Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/917

 

 

 

 

   2022        09          27                                     2022/ШЦТ/917

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

 

Улсын яллагч: Б.Оргилболд;

 

Шүүгдэгч: М.Б;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.Хүрэлсүх;                                          

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Хэргийн дугаар: .....................;

 

Шүүгдэгч М.Б регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 19.. оны 07 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм, зурхай судлаач мэргэжилтэй, хувиараа эм, тан бэлддэг ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ““ оршин суух иргэн Л.Б-ын гэрт нь хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Л.Б-ын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдлыг нь далимдуулж, гэрт нь байсан “Ж.” нэртэй бурхныг сүүлийн үеийн хийцийн адилхан бурхнаар сольж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсны улмаас хохирогч Б.М-д 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос М.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-24/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26-27, 29-32/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 28/, хохирогч Б.М /хх-ийн 35-36/, гэрч Л.Б /хх-ийн 48-49/, гэрч Ч.Ш-г /хх-ийн 53/ нарын мэдүүлэг, Соёлын өвийн үндэсний төвийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-67, 69-72/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 73-74, 79-80/, иргэний нэхэмжлэгч Ч.Ш-г-н хүсэлт /хх-ийн 128/, М.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 101-108, 117-119/, М.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 112, 116/, шүүхэд гаргаж өгсөн хохирогч Б.Мын хүсэлт  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ““ Л.Бтай хамт архи  согтууруулах ундаа хэрэглэжээ.  Энэ үедээ М.Б нь Л.Быг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж согтсоныг нь далимдуулан Л.Б-ын хүү Б.М-д өвөг эцгээс нь өвлөгдөн ирсэн  “Ж.” нэртэй бурхныг өөрийн “Нарантуул” худалдааны төвөөс худалдан авч ирсэн, сүүлийн үеийн хийцийн адилхан бурхнаар сольж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Б.Мын /хх-ийн 35-36/: “...Манай өвөө П.Л нь Төв Г. хийдийн тэргүүлэгч лам байсан. Манай өвөө Л  нь 2020 оны 11 дүгээр сард нас барсан. Нас барах үед нь манай гэрээр өвөөгийн шавь гэж өөрийгөө танилцуулсан М.Б гэгч хүн удаа дараа гэрээр орж гардаг байсан. Тухайн үед М.Бийг ямар нэгэн хар буруу санаж байгаагүй. 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газраас намайг дуудаад “танай гэрт байсан “Ж.” бурхныг сольж тавьсан байна” гэж хэлсэн. Үүний дагуу гэртээ очиж үзэхэд үнэхээр өвөөгөөс маань үлдсэн шармал гуулин бурхныг сольж тавьсан байсан. Үүний дараа тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгуулах явцад М.Б нь тус бурхантай ижил бурхан авч сольж тавьж бусдад зарсан болох нь тогтоогдсон. Иймээс тус хэрэгт хохирогчоор тогтоогдож байна” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ч.Ш-ийн /хх-ийн 53/: “...М.Б намайг үзээд “чамд удахгүй том гарз тохиолдох юм байна, хүний амь настай холбоотой том асуудал үүсэх юм байна” гэж хэлээд надад нэг бурхны зураг үзүүлээд “энэ бурхан бол маш дээр үеийн шидтэй бурхан байгаа юм, энэ бурхныг л залахгүй бол болохгүй юм байна” гэж хэлсэн. М.Б надад “чи энэ бурхныг надаар залуулаад гэртээ тахин шүтэх юм бол 9 үеэрээ арвижин дээшилж амьдрах болно” гэсэн. Тухайн үед би үнэхээр том гарз тохиох юм байна гэж ойлгоод М.Б-оос “Ж.” гэх нэртэй бурхан худалдаж авсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Л.Б-ын /хх-ийн 48-49/: “...Манай талийгаач аав Л Гандан хийдэд тэргүүн лам байсан бөгөөд эм хийдэг байсан. Харин манай аав Л-ын шавь гэж хэдэн хүмүүс байдаг байсан бөгөөд тэр дунд нь М.Б байдаг байсан. Манай аавыг амьд байхад нь М.Б манай гэрээр хэд хэдэн удаа орж гарч байсан. Манай аавыг нас барснаас хойш М.Б над дээр хүрч ирээд надад санаа тавиад байдаг болсон. 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ ганцаараа архи уусан бөгөөд М.Б руу залгаад хамт архи уухаар дуудсан. М.Б 22 цагийн үед гаднаас тортой эд зүйлтэй орж ирсэн бөгөөд дотроос нь архи гаргаж ирээд бид хоёр хамт хувааж ууцгаасан. Би нэлээн муудаад байж байхад М.Б “явлаа” гээд яваад өгсөн. Үүнээс хойш М.Б над руу заримдаа залгаж мэнд мэддэг байсан ба удалгүй манай хүүг цагдаагаас бурхан алдагдсан асуудлаар дуудсан. Энэ үед би М.Б манай гэрт орж ирээд бурхан сольж тавьсан болохыг мэдсэн юм” гэх мэдүүлгээр,  

 

М.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 116/: “...Миний бие ““ тоотод Л.Б гэх хүний гэр лүү өмнө нь хэд хэдэн удаа орж байсан. Тэгэхэд Л.Б нь надад шар өнгийн бурхныг харуулж байсан. ...Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ байж байхад Л.Б нь “гэртээ архи ууж байна, чи архи аваад манайд хүрээд ирээч” гэсэн. Тэгэхээр нь би интернэт дээрээс “бурхан зарна” гэсэн зарын дагуу Нарантуул зах дээрээс тухайн бурхантай адилхан харагддаг бурхныг 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнийхээ дараа би дэлгүүр ороод хэдэн ширхэг пиво, 1 ширхэг 500 граммын архи аваад 10 цагийн үед ““ тоот Л.Б-ын гэр лүү нь орсон. Намайг ороход Л.Б нь гэртээ ганцаараа байсан ба согтолтын зэрэг өндөр байсан. Тэгээд би Л.Б-ын хамт авчирсан архи согтууруулах ундааны зүйлээ хэрэглэж байгаад Л.Быг угаалгын өрөө орох хооронд би бурхан байсан өрөөнд байсан ба Нарантуул захаас худалдаж авсан гэх бурхныг Л.Б-ын гэрт байсан бурхнаар солиод Л.Б-ын бурхныг өөрийн үүрч явсан цүнхэнд хийсэн...” гэх мэдүүлэг болон  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-24/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26-27, 29-32/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 28/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

М.Бид холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, тухайн хэрэг гарсан өдөр гэрч, шүүгдэгч нар хамтдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, энэ үед шүүгдэгч нь Л.Б-ын гэрт байсан Б.Мын эзэмшлийн “Ж.” бурхныг өөр бурхнаар сольж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаа, хохирогч нь эд зүйлээ хулгайд алдаж хохирсноо тус тус мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, М.Б нь Б.Мын эд хөрөнгийг хулгайлсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэдийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй М.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч М.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

            Иргэний нэхэмжлэгч  Ч.Ш-ийн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байр суурь хавтаст  хэргийн 128 дугаар талд авагдсан,

 

            хохирогч Б.Мын “...бурхнаа буцааж авсан...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан, мөн хохирогч Б.М “...гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч М.Бид эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу ““ тоотоос явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ