Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 185/2022/0497/Э |
Дугаар | 2022/ШЦТ/901 |
Огноо | 2022-09-20 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/901
2022 09 20 2022/ШЦТ/901
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: С.Эрдэнэтуяа;
Хохирогч: Г.М;
Шүүгдэгч: М.Э;
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Балжмаа;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;
Хэргийн дугаар: ...............;
Шүүгдэгч М.Э регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 19.. оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, ““ баарны зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт , урьд:
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 20... оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т зааснаар М.Эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)
М.Э нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ баарны дотор иргэн Г.Мтэй үл ойлголцол үүсгэн улмаар зодож түүний эрүүл мэндэд “хамрын ясны хугарал, таславчны мурийлт, хамрын нуруу, баруун зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокуророос М.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: “Г.М нь эхлээд өөр хүнтэй маргалдсан. Би наад талын сандал дээр сууж байгаад “хөгшин хүнтэй боль” гэж хэлэхэд над дээр ирээд хэрүүл хийсэн. Тэгэхээр нь би босож очоод мангастаж буюу нүүр рүү нь түлхээд буйдан дээр дарж унагаасан. Би солгой учраас баруун гараараа хүн цохиж чадахгүй. Тэгээд би босоод дотогшоо орсон, Г.М үлдсэн. Цагдаа ирэхэд баар хаасан байсан бөгөөд би бааран дотор сууж байсан. Гэрч О.Б нь манай найзын эхнэрийн дүү бөгөөд хохирогчийн найз нь юм. Би Г.Мийг зодож цохисон үйлдэл хийгээгүй. Намайг хүн зодоогүй гэдгийг тухайн үед байсан хүмүүс гэрчлэх ёстой” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.М мэдүүлэхдээ: “2022 оны 02 дугаар сарын 14-ний шөнийн 01 цагийн орчим найз О.Бтэй хамт ““ гэх бааранд орсон. Би 03 цагийн үед танихгүй хүнтэй муудалцаж байхад М.Э гэх хүн хажуугаас “чи боль” гэж хэлээд надтай маргалдаж эхэлсэн. Үүнээс болоод М.Э нь миний нүүр рүү түлхээд буйдан дээр намайг дарж унагаад хоолой багалзуурдсан. Багалзуурдаж байгаад үүдний хэсэг рүү М.Э гэх хүн босоод явчихсан. Би сэргэж байгаад араас нь очиж “яагаад намайг боож байгаа юм” гэж асуухаар очиход М.Э нь үгийн зөрүүгүй өөдөөс миний нүүр рүү цохисон. М.Эд цохиулчихаад хамраа дараад суухад толгой руу өвдөглөсөн. Удалгүй хүмүүс ирж салгасан бөгөөд ариун цэврийн өрөөнд ороод нүүрээ харахад хавдчихсан байсан болохоор цагдаа дуудсан. М.Э нь хүний эрүүл мэндэд хохирол учруулчихаад үүнийгээ үгүйсгэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан. Миний хувьд хамрын хагалгаанд орсон бөгөөд нэлээн цаг хугацаа алдсан. Би 1.800.000-1.900.000 төгрөгийн хохирлын баримтыг шүүхийн шатанд гаргаж өгсөн бөгөөд энэ мөнгөө нэхэмжилж байна” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Б /хх-ийн 14/, гэрч М.О /хх-ийн 37/, гэрч С.Г /хх-ийн 141/, хохирогч Г.М /хх-ийн 35/ нарын мэдүүлэг, Г.Мий биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2986 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/, СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-30/, М.Э-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 8, 142/, М.Э-ийн өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 38-73, 75-76/, М.Э-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5/, шүүхийн шатанд хохирогч Г.Мий хохирлын баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Э нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ““ бааранд иргэн Г.Мтэй маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Г.Мий /хх-ийн 35/: “...2022 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 1 цагийн үед ““ бааранд намайг М.Э гэх хүн гэмтэл учруулсан. Тухайн хүн намайг боочихоод босоод яваад өгсөн бөгөөд би өлгүүрийн хэсэгт араас нь очоод “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиход нь би суусан бөгөөд миний толгой руу 2-3 удаа өвдөглөсөн. ...Би 300 грамм цагаан архи уусан байсан. Болсон асуудлыг бүгдийг нь санаж байгаа...” гэх мэдүүлгээр,
гэрч О.Бийн /хх-ийн 14/: “...тухайн өдөр би найз Г.Мий хамт 2022 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг 30 минутын үед ““ бааранд орсон. Тэгээд сууж байгаад үл таних хүнтэй манай найз бид 2 муудалцаад байж байтал ““ баарны зохион байгуулагч юм уу, хамгаалагч М.Э гээд залуу манай найз Г.Мий нүүр хэсэгт нь мангастаж түлхээд дараа нь хоёр гараараа боож буйданд дарж тавьсан. Тэгсэний дараа нөгөө талын өлгүүрийн хэсэгт М.Э очоод суучихсан ба би очоод “та одоо болио бид ингээд гарлаа, явлаа” гээд байж байтал манай найз ирээд “та намайг яагаад боож байгаа юм бэ” гэхэд нүүр лүү нь баруун гараараа 2, 3 удаа цохисон. Тэгээд манай найз Г.М цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирэхэд М.Э байхгүй болсон байсан...” гэх мэдүүлгээр,
Г.Мий биед “хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, зулгаралт” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2986 дугаартай шинжээчийн дүгнэлт /xx-ийн 22-23/ болон СD-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-30/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
М.Эд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн хоолойг боож буйдан дээр дарж унагасан үйлдэл камерын бичлэгт бичигдэж үлдсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, М.Э нь Г.Мийг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч нараас “М.Э нь Г.Мийг зодсоныг лавтай сайн нотолж чадаагүй, хохирогч өөр үл таних хүнд зодуулсан байх, прокурор гэмт хэрэг гарсан гэх цаг хугацааг тогтоож чадаагүй” гэх зэрэг санал хүсэлтийг гаргаж байх боловч хэрэгт хохирогч Г.М өөрт нь М.Э нүүрэн тус газар цохиж хөнгөн гэмтэл учруулсан талаар мэдүүлэг өгсөн, гэрч О.Б үүнийг баталж мэдүүлсэн, хохирогч М.Эд зодуулсан даруйдаа энэ талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн /хх-ийн 139/, шинжээч эмч Ө.С хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан талаар дүгнэлт гаргаснаас гадна уг гэмтэл цохигдох үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл болохыг дүгнэлтдээ тусгасан байх тул эдгээр нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын бодитой эсэхэд М.Э, түүний өмгөөлөгчийн гомдолд заасан үндэслэл эргэлзээ төрүүлэх хэмжээнд үнэлэгдэхээргүй байна.
Мөн хэрэг учрал болоход тухайн үед байсан гэх М.О, н.Ж нарыг хэрэгт гэрчээр байцаалгах талаархи шүүгдэгч, өмгөөлөгч гарын гомдол үндэслэлгүй. Хохирогч тухайн үед өөрийг нь зодсон хүнийг танихааргүй хэт согтсон байсан гэж дүгнэх боломжгүй бөгөөд “та намайг яагаад боож байгаа юм” гэж асуусны төлөө хохирогчийг үл тоомсорлон нүүр рүү нь 2-3 удаа цохисон тухай хэргийн шууд гэрч О.Б /хх-ийн 14/ мэдүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул нэмж гэрч байцаах нь үр дүнгүй, хэрэгт ач холбогдолгүйгээс гадна М.Оыг өмнө нь гэрчээр байцаасан байна.
Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “цагаатгаж өгнө үү” гэх хүсэлт, гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.
Харин прокурор мөрдөн байцаалтад М.Эд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолдоо “хохирогчийн нэрийг буруу бичсэн”, яллах дүгнэлтэд “гэмт хэрэг гарсан цаг хугацааг буруу бичсэн” алдаа гаргасан байх боловч шүүх хуралдаанаар уг асуудлуудыг нөхөн гүйцэтгэж зөвтгөн залруулав. Ингэж зөвтгөн залруулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлөхгүй гэж шүүх дүгнэв.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан М.Э-ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоов.
Шүүх шүүгдэгч М.Эд тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртайг дурдаж байна.
Шүүгдэгч М.Э нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсний дараа буюу оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар буюу “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” хууль зүйн үндэслэлтэй.
Ингэж “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа” энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, өмнөх шийтгэх тогтоолоор буюу Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Э-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нь Эрүүл мэндийн байгууллагаас нийт 3.017.453 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх ба үүнээс 1.224.300 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлүүлсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан.
Иймд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч М.Ээс 1.793.153 төгрөгийг (эмчилгээний зардал) гаргуулж хохирогч Г.Мд, 1.224.300 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын байгууллагад буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгох нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ийг 600 (зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон өмнөх шийтгэх тогтоолоор буюу Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ээс 1.793.153 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Мд, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч М.Ээс 1.224.300 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын байгууллагад буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эд хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ