учруулсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрсөн тул татвар төлөгчдийн хөрөнгөөс бүрддэг улсын төсөвт учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж прокурор үзэж байгаа.

Прокурор энэхүү хохирлыг шаардсан нэхэмжлэл гаргах үндэслэл буюу эрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7.8, Прокурорын байгууллагын тухай хуулийн 20.1, 20.4, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар олгогдсон бөгөөд прокурорын дээд байгууллага нь Улсын Ерөнхий прокурорын газар тул өршөөл болон бусад байдлаар хэрэгсэхгүй болгогдсон эрүүгийн хэргийн улмаас улсад учруулсан төлөгдөхгүй, орхигддог хохирлыг арилгуулах, улсын орлогод оруулахаар Төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан. Иймд Д.Өаас эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол 49 551 500 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ө Архивын Ерөнхий газрын даргаар ажиллаж байх үедээ цаг үеийн нөхцөл шаардлагаар байгууллагын хэрэгцээнд зориулан 2013 оны 2 дугаар сард Архивын Ерөнхий газарт компьютер нийлүүлэх тухай тендерийг зохион байгуулж, персонал болон зөөврийн компьютер, зөөврийн хард диск зэргийг 153 491 700 төгрөгийн зардлаар худалдан авсан юм. Архивын Ерөнхий газрын 2013 оны урсгал зардалд буюу төсөвт суулгаж өгсөн зардлыг зориулалтын дагуу зарцуулж, байгууллагад хэрэгцээ шаардлагатай байсан худалдан авалтыг л хийсэн. Өмнөх жилүүдэд тендергүйгээр шаардлагатай бараа материалаа авдаг байсны дагуу урьдаас захиж бэлдсэн бараагаа байгууллагад авах гэтэл Сангийн яамнаас тендерийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсний дагуу нэгэнт аваад бэлдсэн байсан бараандаа баримт бичиг бүрдүүлсэн.

Санаатайгаар байгууллагад хохирол учруулсан зүйл байхгүй бөгөөд бараа бүтээгдэхүүнийг худалдан авах болсон үндэслэл нь, Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх нь үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсын Засгийн газрын 2010 оны 261 дүгээр тогтоолын дагуу 21 аймгийн архивын хэлтэст компьютер, техник хэрэгслээр хангах эх үүсвэрийг шийдвэрлүүлэн бэлтгэн нийлүүлсэн. Энэ нь Архивын Ерөнхий газарт компьютер нийлүүлэх үнийн санал, авах баримт бичиг, Төрийн өмчийн хорооны 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Бүртгэлд тусгах тухай 3/953 дугаартай албан бичиг, хавсралтууд, аймгуудад олгосон компьютер, техник хэрэгслийн жагсаалт, зарлагын баримтууд 201301000262 дугаартай эрүүгийн хэргийн материалд авагдснаар нотлогддог.

Мөн төсвийн урсгал зардалд хуваарилж өгсөн мөнгөн дүнг хэтрүүлэлгүйгээр, зориулалтын дагуу худалдан авалтыг хийсэн ба худалдан авсан компьютер, техник хэрэгслүүд хэвийн ашиглагдаж байгаа нь тогтоогдсон байдаг. Түүнчлэн, тухайн эрүүгийн хэрэгт Архивын Ерөнхий газраас томилогдсон төлөөлөгч хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Билгүүн нь байгууллагад бодит хохирол учраагүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ тодорхой хэлсэн ба тухайн компьютеруудыг худалдан авсан үнэ, байгууллагад орлого авсан үнэ нь санхүүгийн баримтаар таарч байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Төлөвлөсөн төсөвт алдагдал гаргаагүй, төрийн эрх ашгийг зөрчөөгүй, төсөвт бодит хохирол учраагүй нь холбогдох этгээдүүдийн тайлбар, мэдүүлэг, баримтаар нотлогдсоор байтал Компьютер, түүний дагалдах хэрэгслүүд зэрэг нийт 153 491 500 төгрөгөөр зах зээлийн үнээс дээгүүр үнээр худалдан авч, үнийн дүнгийн зөрүүнээс 49 551 500 төгрөгийг хувьдаа завшиж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг нь үндэслэлгүй.

Шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон гэх 49 551 500 төгрөгийн үнийн дүнг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй, эргэлзээтэй байгаагийн дээр үнэлгээний байгууллагын зах зээлийн судаалгааны дүгнэлтээр төрд учирсан бодит хохирлыг тодорхойлох боломжгүй гэж үзэж уг хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн, үнийн дүнгийн зөрүүнээс 49 551 500 төгрөг хувьдаа завшсан гэдэг нь ор үндэсгүй худал зүйл юм. Үнэлгээний байгууллагын дүгнэлтэнд бичигдсэн үнийн дүн бол тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлийн дундаж ханшийг илэрхийлэхээс бус заавал тухайн үнээр бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ёстой гэсэн үг биш юм. Гэтэл, заавал үнэлгээний байгууллагын гаргасан ханшаар худалдан авалт хийх ёстой байсан мэтээр хийсвэр хохирол бий болгон нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцээгүй, шударга бус явдал юм.

Д.Ө нь үнэлгээний байгууллагын судалсан үнэ ханшаас өөр үнээр бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан байж болох ч худалдан авсан үнээр нь байгууллагын данс бүртгэлд хүлээлгэн өгч, худалдагч аж ахуй нэгжүүдэд үнийг нь төлснөөс бус төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж, хувьдаа завшсан зүйлгүй. Нэхэмжлэлд, “... зах зээлийн үнээс 49 551 500 төгрөгөөр илүү үнэлж компьютер, дагалдах тоног төхөөрөмжийг худалдан авч төрийн эрх ашгийг хохироосон” гэснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Д.Ө тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний худалдах үнэ өртгийг тодорхойлох эрхтэй худалдагч тал биш, харин худалдан авагч тал байсан. Тэдгээр бараа бүтээгдэхүүн нь Д.Өын өмч хөрөнгө биш бөгөөд худалдагч аж ахуй нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнээ үнэлсэн үнэ өртгөөр  худалдан авалт хийснийг Д.Өыг үнэ тогтоосон мэтээр буруутгаж байгааг бодит байдлыг хэт мушгин гуйвуулсан тайлбар гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй.

Д.Өт холбогдох эрүүгийн хэргийг өршөөлийн хуулийн дагуу хэрэгсэхгүй болгосон, түүнд хохирлоо нөхөн төлөхийг зөвшөөрсөн гэж тусгагдсан ч түүний бичсэн гэх өргөдлийг мөрдөн байцаагч үгчлэн хэлж бичүүлсэн, хэрэг үйлдсэн гэдэгтээ санал нийлдэггүй тул зөвшөөрөхгүй. Хууль зүйн мэдлэг дутмагаас прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон. Түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын газар хохирлыг шаардах эрхтэй этгээд нь биш. Эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Архивын Ерөнхий газрыг төлөөлж түүний ажилтан явж байсан. Иймд тэд л шаардах эрхтэй болохоос Улсын Ерөнхий прокурорын газар шаардахгүй тул эрүүгийн хэрэгт учирсан хохирол 49 551 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Өлзийбатаараас 49 551 500 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Д.Өаас 405 707 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс уг хохирол нь бодит хохирол биш бөгөөд Улсын Ерөнхий Прокурорын газар нэхэмжлэл гаргах эрхгүй буюу нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гэж маргасан. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7.8-д заасныг баримтлан, хуулийн дагуу төрийг төлөөлж, төрийн зөрчигдсөн эрхийг өөрийн санаачилгаар хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хамгаалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл гарган оролцох эрх Улсын Ерөнхий Прокурорт байгаа тул Үндэсний архивын газраас хүсэлт, итгэмжлэл олгосон эсэхээс үл хамааран Улсын Ерөнхий Прокурорын газрыг нэхэмжлэл гаргаж, улсад учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7.8-д зааснаар ерөнхий зохицуулалт бүхий хэм хэмжээ бөгөөд прокурор төрийг төлөөлөн иргэний нэхэмжлэл гаргах журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан байна. Уг зохицуулалт нь прокурорын төрийг төлөөлөх бүрэн эрх хуулийн дагуу төрийн байгууллагын хүсэлтэд үндэслэн үүссэн байх шаардлагатай. Энэ нь прокурор төрийн байгууллагын бичгээр гаргасан хүсэлтгүйгээр, өөрийн санаачилгаар төрийг төлөөлөн иргэний нэхэмжлэл гаргаж болохгүй гэдгийг илэрхийлж байна. Энэ зарчмыг Прокурор тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан.

Гэтэл Улсын Ерөнхий Прокурорын газар хуулийн дээрх зүйл заалтуудыг зөрчиж гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн.

Мөн, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нь учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсаны дагуу прокурор төрийг төлөөлж, иргэний нэхэмжлэл гаргах эрх нь түүний өөрийн санаачилгаар бус, хуульд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлээр нарийвчлан зохицуулагдах нь тодорхой харагдаж байгаа юм.

Улсын Ерөнхий Прокурорын газар нэхэмжлэл гаргахдаа зайлшгүй төрийн байгууллагын хүсэлтэд үндэслэсэн байх ёстойг заасан байна.

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн амаар гаргасан тайлбарын дагуу шүүхийн шийдвэрт дурдсан эрүүгийн хэрэгт хохирогч буюу иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Архивын ерөнхий газар өөрт учирсан хохирлоо шаардаагүй нь прокурорыг нэхэмжлэл гаргах шаардлагыг бүрдүүлсэн гэдэг нь буруу. Учир нь Архивын ерөнхий газар бол төр юм. Төр өөрөө шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлж өгөхийг хүсээгүй байхад прокурор дур мэдэн түүний нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа нь төрийн цогц шинжийг алдагдуулсан, хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл мөн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан төрийн үйл ажиллагаа үндсэн зарчим “хууль дээдлэх зарчим”-д нийцээгүй хууль бус үйл ажиллагаа болно.

Түүнчлэн, Прокурорын энэхүү төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан явдал нь Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан “...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах” төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхэнд халдаж, эрх хэмжээгээ хэтрүүлсэн ч гэж үзэхээр харагдаж байна. Эндээс үзэхэд, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Улсын Ерөнхий прокурорын газар нь хариуцагч Д.Өлзийбаярт холбогдуулан эрүүгийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 49 551 500 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 151 дугаар тогтоолд Архивын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Ө нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан тус газрын үнэлгээний хорооны дарга, гишүүдээр тендерт шалгарсан мэтээр баримт үйлдүүлж, өөрийн хамаарал бүхий иргэдээс компьютер түүнд дагалдах техник хэрэгслийг зах зээлийн үнэлгээнээс илүү үнээр худалдан авч, зөрүү 49 551 500 төгрөгийг хувьдаа завшиж, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон гэж дүгнэжээ. /хх12-14/

 

Мөн Д.Ө нь өөрт холбогдох үйлдэл, гэм буруугийн талаар маргаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлөх хүсэл зоригоо илэрхийлснийг үндэслэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх12-14/

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хариуцагчийн хувьд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь Улсын Ерөнхий прокурорын газар биш атал хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн шаардлага гаргаж байгаа нь хууль бус гэж тайлбарлаж, энэ агуулгаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 20.4 дэх хэсэгт “Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно” гэж тус тус зааснаас үзвэл Улсын Ерөнхий Прокурорын газар дээрх хохиролтой холбоотой нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд Д.Өын гэмт үйлдлийн улмаас төрд учирсан хохирлыг шүүх Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлийн дагуу түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв гэж үзэв. Өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, ийнхүү учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх талаар мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар тус тус зохицуулсан байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч П.Өлзийбаатараас гэмт хэргийн улмаас төрд учруулсан 49 551 500 төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдснаар хүчингүй болгох үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/03040 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 707 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА