Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 132

 

 

 

 

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2019/00132

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О-ийн гаргасан,

 

  Хариуцагч: Т-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, өмгөөлөгч Ч.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

            “Би, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуйн яамны харъяа Тд архивын ажилтнаар орж, 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Энэ талаар шүүхэд маргаан үүсгэж, улмаар шүүхийн шийдвэрээр 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тухайн албан тушаалд эргэн томилогдсон юм.

 

Гэтэл намайг 2018 оны 04 дүгээр сарны 09-ний өдөр ажлаас дахин чөлөөлсөн, ингэж чөлөөлөхдөө бүтэц зохион байгуулалтаар Үйлдвэр, техник борлуулалтын албаны архив бичиг хэргийн ажлын байрны орон тоо хасагдсан гэж тайлбарласан ба ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн болон тушаал гардаж авсан эсэх талаар маргахгүй.

 

Миний бие ямар үндэслэлээр орон тоо хасагдсан гэдгийг мэдээгүй, тушаал дээр архив, бичиг хэргийн ажилтны орон тоо хасагдсан гэж байгаа боловч ажлаас халагдсан ажилчдын нэрс дотор миний нэр байхгүй. 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/6 тоот тушаалд зааснаар 5 хэлтэстэй байсан, гэтэл 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/30 дугаар тушаалаар 6 хэлтэс болгосон. Үйлдвэр, техник борлуулалтын хэлтсийг хассан, аль эсхүл татан буулгасан болох нь тодорхойгүй, ажлын чиг үүргийг Хангамжийн хэлтэс болон Техник үйлчилгээний хэлтэст шилжүүлсэн гэж тайлбарладаг.

 

Гэтэл тэдгээр хэлтсийн орон тоог нэмэгдүүлсэн байдаг, ямар орон тоо хасагдаж, мөн өөрчлөлт орж байгаа талаар тодорхой тайлбарлаагүй, нэхэмжлэгчийн ажлын байр, орон тоо хасагдаагүй, ажлын байрны тодорхойлолтод зааснаар сангийн захирлын шууд удирдлага дор ажилладаг байсан. Нэхэмжлэгч тал сангийн бичиг хэрэг хүлээж авах, гадагшаа бичиг явуулах, архивлах зэрэг ажлыг хариуцдаг.

 

Тус байгууллагад 2 архив, бичиг хэргийн ажилтан байсан. Гэтэл ямар шалгуураар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй. Харъяа газар, хэлтсийн чиг үүрэг хэвэндээ байхад архив, бичиг хэргийн ажилтныг чөлөөлж байгааг зөвшөөрөхгүй.

 

Иймд, нэхэмжлэгч О-г өмнөх ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 7,525,782.00 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хариуцагч Тариалан эрхлэгчдийг дэмжих сан нь Ххаръяа бие даасан үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хуулийн этгээдийн эрхтэй байгууллага юм. Гэвч Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-т зааснаар яамны сайд уг сангийн бүтэц зохион байгуулалтыг баталдаг.

 

Нэхэмжлэгч нь сайдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/16 тоот тушаалаар батлагдсан бүтцийн дагуу Тарилан эрхлэлтийг дэмжих сангийн Үйлдвэр, техник борлуулалтын албаны архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. Гэтэл яамны сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/30 дугаар тушаалаар тус сангийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлахдаа Үйлдвэр, техник борлуулалтын хэлтсийг чиг үүргийг Техник үйлчилгээний хэлтэс болон Хангамжийн хэлтэст шилжүүлж, архив, бичиг хэргийн ажилтны орон тоог хассан юм.

 

Манай байгууллага энэ талаар нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасныг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/117 тоот албан бичгээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай мэдэгдэл өгч, улмаар 2018 оны 04 дүгээр сарны 09-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч тал ажлаас чөлөөлсөн тушаал, тэтгэмжийг хүлээн авсан.

 

Т-ийн төв нь Ханд байрлаж, харин Үйлдвэр, техник борлуулалтын алба нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо буюу дулааны цахилгаан станцын хажууд байрладаг. Энэхүү албаны чиг үүрэг өөрчлөгдөж 13 ажилтантай байж байгаад 21 ажилтантай болсон ба ажлын шаардлагаар техникийн ажилтнууд нэмж авсан. 2017 оны бүтцийн өөрчлөлтөөр Үйлдвэр, техник борлуулалтын алба нь борлуулалт хариуцаж, гэрээ, хэлэлцээрийг сангийн нэрийн өмнөөс байгуулдаг байсныг 2018 оны бүтцийн өөрчлөлтөөр хассан.

 

Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Охариуцагч Тд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийн гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Тгийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Ог Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/01445 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1604 тоот магадлал болон Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 001/хт2017/01542 тоот тогтоолыг үндэслэн тус байгууллагын Үйлдвэр, техник борлуулалтын албаны бичиг хэргийн ажилтнаар буцаан томилсон байна /х.х-ийн 36 хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч Тгийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсанаар уг байгууллага нь улсын төсөвт үйлдвэрийн газрын статустай ажээ. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.З.-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ” гэж заасны дагуу тус байгууллага улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

 

Нэхэмжлэгч Б.О болон хариуцагч Тгийн хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтоос үзвэл нэхэмжлэгч тал төрийн үйлчилгээний албан тушаалтан байна /х.х-ийн 26-29, 34, 35 хуудас/.

 

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасны дагуу нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д “төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан болон шилжүүлсэн тухай төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4.-т зааснаар шүүх шийдвэрлэнэ.

 

Иймд, тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-д тус тус зааснаар энэхүү хэргийг Иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх зүйтэй байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.Ог хариуцагч Тгийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/19 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-30 тоот тушаал болон Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.7, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.-д заасныг тус тус үндэслэн уг өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ /х.х-ийн 7 хуудас/.

 

Тодруулбал, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

 

            Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А-16 тоот тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д заасныг үндэслэн хариуцагч Тгийн төв болон салбарын бүтэц орон тоог баталсан ба тус тушаалын 1 дүгээр хавсралтад зааснаар уг байгууллагын Үйлдвэр, техник борлуулалтын албыг 13 хүний бүрэлдэхүүнтэй буюу архив, бичиг хэргийн 1 /нэг/ ажилтантай байхаар тусгажээ /х.х-ийн 111-120 хуудас/.

 

            Түүнчлэн энэхүү тушаалын дагуу хариуцагч Тгийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/05 тоот, мөн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/06 тушаалаар ажлаас чөлөөлөх, ажил, албан тушаалд эгүүлэн томилох ажилтан, албан хаагчдын нэрсийг баталж, улмаар тус байгууллагын газар, хэлтэс, салбарын чиг үүргийг хуваарилсан байна /х.х-ийн 106-110, 141-143 хуудас/.

 

            Тодруулж хэлбэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А-16 тоот тушаал, хариуцагч Тгийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/05 тоот тушаал болон 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/06 тушаалаар батлагдсан хариуцагч байгууллагын газар, хэлтсийн зохион байгуулалтын бүтэц болох Захиргаа, аж ахуй албанд гүйцэтгэх захирлын туслах, архив, бичиг хэрэг хариуцсан 1 /нэг/ ажилтан, Үйлдвэр, техник борлуулалтын албанд архив, бичиг хэргийн 1 /нэг/ ажилтан тус тус харъяалагдан ажиллахаар болжээ.

           

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/01445 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1604 тоот магадлал болон Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 001/хт2017/01542 тоот тогтоолоор нэхэмжлэгч Б.Ог хариуцагч Тгийн Үйлдвэр, техник борлуулалтын албанд архив, бичиг хэргийн ажилтнаар буцаан томилсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд урьд өмнө үүссэн маргааныг шүүх шийдвэрлэхдээ тийнхүү тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болохыг тогтоосон байх тул зохигчид энэ талаар дахин маргах эрхгүй.

 

Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-30 тоот тушаалаар хариуцагч Тгийн төв болон салбарын бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа өмнө нь буюу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А-16 тоот тушаалаар баталсан уг байгууллагын газар, хэлтсийн зохион байгуулалтын нэгжээс Үйлдвэр, техник борлуулалтын албыг хасч, уг албаны чиг үүргийг Хангамж борлуулалтын албан болон Техник үйлчилгээний хэлтэст шилжүүлэхдээ архив, бичиг хэргийн ажилтны орон тоог хассан байна /х.х-ийн 30-33 хуудас/.

 

 Энэ талаар хариуцагч Тгийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/06 тоот тушаалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-30 тоот тушаалыг үндэслэн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, газар, хэлтсүүдийн чиг үүргийг батлахдаа дээр дурьдсанаар Техник үйлчилгээний хэлтсийн чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан архив, бичиг хэргийн ажилтны орон тоог хасчээ /х.х-ийн 146-149 хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А-16 тоот тушаал, хариуцагч Тгийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/05 тоот тушаал, түүнчлэн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/06 тушаалаар баталсан тус байгууллагын Хангамж борлуулалтын албаны орон тоог хожим Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-30 тоот тушаал, хариуцагч Тгийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/15 тоот тушаалаар 10 ажилтантай, Техник үйлчилгээний хэлтсийг 21 ажилтантай байхаар тогтоосон нь тухайн байгууллагын хувьд өөрийн ажлын онцлог, ажилтны хэрэгцээ-шаардлага, үйл ажиллагааны цар хүрээ зэргээс шалтгаалан газар, хэлтсийн ажилтны орон тоог нэмэх, хасах нь дотоод зохион байгуулалтын асуудал бөгөөд гагцхүү орон тооны цомхотгол нэрийн дор ажилтныг ажлаас чөлөөлөх зорилго агуулаагүй байх ёстой.    

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Тгийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/06 тушаалаар баталсан газар, хэлтсийн чиг үүргийн хуваарилалтад зааснаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Үйлдвэр, техник борлуулалтын алба нь гүйцэтгэх захирлаас хариуцуулсан асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулах, өргөдөл, гомдол шийдвэрлэх, хариу өгөх зэргээр салбар нэгжийн үүрэг гүйцэтгэдэг байсан бол 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/06 тоот тушаалаар уг албаны чиг үүргийг Техникийн үйлчилгээний хэлтэс хариуцахаар болсон боловч гэрээ, хэлэлцээр байгуулах, өргөдөл, гомдол шийдвэрлэх, хариу өгөх зэрэг салбар нэгжийн үүрэг гүйцэтгэх чиг үүрэг хасагдсан байна /х.х-ийн 142, 148 хуудас/.

 

Хэдийгээр хариуцагч Т нь архив, бичиг хэрэг хариуцсан 2 ажилтантай байсан боловч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А-16 тоот тушаал, мөн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-30 тоот тушаал болон эдгээр тушаалыг үндэслэн гаргасан хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, газар, хэлтсүүдийн чиг үүргийг батлах тухай дээр дурьдсан тушаалуудад тус тус тусгагдсанаар анхнаасаа нөгөө нэг архив, бичиг хэргийн ажилтан нь гүйцэтгэх захирлын туслах байсан бөгөөд тэрээр уг байгууллагын хэмжээнд архив, бичиг хэргийн ажлыг хариуцдаг байна.

 

Тодруулбал, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч Б.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 болон түүний ажлын байрны тодорхойлолтод тус тус зааснаар тэрээр хариуцагч Тгийн хэмжээнд архив, бичиг хэргийн ажлыг гүйцэтгэдэг бус, харин Үйлдвэр, техник борлуулалтын албаны өдөр тутмын архив, бичиг хэргийн ажлыг хийж гүйцэтгэдэг байсан байна /х.х-ийн 26-29, 34, 35 хуудас/.

 

Тухайлбал, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын зорилго хэсэгт “албаны хэмжээнд бичиг хэргийн эрхлэлтийг зохицуулах, хуваарилах, үр дүнд хяналт тавих, сангийн баримт бичиг, албан хэрэг хөтлөлтийг зохих стандарт журмын дагуу хөтлөх, хадгалах, хууль болон холбогдох заавар, стандартын дагуу ангилан системчилж, архивын нэгж үүсгэн сангийн архив, бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгөх” гэж, мөн гүйцэтгэх захирлын туслах, архив бичиг хэрэг хариуцсан ажилтны ажлын байрлын тодорхойлолтын зорилго хэсэгт “сангийн гүйцэтгэх захирлын өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалт, зохицуулалтанд дэмжлэг үзүүлэх, сангийн хэмжээнд бичиг хэргийн эрхлэлтийг зохицуулах, хуваарилах, үр дүнд хяналт тавих, сангийн баримт бичиг, албан хэрэг хөтлөлтийг зохих стандарт журмын дагуу хөтлөх, хадгалах, хууль хууль болон холбогдох заавар, стандартын дагуу ангилан системчилж архивлах” гэснээс дүгнэвэл эдгээр ажил, албан тушаал нь тус тусдаа чиг үүрэгтэй ажээ /х.х-ийн 121-128 хуудас/.

 

Түүнчлэн эдгээр ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтын 2, 3 дугаар зорилт дахь ажил үүргийн хуваарийг авч үзвэл нэхэмжлэгч Б.О нь Үйлдвэр, техник борлуулалтын албаны үйл ажиллагааны хүрээнд үйлдэгдсэн бичиг хэрэг, гэрээ, хэлэлцээрийг хөтлөх, архивлах, тогтоосон хугацаанд сангийн архивт хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн бол, харин гүйцэтгэх захирлын туслах, архив бичиг хэрэг хариуцсан ажилтан сангийн хэмжээнд архивын үйл ажиллагааг хариуцдаг байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн “нэг ижил тооны орон тооноос ажилтны тоог цөөрүүлэх тохиолдолд сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд гүйцэтгэх захирлын туслах, архив бичиг хэрэг хариуцсан ажилтан болон Үйлдвэр, техник борлуулалтын албаны архив, бичиг хэргийн ажилтны гүйцэтгэх чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт өөр өөр байна.

 

Иймд, хариуцагч Тгийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/06 тоот тушаалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын холбогдох тушаалыг үндэслэн Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан буюу Үйлдвэр, техник борлуулалтын албаны архив, бичиг хэргийн ажилтны орон тоог хассан байх бөгөөд орон тооны цомхотгол нэрийн дор нэхэмжлэгч Б.Ог ажлаас чөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2.-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Тгаас 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 01/117 тоот албан бичгээр нэхэмжлэгч Б.Од Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-30 тоот тушаалын дагуу түүний ажиллаж буй орон тоог хасагдаж буй талаар 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэж, улмаар түүнийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлсөн байна.

 

Тодруулбал, хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар нэхэмжлэгчид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-30 тоот тушаал болон хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/06 тоот тушаалын дагуу орон тоо хасагдсан талаар хуульд заасан хугацаанд мэдэгдэн хуулиар тогтоосон журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Охариуцагч Тд холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж маргаагүй, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад жирэмсэн гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгч байсан, шүүхээс нэхэмжлэлийн үндэслэлийн талаар тодруулахад ажлаас чөлөөлөгдсөний дараагаар жирэмсэн болсон гэж тайлбарлажээ.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 болон 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Он гаргасан хариуцагч Тд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАНДАЛБАЯР