Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/918

 

  

 

 

 

 

 

 

 

    2022        09          27                                     2022/ШЦТ/918

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: Н.Пүрэвтогтох (томилолтоор);

 

Хохирогч: Г.П (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүгдэгч: О.Г (өөрийгөө өмгөөлж);

 

            Шүүгдэгч: Б.Н (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Хэргийн дугаар: ......................;

           

1. Шүүгдэгч О.Г регистрийн дугаартай:  Монгол Улсын иргэн, 19.. оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эмэг эх, эцэг, эх, хүүхдийн хамт  , урьд:

-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.. оны 06 дугаар сарын 02-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.. оны 10 дугаар сарын 04-ний өдрийн .. дугаар шүүгчийн захирамжаар өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай;

 

2. Шүүгдэгч Б.Н регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 19.. оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт   хэрэг хариуцах чадвартай.    

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

О.Г, Б.Н нар  нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны 05 цагийн үед “...Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, ““ төвийн подволын байранд үйл ажиллагаа явуулдаг бааранд согтуу хүн зөөгч руу дайраад байна” гэх дуудлага, мэдээллээр цагдаагийн хэлтсийн байранд ирсэн байхдаа хууль сахиулагч ““ Г.П нь нийтийн албаны хэвийн үйл ажиллагааг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад нь О.Г нь “цагдаа нар дуудлагаар авч ирсэн хоёр янхнаа гаргаад явуулчихлаа, та нар тийшээ орж бөгсөөрөө гартал архи дарс уудаг” хэмээн агсам согтуу тавьсан үйлдэл, мөн Б.Н нь цагдаагийн хэлтэст дотор гар утсаар бичлэг хийхэд нь “иргэд хүлээн авах хэсэг камерын хяналттай, та бичлэг хийж болохгүй” хэмээн хууль ёсны шаардлагуудыг тус тус тавихад биелүүлэхгүй, хууль сахиулагчийн биед халдан цохих, зодох, хазах түлхэх зэргээр хохирол учруулахгүйгээр хүч хэрэглэн гэмтээж биеийн идэвхтэй хүчирхийлэл үзүүлж, үйл ажиллагаанд нь саад учруулж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос О.Г, Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

  Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ: “2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.Ны хамт ““ төвд байдаг караокед орсон. Гэтэл танихгүй эмэгтэй надаас ариун цэврийн хэрэглэл асуусан. Би “байхгүй” гэхэд бүлэг эмэгтэйчүүд намайг хэл амаар доромжилж, зодох гэж ирсэн. Тухайн үед зөөгч залуу болон над руу дайрсан хүмүүс бүгд согтуу байсан. Тухайн караокег ажиллуулж байгаа хүмүүс нь намайг зодоод байсан болохоор би цагдаа дуудсан. Намайг цагдаа дуудахад “цагдаа нарыг бүгдийг нь таньдаг, чи юу ч хийж чадахгүй” гэж караокены хүмүүс надад хэлсэн. Хохирогч цагдааг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хэл амаар доромжилсон нь үнэн. Тухайн караокены бичлэгийг үзэж байхад намайг зодож байсан нь харагдсан. Би 2 өнчин дүүтэй бөгөөд 2 хүүхдийн хамт амьдардаг. Би ажил хөдөлмөр хийж 4 хүн тэжээдэг” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.П мэдүүлэхдээ: “Би ““ ажилтай. Тухайн өдөр “““” караокеноос “зодоон болсон” гэх дуудлага ирсэн. Тэгээд дуудлага хүлээн авч очиход тухайн 2 шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан учраас шалгах зорилгоор цагдаагийн газар авчирсан. Тухайн үед Б.Н нь утсаараа бичлэг хийж байсан бөгөөд намайг шаардлага тавихад миний гарыг хазчихсан. О.Г нь намайг хэл амаар доромжилж, түлхсэн. Одоо миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-35/, хохирогч Г.П /хх-ийн 38-40, 42/, гэрч Ч.З /хх-ийн 44-45/, гэрч Б.Д /хх-ийн 48-49/, гэрч Ө.М /хх-ийн 51-53/, гэрч Ц.Б /хх-ийн 55/, гэрч Б.Б /хх-ийн 163/ нарын мэдүүлэг, Г.Пийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6088 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-64/, хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 74-80/, Б.Ны хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 82, 84-85, 87-94/, Б.Ны яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/, О.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 95, 99, 109-110/, О.Гийн өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 102-104/, өмнөх ялаа эдэлж дууссан гэх баримт /хх-ийн 106/, О.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Г, Б.Н нар нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 22-ны шөнийн 05 цагийн үед “...Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, ““ төвийн подволын байранд үйл ажиллагаа явуулдаг бааранд согтуу хүн зөөгч руу дайраад байна” гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд холбогдон, шалгагдахаар ““ байранд ирсэн байхдаа цагдаагийн алба хаагч нарыг зохисгүй үг хэллэгээр харааж, гомдол, мэдээллийг шалгах хугацаанд цагдаагийн байрыг орхиж явахгүй байх шаардлага тавьсныг үл тоож “гарч тамхи татна” гэж, “иргэд хүлээн авах хэсэг камерын хяналттай тул  цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх” гэсэн шаардлагуудыг эсэргүүцэж, гар утсаараа бичлэг хийх зэргээр өдөөн хоргоож улмаар уг үйлдлийг  таслан зогсоох гэсэн ““ Г.Пийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан биед нь халдан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Пийн /хх-ийн 38-39, 42/: “...2022 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө ““ үүрэг гүйцэтгэж байх үед 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өглөөний 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, ““““” караокед маргаан үүсээд байна” гээд дуудлагын дагуу хүргэгдэн ирсэн 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүмүүс байсан. Тус хүмүүсээс О.Г гэх эмэгтэй нь хэлтсийн конторын зааланд хүргэж ирсэн алба хаагчид болон конторт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдын шаардлагыг эсэргүүцэж агсам согтуу тавьж танхайраад байсан. Мөн О.Г гэх эмэгтэйтэй хамт ирсэн эмэгтэй утсаараа зөвшөөрөлгүй бичлэг хийж байхад нь “утсаараа яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ, болино уу” гээд шаардлага тавьсан боловч болихгүй байхаар нь гар утсыг нь авах гэсэн боловч утсаараа бичлэг хийж байсан эмэгтэй миний баруун гарын бугуй хэсэгт хазаж, баруун гарын тохойг маажиж хумсаараа зурсан, мөн баруун гарын сарвууг хумсаараа зүссэн, би тэр эмэгтэйтэй зууралдаж байхад О.Г гэх биерхүү эмэгтэй миний толгойноос 2 гараараа базаад сэгсчээд цонх руу түлхээд байсан. Мөн О.Г гэх эмэгтэй нь “танай цагдаа нар дуудлагаар авч ирсэн хоёр янханаа гаргаад явуулчихлаа, та нар тийшээ орж бөгсөөрөө гартал архи дарс уудаг” гэж орилоод салаавч гаргаад агсам согтуу тавиад байсан. Миний гарыг хазаж биед халдсан гэх эмэгтэй нь агсам тавиад байсан О.Гийг бодвол өөрийгөө хянах чадвартай байсан. Тухайн 2 эмэгтэй миний шаардлагыг эсэргүүцээд бичлэг хийж байсан эмэгтэй нь миний биед халдсан. Хамт  ирсэн эрэгтэй хүн нь бол зүгээр сууж байсан. Миний гарын баруун бугуйн хэсэгт 1 ширхэг шүдний ором гарсан байсан ба  баруун гарын тохой хэсэгт хумсаараа маажиж улайлгасан байна. Баруун гарын дунд хуруунд хумсаараа зүссэн. ...Надад гомдол, санал байхгүй, хуулийн дагуу шийдүүлнэ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ч.Згийн /хх-ийн 44-45/: “...2022 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 05 цаг 54 минутад “Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, ““ төвийн бааранд согтуу хүн агсам тавиад зөөгч руу дайраад байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагад ““ .., Б.Б нар очиж шалгаад агсам согтуу тавьсан гэх О.Г, Б.Н, Ц.Б гэх гурван хүнийг эрүүлжүүлэх гээд дуудлага өгсөн иргэнээс мэдүүлэг авах шаардлагатай байна гээд хэлтсийн байран дээр авч ирсэн. Тухайн О.Г гэх иргэн албаны автомашин дотор сууж байхдаа автомашины хойд талын хаалганы хаалт төмрийг хөлөөр өшиглөж эвдэлсэн талаар дэслэгч Ц.М надад мэдэгдсэн. Дэслэгч Ц.М дуудлага өгсөн иргэнээс мэдүүлэг авч байх үед О.Г гэх эмэгтэй “та нар дуудлага өгсөн гэх хоёр гичийгээ хойд талын хаалгаараа гаргаад явуулсан уу, та нар тухайн бааранд орж бөгсөөрөө гартал архи ууж иддэг гэсэн биз дээ” гээд орилж хашхираад байхаар нь би гараад тухайн О.Гтэй уулзаад “та энэ сандал дээр суугаад хүлээж бай” гэж шаардлага тавьсан. Тэгтэл тухайн иргэн шаардлага биелүүлэхгүй миний биед тулд ирчхээд урдаас орилж үсчээд байсан.  Тухайн иргэнийг суулгах гээд цамцнаас нь татаад байж байтал хамт ирсэн гэх Б.Н нь гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан. Тэгтэл манай мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа Г.П очоод “манай үүдний иргэд хүлээн авах өрөө хяналтын камертай, та бичлэг хийхээ зогсоо” гэтэл зогсоохгүй байсан ба гар утсыг нь авах гэтэл гараас нь барьж байгаад шуу орчимд нь хазаад, О.Г гэх эмэгтэй гүйж очоод хоёр гараараа толгойноос нь базаад цонх руу түлхээд сэгсчүүлээд байсан. Цагдаагийн байгууллага дотор агсам согтуу тавьж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцэж агсам согтуу тавьсан О.Г болон Б.Н нарыг Бэлх ““ Ц.М, Бэлх Х.Б нар тухайн хүмүүсийг Төмөр замын цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Б.Н, О.Г нар миний биед халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Дын /хх-ийн 48-49/: “...Би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ нэртэй караокед зөөгч хийдэг. Өнөөдөр манайх бүтэн ажиллаад 04 цагийн үед хаалгаа барих гэхэд гаднаас 35-40 орчим насны 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн нэлээн согтуу хүн орж ирээд ширээнд суусан. Түүний дараа 35-40 орчим насны 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс орж ирээд бас өөр ширээнд тусдаа суусан. Тэгээд 04 цаг 30 минут болоод бид нар хаалгаа бариад хаах гэж байгаа талаараа хэлтэл тэр хүмүүс “авсан архиа ууж дуусгаад гаръя” гэхээр нь “за болно, удахгүй шүү” гэж хэлээд 05 цаг хүртэл хүлээсэн, эхлээд орж ирсэн 2 эмэгтэй, 1 махлагдуу эгч нь хажуу талынхаа ширээний нэг туранхай эгчийн биед нь хүрч хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь манай нөгөө зөөгч н.Мө бид 2 очоод тэр эгчид шаардлага тавиад болиулах гэтэл бид хоёрыг түлхээд хэл амаар доромжлоод агсам тавьж эхэлсэн. Ширээн дээр байсан шилээ авч шидээд буйдан дээгүүр дамжиж гүйгээд нөгөө ширээний нэг ахыг цохиод байхаар нь нөгөө ширээний хүмүүс гараад явсан. Тэгээд тэр 2 эмэгтэй, 1 залуу үлдсэн. “Одоо хаах гэж байна гарна уу” гэхэд “гарахгүй та нар тэр хүмүүсээ таньдаг юм биш үү, цагдаа дууд” гээд байсан.  Тэр хүмүүстэй маргалдаж зууралдаж байхад тэр махлаг эгчийн хүзүүг маажсан юм шиг байна лээ. Тэгээд “бид хоёрыг маажсан” гэж дайраад “цагдаа дууд” гээд байхаар нь агсам тавьж байгаад гарчих байх гэж бодоод хүлээгээд байж байхад манай нөгөө зөөгчийг авахаар ирсэн эрэгтэй найз нь орж ирээд хамт шаардлага тавиад хэлтэл тэр эгч “та нар намайг зодох гэлээ” гээд босож ирээд миний ширээн дээр байсан бакал аяга, бакал, пос машин зэргийг манай нөгөө зөөгч рүү шууд авч шидээд салаавч гаргаад хэл амаар доромжлохоор нь манай нөгөө зөөгч охин цагдаа дуудахад “чи цагдаа дуудлаа, би дуудах байсан юм” гэж хэлээд утсыг нь шүүрч аваад бид гурвыг цохиод агсам тавьж байхад зугтаж гараад үүдэнд цагдаа иртэл хүлээж байгаад хамт ирсэн. Хоёрдугаар хэлтэс дээр ирээд доор үүдэнд сууж байхад тэр махлаг эгч шууд орж ирээд орилж чарлаад агсам тавиад манай найзыг зөрөхөд нь шууд ирээд цохихоор нь үүдний цагдаа очоод болиулахад цагдааг шууд цохиод дайраад орилоод байсан. Тэгээд удалгүй тэр эгчийг гавлаад аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ө.Мийн /хх-ийн 51-53/: “...караокед 2 эмэгтэй, 1 эрэгтэй орж ирээд суугаад архи, кола захиалсан. Тэгээд 05 цагийн үед 00 орчхоод буцаж ирэх үед өөр ширээн дээр сууж байсан залуу хоёр хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь “уучлаарай, муудалцахаа болиорой, манайх хаах гэж байна шүү” гэж хэлсэн. Тэгээд би “одоо манайх хааж байна” гээд тэр хоёр ширээний хүмүүст хэлэхэд хоорондоо нэлээн удаан маргалдаж байгаад эмэгтэйчүүд нь хоорондоо барьцалдаад зодолдоод байсан. Би салгаад нөгөө ширээний хүмүүсийг нь явуулчихсан. Сааралдуу цамцтай махлаг эмэгтэй “чи тэр хүмүүсийг таньдаг байж байгаад явуулчихлаа” гээд элдвээр хэлээд дайраад байхаар нь би нөгөө зөөгчөө явуулсан чинь манай зөөгчийг элдвээр хэлж түлхэж унагаасан. Тэгж байснаа над руу архины шил авч шидээд тухайн шил нь намайг оноогүй хананд ойгоод хагарсан. Би цагдаад дуудлага өгсөн чинь шууд ирээд миний хацар руу гараараа 2 алгадаад миний утсыг булаагаад авчхаад заамдаад байхаар нь би “та наад гараа больчхооч” гээд түлхсэн чинь “та нар намайг түлхсэн” гээд агсраад байсан. Тэгээд бид гурав гурвуулаа дийлэхээ байгаад “больчхооч” гээд байж байтал цуг явж байсан эрэгтэй хүн нь босож ирээд н.У-н нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон. Тэгээд бид 3 гарч зугтаад хаалгаа гаднаас дараад түгжсэн. ...цагдаагийн хэлтэс дээр ирээд тэр бүдүүн эгч агсам тавиад шаардлага тавьсан цагдаа нарыг хэл үгээр доромжлоод шаардлагыг нь эсэргүүцэж байхад нь хамт явж байсан эмэгтэй нь утсаараа бичлэг хийхээр нь нэг цагдаа шаардлага тавьсан чинь шууд тэр цагдаагийн биед халдаад хэл амаар доромжлоод байх шиг байсан. Тэр хоёр эмэгтэй аймар агсам согтуу тавьж танхайрсан. ...би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Бийн /хх-ийн 55/: “...баарны гадаа шорлог идэж байгаад О.Г болон бас нэг эмэгтэйтэй танилцсан. Караоке руу орж архи авч ууж байхад О.Г гэх эмэгтэй нь зөөгчтэй маргалдаад байсан. Зөөгч нь цагдаа дуудсан. Цагдаагийн хэлтэс дээр ирсэн байхад О.Г нь “та нар караокены улстай тусдаа уулзаад байна, би тамхи татмаар байна” гээд гарах гээд байсан. О.Г нь “тамхи татмаар байна” гээд цагдаагийн албан хаагчтай маргалдаад байхад найз нь очиж “та нар яахаараа хүн тамхи татуулдаггүй юм” гээд байсан. О.Г тамхи татмаар байна гээд чарлаад байсан” гэх мэдүүлгээр,

 

Б.Ны яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 8-9/: “...би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

О.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 17-18/: “...би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Архи уусандаа эсэргүүцсэн байна. Надад миний гар утас байсан, гэхдээ унтарсан байсан. Б.Н унтарсан гар утсаар айлгаад бичлэг хийж байгаа юм шиг барьсан байсан. Намайг өчөөд байхаар нь болиулах гээд гарыг нь хазсан гэдгийг мэдэж байна...” гэх мэдүүлэг болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-35/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

О.Г, Б.Н нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүргийн хүрээнд хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулахаар иргэнд шаардлага тавьсан хууль сахиулагчдыг шүүгдэгч нар нь хүч хэрэглэн эсэргүүцсэнийг шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, тэдний үйлдэл камерын бичлэгт бичигдэж үлдсэн ” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, О.Г, Б.Н нар нь хууль сахиулагч Г.Пийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэнийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар гэмт

хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалж буй хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан бүлэглэн хүч хэрэглэн эсэргүүцсэн О.Г, Б.Н нарын гэм буруугийн санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч тус бүрийг 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэхээр тогтов.

 

Шүүгдэгч О.Г, Б.Н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Г.П шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч О.Г, Б.Н нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Г, Б.Н нарт хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, Б.Н нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч О.Г, Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                                                               

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ