Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Базарханд |
Хэргийн индекс | 187/2022/0733/Э |
Дугаар | 2022/ШЦТ/720 |
Огноо | 2022-10-28 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | О. |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/720
2022 10 28 2022/ШЦТ/720
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч О.Доржмаа, хохирогч Д.Нямбаяр, хохирогчийн өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Д.Батзориг, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан, шинжээч эмч Б.Ариунзол, Т.Чимэд-Очир /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхайхан овогт Даш-Яндагийн Батзоригт холбогдох эрүүгийн 22100 0579 0911 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Ревматизмын холбооны дэргэдэх эмнэлгийн ерөнхий эмч ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдрах, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 505 дугаар байрны 1404 тоотод оршин суух, урьд:
- Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 416 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 822 дугаартай шийтгэх тогтоолоор 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Урианхайхан овогт Даш-Яндагийн Батзориг /РД:хххххххх/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Батзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхоны 505 дугаар байрны 1404 тоотод 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч Д.Нямбаяртай гэр бүлийн асуудлаар маргалдаж, нүүр лүү нь мөргөж, биед нь “...тархи доргилт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Батзоригоос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих орой манай хуурай ах ардын зураач, төрийн соёрхолт Чимэддоржид золгохоор Нямбаяртай хамт очсон. Цагаан сар болж байсан учир 50 грамм конъяк уусан байсан. Бид хоёр гэртээ буцаж ирэхэд гэр замбараагүй байсан. Тэгээд би Нямбаяртай “чи буудалд амьдарч байгаа юм уу” гэж хэлснээс болж маргалдсан, гэхдээ удаан маргаагүй. Тэгэхэд надад “чи гэрийн үйлчлэгч ав” гэж хэлсэн.
Гэтэл цагдаа хаалга тогшоод ирсэн. Би “маргаан болоогүй” гэхэд “тайлбараа хий” гэж хэлсэн. Тэгээд би “асуудал үүсгээгүй тул та нарыг дагаж явахгүй. Дуудлага өгсөн хүн өөрөө тайлбараа хий” гээд Нямбаярыг явуулсан. Маргааш нь дэслэгч Дулам “тайлбараа хэл” гээд дуудсан.
2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Шүүх эмнэлгийн дүгнэлт гарч, эрүүгийн хэрэг үүссэн гэж хэлсэн. Нямбаяр “намайг мөргөсөн” гэж хэлээд байна. Би 82 кг жинтэй хүн. Толгойны масс бүх жингийн 20 хувийг эзэлдэг. 20 гаруй кг жингээр хүний хамрыг мөргөвөл зүгээр цус хуралт үүсгээд зогсохгүй. Цус хуралт бол заавал өнгө өгөх ёстой.
Гэтэл хар цагаан буюу өнгөгүй зураг өгсөн байсан. Өмнө нь зүгээр байсан гэх зургууд нь өнгөний хувиралтай зургууд байсан. Цус хуралт үүссэн бол доод хугацаа нь 14 хоног болсноор арилдаг. Дуу бичлэгийн тухайд бол тэр өдөр би тийм их согтолттой байгаагүй. Энэ талаар Чимэддорж ах батална. 7-8 хоногийн дараа Нямбаяртай уулзахад нүүр ам нь зүгээр байсан.“ гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Д.Нямбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би гэрээ цэвэрлэсэн байсан. Гэр цэвэрхэн байсан. Тухайн өдөр Батзориг ажлаасаа ирээд “Чимэддорж ахынд очно, хоолоо идчихээд түгжрэл гайгүй болохоор нь гарна” гэсэн. Айлд очихоос өмнө надад элэгний хор гадагшлуулах дусал хийж өгсөн.
Тэгээд бид хоёр Чимэдээ ахынд очоод ирсэн. Надад Чимидээ ахын тухай ярьж байснаа “чамайг миний жинхэнэ эхнэр гэж ойлгочих шиг боллоо” гэхээр нь “би чиний ямар эхнэр чинь юм бэ” гэж асуугаад уурласан. Би “эхнэр чинь биш юм бол яагаад гэр орон цэвэрлэх ёстой юм бэ” гээд нэлээд ууртай хэлсэн. Тэгэхэд Батзориг гараа халаасандаа хийчихсэн, хувцсаа тайлж байснаа шууд толгойгоороо миний хамар руу мөргөхөд хамар өвдөж дуугарсан.
Би өмнө нь зодуулж байсан учраас айгаад утсаа авч, ариун цэврийн өрөөнд ороод цагдаа дуудсан. Цагдаа ирэх хүртэл уурлавал зодно гэж бодоод уурлаагүй юм шиг байсан. Энэ хугацаанд утсан дээрээ дуу хурааж байсан. Цагдаа ирээд би хаалга онгойлгож өгсөн.
Батзоригийг цагдаа дуудахад надад “худлаа хэлсэн гээд хэлчих, 100.000 төгрөгөөр торгодог юм” гэж хэлсэн. Урьд нь цагдаа дуудахаар миний хувцас эд зүйлийг эвдэлдэг байсан болохоор айгаад өөрөө цагдаа дээр очиж “гомдолтой” гэж мэдүүлэг өгсөн. Маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний хамар хугарсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлээд, Гэмтлийн хажууд байх эмнэлэгт мөн үзүүлсэн. Би өөрт учирсан хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. Гомдолтой байна.
Нийт 7.422.328 төгрөг нэхэмжилж байгаа. Эмчилгээнд 304.228 төгрөг, унааны зардал 118.100 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хамрын үзүүрийн мурийлтыг тэгшлэх хагалгаанд орох 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.“ гэсэн мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Ариунзулоос өгсөн:
“...Д.Нямбаярын биед учирсан гэмтлүүдээс тархи доргилт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал шинэ гэмтэлд орно. Эдгээр гэмтлүүд нүдэнд харагдах өөрчлөлтөөр илэрхий байдаг. Харин хамрын ясны хугарал нь хуучин хугарал байсан.
Үзүүлж буй хүний биед илэрч байгаа зовиуртай шинж тэмдэг болон нүдэнд харагдах мохоо зүйлээр үүсгэгдсэн гэмтлээс үүдэж тархи доргилт гэмтэлтэй гэж үзсэн.” гэсэн мэдүүлэг,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Чимэд-Очироос өгсөн:
“...Д.Нямбаярын биед 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийхэд хамар нь овойж хавдсан, улбар ягаан цус хуралттай, улаан ягаан өнгөтэй байсан. Шинжээчийн дүгнэлтийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан.
Хамрын таславчийн мурийлт, хугарал гэмтэл нь хуучин гэмтэл гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хатуу биет бүх зүйл орно. Толгойгоор мөргөхөд биеийн жингээс гадна булчингийн хүчнээс хамаарч гэмтэл үүсдэг.
Хөхөлбөр ягаан туяа 1-2 хоногийн дотор, шарласан захаараа ягаарсан өнгөтэй болвол 3-аас дээш хоногт, шар ногоон өнгө 14-ээс дээш хоногт арилна. Цус хуралт 21 хоногийн дотор арилна.
Хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд орно. Түр хугацаа гэдэгт 4 долоо хоногт арилах, эдгэрэх боломжтой гэмтлийг хэлнэ.” гэсэн мэдүүлэг,
Хоёр: Эрүүгийн 22100 0579 0911 дугаартай хэргээс:
1. Аудио бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл, 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол (хэргийн 17, 18-20 дахь тал),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Нямбаярын хохирогчоор өгсөн:
“...Би 2013 онд ...найз Ариумаагийн найз нь гэх Батзоригтой танилцаж харилцдаг болсон. 2014 оны 4 дүгээр сард би Япон Улсад сурч байхад Батзориг миний араас ирж, “хоёулаа сууя, Монголд очиж амьдаръя” гээд бид хоёр Батзоригийн гэрт амьдарч эхэлсэн.
2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Батзориг намайг тасралтгүй 7 цаг зодож байсан. Тухайн үед нь би Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаад, эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байхад надаас “гомдолгүй гээд хэргээ хаалгачих, ингэж амьдарч байхаар үхсэн нь дээр, би 8 жилийн ял авах гээд байна шүү дээ” гээд гуйгаад байхаар нь гомдол саналгүй гээд хэргээ хаалгаад Батзоригоос салсан. Харьцаагаа тасалсан байхад үе үе согтуудаа залгаад, байнга “буцаад хамт амьдаръя” гэж гуйсаар бид хоёр 2021 оны 12 дугаар сард уулзаад, хамт амьдрахаар шийдээд, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Ривер гарден хотхоны 505-1404 тоотод хамт байх болсон юм.
Бид хоёр хамт амьдрах хугацаанд Батзориг өдөр болгон их хэмжээгээр пиво уудаг байсан. Бид 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Чимэддорж гэх найзын гэрт очиход Батзориг конъяк уугаад нэлээн согтчихсон байсан. Бид нар гэртээ ирэхэд надад “Чимэддорж чамайг миний үндсэн эхнэр гээд бодчих шиг боллоо” гэхээр нь “аан, би чиний үндсэн эхнэр биш юм бол яагаад хүний эхнэр ингэх ёстой, тэгэх ёстой гээд байдаг юм бэ” гэхэд уурлаад шууд миний нүүр лүү мөргөчихсөн. Тэгэхээр нь би айгаад гар утсан дээрээ бичлэг хийсэн юм. Тухайн үед бичлэг хийж байгааг Батзориг мэдээгүй, мөргөсөндөө уучлалт гуйсан. Би цагдаа дуудаад, удалгүй цагдаа нар ирсэн. ...Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 24-25 дахь тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Цогт-Эрдэнийн гэрчээр өгсөн:
“...Манай эгч Нямбаяр нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ирэхээр нь гайхаад яагаад ирсэн талаар асуухад Нямбаярын хамтран амьдрагч Батзориг согтуудаа түүний хамар луу мөргөж гэмтээсэн, цагдаа дээр мэдүүлэг өгөөд явж байна гэж хэлсэн. Тухайн үед хамар нь хавдаад улайчихсан байсан. Миний мэдэхийн Батзориг өмнө нь манай эгчийг 2-3 удаа зодож байсан. 2015 онд аймар зодоод цагдаа дээр хэрэг үүсэж шалгагдаж байгаад, Батзориг буруугаа хүлээж уучлалт гуйгаад хэргийг хаалгаж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 27-28 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Батбаганы гэрчээр өгсөн:
“...Би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ээлжийн хуваарийн дагуу Арцат 111 чиглэлийн дагуу үүрэг гүйцэтгэж байх үед шөнө 03 цаг 11 минутад “хамтран амьдрагч Батзориг согтуудаа муудалцаад цохисон” гэх дуудлага мэдээлэл 99493188 дугаарын утаснаас ирсэн. Үүний дагуу 03 цаг 34 минутад Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Ривер Гарден хотхоны 505-1404 тоотод очиж шалгахад иргэн Нямбаяр гэх эмэгтэй цохиулсан гэж байсан ба нөхөр нь унтлагын өрөөндөө хэвтэж байсан.
...Нямбаяр хамраа заагаад “мурийчихсан байна” гэх зүйл ярьж байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй, хамрынх нь үзүүр хэсэг нь муруй байдалтай, улайчихсан байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 34-35 дахь тал),
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Мөнх-Одын гэрчээр өгсөн:
“...Би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ээлжийн хуваарийн дагуу Арцат 111 чиглэлийн дагуу үүрэг гүйцэтгэж байхад шөнө 03 цаг 11 минутад “хамтран амьдрагч Батзориг согтуудаа муудалцаад цохисон” гэх дуудлага мэдээлэл 99493188 дугаарын утаснаас ирсэн. Үүний дагуу 03 цаг 34 минутад Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Ривер Гарден хотхоны 505-1404 тоотод очиж шалгаад, эмэгтэй хүн байсан санагдаж байна, дагуулж хэлтэс дээр ирээд жижүүрийн байцаагчдаа хүлээлгэж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 38-39 дэх тал),
6. ШШҮХ-ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3113 тоот:
“1. Д.Нямбаярын биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.3.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэсэн дүгнэлт (хэргийн 46-48 дахь тал),
7. ШШҮХ-ийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн Хэргийн материалаар нэмэлтээр хийсэн шинжилгээний 375 тоот:
“1. Дашзэвэгийн Нямбаярын биед тархи доргилт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Гэмтэл нь шинэ байна.
4. Гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Гэмтэл тус бүр дангаараа эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Гэмтлүүд нь учрах үедээ амь биед аюултай биш, үлдэц уршиг үгүй гэмтэл байна.
7. Гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдал үүсгэхгүй.
8. 2022.02.21-ний өдрийн 3113 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 52-53 дахь тал),
8. Хүчирхийллийн аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдэлийн түвшин “Дунд” гэж тогтоосон үнэлгээний баримт (хэргийн 81-82 дахь тал),
9. “2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Д.Батзориг нь Д.Нямбаярыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тухай Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай Прокурорын тогтоол баримт (хэргийн 102 дахь тал),
10. Хохирогч Д.Нямбаяр нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 106-118 дахь тал),
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Батзоригийн яллагдагчаар өгсөн:
“...Ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар Нямбаяр бид хоёр хамтран амьдрагч биш, 7 хоногт 1-2 удаа ирж очдог байсан. Нямбаярыг дахин зодож, хохирол учруулсан зүйл байхгүй. Яагаад тэгээд байгааг нь ойлгохгүй байна, хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 156-157 дахь тал) мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 126 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 127 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 135 дахь тал), Ревматизмын холбооны ажлын газрын тодорхойлолт (хэргийн 208 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Батзоригийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Батзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхоны 505 дугаар байрны 1404 тоотод 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч Д.Нямбаяртай “гэр орон цэвэрлэсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, нүүр лүү нь мөргөж, биед нь “...тархи доргилт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
- Аудио бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл, 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол (хэргийн 17, 18-20 дахь тал),
- хохирогч Д.Нямбаяр (хэргийн 24-25 дахь тал), гэрч Э.Цогт-Эрдэнэ (хэргийн 27-28 дахь тал), гэрч Б.Батбагана (хэргийн 34-35 дахь тал), гэрч Г.Мөнх-Од (хэргийн 38-39 дэх тал) нарын мэдүүлэг,
- ШШҮХ-ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3113 тоот:
“1. Д.Нямбаярын биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.3.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэсэн дүгнэлт (хэргийн 46-48 дахь тал),
- ШШҮХ-ийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн Хэргийн материалаар нэмэлтээр хийсэн шинжилгээний 375 тоот:
“1. Дашзэвэгийн Нямбаярын биед тархи доргилт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Гэмтэл нь шинэ байна.
4. Гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Гэмтэл тус бүр дангаараа эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Гэмтлүүд нь учрах үедээ амь биед аюултай биш, үлдэц уршиг үгүй гэмтэл байна.
7. Гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдал үүсгэхгүй.
8. 2022.02.21-ний өдрийн 3113 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 52-53 дахь тал),
- Хүчирхийллийн аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдэлийн түвшин “Дунд” гэж тогтоосон үнэлгээний баримт (хэргийн 81-82 дахь тал),
- хохирогч Д.Нямбаярын эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 106-118 дахь тал),
- шинжээч эмч Б.Ариунзулын “...Д.Нямбаярын биед учирсан гэмтлүүдээс тархи доргилт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал шинэ гэмтэлд орно. Эдгээр гэмтлүүд нүдэнд харагдах өөрчлөлтөөр илэрхий байдаг. Харин хамрын ясны хугарал нь хуучин хугарал байсан.
Үзүүлж буй хүний биед илэрч байгаа зовиуртай шинж тэмдэг болон нүдэнд харагдах мохоо зүйлээр үүсгэгдсэн гэмтлээс үүдэж тархи доргилт гэмтэлтэй гэж үзсэн.” гэсэн мэдүүлэг,
- шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Д.Нямбаярын биед 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийхэд хамар нь овойж хавдсан, улбар ягаан цус хуралттай, улаан ягаан өнгөтэй байсан. Шинжээчийн дүгнэлтийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан.
Хамрын таславчийн мурийлт, хугарал гэмтэл нь хуучин гэмтэл гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хатуу биет бүх зүйл орно. Толгойгоор мөргөхөд биеийн жингээс гадна булчингийн хүчнээс хамаарч гэмтэл үүсдэг. Хөхөлбөр ягаан туяа 1-2 хоногийн дотор, шарласан захаараа ягаарсан өнгөтэй болвол 3-аас дээш хоногт, шар ногоон өнгө 14-ээс дээш хоногт арилна. Цус хуралт 21 хоногийн дотор арилна.
Хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд орно. Түр хугацаа гэдэгт 4 долоо хоногт арилах, эдгэрэх боломжтой гэмтлийг хэлнэ.” гэсэн мэдүүлэг зэрэг (шүүх хуралдааны тэмдэглэл) баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан.
“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа, хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг;
гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг;
гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг, мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгох бөгөөд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.
Шүүгдэгч Д.Батзориг болон хохирогч Д.Нямбаяр нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч тодорхой хугацаанд нэг гэрт хамт амьдарч байгаа, дотно харилцаа бүхий болох нь тэдгээрийн мэдүүлэг болон хэргийн баримтаар тогтоогдсон тул тэднийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” гэж үзнэ.
Хэргийн шүүгдэгч Д.Батзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер Гарден хотхоны 505 дугаар байрны 1404 тоотод 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч Д.Нямбаяртай “гэр орон цэвэрлэсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, нүүр лүү нь мөргөж, биед нь “...тархи доргилт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон ба хохирогч Д.Нямбаярын биед учирсан “хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.Батзориг нь түүний нүүр лүү мөргөсөн гэмт үйлдлийн улмаас үүссэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.
Хэргийн хохирогч Д.Нямбаярын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Энэ хэргийн хохирогч Д.Нямбаяр нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Нийт 7.422.328 төгрөг нэхэмжилж байгаа. Эмчилгээнд 304.228 төгрөг, унааны зардал 118.100 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хамрын үзүүрийн мурийлтыг тэгшлэх хагалгаанд орох 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.“ хэмээн (шүүх хуралдааны тэмдэглэл) мэдүүлж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хохирогчоос бодитой гарсан эмчилгээний зардлын баримтыг хэргийн 106-118 дугаар хавсарган бэхжүүлснийг шүүх нэг бүрчлэн судлахад 289.842 төгрөг болж байх тул хохирогч Д.Нямбаярт нөхөн төлөгдөх хохирол, хор уршгийн баримттай гарсан эм тариа худалдан авсан, эмчилгээний төлбөр 159.842 төгрөг, КТГ-ын шинжилгээний 130.000 төгрөг, нийт 289.842 төгрөгийн шаардлагыг хангаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Харин хохирогчоос цаашид хийлгэх хамрын хагалгааны төлбөр 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд тэрээр хохирогч Д.Нямбаярын хамар ясны зүүн хажуу хананд сэлтэрсэн хуучин хугаралттай, хамрын таславч зүүн тийш хуучин мурийлттай гэж ШШҮХ-ийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3113 дугаартай дүгнэлтэд тусгагдсан учир шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй, тухайн гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн.
Хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардалд төлсөн гэх 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.
Нөгөөтээгүүр өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл шаардлагад хамаарахгүй тул өмгөөллийн зардал 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Унааны зардалд хамаарах 118.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг “нотлох баримт хангалтгүй” үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Нямбаяр нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Батзориг нь урьд ял шийтгүүлж байсан талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 136 дахь тал) хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүх, шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгосон, Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан зэргийг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх, шүүгдэгч Д.Батзоригийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан, Д.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээв.
Энэ хэрэгт Д.Батзориг нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Урианхайхан овогт Даш-Яндагийн Батзоригийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Батзоригт 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Батзориг нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Д.Батзоригоос 289.842 /хоёр зуун наян есөн мянга найман зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Нямбаярт олгож, хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх 7.043.000 /долоон сая дөчин гурван мянга/ төгрөгийн шаардлагыг ханахгүй орхисугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршигт хамаарах бусад зардлын 118.100 /нэг зуун арван найман мянга нэг зуу/ төгрөгийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны жич нэхэмжлэл гаргасан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчид тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт Д.Батзориг нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Батзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД