| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/05187/и |
| Дугаар | 126 |
| Огноо | 2019-01-08 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 126
| 2019 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 101/ШШ2019/00126 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О-ын гаргасан,
Хариуцагч: Б-д холбогдох,
11,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, өмгөөлөгч Д.Э, хариуцагч Д.Б, гэрч Г.Э, Х.Б, П.Т, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Би, хариуцагчид Д.Бөд 11,000,000.00 төгрөгийг *******йн төвийн урд газрыг хөөцөлдүүлэхээр өгсөн, гэвч газрын асуудал шийдэгдэхгүй удаад байсан тул бид нар 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр уулзаж, мөнгө өгсөн тухай бичгээр баримт үйлдсэн.
Угтаа хариуцагч Д.Б надаас 11,000,000.00 төгрөгийг буцааж өгнө гэж зээлсэн. Тухайн үед би 6,000,000.00 төгрөгийг бэлнээр, дараа нь 5,000,000.00 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн. Тэрээр надаас мөнгө авахдаа н.Эад битгий хэлээрэй гэж гуйсан, хожим газрын эрх сэргээх асуудал шийдэгдэхгүй байсан тул би гэрч *******ад хандан Д.Бөд яаралтай мөнгийг минь эргүүлж өг гэж хэлүүлсэн юм.
Ингээд манай ажил дээр бид 3 уулзаж 11,000,000.00 төгрөгийг хэзээ хэрхэн буцаан өгөх талаар ярилцаж энэ тухай тэмдэглэл үйлдсэн. Нэхэмжлэгч миний бие 100 айлын өмнө байрлах Хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн газрыг хувьчилж авсан байсан боловч хүчингүй болсон. Үүнийг хариуцагч Д.Б хуулийн дагуу хувьчлагдаагүй байна, би засаж залруулж өгнө гэж хэлээд надаас 11,000,000.00 төгрөг авсан.
Бидний уулзалтын дагуу 4,000,000.00 төгрөгийг 2 удаа өгөх болон газар эзэмших эрх шилжүүлэх ажиллагаа хийгдээгүй юм. Иймд, хариуцагчаас 11,000,000.00 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, хариуцагчаас 11,000,000.00 төгрөгийг зээлж аваагүй, харин 4,000,000.00 төгрөгийг түүний хүчингүй болсон газар эзэмших эрхийг сэргээх ажилд зориулж авсан. Хэрэгт авагдсан 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгийг үйлдсэн талаар маргахгүй боловч 4,000,000.00 төгрөгийг авсан байхад 11,000,000.00 төгрөг өгсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Миний бие газрын гэрчилгээ авч очсон удаа байхгүй. Нэхэмжлэгч Оы газрын эрхийг хүчингүй болгох тухай Төрийн өмчийн хорооны шийдвэр гарсан байсан. Гэтэл тэрээр газрынхаа дуудлага худалдааны анхны үнийг төлсөн байсан тул бид төр хариуцлагагүй хандсан гэж ярилцсан. Би, газрын гэрчилгээ барьцаалж мөнгө зээлээгүй.
Бид, энэ хугацаанд 2 удаа уулзсан, эхлээд над руу өмгөөлөгч нь ярьсан, дараа нь уулзахдаа газрынхаа гэрчилгээгээ авч очсон. Миний бие авсан 4,000,000.00 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан, яагаад н.Э гэж хүнд мөнгө авсан талаар хэлээгүй бэ гэхээр хүнд тусална гэж хэлчихээд мөнгө авсан гэвэл буруу зүйл болчих гээд байсан юм.
Би, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн албан бичигт сандарч гарын үсэг зурсан ба 4,000,000.00 төгрөгийг авсан” гэв.
Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Оаас хариуцагч Д.Бөд холбогдуулан 11,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, гэрч нарын мэдүүлгийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч О, хариуцагч Д.Б, гэрч Г.Э нар 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хоорондын төлбөр тооцоог хэзээ, хэрхэн яаж барагдуулах талаар бичгээр баримт үйлдсэн байна /х.х-ийн 3 хуудас/.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг баримтыг бичгээр үйлдсэн эсэх талаар маргаагүй хэдий ч түүнд бичигдсэн агуулга буюу 11,000,000.00 төгрөгийг хариуцагч авсан эсэх талаар маргаж, өөрт ашигтай байдлаар тайлбарласан. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “өр авлагын тухай ярилцав” гэсэн баримтад:
Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “би 4,000,000.00 төгрөгийг авсан, ингээд 2,000,000.00 төгрөгөөр 2 хувааж төлөхөөр тохиролцсон, газрыг барьцаа хэлбэрээр гэрчилгээний эх хувийг өгөхөөр болсон” гэж тайлбарласан бол, харин нэхэмжлэгч тал “нийт 11,000,000.00 төгрөг авсан, 4,000,000.00 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, бусад хэсгийг газар эзэмших эрх шилжүүлэх байдлаар буцаан өгөхөөр болсон боловч өөр хүний газар байсан” гэж маргасан.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 41.2.-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, зохигчдын бичгэн хэлбэрт тусгагдсан хүсэл зоригийг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахын сацуу агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно. Энэхүү 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “өр авлагын тухай ярилцав” гэсэн бичгийн агуулгыг тодорхойлвол “хариуцагч Д.Б нь анх 70,000,000.00 төгрөг нэхсэн, үүнээс нэхэмжлэгч О түүнд 11,000,000.00 төгрөгийг өгсөн, хожим буцаан өгөхгүй байсан тул хууль зүйн туслалцаа авч, зардлын хамт нэхэмжлэх болно гэдгээ мэдэгдэж, хариуцагч талд шууд төлөх мөнгө байхгүй учраас зуслангийн газрын хамт 4 сая төгрөгийг өгнө” гэсэн утгыг илэрхийлж байна.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр гэрчээр оролцохоор болсон гэрч Г.Э “эхлээд О 11,000,000.00 төгрөг гэж хэлсэн, харин Д.Б 10,000,000.00 орчим төгрөг гэж ярьж байсан” гэх тайлбар, гэрч П.Тын “би, Д.Бийг эмч Оы өрөөнд харсан, 2016 оны 09 дүгээр сард эмчийн сейфнээс 6,000,000.00 төгрөг авч, эмчид өгсөн гэх, мөн гэрч Х.Бгийн “би, Д.Бийг эмнэлэг дотор хэд хэдэн удаа харсан, эмчийн хэлснээр сейфнээс 5,000,000.00 төгрөг авч, эмчид өгсөн” гэх тайлбаруудыг дээр дурьдсан “өр авлагын тухай ярилцав” гэсэн бичгийн агуулга, талуудын гаргасан тайлбартай харьцуулан үзвэл хариуцагч Д.Б нь 11,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Оаас хүлээн авсан байна.
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “энэхүү 11,000,000.00 төгрөгийг *******йн төвийн урд газар хөөцөлдөж өгнө гэж авсан, газрын асуудал шийдэгдэхгүй удаад байсан тул бид нар 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр уулзаж, мөнгө өгсөн тухай бичгээр баримт үйлдсэн” гэж, мөн шүүх хуралдаанд “буцаан өгөх нөхцөлтэй зээлж авсан, хүчингүй болсон газрыг хөөцөлдөхөд хэрэг болно гэж байсан” гэж тайлбарласан бол, харин хариуцагч тал “би, тухайн мөнгийг зээлж аваагүй, дүүргийн засаг даргын захирамж алдаатай гарсны улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчингүй болсныг зохицуулах гэж” авсан гэж тус тус тайлбарласан.
Тодруулбал, зохигчид 11,000,000.00 төгрөгийг зээл, эсхүл тодорхой төрлийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр өгсөн болон зуучлалын хөлс эсэх талаар нэгдмэл тайлбар өгөөгүй бөгөөд тус мөнгийг хүлээн авсан хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчээс өгөх болсон хэрэгцээ, шаардлагыг тодруулахдаа нэхэмжлэгчийн хүчингүй болсон газар эзэмших эрхийг сэргээхэд шаардлагатай ажлыг хариуцагчаар гүйцэтгүүлэхэд гарч болох зардалд зориулсан гэсэн.
Гэтэл хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг 11,000,000.00 төгрөгийг газартай холбоотой ирээдүйд гарах ямар зардалд зарцуулах гэж авсан тухай үндэслэл бүхий тайлбар өгөөгүй, бусдын газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй холбоотой харилцаа туслах, зуучлах үүргийг хэрэгжүүлж болох хэдий ч энэ нь хуулийн хүрээнд гүйцэтгэх ёстойгоос гадна түүнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хуульд заасан эрх бүхий этгээдийн нэгэн адил газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх эрх олгох эрх байхгүй, гагцхүү ийм эрхтэй этгээдэд хуулиар тогтоосон зохих журмын дагуу хандаж, шийдвэрлүүлэх учиртай юм.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд 56.1.1.-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, талууд хууль бус, нийтэд үл хүлээн зөвшөөрөгдөх үйлдэл, эс үйлдэл хийхээр тийнхүү тохиролцсон бол тухайн гэрээ, хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байна.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.1.-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж тус тус заасны дагуу зохигчдын хооронд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах гэрээ, хэлцэл байгуулагдсанаар иргэний эрх зүйн харилцаа үүснэ.
Гэвч нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид анхнаасаа хуульд нийцэхгүй зүйлийг тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д зааснаар гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч Од 11,000,000.00 төгрөгийг хариуцагч Д.Бөөс гэрээний дагуу шаардах эрх байхгүй.
Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.-д “иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох Оы үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж заасан.
Тайлбарлавал, иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх ба эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, тухайн этгээд эд хөрөнгийг тодорхой гэрээ болон хуульд заасан үндэслэлээр олж авсан тохиолдолд түүнд эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах буюу захиран зарцуулах эрх үүсэх бөгөөд тэрээр үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг хүлээнэ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд хөрөнгийг шилжүүлсэн эрх бүхий этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Д.Бөд 11,000,000.00 төгрөгийг үлдээх хууль зүйн үндэслэл алга байна.
Иймд, нэгэнт талуудын хооронд тодорхой төрлийн гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч тал дээрх төлбөрийг буцаан өгөх аливаа үүрэг хүлээгээгүй гэдгээ баримтаар нотлоогүй, тэрээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч тал шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах нь зүйтэй юм.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР